2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Эдийн засаг 4.2 хувиар өсч, экспорт 552.3 сая ам.доллараар нэмэгдэв

Эдийн засаг 4.2 хувиар өсч, экспорт 552.3 сая ам.доллараар нэмэгдэв

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Нийгэм

Үндэсний статистикийн хорооноос дөрөвдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн байдал болон нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлтийг танилцуулав.

2017 оны нэгдүгээр улиралд эдийн засаг 4.2 хувиар өслөө

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны эхний улиралд 3063.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.7 тэрбум төгрөгөөр буюу 4.2 хувиар өслөө. Уг өсөлтөд аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 28.3 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 89.9 тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 54.8 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

ДНБ, оны үнээр 2017 оны эхний улиралд 5726.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 991.4 (20.9%) тэрбум төгрөгөөр өслөө.

ДНБ-д 2017 оны эхний улиралд эцсийн хэрэглээ 69.1 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 28.8 хувь, цэвэр экспорт 2.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал 11.6 пунктээр өсөж, харин эцсийн хэрэглээ 10.5 пункт, цэвэр экспорт 1.1 пунктээр буурсан байна.

Төсөв 285.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байна

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 4 сард 2094.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2379.8 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 285.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 378.1 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 23.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 552.3 сая ам.доллараар өсчээ

Монгол Улс 2017 оны эхний дөрвөн сард дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3017.3 сая америк доллар, үүнээс экспорт 1899.6 сая америк доллар, импорт 1117.7 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 807.2 сая америк доллар, үүнээс экспорт 552.3 сая ам.оллараар, импорт 254.9 сая ам.доллараар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 297.3 ам.доллараар нэмэгдэж, 781.9 сая америк долларт хүрчээ. Экспорт 2017 оны эхний дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 552.3 сая ам.доллараар өсөхөд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 92.4 сая америк доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 623.0 сая америк доллар, үүнээс нүүрсний экспорт 614.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Төгрөгийн хадгаламжийн хэмжээ өсөв

Мөнгөний нийлүүлэлт 2017 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 220.9 тэрбум төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 147.4 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 88.4 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 41.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө дөрөвдүгээр сарын эцэст 834.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 45.9 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 89.1 тэрбум төгрөгөөр өсжээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.6 (0.2%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1069.4 (9.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 1009.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 14.2 (1.4%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 98.0 тэрбум төгрөгөөр буюу 10.8 хувиар өсөв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.9 хувийг эзэлж, өмнөх сараас болон өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр өсжээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дөрөвдүгээр сарын эцэст 1087.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 51.8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 13.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 пунктээр өслөө.

Инфяци 3.4 хувиар өслөө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2017 оны 4 дүгээр сард өмнөх сараас 1.3 хувь, өмнөх оны эцсээс 4.8 хувь, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувь (тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 16.5 хувь), хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь (сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 12.8 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сард өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувиар (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 7.6 хувь), тээврийн бүлгийн үнэ 2.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Төгрөгийн ханш 20 хувиар суларчээ

Төгрөгийн америк доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш дөрөвдүгээр сард 2421.85 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 409.86 (20.4%) төгрөгөөр суларчээ. Харин өмнөх сараас 1.5 хувиар чангарсан байна. Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш дөрөвдүгээр сард 351.44 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 40.85 төгрөгөөр суларч, өмнөх сараас 1.4 хувиар чангарсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш дөрөвдүгээр сард 42.89 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.71 төгрөг, өмнөх сараас 0.9 хувиар суларсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.