2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Ярилцлага » Л.Чинбат: Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нь иргэдийг амьжиргааг дээшлүүлнэ

Л.Чинбат: Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нь иргэдийг амьжиргааг дээшлүүлнэ

Нийтлэлийн төрөл: Ярилцлага

Л.Чинбат: Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нь иргэдийг амьжиргааг дээшлүүлнэ

“Гацуурт” ХХК  2001 оноос газар тариалан, мал аж ахуйг хослон хөгжүүлэхээр ажлын гараагаа  эхэлж байв. Энэ ажлын үр дүнд Монголд анх удаа мах, сүүний чиглэлийн ангус, голстен, дорпер  зэрэг шинэ үүлдрийн үхэр, хонь, ямааг  хэдэн зуугаар нь үржүүлж, амжилттай нутагшуулаад байгаа билээ. Энэ тухай “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай  ярилцлаа.  

 

 -Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх онол, практикийн бага хурал болж байна. Өнөөдөр хэлэлцэж буй энэ асуудлыг “Гацуурт” компани арван жилийн өмнө ярьж байсан, туршлагатай компани. Сэлэнгэ аймгийг бүс нутаг болгон хөгжүүлэх,  эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой талаар таны байр суурийг сонирхъё?

-Сэлэнгэ аймгийн Иргэдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газар, бусад байгууллагууд хамтран Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх талаар онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулж байна. Цаг үеэ олсон, чухал хурал гэж бодож байна. Бидний хувьд, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх, Сэлэнгэ аймгийг стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэхийг ямагт  дэмжиж ажиллаж байсан.

Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ аймаг бүс нутаг болгон хөгжүүлэхэд хамгийн  тохиромжтой.2001 оноос хойш Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж,  тус аймгийн 10 гаруй сумд энэ ажлыг эхлүүлж, өнөөдрийг хүртэл  амжилттай хэрэгжүүлээд явж байна.   Цаашид ч мөн адил газар тариалангийн салбар эрчимжиж, тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байна. Одоо мал аж ахуйгаа хөгжүүлбэл, энэ ажил богино хугацаанд тодорхой үр дүнд хүрнэ. 

Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон  хөгжүүлэх нь давуу тал олонтой. Энд ажиллаж, амьдарч байгаа малчдын орлого нэмэгдэх, иргэд орон нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ. Үүнийг Сэлэнгэ нутгийн малчид, тариаланчид ойлгож, дэмжиж хамтарч ажиллавал бид илүү богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэх боломжтой.

Өмнө нь улсаас сумдад эрчимжсэн мал аж ахуйн бүсийг ялгаж өгдөг байсан. Одоо бол улсын хэмжээнд нэг аймгийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр зорьж ажиллаж байгаад баяртай байна. Миний хувьд энэ ажлыг  дэмжиж, хамтарч ажиллах болно.

-Төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримталж буй нэг бодлого нь баруун болон зүүн бүсийн аймгуудад  эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхэд чиглэж байна. Танай компани энэ талаар багагүй туршлага хуримтлуулсан. Мэдээж, тооноос чанарт шилжих, харилцан бие биеэ дэмжиж ажиллах гээд давуу тал олон байх.  Харин дангаар нь хөгжүүлэхийн зөрчилтэй болон дутагдалтай тал нь юу байх вэ. Өнөөдөр энэ ажлыг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа  иргэд байдаг шүү дээ?

- Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг тусад нь хөгжүүлэхэд зөрчилдөөн үүссэн гэж хэлж болохгүй байх. Хамгийн гол нь үүнийг төрийн бодлогоор зохицуулж өгвөл асуудал гарахгүй. Бидний хувьд, мал аж ахуй нь эрчимжсэн учраас тариалангийн талбай руу орохгүй гэдэг зарчмыг баримталж байгаа.

Өнөөдөр газар тариалангүйгээр мал аж ахуй эрчимжинэ гэж байхгүй.  Тэгэхээр мал аж ахуйн тэжээлийг эрчимжсэн газар тариалангаар зохицуулж өгөх учраас энэ хоёр уялдаа холбоотой явах ёстой ажил. Тэгэхээр хүн бүхэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхлэх боломжтой юм.

Цөөхөн малтай, газар тариалан эрхлэх газаргүй, тэр нь болно, болохгүй гэж бодож болохгүй. Яагаад гэвэл, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нь хадлан тэжээлээ тариад, тэрийгээ нөгөөдүүлдээ нийлүүлэх, хэрэглэх маягаар харилцан бие биеэ дэмжиж ажиллах боломжтой.Үүний тулд бид юу хийх ёстой вэ гэвэл, хамгийн түрүүнд малчид дээр байгаа малын үржил шим, малын бүртгэл, эрүүл ахуйг нь сайжруулаад, сайжирч байгаа малаа тэжээх юм бол үр дүнд хүрнэ. Түүнээс биш, одоо байгаа үр ашиг багатай, тоо толгой ихтэй байгаа малыг ямар ч сайхан зүйлээр тэжээгээд эдийн засгийн хувьд ч ач холбогдол  багатай.

-“Гацуурт” компани сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймагт багагүй бүтээн байгуулалт хийсэн. Бидний өнөөдрийн ярьж байгаа энэ ажлыг 2001 онд танай компани анх хэдэн сумдад зэрэг эхлүүлж байв?

-Сэлэнгэ аймгийн  арав гаруй сумдад  2001 оноос хойш 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж ирсэн. Анх энэ сумдад бүгдэд нь зэрэг шахуу ажил эхлүүлж байсан. Бид 16 жилийн өмнө  анх энэ төслийг эхлэхдээ эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хоёрыг хамтад нь эхлүүлж байсан. Тухайн үед зарим газар энэ асуудлыг ойлгоогүй, мал байлгахгүй гээд хязгаарлачихсан байсан.

Тиймээс Цагаан нуур, Түшиг сумдад тулгуурлан ажлаа эхэлж байлаа. Өнөөдөр цаг үе өөрчлөгдөж, буцаад  манай орон нутагт үйл ажиллагаа явуулаач гэсэн хүсэлт ирж байгаа учраас бид энэ ажлаа эхлүүлж байна. Энэ нь мэдээж, цаг хугацааны хувьд алдагдалтай байгаа юм. Хэрэв арван жилийн өмнө бид энэ ажлыг эхлүүлсэн бол малчдын малын чанар чансаа сайжрах, хадлан тэжээлээ бэлтгэх, авах зэрэг бүх ажил цэгцэрч иргэдийн амьжиргаа дагаад сайжрах, цааш өсөж хөгжөөд явах байсан.

- Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал алхам болж байгаа. Танай компани Монголд анх удаа мах, сүүний чиглэлийн шинэ үүлдрийн малуудыг амжилттай нутагшуулж чадсан. Мөн үүнийгээ дагаад  2001 оноос үр хөврөл шилжүүлж суулгах ажлыг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ талаар та мэдээлэл дуулгаач?

-Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд махны чиглэлийн 2,000 ангус, үүлдрийн үхэр гаргаж авсан. Энэ үхэр одоо Монгол Улсын бүх аймаг, сумдад очсон. Цаашид улсын хэмжээнд энэ үхрийн нийлүүлэлт тасрахгүй. Тэгэхээр махны чиглэлийн үхрийн эхлэл тавигдсан гэсэн үг. Одоо бид зохиомол хээлтүүлэг хийх тусгай лаборатори бэлтгэж байна. Энэ ажлыг цаашид улсын  хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд бодлогоор дэмжээд явбал бид үр хөврөлийг нь үнэгүй нийлүүлэхэд бэлэн байна.

Өөрөөр хэлбэл, нийт монголчуудын дотоодын хээлтэгч үхрийг  зохиомлоор хээлтүүлэх бүрэн чадвар бүхий лабораторийг бид 2018 онд ашиглалтад оруулах гэж байна. Энэ хамгийн эхний ажил юм.

Манай улс эхлээд  малаа бүртгэх, эрүүлжүүлэх ёстой. Дараа нь чанар чансааг нь сайжруулах зорилгоор хээлтүүлгийн асуудлыг шийдэх ёстой. Бидний зүгээс тэжээлийнх нь асуудлыг шийдэх ёстой юм. Ийм байдлаар зохион байгуулж, бүх ажлыг уялдаа холбоотой зохицуулах хэрэгтэй. Хамгийн сүүлд, малчдын мал махыг үйлдвэртээ нийлүүлээд, цаашид экспортод гаргах, дотоодын хэрэгцээнд нийлүүлэх замаар энэ ажил урагшилна.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.