2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төрч » ХОЁР “Э”-Г ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ

ХОЁР “Э”-Г ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ

Нийтлэлийн төрөл: Улс төрч
ХОЁР “Э”-Г ЭРГЭЦҮҮЛЭХҮЙХэдэн сар нам жим байсан улс төрийн амьдрал хаврын ээлжит чуулганаар амь орж эхэллээ. Ингэж амь орохдоо багагүй чимээ, дуулиан, шуугиантай амь орж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын хаврын чуулганыг нээж хэлсэн үг олны анхаарлыг маш их татлаа. Монголын номер нэг, номер хоёрын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь тэнгэр газар шиг ялгаатай байсныг доор сийрүүлэх учир энд дурдах нь илүүц биз ээ.

 

“Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн...

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэнд онцолсон нэг үг нь “хариуцлага”. Ингэхдээ тэрбээр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын УИХ-ын сонгуулийн дараа хэлсэн үгнээс эш татсан юм. Тэрбээр “Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй. Албан ту­шаалт­нууд­тай хариуцлага тооц­дог болох хэрэгтэй. “Олд­вол өлддөг” зовлонг төрд хариуц­ла­гаар л хазаарлаж болно” гэсэн. Ерөнхийлөгчийг хариуцлагын тухай хэлж, ярьж эхлэхээс өмнө өнөөгийн эрх баригч намын дарга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд хариуцлагын талаар яриад эхэлчихсэн байсныг энд дурьдах нь илүүц биз ээ. Одоогоос жил гаруйн өмнө өгсөн түүний ярилцлагад “Хариуцлага, ухамсар, ёс зүй шинэ үеийн улстөрчдийн хамгийн чухал хэмжүүр байх ёстой” /“М.Энхболд: Улс орноо хүнд байдлаас гаргаж байсан туршлага манай намд бий”/ гэсэн яриа бий. Тэгэхээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн “хариуцлага”-ын тухай яриа бол нэг их шинэ сэдэв биш. Харин үүний оронд арай өөр өнцгөөс, өөр зүйлийг харж ярьсан бол дээр байлаа. Мөн “хариуцлага”, “ёс зүй”, “ёс журам” гэж ярих нь удахгүй буух Ерөнхийлөгчид наалдах сэдэв биш байсныг зарим улс төр судлаач онцолж байна. Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгчдийн үед тогтсон жишиг буюу дараагийн Ерөнхийлөгчид дайх үгийг санаатай юу, санамсаргүй юу орхигдуулсан нь олон хүний дунд эргэлзээ төрүүлсэн юм. Ялангуяа АН-ын голлох лидерүүдийн, бүр тодруулбал Ерөнхийлөгчид нэр дэвшихийг санаархаж яваа нөх­дийн сэтгэлийг гонсойлгож ор­хи­лоо. Цаашилбал, төрөлх на­маа­саа нэр дэвшигчийг дэмжих­гүй гэсэн мессэжийг чимээгүй өг­чих­лөө гэж ч хардаж болох юм. Ямар­тай ч, Ерөнхийлөгчийн эл үйл­дэл, хэлсэн үг нь эрх баригч МАН-ынханд ханд хаясан утгатай байс­ныг улстөрч байтугай энгийн иргэд ч ойлгохоор байсныг нуугаад яах вэ.

 

“Тавантолгойн нүүрснээс олох орлого бүтнээрээ Монгол Улсын төсөвт орж, баялгийн үр шим монголчууддаа бүрэн зориулагдах болно”

 

Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболдын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэнд анхаарал татахуйц нэг сэдэв байгаа нь “Монгол Улс “Чалько”-д тавьсан өрөө төлж дууслаа. Засгийн газраас зөв менежмент хэрэгжүүлснээр үлдээд байсан өрийг богино хугацаанд барагдуулж чадлаа. Одоо Тавантолгойн нүүрснээс олох орлого бүтнээрээ Монгол Улсын төсөвт орж, баялгийн үр шим монголчууддаа бүрэн зориулагдах болно. Энэ талаар ард түмэндээ амласан зүйл ч бидэнд бий. Цаашид ямар арга замаар, хэрхэн ашиглах асуудлаа нэг мөр болгомоор байна” гэсэн сэдэв. Дөрвөн ч Засгийн газрын нүүр үзэж байж дарагдаж байгаа өрийн автор нь яалт ч үгүй УИХ-ын дарга М.Энхболд. УИХ-ын сонгуулийн дараа үнэмлэхүй олонхи болсон МАН маш богино хугацаанд Засгийн газраа эмхлэн байгуулж ажилдаа ханцуй шамлан орсон нь өнөөдрийн эдийн засгийн эерэг үзүүлэлт, Монгол Улсын гадаад дахь нэр хүнд өсөх шалтгаан байсныг тодотгох улстөрч цөөнгүй бий. Ялангуяа МАН-ын дарга гэдгээрээ ч тэр, УИХ-ын дарга гэдгээрээ ч тэр Засгийн газрын үйл ажиллагааны зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж, удааныг ташуурдаж суугаа хүн бол М.Энхболд. Тэрбээр өмнөх эрх баригчдын алдааг давтсангүй. Учир нь Н.Алтанхуягийг ч тэр, Ч.Сайханбилэгийг ч тэр Ерөнхий сайд байхад УИХ-ын дарга асан З.Энхболд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байсныг лав санахгүй байна. Засгийн газар нь нэг тийшээ харчихсан, УИХ нь нэг тийшээ харчихсан, үндсэндээ Монголын улс төр хоёр үзүүртэй зүү шиг болчихсон байсны гороор улс төрийн хямрал бий болсон нь саяхны жишээ. Бүр тодоор сануулбал, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан Тавантолгойн талаар мэдээлэл хийж байхад нөгөө талд нь УИХ-ын дарга үгүйсгээд сууж байсан жишээ үүнийг но­тол­но. Тэгвэл одоогийн УИХ-ын дарга аль болох Засгийн газар­таа дэм болж, улс төр, эдийн засагт тулгараад байсан хүнд­рэ­лүүдийг даван туулахад ихээ­хэн нөмөр нөөлөг болж бай­гааг тодотгох нь илүүц биз ээ.

 

Хоёр “Э”-г эргэцүүлэхүй

 

Хоёр “Э”-гийн хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгийг ерөнхийд нь авч үзвэл Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж одоогийн эрх баригч МАН-д тал зассан маягтай “хайрын захиа” дайсан бол, нөгөө талд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд эдийн засгийн бодит өсөлтийг ард түмэндээ тайлагнасан, төрийн албан хаагчдыг ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй, чин шударгуу зүтгэхийг сануулсан, Монгол Улсын Ерөнхий сайд, түүний танхимд зөвлөх, ташуурдахын хооронд хэлсэн үг нь өнөөдрийн улс төрийн гол өнцөгийг тодорхойлно. Тэрбээр “Тэд хүндрэлийг даван туулах чиглэлээр Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, улс төрийн тогтвортой байдал бий болсонд талархан, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Эдгээр эерэг өөрчлөлт нь амжилт хэдий ч нэгэнт бий болсон улсын өрийн дарамт, санхүүгийн тогтолцооны асууд­лыг шийдвэрлэж, цаашдын тогт­вор­той өсөлтийн зам руу бу­ца­хад хангалтгүй юм” гэсэн нь “Би­дэнд хийх ажил их, алгуурлаж суух зав байхгүй шүү, нөхөд өө” гэ­сэн санааг агуулж байгаа болов уу.


Эцэст нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үйлдлээр биш үгээр тоглож сурсан хүн юм гэдгийг хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн үгээс харж болно. Харин УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд үгээр биш үйлдлээр үлгэрлэдэг гэдгээ хэлсэн үгээрээ харууллаа. Ингэж онцлох шалтгаан нь тэрбээр богино хугацаанд сэргээсэн эдийн засгаараа “попорсонгүй”, Япон Улсад хийсэн айлчлалынхаа үр дүнд Монгол Улсын эдийн засагт маш том нөлөө үзүүлэх нэн хөнгөлөлттэй 850 сая ам.доллар олж ирснээ ярьж улстөрчид хийгээд ард түмнээс нэмэх оноо авах гэсэнгүй. Зүгээр л “Сэхээнд байсан эдийн засгийг энгийн тасаг руу шилжүүллээ гээд алгуурлаж суух зав бидэнд байхгүй. Эдийн засгаа эрчимтэй сэргээж, сайн ажиллах хэрэгтэй. Ингэхийн тулд УИХ, Засгийн газар байдаг бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллана” гэдгээ ард түмний өмнө амлачихлаа. Энэ бол ажил хийж сурсан, ажлын төлөө зүтгэдэг хүнээс л гарах үг. Мөн энэ амжилтдаа ханах бус амжилтыг амжилтаар ахиулахын төлөө хичээж яваа эрх баригчдын хүсэл юм.

Монголын мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.