2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Аминаас үнэтэй улстөржилт гэж байх уу

Аминаас үнэтэй улстөржилт гэж байх уу

Нийтлэлийн төрөл: Нийгэм, УИХ

Бурханы сургаальд хүн төрлийг олж төрнө гэдэг ховор хувь заяа. Асар их хичээл зүтгэлийн эцэст хүн болдог. Энэ төрөлд хүрэхийн тулд сая сая амьдралыг туулдаг гэдэг.  Гэвч идэх, уух, зугаацах, цаашлаад ач холбогдолгүй зүйлд хэт их анхаарал тавьсан төдийхнөөр энэ чөлөө учралыг үрэх юутай харамсалтай. Үүлэн чөлөөний нар адил гэрэлтээд л өнгөрөх энэ амьдралаа хоромхон зуурын сэтгэл хөдлөл, уур уцаар, болгоомжгүй байдлаас болж алдсаар л байх гэж үү.

 

 

Завхан аймгийн Идэр суманд төрийн албанд 28 жил ажилласан, С.Тэгшжаргал гэгч эмэгтэй ажлаасаа халагдсаныхаа дараа аймшигтайгаар амиа хорлолоо. Тэрбээр харанхуй шөнөөр төрсөн хоёр үр, ханиа орхиод өөр дээрээ шатахуун асгаж галджээСэтгэл санааны ямар их хүнд дарамт, тарчлал байсан болоод өөрийгөө егүүтгэхэд хүргэв. Ямар их гадуурхалт, тэвчишгүй нөхцөл байдал үүссэн болоод энэ амьдралын утга учир, гэрэл гэгээ болсон гэр бүлийнхнийгээ орхих хэмжээнд тулав... Ямар сайндаа л гэх үгээр өмөөрөх түүний шалтгаан улстөржилт байсан гэж үү. Аминаас үнэтэй улстөржилт гэж байх уу, аминаас үнэтэй ажил гэж байх уу...

 

Хэрэг явдлыг сийрүүлбэл хоёр жилийн өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сард Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтэн сонгох сонгон шалгаруулалт зарлахад гурван хүн өрсөлджээ. Хамгийн өндөр оноо буюу 73-ыг Н.Нямжав, 70 оноог Б.Одхүү, 65.67 оноог С.Тэгшжаргал нь авсан аж. Гэтэл Идэр сумын Засаг дарга н.Мөнххүрэл төрийн албаны шалгалтад хамгийн бага оноо авсан С.Т-г ажилд томилжээ. Эл шийдвэрийг нь Н.Нямжав эсэргүүцэж, гомдол гаргасан ч хүлээж аваагүй аж. Орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа сумын удирдлага солигдож, шинэ Засаг дарга нь Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Н.Нямжавыг ажилд авснаар С.Т-г чөлөөлжээ. Н.Нямжав нь аймагтаа том алба хашдаг хүний хамаатан, дээр нь тус захиргаанд ажилладаг нягтлан бодогчтой ураг төрлийн холбоотой тухай мэдээ дуулдлаа. Аливаа томилгооны ард нам, хамаатан садан, танил талын сүлжээ байдгийн жишээ энэ болов уу. Уг нь Засгийн газрын гишүүд нь хямралтай үед хүмүүсээ ажлаас халахгүй гэж хэчнээн ярих ч амьдрал дээр намаар ялгаварлан ажлаас халах үзэгдэл үнэндээ хавтгайрчээ.

 

Ер нь сонгууль бүрийн дараа аль нэг нам төрийн эрхийг гартаа авмагцаа төрийн албан хаагчдыг олноор нь хомроглон халах явдал энгийн үзэгдэл мэт болсон. Зарим дарганцарууд үүний ард хүний амь, амьдрал байгаа гэдгийг бодолгүйгээр шууд л тушаал, тогтоолоо гаргаж халж орхидог. Гэвч үүний цаана бүхэл бүтэн нэг гэр бүлийн амьдрал бас хүний амь байдаг гэдгийг талийгаач өөрийн амиараа харууллаа. Түүний зольсон энэ амь бусдад сургамж болоосой. Захиалгаар ажил гүйцэтгэдэг амьгүй албатуудад, дээрээс өгсөн заавар, дэргэдээ байгаагаа авах гэсэн шуналтнуудад, намын гадуурхал, насны зааг ялгааг “эрхэмлэдэг” орчин феодалуудад сануулга болоосой. Төрд төлөвшсөн, мэргэшсэн, тэнцсэн албан хаагчаа ажилладаг төв систем бүү гажуудаасай.

 

Төрийн албаны зөвлөл нь ажлаа хийсэн шиг хийж, төрийн удирдах албан тушаалтнууд нь хуулиа мөрдсөн шиг мөрдөж ажилласан бол өнөөдөр ийм аймшигт хэрэг үйлдэгдэх байсан гэж үү.

 

Эх сурвалж: 24tsag.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.