2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Асуудал шийдэж чаддаггүй А.Цогцэцэг сайд эхчүүдийн хүүхдээ асрах эрхэнд ХАЛДАЖ байна!

Асуудал шийдэж чаддаггүй А.Цогцэцэг сайд эхчүүдийн хүүхдээ асрах эрхэнд ХАЛДАЖ байна!

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

 

Асуудал шийдэж чаддаггүй А.Цогцэцэг сайд эхчүүдийн хүүхдээ асрах эрхэнд ХАЛДАЖ байна!Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг гэдэг хүнд хийх ажил уг нь арвин баймаар. Салбарынхаа өмнө тулгамдсан асуудал хийгээд иргэдэд үйлчлэх эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанар гээд сайдын хэмжээнд анхаарах зүйл олон. Гэвч сайдтан маань нярай буюу 0-6 сартай хүүхдэд хөхний сүүнээс өөр бүтээгдэхүүн өгөхгүй байхаар хуульчлан батлуулж, олны дургүйг хүргээд авлаа. Эрхэм сайдтан маань хөх нь сүү багатай, халдварт өвчтэй ээжүүд хүүхдээ нэмэлт бүтээгдэхүүнээр хооллож болно. Гэхдээ заавал эмчийн жорийн дагуу олгохоор хуульчилсан гэв. Энэ бол үнэхээр бодлогогүй, тэнэг алхам гэхээс өөр яахав. Эхчүүд яарсан сандарсан элдэв л олон асуудалтай тулдаг. Шөнө оройн цагаар хүүхдэдээ нэмэлт бүтээгдхүүн өгөх шаардлага үүслээ гэхэд эмчийн заавар хэрэгтэй гээд явж байх уу. Ер нь  бодлого боловсруулдаг яамны сайд хүн нь ийм байхад эрүүл мэндийн салбарт дөмөгхөн шиг өөрчлөлт гарна гэж хүлээх хэрэг алга.

Үгүй тэгээд Хөхний сүүний банк байгуулахаар болсон. Хүүхдэдээ сүүгээ өгөөд илүү гарсныг нь тэр банкинд хуримтлуулж, хөхний сүү багатай ээжүүдийн хүүхдүүдийг хооллох юмуу даа. Чухам тэгээд эрүүл ахуйн асуудал дээр эрсдэл гарахгүй гэх баталгааг гаргаж өгч чадах юм уу. Ер нь А.Цогцэцэг гэдэг хүн асуудлыг шийддэг хүн биш гэдгээ дахиад л нотоллоо.

“Дарга хүн бол асуудал шийдэх гэж дарга хийдэг шүү… Тэрнээс биш зовлон ярих гэж хийдэггүй юм.Ажил хийдэг асуудлыг шийддэг хүн учраас дарга сайд гэдэг албан тушаал дээр ажилладаг байхгүй юу. Төрийн сайдын бяр нь хүрэхгүй байх шиг байна. Одоо тэгээд генерал л шийдэж дээ” гэх үгийг Шадар сайдын амнаас унагахад хүргэсэн хүн бол Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг. Өвөлжилт ихээхэн хүндэрсэн таван аймгийн хорин хэдэн сумын дундах отрын бүсэд шаардлагатай байгаа эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шийдэлгүй цаг алдчихаад, хаа байсан Азийн хөгжлийн банкны хөрөнгө мөнгийг яриад зогсохгүй  “Хөөцөлдөж байна,  үнэхээр бүтэмж муутай байна” гэж хэлээд сууж байсан хүн бол  А.Цогцэцэг сайд. Удирдах албан тушаалтны зангараггүй, даацтай шийдвэр гаргачих зүрх зориггүй А.Цогцэцэг сайдын үед Эрүүл мэндийн салбар дахь тулгамдсан асуудлууд шийдлээ олно гэдэгт итгэхгүй байгаагаа салбарынхан хэлцгээж буй юм.

Түүний удирдаж буй  эрүүл мэндийн салбар удирдлагын түвшиндээ ч, эмч мэргэжилтнүүдийн түвшиндээ ч реформд бэлэн болсон байх ёстой, тийм цаг үе. Гэвч салбарын толгой дээр улстөрийн нөлөөллөөр гараад суучихсан А.Цогцэцэг сайд байгаа цагт энэ салбарт дорвитой ажлууд хийгдэх магадлал тун бага байгаа юм. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж манай Монголчууд ярьдаг шүү дээ.  Үнэхээр салбараа гэсэн сэтгэл зүтгэлтэй хүн бол эмч мэргэжилтнүүдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хугаслаад ч болов шийдэхийн төлөө сайд дарга хүн шиг ажиллах ёстой. Асуудал шийдэж чадахгүй бол дарга сайд байх гээд хэрэггүй. Зүгээр л огцрох хэрэгтэй. ЭМЯ-д очсон сайд дарга болгон толгойноосоо “реформ” хийж байгаа нь энэ гэж гэж Эрүүл мэндийн зохион байгуулалтын номын “А” –аас эхэлж сурч, чаддагаар нь хэдэн эмнэлгийн дарга солидог, тэр “А” нь дуусаагүй байхад засаг солигддог, дараагийнх нь ирээд өөрийгөө баахан рекламдаж өнөө муу эмч нараа газар доогуур ортол муулж муулчихаад бас дахиад “А” –гаас эхэлдэг, залгамж чанар манар байхгүй ийм л байдлаар энэ Эрүүл мэндийн систем удирдуулж явж ирснийг нэгэн нийтлэлч хэлсэн байдаг. Тэгвэл А.Цогцэцэг сайдын тухайд яг л ийм байр байдалтай яваа хүн. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт реформ хийе гэвэл А.Цогцэцэг шиг салбараа өндийлгөж чадахгүй хүмүүсийг эхлээд буулгах ёстой юм.Сайд болохоосоо өмнөхөн хувийн эмнэлгээ “худалдаж” жүжиглэсэн гэгддэг А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдын  тамгыг атгангуутаа ажилдаа шуурхайлан орно гээд байсан. Өнөөдрийн өдрийг хүртэл тэрбээр шуурхайлан шийдсэн ямар ажлууд байгаагаа нарийн сайхан тоочоод гаргаад ирэх хэрэгтэй байна. Салбартаа олигтой юм хийж чадахгүй тэрбээр аргаа бараад эхчүүдийн хүүхдээ асрах эрхэнд ноцтойгоор халдаж байх шив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.