2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Сунгаа болгоноор суларч буй АН-ын эв нэгдэл

Сунгаа болгоноор суларч буй АН-ын эв нэгдэл

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Сонгууль

Удирдлага, нэр дэвшигчдээ бүх гишүүдийнхээ дотоод сунгаагаар гаргаж ирсэн нь АН-ын хувьд улстөрд урьж авчирсан шинэ жишиг гэдэг байлаа. Харин удаа дараагийн ийм сунгаа нэртэй  “зохицуулалт” энэ намын угаас эмзэгхэн эв нэгдлийг улам бүр сулруулж байна гэдгийг намын гишүүд нь өөрсдөө ярьдаг. Анх Намын даргаа тодруулах зорилгоор хийсэн энэ дотоод сунгаанд  эв нэгдлийг илэрхийлж сум атган эх орноо тойрон өртөөлсөн нэр дэвшигчдийн дунд “цээлийн ус цалгиж цэгээн чулуу хагарч” байсан нь нэг бус удаа. Говийн аймгуудаар сурталчилгаа хийж явах үеэрээ С.Эрдэнэ хамтрагч Ж.Батзандан руу хатуу хүтүү үгээр дайрч, мөнөөх багцалсан таван сумаа талаар нэг тараахаа шахсан юм даг.

Улстөрд шинэ жишиг гээд байгаа дотоод сунгаа буюу ротаци ном журмаараа явагдаж байсан эсэх нь харин  тодорхойгүй. Энэ талаар худал үнэн нь тодорхойгүй олон яриа бий.  Гэхдээ  “Ванга шиг хэлье. Намын даргын сунгаанд С.Эрдэнэ ялна” хэмээн  энэ намын нэг гишүүн урьдчилан хэлж хэвлэлд ярилцлага өгч байсан нь  сунгаа нэрийн цаана хор найрч, чатга гүйлгээд байна уу гэсэн хар сэр, сануулгыг анх олон нийтэд өгсөн юм. Үнэхээр тэр Ванга шиг хэлсэн байна билээ.

Намын даргын удаах дотоод сонгууль нь аймаг нийслэлийн намын хорооны дарга нар болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгож тодруулах зорилготой байсан. Ямартай ч зорилгодоо хүрсэн. Гэхдээ их өрөөсгөл. Энэ сонгууль хэрэг дээрээ “Шонхор” фракцийн дотор л явагдсан гэдэг нь хэтрүүлэггүй шахам үнэн. Сунгаанд “Алтангадас”-ынхан оролцоогүй.  Түүнчлэн намын даргын батламжаа ирж ав гэсэн урилгатайгаар Дархан-Уул аймгаас ирсэн  нэг гишүүн намаас шийтгүүлсэн  учир аливаа сонгуульд хэдэн жилээр өрсөлдөх эрхгүй болсноо энэ үеэр анх дуулж мэдэж, дарга цэргийн хооронд багахан хэмжээний “дайн” гарах шахаж байсан юм даг.

“Алтангадас”-ынханы хувьд  нэгэн цагт туг дэрвүүлж байсан үе бий. Өмнөх Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн 60 гаруй хувь нь энэ фракцид харъяалагддаг байсан гэдэг. Чухам ийм учир шалтгааны улмаас З.Энхболд ҮЗХ-гоо хуралдуулж чаддаггүй байсан гэлцэх юм билээ.

С.Эрдэнэ “Манай намд Ардлчилсан нам гэсэн ганцхан фракци л бий” гэж ярьдаг. Энэ нь нэг талаас үнэн ч юм шиг. Үнэндээ өнөөгийн АН-ын удирдлагуудад зөвхөн “Шонхор”-ынхон л бий. Харин бусад фракциудын хувьд нам дахь орон зай нь хумигдаж, С.Эрдэнэ даргын ивээлийн гадна үлдэж байна гэсэн гомдол бий.  

“Алтангадас”-ынханы хувьд  нэгэн цагт туг дэрвүүлж байсан үе бий. Өмнөх Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн 60 гаруй хувь нь энэ фракцид харъяалагддаг байсан гэдэг. Чухам ийм учир шалтгааны улмаас З.Энхболд ҮЗХ-гоо хуралдуулж чаддаггүй байсан гэлцэх юм билээ.

Ардчилсан намынхан дотоод сунгаагаараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. Тэр нь Х.Баттулга. МАоХ-ныхон хэзээнээс “Шонхор”-той хүзүү толгой холбож ирсэн хуучин андууд. Х.Баттулга өмнөх Засгийн үед Зи-тэй шадарлаж, Тавантолгойн төслийг гацаахад  баруун гар нь болж байсан ойрын хүн нь.  “Женко”-г Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхэд энэ намынхан дотор  бас л “Х.Баттулга нам дотроосоо гарна” гэдгийг Ванга шиг хэлж байсан хүн олон байв. Тэгэхээр  энэ намын тухайд наанаа сунгаа, цаанаа тохиролцоо яваад байдаг юм биз гэсэн хар сэр босоод байгаа юм.

Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх АН-ын дотоод сунгаа энэ намыг бас л хооронд нь толхилцуулаад авсан гэх мэдээлэл байна.  Угаасаа ч ялагдсан хүмүүст ямар л сайхан байв гэж.  Зарим нэг нь бүр “Энэ миний сүүлчийн боломж байсан” хэмээн  уйлах дуулахын хооронд гомдолсон сураг байна. Гэхдээ асуудлын гол нь сунгаа хэр шударга явагдсан бэ гэдэгт бий.  Дундговь аймагт гэхэд л сүүлийн хоёр цагт санал өгсөн гишүүдийн тоо суга өсч,  бүр санал өгөгчдийн бараг тэн хагас нь сүүлийн энэ хугацаанд саналаа өгсөн тухай мэдээ анхаарал татаж байгаа гэдгийг  тус аймгаас дуулгав. Эхний мэдээгээр энд Р.Амаржаргал нэгээр, Л.Болд хоёроор, Н.Алтанхуяг гурваар, харин Х.Баттулга дөрвөөр гарсан гэх мэдээлэл байсан бөгөөд тэдгээрийн саналын зөрүү 100 орчим хүнтэй байжээ. 

Нэр дэвшигч тодорсоны маргааш буюу өчигдөр гэхэд цахим орчинд хүмүүс санаа бодлоо янз бүрээр илэрхийлсэн. Тухайлбал, АН-ын нэг гишүүн  “Амаржаргал байсан бол дэмжих байлаа, одоо бол сонголт М.Энхболд шүү, манай АН-ын олон мянган гишүүдийг С.Эрдэнэ санал асуулга гэдэг хуурамч юмаар доромжилдог боллоо, бидний сонгоогүй хүн л энэ санал асуулгад нь ялдаг боллоо, бид ч бас энэ С.Эрдэнэ гэдэг хүнийг сонгоогүй шүү дээ, луйвраар гарч ирсэн” хэмээн жиргэсэн байхжишээний. Тус намын нарийн бичгийн дарга нарын нэг Дагдангийн АНХБАЯР-ын ‏ “Намын дотоод сунгаанд Сэлэнгэ аймагт ажиллалаа. МАН-тай өрсөлдөхөөс ч хэцүү юм боллоо. Мөнгөөр бороо орлоо. Намын жинхэнэ гишүүн гэж алга!” гэсэн жиргээ цахимд нэлээн шуугиан дагуулж байна.

Энэ мэт сөрөг сэтгэгдэл жиргээний эзэд нь мөн чанартаа АН-ын гишүүд өөрсдөө байгаа нь нам дотооддоо хэр зөрчилтэй байгааг илэрхийлж байгаа юм. Товчхондоо нэгийгээ яаж унагах вэ, яаж дээш нь гаргахгүй байх вэ гэсэн зодоон болж өнгөрдөг. Энэ бол сонгууль бүрийн үеэр болдог зураглал. Мөрийн хөтөлбөр байтугайгаа ярилцахын оронд  Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулчихвал хамгийн түрүүнд АТГ-ын хар дансанд орсон нөхдүүдээ хэрхэн гаргаж авах талаар ярьсан гэх шум тараад эхэллээ. Харин тэдгээр нэрсийн тодор Н.Алтанхуягийн нэр багтаагүй гэсэн яриа чих дэлсэж байвал яахав.  Бүртгэлийн үеэр бүр нэр дэвшихээ мэдэгдээд байсан Э.Бат-Үүлийг эсэргүүцсэн жагсаал намын байрны гадаа болсон.  Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх эмзэг сэдэв дээр нь дөрөөлж Бат-Үүлийн зарим нэг өрсөлдөгчид нь зохион байгуулсан байх магадлалтай хэмээн яригдаж байна.

АН-ынхан оноолтын системээр гурван удаагийн сонгуулийг амжилттай явууллаа гэж байна.Энэхүү оноолтын систем гэдэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн систем аж. Аль хэр нутагшуулж өөрийн онцлогтоо тохируулан авч хэрэглэсэн нь тодорхойгүй.

Ерөнхийлөгчийн сунгаанд оролцсон нэр дэвшигчдийнхээ дунд “Ардчилсан намын асуулгад оролцогчдын эв нэгдлийн гэрээ” гэгчийг байгуулж, ялсан нэр дэвшигчээ шууд хүлээн зөвшөөрөхийг  энд зүйлчлэн зааж өгсөн. Намынхаа эв нэгдллийг хангах гэсэн оролдлого нь тэр байх.

Сонгууль бүрээр энэ намынхан мөнгө тойрон хэрэлддэг боллоо. Энэ удаад ч тийм л сценараар өрнөв.  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бүр тэрбумаар тоологдох дэнчингийн ард гарсан гэлцэж байна.

АН-ын асуудал бол яг хэрэг дээрээ эв нэгдэл, эе эвээ базаж чадахгүй байгаа явдал. Сонгуулийн ялагдлыг нь чухам үүнтэй холбон тайлбарладаг нь талаар бус. Дотоод зөрчлөөсөө болж улстөрийн хүчний хувьд нэр хүнд, байр сууриа ганхуулж байсан нь цөөнгүй.  Уг нь ижил үзэл бодол, үнэт зүйл ойролцоо таван намын бүрдэл АН-ын эд эсийг бүрдүүлдэг. 

Гэвч эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийн ил, далд тэмцлээс болж өөрсдөө өөрсдийгөө боомилчих гээд байгаа юм.Тэгэхээр  бусад бүлэглэлүүдтэйгээ хэрхэн үг хэлээ олж, яаж атгасан шагай шиг ажиллах вэ гэдэг хүндхэн сорилт С. Эрдэнийн өмнө бий.  Баабараас эхлээд   түүнийг хүлээн зөвшөөрдөггүй хэсэг бүлэг бий.  Үүнийг экс “Алтангадас”-ынхан даарин дээр нь давс нэмбэл  АН-д задрал явагдах аюултай гэсэн  болгоомжлол зарим гишүүдийнх нь дунд байгаа нь санамсаргүй зүйл биш байх.

 

М.Нэргүй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.