2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Б.Мөнгөншагайг Александр Матросовтой адилтгах нь

Б.Мөнгөншагайг Александр Матросовтой адилтгах нь

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Энх цагт цэрэг эрс эрсдэж, олон эрс шархадсан эмгэнэлтэй үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиов.

Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг сум дахь Тавантолгойн цэргийн сургалтын төвд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гар бөмбөг дэлбэрч дадлага сургуулилалт хийж байсан хоёр албан хаагч газар дээрээ амиа алдаж, найман цэргийн алба хаагч шархадсан билээ. Ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ гүйцэтгэн, цэргийн сургалт, бэлтгэлд оролцож байхдаа алтан амиа алдсан алба хаагчид офицер Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд хоёр байв. Тухайн үед бэлтгэлийг зэвсгийн офицер Б.Мөнгөншагай удирдан явуулж байсан бөгөөд байдал бишдсэнийг мэдмэгцээ гранатыг өөрийн биеэрээ дарж хэвтэн бусдынхаа амийг аварсан талаар алба хаагчид цагдаад мэдүүлжээ.

Генерал Ж.Бадамбазар ч ар гэрийнхэнд нь “Талийгаач бусдыгаа хамгаалах гэж байгаад өөрөө эрсэдсэн” гэж хэлжээ. Офицер залуу гар бөмбөгийг дарж хэвтээгүй бол олон хүний амь эрсдэх аюултай байсан гэдгийг ч албаныхан онцлон ярьж байна.

Манай монголчууд Александр Матросов гэдэг нэрийг андахгүй байх. Киног нь ч үзсэн байх. Дэлхийн хоёрдугаар дайны үед дөнгөж 19-хөн настай байсан цэрэг Матросов 1943 оны хоёрдугаар сард дайсны пулематын галын цонхыг цээжээрээ таглаж нөхөддөө давших боломжийг олгож байсан баатарлаг үзйлсийн жишээ байдаг. Түүнд тухайн үед ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгож байсан билээ.

Тавантолгойн сургалтын баазад болсон золгүй явдал үүнтэй тун төстэй байдлаар өрнөсөн бололтой. Зэвсгийн офицер гранат дэлбэрэх нь гарцаагүй болсныг мэдмэгцээ түүнийг цээжээрээ даран унаж ойр орчимд байсан нөхдөө аварч өөрөө амь үрэгдснийг тэнд байсан нөхөд нь гэрчилжээ.

Мэдээллийн эх сурвалжид дурдснаар тухайн үед түүний ойр орчимд олон цэрэг эрс байсан бөгөөд тэдгээрээс найм нь хөнгөн шарх гэмтэл авч эмчлүүлээд гарсан билээ. Тэд бол дэлбэрэлт болсон газарт хамгийн ойр, өөрөөр хэлбэл яг эрсдлийн бүсэд байжээ.

Эх орныхоо аюулгүй байдлынхаа төлөө амь насаа үл хайхран тэмцдэг цэрэг, офицеруудаа хүндэтгэе. Б.Мөнгөншагай жинхэнэ баатар. Тиймээс Баатар цолыг нь ч нэхэн олгох хэрэгтэй гэсэн санаа оноо иргэдийн дунд их явж байна.

Эх орон, эжий аав, элгэн садан, эрхэм найзууд нь баатарлаг гавьяатай хөвгүүдээ өчигдөр сүүлчийн замд нь үдлээ. Талийгаач Б.Мөнгөншагайг төрж өссөн нутаг болох Төв аймгийн Баян суманд хөдөөлүүлжээ.

Оршуулгын ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар нар ирж, эмгэнэл илэрхийлээд, ажил явдалд оролцож, ёслолд хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжмийнхөн ирж, гашуудлын хөгжим тоглож, газар дээр нь очиж, ёслолын буудлага хийсэн гэнэ. Түүнийг цэрэг хүний ёсоор сүүлчийн замд нь хүндэтгэлтэй үджээ.

Бусдыгаа аварч, өөрийгөө золисон офицер Б.Мөнгөншагай 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 1994-2002 онд Төв аймгийн Баян сумын 8 жилийн дунд сургууль, 2002-2004 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 10 жилийн дунд сургууль, 2004-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургуулийг Зэвсгийн албаны мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 2009 оноос Зэвсэгт хүчний 015 дугаар ангид салааны захирагчаар томилогдсноор эхэлж, 2010-2011 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид галын бэлтгэлийн багш, сургагч, 2011-2014 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид Зэвсгийн дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Зэвсгийн офицероор томилогдон ажиллаж байсан юм.

Ажиллах хугацаандаа анги, салбарынхаа зэвсэг, багаж хэрэгслийн найдвартай ажиллагааг хангах, чанар байдал, ашиглалт, хадгалалтад онцгой анхаарч, засвар үйлчилгээг тогтмол хийж, мэдлэг, мэргэжлийн арга барилаа дээшлүүлэхэд анхаарч ажилладаг шилдэг тэргүүний офицеруудын нэг байсан гэдгийг анги салбарын удирдлагууд нь тодотгожээ.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Энхийн төлөө медаль, Афганистаны энхийн дурсгалын төлөө медаль, Африкт энхийн төлөө дурсгалын медаль, НҮБ-ын медалиар тус тус шагнасан байдаг. Тэрээр Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөн, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад 2011 онд Монголын артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 12 дугаар ээлжинд бүлгийн даргаар, 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн II ээлжинд Зэвсгийн офицероор үүргээ гүйцэтгэж, командлалынхаа итгэл, даалгаврыг амжилттай биелүүлсэн, туршлагатай Энхийг сахиулагч офицер байжээ.

Талийгаач айлын ганц хүү байжээ. Дээрээ хоёр эгчтэй отгон нь гэнэ. Эцгийн галаас гал голомтоо таслан авсан эрэлхэг хүү эхнэр, зургаан настай хүүгийн хамт амьдардаг байв. Аав ээж нь одоо хоёулаа нутаг ус Баян сумандаа багш мэргэжлээрээ ажиллаж байгаа гэнэ. Талийгаач Б.Мөнгөншагайгийнх ирэх аравдугаар сард бүл нэмэх байжээ. Хүнд хэцүү зовлонд унасан хөл хүнд бэр нь хэцүү байгаа талаар талаар ах дүүс нь ярьжээ. Дайн самуунтай бусдын нутагт хоёр ч удаа үүрэг гүйцэтгээд эрүүл саруул ирсэн энэ цэрэг эр амар амгалан эх орондоо амиа алдсан нь дэндүү харамсалтай. Хэрэгтэй цагт нөхдийнхөө төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг цэрэг эрийн үлгэр жишээ хойч үед дурсагдан үлдэнэ гэдэгт итгэнэм.

О.Сайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.