2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Нууц тохироо: Долдугаар сарын нэгэнд уучлал үзүүлнэ

Нууц тохироо: Долдугаар сарын нэгэнд уучлал үзүүлнэ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ЗААГ” нэртэй ном бичсэн. Эл номд түүний өнгөрснөөс өнөөдрийг хүртэл туулж ирсэн нийгэм хийгээд улс төрийн үйл явдлыг бүхэлд нь дүрсэлжээ. Төр нийгмийн зүтгэлтнүүд тэр дундаа улстөрчид өерийн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай намтарчилсан ном бичиж гаргасан тохиолдол манайд цөөнгүй ч улс төр хэмээх “дэглэлттэй” тайзны хөшигний ард чухам юу болдгийг, ямар тохироо явдгийг тэр бүр дурдсан нь ховор. Харин Д.Тэрбишдагва гишүүн өөрийн бичиж эмхэлсэн номондоо сонгуулийн өмнө явсан улс

төрийн зарим нууц тохироог “ЗААГ”-ласан нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Учир нь, “Нууц тохироо: Долдугаар сарын 1-нд уучлал үзүүлнэ” нэртэй түүний номын хэсэгт 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН МАХН-тай хэрхэн тохироо хийсэн тухай дурджээ.

2013 он гэдэг бол МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс ял сонсч, хоригдсоныхоо дараа бие нь муудсан шалтгаанаар “Сайд нарын хоёр” буюу Улсын клиникийн хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан үе, ацаг шүдний зөрүүтэй гэдэг шиг МАН, МАХН-ыг иргэд, сонгогчид төдийлөн ялгадаггүй нэг малгайн дор хардаг байсан цаг. Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд хувь хүнийхээ рейтинг, хувьсгалт намын нэрийг хослуулж УИХ-д Бүлэг байгуулах хэмжээний суудалтай болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын хамгийн үнэ дэнэтэй тоглогч хэвээр байсан үе. Гэхдээ ялалтын буухиагаа үргэлжлүүлэх, төрийн тэргүүнээ улираан сонгуулахад АН-д ганцхан зүйл гох дэгээ болж байсан нь МАХН-аас хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, МАН-ын саналыг хуваах тухай байв. Хэдийгээр сонгуульд эвсэж оролцсон МҮАН, М.Энхсайханд ч нэр дэвшигч санал болгох эрхтэй атал Н.Энхбаярын нөлөө, эзлэх байр суурь нь Эвслийн бүлэгт том учраас МАХН-аас бүх зүйл хамаарч байсан хэрэг.

Тухайн үеийн хэвлэлээр ч МАХН-ын автортой Л .Цог, Ч.Улаан, Ц.Цолмон, Д.Тэрбишдагва нарыг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай бичиж, таамаг дэвшүүлж байсан нь үүнийг гэрчилнэ. Гэхдээ эдгээрээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэж байсан юм.

Гэвч бусдаасаа улс төрийн дадлага туршлага “нимгэн”-тэй нэгэн гэнэт тодорсон нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал байв. Түүнийг АН-ын тэр дундаа Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу тодруулсан гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн номондоо өгүүлжээ. Тухайлбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, намууд нэр дэвшигчээ тодруулаагүй байхад хоёдугаар эмнэлэгт эмчлүүлж байсан Н.Энхбаяртай тэрбээр очиж уулзжээ. Тэгэхэд МАХН-ын дарга “Хоёулаа тагтан дээр гаръя” гэсэн бичиг үзүүлсэн байна.

Шүүхээс ял ногдуулсан ялтан хүн хэвтэн эмчлүүлж байгаа учраас МАХН-ын даргыг 24 цагийн турш камераар хянаж, бичлэг хийж байсан учир амин хувийн нууц яриа болохыг тэрбээр шууд гадарлажээ. Ингээд тагтан дээр гарсны дараа Н.Энхбаяр дарга “Журмын нөхөрт, долдугаар сарын 1” хэмээн гараар бичсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй номыг харуулсан байна. Түүгээрээ – “Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг дэвшүүл, долдугаар сарын 1-нд уучлал үзүүлнэ” гэсэн тохироо хийснийг ч тайлбарлажээ.

Мөн “Манай гэр бүлийг хоморголох нь ээ, асар их дарамт ирж байна. Биеийн байдал ч тааруу байна. Өөрийн чинь оронд Н.Удвалыг дэвшүүлэхийг санал болголоо” хэмээн нэмж хэлсэн байна. Хариуд нь Д.Тэрбишдагва гишүүн, УИХ-ын дэд дарга асан Л.Цогийн хамт нэр дэвшихгүй гэсэн баталгаа бичиж өгсөн аж. 2013 оны тавдугаар сарын 6 гэсэн огноо бүхий уг баталгаанд “’’Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал өдөр хоног бүрээр муудаж, ар гэр, өмгөөлөгчөөс нь гаргаж өгсөн ялаас чөлөөлөх хүсэлтийг холбогдох хуулийн байгууллага хэрхэн шийдвэрлэхийг намын олон мянган гишүүд, дэмжигчид, ар гэр, хань ижил, үр хүүхдийнх нь нэгэн адил хүлээж байгаа билээ.

Дээрх байдалтай давхцан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах МАХН-ын Бага чуулган энэ сарын 9-нд хуралдахаар төлөвлөсөн байгаа. Намын дарга Н.Энхбаяртай холбоотой шийдвэр гаргахгүй хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Үүнд: МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2013-05-08-ны өдрөөс өмнө ялаас чөлөөлсөн шийдвэр гаргасан тохиолдолд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвших бид нэрээ татаж МАХН сонгуульд оролцохгүй болохыг баталгаажуулж байна” баталгаа гаргасан МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Цог нар гэжээ.

Эндээс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН, МАН-ын саналыг хуваах зорилгоор урьдаас бэлдсэн АН-ын төлөвлөгөөний дагуу оролцсоныг харж болохоор. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч улиран сонгогдсон тохиолдолд МАХН-ын дарга Н.Эмхбаярт долдугаар сарын 1-нд уучлал үзүүлэх амлалттайгаар Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг нэр дэвшүүлэх чиглэл өгсөн бололтой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон, Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Юу үнэн гэвэл энэ үнэн. Нэг үгээр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярт сонгууль нь бус зөвхөн өөрийн эрх ашиг нь чухал байсан хэрэг. МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвалын тухайд МАН-ын саналыг хуваах зорилгоор гал унтраах үүрэгтэй байсан гэсэн үг.

Угтаа бол МАХН-аас Д.Тэрбишдагва Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бол МАН гэхээсээ АН-аас дэвшигчийн саналыг хувааж, дараалсан ялалтад нь цэг тавих хэмжээний гал дуудах байсныг Ц.Элбэгдорж урьдаас харж Н.Энхбаярын эрх чөлөөг барьцаалж наймаалцсан нь энэ. Энгийнээр тайлбарлавал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАН, АН, МАХН-ын гэсэн гурван намын өрсөлдөөн гэхээсээ Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэсэн хоёрхон хүний тохироогоор явсан нь энэ юм. Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй зөвхөн мөнхийн эрх ашиг л гэж байдаг гэсэн үгийн энгийн жишээ Н.Энхбаяр дээр тодорсон нь энэ. Гэхдээ Н.Энхбаяр зогссонгүй. Зогсохыг ч хүсэхгүй байна. Харин ч өөрийн эрх ашгийг дээгүүр тавьж Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин ханцуйн дотроо наймаалцахаар зэхэж сууна. МАХН-ынхан л Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ (Өөрөө ч энэ тухайгаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан) гэж яриад, хашгираад байгаа болохоос хууль зүйн талаас энэ боломж түүнд хаалттай гэдгийг бүгдээрээ мэдэж буй.

Холбогдох хууль хяналтын байгууллагаас ч Н.Энхбаярыг ялгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүйг тайлбарлаж буй. Тэгэхээр МАХН-ынхан намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн ярьж байгаа нь зүгээр л цаг хожих, улс төрийн тохироо хийх гэсэн арга болж таарах нь. Харин МАН-тай юу, АН-тай юу.

Гэхдээ МАН-ын хувьд энэ удаад МАХН-д дахин буулт хийхгүй л болов уу. УИХ-ын сонгуулийн өмнө Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-тай хамтрах тухай яриа хэлэлцээ хийсэн ч эцэстээ МАХН-ынхан эргэж буцсанаар энэ асуудал тэгсхийгээд замхарсан байдаг. Тэгэхээр МАН-д МАХН-тай дахин ширээний ард суух сонирхол лав төрөхгүй. Харин АН-ын тухайд МАХН хийгээд Н.Энхбаяртай тохироо хийх, цаашлаад МАН-ын саналыг хувааж Ерөнхийлөгчийн сонгуульд ялах сэдэл бий юү гэвэл бий. Гагцхүү Н.Энхбаярын зүгээс ямар тохироо, барьцаагаар АН-д энэ боломжийг нь олгох вэ гэдэг нь тэдний шүдний өвчин болоод байгаа хэрэг.

Өмнө нь Ерөнхийлөгчийн уучлалаар шүүхээс ногдуулсан ялаас чөлөөлүүлж эрх чөлөөгөө олж авсан хүний хувьд энэ удаад илүү том тохироо хийхээс нааш хөдлөхгүй. Дээрээс нь Н.Энхбаярт уучлал үзүүлж байх үеийн АН, одоогийн АН хоёрын хооронд хол зөрүү бий. Нэгдүгээрт, тэр үеийнх шиг нь эрх мэдэл АН-д байхгүй. Хоёрдугаарт, дотоод зөрчлөө дарж чадалгүй Ерөнхийлөгчийн сонгуультай золгох гэж байгаа АН-д Н.Энхбаяр өгөх зүйл үлдсэн эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ Н.Энхбаяр шиг эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй ч нийлээд тэмцдэг улстөрчийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийг өөртөө ашигтайгаар эргүүлэхээс нааш зогсохгүй болов уу.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.