2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Гэрэлтэгч

Гэрэлтэгч

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

Зураач Ж.Анунарангийн “Crescendo” буюу “Өрнөлт” нэртэй уран бүтээлийн гурав дахь соло үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн галерейд нээлтээ хийсэн юм.
 
Тэрээр 2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн бөгөөд “Nomad wave” группээс уран бүтээлчийн гараагаа эхэлжээ. Багасаа зураг зурах сонирхолтой, энэ чиглэлд авяастай байсан тэрээр ихэвчлэн эмэгтэй хүн болон бөгтөртэй морьхон, ганц эвэрт, далавчтай морь, гүнж, охид гээд ид шидтэй, бодит амьдралд байж боломгүй зүйлсийг зурдаг байсан тухайгаа ярьсан нь бий.
 
2006 онд дизайнер С.Пүрэвмаатай хамтарсан “Жинхэнэ би-д хайртай” үзэсгэлэн гаргаснаас хойш “Төрөөгүй”, “Бүү ай-1”, “Бүү ай-2”, “Өөрчлөлт”, “Чөлөөлөлт” зэрэг бие даасан үзэсгэлэнгээс гадна Бельгийн Антверпен, Брюссель зэрэг хотноо Европын Холбооны ордонд “Nomad wave” хамтарсан үзэсгэлэнд уран бүтээлээ толилуулж байжээ.
 
Тэрээр өөрийн “Ураг” бүтээлээр уран зургийн төрөл, “Далд ертөнц” цуврал бүтээлээр холимог зургийн төрлөөр дээд шагнал тус тус хүртсэн бол “Tiger translate” олон улсын наадмаас  “Тооно” бүтээлээрээ орчин үеийн төрлөөр гранпри шагналыг хүртэж байв.
 
Уран бүтээлч хүнд онцгой мэдрэмтгий чанар байдаг. Түүгээрээ дамжуулж юмс үзэгдлийг оюун сэтгэхүйдээ бусдаас өөрөөр тусган авч чаддаг байх. Гэхдээ энэ нь хамгийн чухал зүйл биш. Гол нь шинийг сэдэж, түүнийгээ маш онцгой түвшинд хэрэгжүүлж байна гэдэг чухал.
 
“Өрнөлт” үзэсгэлэнд саатахуй дор дээрх бодлууд төрнө. Загвар зохион бүтээгч гэмээр харагддаг зураач маань өөрөөсөө огт өөр санааг ургуулан гаргаж тус үзэсгэлэнгийн ханыг уран бүтээлээрээ чимэглэжээ.
 
Уг үзэсгэлэн нь дан ганц уран зургийн бус гэрэл зураг, хөгжимтэй хосолсон цогц бүтээл юм. Үзэсгэлэнгийн танхимаар саатахуй дор намуухан, ритм өндөртэй олон төрлийн ая эгшиглэнэ. Энэ нь мөн галлерейн нэг хэсэг бөгөөд тус хөгжмийг уран бүтээлч Г.Онон найруулсан аж.  Урлагийн аливаа төрлүүд хоорондоо төгс хоршиж чадвал үзэгчдэд амар амгалан хийгээд гайхшрал бэлэглэж чаддагийг тус үзэсгэлэнгээс мэдэрч болно.
 
Зөвхөн нүдээр харах бус сонсч болдог зураг ч байсныг онцлууштай. Учир нь тухайн бүтээлийг илүү ойлгомжтой болгож, үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээхийн тулд далайн давалгаан чимээ, салхи, моддын навчис сэрчигнэх зэрэг байгалийн дуу чимээг сэтгэл тайвшруулах увидастай гэмээр намуухан хөгжмийн аятай хослуулан чихэвчээр сонсгосон юм.
 
Түүний зургуудыг үнэндээ аль нэгэн төрөлд хамаатуулан оноож нэрлэхэд хэцүү юм. Хэзээ ч дуусахгүй үргэлжлэх уран бүтээлчийн эрэл хайгуул ч юм шиг санагдана. Гартаа бийрээ бариад дараагийнхаа татлагыг бодож зогсохдоо тэр хэн бүхнээс өөр ахуйг бүрдүүлж бүтээлийнхээ утга агуулгийг  хэн ч олж харахааргүй далд нууж орхихыг хүсэмжилсэн нь тодхон харагдана.
 
Уншигч та Германы орчин цагийн суут зураач Кифэрийн алдарт “Анатор” зургийг мэддэг бол Ж.Анунарангийн бүтээлүүд зарим талаараа түүнтэй төстэй мэдрэмж төрүүлнэ. Зураг дээрх гараа хоёр талдаа зөрүүлэн бариад дээшээ харан хэвтэж буй нүцгэн хүн үхсэн үү, амьд уу гэдгийг үзэгчид мэддэггүй. Түүний дээр зургийн асар том талбайг одод түгсэн сансар огторгуйн орон зай эзэлж  байдаг ба өнөөх хүний биетэй мөнгөлөг утсаар холбогдсон байдаг. Хүн төрөлхтний оршихуйн тухай асуудлыг цаг ямагт илэрхийлж бүтээлдээ тусгадаг байсан Кифэр уг зурагтаа ч дээрх асуудлыг тод томруунаар хөндсөн билээ.
 
Тэгвэл Ж.Анурангийн зургууд ч үүнтэй ижил мэдрэмж төрүүлээд байгаа нь ямар учиртай юм бол... Кифэрийн арзгар ширхэгтэй одод нь элдэв геометрийн дүрснүүд үүсгэдэг бол Анунарангийнх ч ялгаагүй тийм билээ.
 
   
 
Геометрийн дүрснүүдээс үүдэн бүрэлдсэн хүн, шувуу, үнэг байх нь  түүний зурагт элбэг тохиолдоно. Энэ нь магадгүй бидний алган дээрх хувь заяаны зураас, ирээдүйн тухай хувь хүний төсөөллөөс үүдэн гарсан байх магадлал өндөртэй.
 
Ажиглаад байхад одод түгсэн шөнийн тэнгэр эл үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн гол “бэлгэдэл” болсон юм шиг санагдана. Мянга мянган оддыг төсөөллөөрөө хооронд нь холбож ямар ч дүрс үүсгэж болох хэдий ч тухайн уран бүтээлийн гол санаа юу вэ гэдэг нь ил биш. Гэлээ ч далд утгыг нь тайлахын төдийд үзэгчид “гайхалтай” гэж уулга алдмаар хэмжээнд бүтээгдсэн уг зургууд нь өөрсдийн гэсэн мөн чанараа алдаагүй байгаад гайхах зүйлгүй. 
 
Норвегийн алдарт зураач Эдвард Мункийн 1921 онд бүтээсэн “Зам” болон Эрнст Кирхнерийн “Гудамжинд зогсож буй эмэгтэйчүүд” зэрэг экспрессионизмын гол төлөөлөл болсон зургуудад ногоон өнгө ихээр зонхилсон байдаг. Юунд энэ бүхнийг дурдав гэхээр бидний яг одоо ярьж буй “Өрнөлт” үзэсгэлэнтэй холбоотой. Тус үзэсгэлэнгийн зураг бүрийн дэвсгэр нь ногоон өнгөтэй. Шөнийн нууц камерын дүрс шиг бүдэг ногоон өнгөний цаана өрнөх үйл явдлууд ч зарим бүтээлээс нь харагдана.
 
Ногоон өнгө нь байгаль хийгээд цэвэр ариун, шинэ сэргэг байдлыг илтгэдэг. Итгэл найдвар, элбэг дэлбэг, залуу насыг тодорхойлдог. Сэтгэлзүйн хувьд энэ өнгө өөртөө итгэлтэй, боловсролтой, бусдын итгэлийг даахуйц сэтгэгдлийг төрүүлдэг ч сул тал нь зөрүүд, уйтгартай үлбэгэр дорой төрхийг илэрхийлэх нь ч бий.
 
Харин зураач маань ногоон өнгөөр сэтгэл зүйн эрчимтэй хөдөлгөөнийг илэрхийлжээ. Эргэн тойрны бодит ахуйг бүтээлдээ тусгахаас илүүтэй хувь хүний зан чанар, бусадтай харилцах хандлага, сэтгэлийн дотоод  үйл хөдлөлийг хурц ногоон өнгөөр төлөөлүүлж харуулсан нь энэ. Тэгээд ч хүйтэн дулааны нийлбэр болсон ногоон өнгийг үйл бүтээхийн нийлбэр гэж үздэг.
 
Монголчуудын сэтгэлгээний цар хүрээ, дэлхийд үнэлэгдэх дүрслэх урлагийн шинэ тогтолцоо, өвөрмөц “хэл”-ийг бий болгож, эх орондоо бүтээн туурвиж буй залуусын нэг бол яах аргагүй Ж.Анунаран билээ. Ойн шуугиан, голын чимээ ч зургуудаас нь үзэгдэх шиг болдог. Түүний бүтээлүүд Монгол оронд, байх ёстой газраа олж төрсөн мэтээр бүтээгдсэн байдаг нь азтай хэрэг шүү.
 
 
 
Б.Алтанхуяг
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.