2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж "хэн" болох вэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж "хэн" болох вэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Монгол төрийн тэргүүний албан тушаалаа орхино. Түүний хувьд тэр үед “зүгээр л иргэн Чойжоо” гэдэг шиг болно. Наанадаж 2020 оны сонгууль хүртэл. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж үг буй. Тэр зарчмаар ирсэн газар руугаа буцна. Харин энэ хүн эргээд хаана очиж, хэн болохов гэдэг нь олны сониуч занг хөдөлгөж байх магадлалтай. Өмнөх гурван Ерөнхийлөгчийнхөө жишгийг дагах уу, эсвэл чиг зүгээ өөрөөр тодотгож, зам мөрөө гаргах уу гэдэг нь тэр хүний хэрэг.

Төрийн бүхий л өндөрлөгүүдийг дамжиж алба түшсэн болохоор жирийн иргэн байх амьдралдаа хэр идээшиж дасах нь тодорхойгүй. Тэр Ерөнхийлөгч байсан, гэхдээ амьдрал дунд байсан хэмээн өөрийгөө тодотгож болох юм. Гэвч жирийн амьдралын тоостой бор өдрүүд түүний хувьд дэндүү холдчихсон биз ээ.

Амеркийн Нэгдсэн улсад огцорсон ерөнхийлөгч нарын хамгийн түрүүнд шүүрч авдаг ажил нь дурсамжаа бичих юм шиг харагддаг. Ерөнхийлөгчийн албаа эргээд жирийн иргэний нүдээр харж бичсэн дурсамж ихэд сонирхолтой байдаг бололтой, хэвлэх эрхийг нь хэвлэлийн газрууд үнэ уралдан авдаг юм шиг байна билээ.

Харин Монголын жишиг одоогоор өөр байна л даа. Эксүүд маань Ерөнхийлөгчийн суудал сэлгээд юу хийдгийг эргэж нэг харвал анхны Ерөнхийлөгч П.Очирбат суудлаа орхисноос хойш одоог хүртэл нийгмийн идэвхтэй нэгэн гэдгээ нэвт шувт харуулж явна. Тэрбээр 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байгаа гэж дуулддаг байсан. Энэ хугацаанд тэрбээр дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Хэдийгээр иргэний зарим хөдөлгөөнүүдээс “Олигархуудын загалмайлсан эцэг” гэсэн нэр цол хүртсэн ч нийгмийн идэвх, олон нийтийн зүтгэлтэн, эрч хүчтэй хэвээрээ яваа.

Улс төрийн гол өрнөл дунд байж, амт шимт, гашуун нясууныг нь мэдэхийн дээдээр мэдэрсан эр хүний хувьд 55 насандаа улс төрийг орхих нь арай л эрт санагдаж байж мэдэх юм. Гэхдээ улстөрийн нас гэж бас нэг юм бий. Үүнийг бодолцох учиртай.

Харин “хийгүй” Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд “ Титэм үг” тэрлэж, намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож яваа нь харагддаг. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд бол тодорхой, энэ талаар илүүг нурших гээд яахав. Өмнөх гурван ерөнхийлөгч маань иймэрхүү маягаар “иргэншээд” явж байна.

Харин мань Ц.Элбэгдоржийн “иргэншлийн төлөв” нь ямар байхыг одоогоор хэлж мэдэхгүй. Улс төрийн гол өрнөл дунд байж, амт шимт, гашуун нясууныг нь мэдэхийн дээдээр мэдэрсан эр хүний хувьд 55 насандаа улс төрийг орхих нь арай л эрт санагдаж байж мэдэх юм. Гэхдээ улстөрийн нас гэж бас нэг юм бий. Үүнийг бодолцох учиртай.

Ямартай ч түүнийг улстөрчийнхөө хувьд зорилгодоо хүрсэн нэгэн хэмээвэл зохилтой байх. Яагаад гэвэл Ерөнхий сайд, тэндээсээ төрийн оргилд найман жил тухаллаа. Гэхдээ ингэлээ гээд тэр сэтгэл ханах хүн яавч биш, улстөрөөс зууралдсан чигээрээ үлдэх биз. Тэмүүлэл, хувь хүний чанар, эрч хүч, төрөлх чанар нь тийм. Хэдийгээр эрх мэдэл гэх том “зэвсэг”-ээ алдаж байгаа ч төрийн албаны нэр нүүр гэж том капитал түүнд хэсэгтээ үлдэнэ. Эрх мэдэл түүний хүсэл байсан бол эдүгээ боломж болсон. Хожим, хоёрхон сарын дараа тэр эрх мэдэл нь эргээд зорилго тэмүүлэл болж ирнэ.

Түүнийг Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ буугаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн таамаг яриа хэсэг хугацаанд чих дэлсэж байв. Гадаад талдаа энэ зэргийн нэр хүнд, итгэл байхыг үгүйсгэхгүй ч тэр боломж цаг хугацааны хувьд алсарсан. Тэгэхээр Монголдоо сурч дадсанаараа улстөрийн тулга тогоогоо тойрон гороолох нь мань эрд хамгийн ойр дөт боломж байж мэдэх юм.

Тэр өөрийг нь өсгөж өндийлгөсөн намын харъяаллаа сэргээлгэж, АН-ын гал тогоонд эргээд “ахлах тогооч”-ийн үүрэг гүйцэтгэх сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Угаас улстөрд дахин орж ирэх хамгийн дөт зам, боломж нь тэр. Харин нам нь мань эрийг хадаг барин хаалган дээрээ угтах нь юу л бол.

Тэр идэвхтэй иргэний амьдралаа байгаль орчин, иргэний нийгэм гэхчлэн хэд хэдэн хувилбараар төсөөлж байгаагаа мэдэгдэж байсан. Янз янзын л хувилбар байгаа нь тодорхой. Нэг удаагийн уулзалт дээр “Иргэн гэдэг бол хамгийн бахархалтай, хамгийн том ажил шүү дээ. Сайн иргэн, идэвхтэй иргэн байна гэдэг хамгийн чухал гэж би боддог” хэмээн хэлсэн нь буй. Иргэнийг харах өнцөг нь ийм байж болох ч мэдрэгдэх амт шимт нь мэдээж тийм ч таатай биш. Түүнд буян ч буй, нүгэл ч бас бий. Тэгэхээр Ерөнхийлөгчийн суудлаас зөөлөн газардаж чадах эсэхэд эргэлзээ байгаа гэсэн үг. Тэрбээр нэгэн цагт өмнөх Ерөнхийлөгчийнхөө хөлийг гозолзуулж, дээлийг нөмөргөөд авсан. Дуудаж ирүүлээд телевизийнхний өмнө нүүрийг нь улалзуулж байсан Х.Баттулга нь Ерөнхийлөгч болно гээд явж байгаа. Нэгэн цагт шадарлаж хожим хонь, чоно болчихоод байгаа Н.Алтанхуяг, Л.Гансүх нар нь түүнийг хүлээж буй.

Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, их хэмжээний татвараа нуусан Жастин Капла нарыг өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан, “Рио Тинто” компаниас байр авсан гэхчлэн түүнд хаягласан гэм зэм бий. Жирийн иргэн болсон хойноо “зүлгэн дээрээ гэрээ барьчихаад зүгээр нэг амьдрахад” нь энэ мэт асуудал эргэж хоргоож төвөг удаж мэдэх л юм.

М.Нэргүй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.