2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Г.Бат-Эрдэнэ: Миний хүүг аварч, манай гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслаач

Г.Бат-Эрдэнэ: Миний хүүг аварч, манай гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслаач

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Өчигдөрхөн таны, миний, бидний үр хүүхдийн адил инээж, баярлаж явсан Б.Тэмүүлэн хүү 100 мянган хүн тутамд ганц тохиодог хорт хавдраар өвчилжээ. Анагаах ухаан өдийг хүртэл юунаас болж, яагаад ингэж өвчилдөг болохыг тогтоож чадаагүй, дөнгөж судалгааны шатандаа явж буй энэ өвчин ид ажиллаж, хөдөлмөрлөх насан дээрээ яваа энгийн нэгэн залуу гэр бүлийг дайрчээ.

Г.Бат-Эрдэнэ: Миний хүүг аварч, манай гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслаач

Хүү минь 100 мянган хүн тутамд нэг тохиох өвчнөөр өвчилсөн ч бүрэн эдгэх найдлага байна

Б.Тэмүүлэнгийн аав Г.Бат-Эрдэнэ бидэнтэй холбогдож, аюулын харанга болоод буй энэ өвчнийг ард иргэддээ сэрэмжлүүлэхийн зэрэгцээ гэр бүлдээ тохиогоод буй зовлонгоос хуваалцсан юм. Г.Бат-Эрдэнийнх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүхэд нь өвчин зовлон хэлэлгүй өсч, цэцэрлэг сургуульдаа хамрагдаж, ээж нь багш мэргэжилтэй тул хүний олон хүүхдэд эрдэм номын дуу сонсгодог, жирийн л нэг айл. Гэвч яагаад ч юм тавхан настай хүү нь Монголд өмнө нь ганц удаа тохиолдож байсан өвчнөөр өвджээ.

Энэ оны нэгдүгээр сард 20-нд хүүгийн гэдэс гэнэт өвдөж, аав ээжээ сандаргажээ. Энэ өдрөөс хойш өдөр, шөнөгүй хүүгийн гэдэс өвдөж, байнгын эвхэрсэн байдалтай, өвчин намдаах эм, лаа хэрэглээд ямар ч нэмэргүй болсон байна. Аав ээж хоёр нь хүүгээ авч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэд хэдэн удаа шинжилгээ өгч, эмч нарт нь үзүүлжээ. Гэвч онош нь тогтоогдохгүй явсаар хоёрдугаар сарын 20-нд Эх нялхсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хэвтсэнээс хойш бүтэн сарын хугацаанд бас л онош нь тогтоогдохгүй байсан тул аргаа барсан аав ээж нь “Интермед” эмнэлэгт томограф авахуулахад ХАВДАР гэсэн онош гарсан байна.  

Б.Тэмүүлэн хүү энэ жил бэлтгэл бүлгээ төгсч, ирэх жил зургаан настнуудтай хамтдаа уйлж, дуулсаар сургуулийн хаалга татах байв. Гэвч хүү одоо үеийн олон найз нараасаа хоцрох нь. Тоглож өссөн багын найзууд нь цэцэрлэгээс сургуулийн босго алхахаар явахад хүү явахгүй. Гэхдээ хүү эмчилгээгээ хийлгэхэээр, амьдрахаар, эрүүл саруул болохоор, ирээдүйн хань ижил, эцэг хүн болохоор явна. Хүүгийн аав Г.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-ЭМЧИЛГЭЭНИЙ НИЙТ ЗАРДАЛ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛОХООР БАЙНА-

-Б.Тэмүүлэн ирэх жил сургуульдаа орох байжээ?

-Тийм ээ. Сургуульдаа орж чадахгүй 1-2 жил болох юм шиг байна.

-Эмчлүүлвэл эдгэх боломжтой болов уу?

-Эдгэлгүй яах вэ, хүү минь эрүүл болно. Харин одоо цаг хугацаа, мөнгөний асуудал л урд ирээд байна. Бүрэн эмчлэгдээд дуусах хугацаа нь хоёр жил учраас энэ хооронд гарах мөнгөн дүн нилээд өндөр болчихоод байна.

-Энэ өвчний нэршил нь яг юу вэ? Хаана оношлуулав?

-Бид “Интермед” эмнэлэг дээр очиж томограф авахуулаад үзүүлсэн чинь хавдар гэж гарсан. Монголд харин заавал хагалж үзэж, хавдраас нь дээж авч байж оношоо баттай тавина гэж үзсэн. Тиймээс энд нээлгэлгүй Солонгос улс руу авч явсан юм. Ер нь эндээ нээлгэлээ гээд ч Монголд эмчлэх боломжгүй юм билээ. Тиймээс Солонгост очоод үзүүлтэл “Мэдрэлийн эсийн хорт хавдар” гэсэн онош гарч, хамгийн эхний хиймийн тариандаа орчихсон, эмчилгээ нь хийгдээд явж байгаа.

-Өмнө нь хүүд ямар нэгэн шинж тэмдэг илэрч байсан уу?

-Үгүй ээ, мэдэгдэх юм юу ч байгаагүй. Гэнэт л тэгэхэд өвдсөн.

-Манай Монголоос энэ өвчнөөр өвдөж байсан хүүхэд байдаг юм болов уу? Хүү яагаад 100 мянган хүнд ганц тохиодог энэ өвчнөөр өвчилсөн юм бол оо?

-Манай Монголоос гурван настай нэг охин оччихсон эмчилгээ хийлгэж байгаа юм билээ. Ер нь нилээд ховор тохиолддог өвчин гэж байсан. Солонгос хүүхдүүд ч энэ өвчнөөр өвчилсөн байдаг юм билээ. Яг юунаас болж ингэж өвддөг болох нь тогтоогдоогүй, судалгааны шатандаа яваа юм байна. Удамшлын шалтгаангүй тухай Солонгосын эмнэлгээс мэдээ өгсөн.

-Онош тогтоогдсоноос хойш ямар ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Одоо хүү маань Солонгост ээжийнхээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа. Солонгост очсоноосоо хойш химийн тариа хийлгэж байна. Химийн тариа нийт 11 үе шаттай явагдана. Нэг үе шат нь долоо хоног химийн тариа хийлгээд, 14-21 хоногийн амралтаас бүрдэнэ. Ингээд дараагийн үеийн химийн тарианд ордог юм билээ.

-Солонгос руу явахад замын, эмчилгээний, оношлогооны гээд нилээд их зардал гарсан болов уу. Та бүхэн үүнийг өөрсдөө гаргасан уу? Хэрхэн энэ бүх зардлаа зохицуулсан бэ?

-Шинжилгээний зардал, 14 хоног байрласан байр, урсгал зардал, химийн тариа гээд нийт 80 орчим сая төгрөг одоогоор зараад байна. Энэ болгоныг өөрт байсан бүх л юмнуудаа зарж үрээд, цөөхөн хэдэн төгрөгийн хадгаламж гээд байсан бүхнээ гаргаж болгосон. Одоо харин үүнээс цааш мухардалд орчихоод байна. Одоо Солонгост хүү минь нэг удаа халуураад эмнэлэгт очиход 1.5 сая вонн буюу монгол мөнгөөр гурван сая төгрөг болж байгаа юм.  

-Хамаг бүхнээ зарж, үрчихсэн гэхээр одоо байгаа орлого тань энэ засварын газар л гэсэн үг үү?

-Тийм ээ.

-ААВ НЬ СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАВАЛ ХҮҮ ДААТГАЛД ХАМРАГДАЖ, ТӨЛБӨР НЬ 50-60 ХУВЬ ХӨНГӨЛӨГДӨНӨ-

Бид бяцхан хүү Б.Тэмүүлэнгийн аавтай өөрийнх нь ажиллуулдаг авто засварын газарт уулзахаар цаг товлосон нь энэ юм. Г.Бат-Эрдэнэ энэ засварын газраа гурав дахь жилдээ түрээслэн ажиллуулж байгаа аж. Жирийн үед амьдралаа авч явахад яг л таардаг байсан энэ засварын газар одоо хүүгийнхээ химийн тарианы мөнгийг залгуулахад хүрэхээ байжээ. Өглөөний 10 цагаас оройн 19 цаг хүртэл ажиллана, нийт таван ажилтны цалин, ус, тог цахилгаан, түрээсийн мөнгө гээд тийм ч бага зардал гарахгүй. Гэсэн ч энэ л засварын газар энэ гэр бүлийн хувьд сүүлийн өмч нь болжээ. 

-Хүүг бүрэн эмчлэхэд хэдэн сая төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо байна вэ?

-Цаанаас хэлсэн тоо 450-500 сая вонн гэдэг нь монгол мөнгөөр нэг тэрбум гаруй төгрөг болоод байна.

-Маш их мөнгө шүү дээ. Гэтэл одоо та байгаа бүхнээ бүгдийг нь шавхчихсан байдаг. Цаашаа яах вэ?

-Яг үнэнийг хэлэхэд цаашид ямар ч боломжгүй болж байна. Гэхдээ нэг гарц хайгаад байгаа нь Солонгос улсад гэрээт ажилчнаар, эсвэл сурахаар очвол даатгалд хамрагддаг юм байна. Хэрэв энэ даатгалд хамрагдаж чадвал тэр төлбөрөөс 50-60 хувийг нь Солонгосын тал хөнгөлөх боломжтой юм билээ. Тиймээс би тэр даатгалд ямар нэгэн боломж, нөхцлөөр хамрагдахаар гарц, тусламж, боломж, дэмжлэг хайж байна.

-Та даатгалд хамрагдаж энэ ажлыг хөөцөлдөж үзэв үү?

-Доогуур л хүмүүсээс асууж сургласнаас, дээшээ дуулгаж чадаагүй байна. Яг одоо үнэхээр мухардалд орчихоод байна.

-СУРГАЛТ, ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЖ ХАНДИВ ЦУГЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ-

-Хүүгээ өвдсөнийг мэдээд та өөртөө ямар амлалт өгч байв?

-Анх хавдар гэж сонсоод бид хоёр үнэхээр “шок”- нд орсон, үнэхээр хүнд тусдаг юм билээ. (хэсэг чимээгүй болов.сурв). Мэдээж хүний ээж аав болсон хойно шууд л эмчлэгдэнэ, эдгэнэ гэж бодогдсон. Солонгост очиход яг бидний бодсончлон эмчлэгдэнэ гэж хэлсэн. Одоо бид бүхнээ зориулна, өөрсдийнхөө чадах бүхнээр, боломжтой бүхнийг дайчилж, хүүгээ эрүүл болгоно гэсэн бодолтой байна.

-Танай гэр бүлийн гишүүдээс удамших өвчтэй хүн бий юу?

-Үгүй ээ, энэ өвчин ч удамшдаггүй. Өвчин гэдэг хэн хүнд хэлж биш гэнэт л ирдэг юм байна. Манайх ам бүл дөрвүүлээ, бид хоёр хүүхэдтэй. Миний хүү чинь цоо эрүүл, саяхан л гүйгээд явж байсан, гэнэт ийм юм болдог юм байна. Миний хүү өвдөж байхаар би өвдсөн бол гэдэг бодол орж ирнэ. Хүү минь солгой хоолойтой ч (инээв.сурв) дуулах их дуртай, байнга л амандаа дуу аялж явна. Аавдаа их эрхэлнэ, бяцхан биедээ баймгүй их хэрсүү, яг л том хүн шиг хэлж ярьдаг сайн, сайхан хүү бий.

-Эхний сайхан мэдээ эдгэнэ гэсэн шүү дээ. Та бүхэнд туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа байх?

-Тийм ээ. Та бүхэн өөрийнхөө хүүд туслаж байна гэж бодож миний хүүд туслаж, манай гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслаач гэж хүсмээр байна. Монголчууд нэгдэж, олон хүний амийг аварч, олон хүнд амьдрал хайрласан учраас бид ард түмэндээ хандъя гэсэн итгэл төрсөн юм.

Г.Бат-Эрдэнийн гэр бүлийнхэнд найз нөхөд нь туслахаар ажлын групп байгуулжээ. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандивыг хүүгийн нэр дээр нээсэн дансанд цуглуулж, Солонгост химийн тариа тариулж суугаа хүүд долоо хоног бүр илгээнэ. Гэхдээ тэд зүгээр л хүмүүсийн мөнгийг авахаас илүүтэй бүтээлчээр хандив цуглуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.

Б.Тэмүүлэнгийн ээж багш хүн учраас олон салбарт хичээл заадаг, багш, лектор найзуудтай. Тэд хүүгийн төлөө 15-20 мянган төгрөгийн хандивын лекц, сургалтыг тус бүрийн сургууль, байгууллага дээрээ зохион байгуулж олсон орлогоо бүгдийг нь Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд зориулахаар төлөвлөжээ.

Өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ хүүд туслана гэдэг хичнээн сайхан. Сургалт нь үсчин, маникюр, эдийн засаг, улс төр, урлаг гээд олон салбарыг хамарна.  Тиймээс цаашид энэ тал дээр хамтарч ажиллах хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн болон төрийн бус байгууллагуудыг эрж хайж буйгаа ч хэлж байлаа.

Нэмж хэлэхэд, тун удахгүй Б.Тэмүүлэн хүүд амьдрал хайрлах “Challange”-ыг эхлүүлэхээр болсон гэсэн шүү.

-ХҮҮГЭЭ ИХ ТОМ ЭР, САЙХАН ЗАЛУУ БОЛООД, ААВТАЙГАА ЗЭРЭГЦЭЭД АЛХААД ЯВНА ГЭЖ МӨРӨӨДӨЖ СУУНА-

-Та хүүдээ өвчнийх нь талаар ойлгуулж, хэлж ярьсан уу?

-Ер нь яг ямар өвчин гэдгийг нь хэлээгүй ч “Миний хүү өвдсөн, эмчлүүлээд удахгүй эдгэнэ ээ” гэж хэлсэн. Жаахан хүүхдэд бид яаж хэлэх билээ, өөрийгөө удахгүй эдгэнэ гэсэн их итгэлтэй, бусад хүүхдүүдийн адил инээж баясаад л явж байгаа.

-Хэр их зовиур илрэх вэ?

-Ер нь анх гэдсээр өвдөөд байна гэдэг болсон. Хүү минь хэр баргийн өвчин хэлээд, шаналаад байдаггүй боловч тэгэхэд маш их зовиуртай байгаа нь мэдэгдсэн. Гэдсээ дараад байнга эвхэрч хэвтээд, хоолонд дургүй болоод эхэлсэн.

-Гэдэс өвдөхөөс өөр шинж тэмдэг илэрдэг үү?

-Үгүй ээ, байнга л эвхэрч гэдсээ дарж ёолно, “Ээж ээ өвдөөд байна, аав аа өвдөөд байна” гээд л. Ямар ч өвчин намдаах эм, лаанд дарагдахгүй. Анх Эх нялхаст хэвтэхдээ тариагаар өвчнийг нь намдааж байгаад Солонгос авч явсан. Түүнээс энд эмчилгээ хийлгээгүй ээ, өвчнийг нь намдааж байсан гэж хэлж болно.

-Эмчилгээгээ хийлгэж эхэлснээс хойш жаахан ч гэсэн өөрчлөлт орж байна уу?

-Ер нь гэдсээр нь өвдөх өвдөлт арай багассан боловч химийн тариа хийж байгаа болохоор өөрчлөлтүүд гарч ирж байгаа. Дотор нь муухайрах, цус нь багадах гээд шинжүүд байгаа ч өвдөлт нь багасч, эмчилгээ болж байгаа. Одоо цовуун цолгиун байдал нь жаахан сэргэчихсэн, аавтайгаа утсаар ярихдаа “Аав аа, тоглоом авч ирээрэй” л гээд байгаа, хүү минь. Цаашид эмчилгээнүүд нь үе шаттай яваад ирэхэд илүү сайхан болох байх аа.

-Та одоо юу хүсч, ирээдүйнхээ амьдралыг төсөөлж, төлөвлөж байна вэ?

-Хүүгээ их том эр, сайхан залуу болчихоод аавтайгаа, ээжтэйгээ мөр зэрэгцээд алхаад явж байна гэж сайхан гэгээлэг зүйлийг бодож, төсөөлж, мөрөөдөж сууна. Мөнгөтэй төгрөгтэй, баян тансаг амьдрал биш эрүүл, элэг бүтэн амьдрахыг л хүсч байна. Хүү минь сайн хань, сайн аав болоосой.

Одоо хүүд хийж буй химийн эмчилгээ 5-6 үе шат явсны дараа нэг удаа хавдрыг авах мэс засал хийх юм байна. Энэ химийн эмчилгээгээр дамжуулан хавдрын ойролцоо байгаа гол судсуудыг холдуулж эхэлжээ. Хавдрыг авсны дараа дахин химийн эмчилгээгээ үргэлжлүүлж, эхний мэс заслаас шалтгаалан чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийх аж. Хагалгаа тус бүр 220 орчим сая төгрөгийн өртөгтэй.

Одоо хүүгийн эмчилгээний зардлыг ЯАРАЛТАЙ даатгалд л хамруулахгүй бол энэ их мөнгийг босгоход даанч хэцүү.

Сурах болон аяллын виз гарлаа гэхэд хамгийн багадаа гурван сарын хугацаа шаардагдана, дэндүү хол байна. Иймд ердөө Солонгос улсад ажиллах гэрээний ажилтан болох, эсвэл Монгол улсаа төлөөлж Солонгост ажиллах боломжтой ажлаар явах шаардлагатай байна.

Ер нь нэн тэргүүн аав нь Солонгос улсад ажилд орж байж л хүү даатгалд хамрагдаж, эмчилгээгээ таслахгүй үргэлжлүүлэх боломжтой юм байна. Иймд иргэнийхээ амь насыг аварч үлдэхийн тулд, ид хөдөлмөрлөж, бүтээж чадах залуу гэр бүлийг элэг бүтэн үлдээхийн тулд эрх мэдэлтэй ганц хүн нь л хөдлөхөд болохгүй, бүтэхгүй зүйл үгүй шиг.

“100 сая, 200 сая төгрөг байсан бол хамаа алга, хамаатан саднаараа байдгаа шавхаад эмчлүүлмээр байгаа ч үнийн дүн нэг тэрбум гэдэг дэндүү өндөр. Тиймээс монголчуудынхаа тусламжийг зайлшгүй эрэх хэрэгтэй болоод байна. Та бүхэн бидний ирээдүй болсон бяцхан хүүд 1000 төгрөгийг 1000 гэлтгүй шилжүүлэн хандивын гараа сунгаарай” хэмээн энэ гэр бүлд туслахаар хөдөлсөн найз нөхөд нь үг дайлаа.   

Дансны дугаар:

ГОЛОМТ БАНК: 1905115157 Бат-Эрдэнийн Тэмүүлэн

ХААН БАНК: 5220034090 Бат-Эрдэнийн Тэмүүлэн

СОЛОНГОС ДАХЬ ДАНС: SHINHAN BANK: 110 473 899640 PUREVSUREN OYUNSUREN /ээж/ ,

ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР: 89390049, 88087736, 80101020

ФЭЙСБҮҮК: www.facebook.com/B.temuulendee.tusaltsgaay

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.