2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүнд суртлын золиос болдог уу

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүнд суртлын золиос болдог уу

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Хүнд бурхнаас дутуу заяасан зүйл гэж байдаг. Өөрт нь дутуу заяасан тэр л зүйлээс болж нийгмээс гадуурхагдаж хүний ёсоор амьдрах эрхээ эдлэж чадахгүй яваа мянга мянган хүүхэд манай улсад байна. Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоосон Монгол улс хэмээн бид чанга дуугаар хашхирцгаах атлаа хүүхдийнхээ эрхийг хангах тал дээр нэлээн доголдолтой явдаг. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалж тэдэнд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээж чаддаггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмээс гадуурхагдан үзэж харах зүйл хомс гэртээ өдөр хоногийг өнгөрөөдөг.

Манай улсад тэдэнд зориулсан үзвэр үйлчилгээний газар бүү хэл, сурч боловсрох сургууль ч хуруу дарам цөөн. Гэтэл цөөхөн хэдхэн сургууль нь хүүхдүүдийнхээ эрх ашгийг бүрэн хамгаалж чаддаггүй, харин ч хүнд суртал гарган эрхийг нь зөрчдөг байна.

Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургуулийн ахлах, дунд ангийн бүх сурагч хичээлдээ орохгүй сургуулийнхаа гадна жагссан.

Ийнхүү жагсах болсон шалтгаанаа “Багш нар хичээлээ олигтой заахгүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй. Тиймээс бидний суралцах эрх зөрчигдөж байна. Мөн спортын янз бүрийн арга хэмжээнд хүүхдийг идэвхтэй оролцуулдаггүй, ялгавартай ханддаг төдийгүй багш нар хүнд суртал гаргаж, хүүхдүүдтэй хүндэтгэлтэй бус харьцдаг гэсэн юм. Түүгээр ч барахгүй н.Доржпүрэв багш хүүхдийн толгой руу номоор байнга цохиж, өшиглөж, үснээс нь зулгаадаг Иймд сурагчидтай хүндэтгэлтэй харилцах, дохионы хэл мэддэг багшаар хичээл заах, ялгаварлан гадуурхаж, хүчирхийлэх үйлдлээ зогсоохыг тэд шаардаж байна” гэв. Сурагчдын ярьж буйгаар тэд “бусад ЕБС-ийн сурагчидтай адил суралцаж, Их дээд сургуульд орох хэмжээний боловсрол эзэмшихийг хүсэж байна” гэсэн юм.

Сургууль бол хүүхэд насны ихэнх хугацаа өнгөрөх орчин юм. Тиймээс сургуулийн орчин нь хүүхэд бүр сурч хөгжихөд таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин байх ёстой. Гэтэл сургуулийн орчинд хүүхдийн эрх ийнхүү зөрчигдөж байгаан харамсалтай.

Уг нь гадны улс орнуудын туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг, жирийн сургуульд материаллаг бааз, орчноор нь хангаж өгөөд суралцуулах ёстой гэсэн бодлогыг баримталдаг байна. Ингэхдээ зөвхөн тусгай сургуульд багшлах багш нарыг биш, багшийн мэргэжлээр сургууль төгсөж байгаа бүх багшийг тусгай боловсролын үндсэн ойлголттой болгож төгсгөдөг аж.

Харин манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарлаж тусгай сургуульд сургадаг. Энэ нь тэднийг ганцаардуулж, нас биед хүрэхэд нь нийгмээс гадуурхагдсан өөрийн байр суурьгүй нэгэн болгодог. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олон дунд сургах нь хүүхдийн бие даан амьдрах чадварыг дээшлүүлж, нийтэч, өөртөө итгэлтэй, бусдын адил сэтгэдэг, хүсэл тэмүүлэлтэй, зорилготой нэгэн болж өсгөхөд маш чухал ач холбогдолтой. Мэдээж, боловсролын тал дээр анхаарах олон асуудал бий. Гэхдээ хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж, сургуульд орсон бол дундаас нь хаяхгүйгээр төгсөх хэрэгтэй гэдгийг анхаарах нь чухал. Ингэснээр нийгэмд хувь нэмрээ оруулах, эдийн засгийн чадавхитай иргэн болж төлөвшинө.

Гэтэл өнөөдөр тэднийг тусгаарлаж, дээрээс нь сурах эрхийг нь ноцтойгоор зөрчиж, лоозон бариад жагсахад хүргэж байна.

Олон нийтийн дунд 29 дүгээр дунд cypгууль гэхээр хараагүй, хэлгүй, дүлий хүүхдүүдийн сургууль хэмээн зарим нэг нь өрөвдсөн, нөгөө хэсэг нь шоолонгуй аястай хариулдаг. Хэдийгээр тус сургуулийн сурагчид хөгжлийн бэрхшээлтэй ч сэтгэж чаддаг учраас бусдын адил сурч, боловсорч, нийгэмдээ ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй.

Тэр ч утгаараа тэд эрхээ эдлэхийг хүсч бас шаардаж байна.

10а ангийн сурагч Л.Мөнхбаатар:

-Багш нар хичээлээ дохионы хэлээр заадаггүй учраас хүүхдүүд хоорондоо дэмий ярьж суух, гар утсаа оролдох зэргээр хичээлийн цагийг үр ашиггүй өнгөрүүлж байна.

12а ангийн сурагч Б.Буян-Орших:

-Бид хичээлээ дохиогоор сурмаар байна. Багш нар бидэнтэй үргэлж уурлаж харьцдаг, өмнө заасан зүйлсээ дахин дахин заадаг. Өмнө нь бид энэ асуудлыг сөхөх гэхэд багш нар “Одоо ойлголоо, битгий ингэ” гэж хэлж байсан. Бид гомдол гаргахаа болиод буцаад хичээлдээ явж л байсан. Одоо хангалттай. 29-р сургуулийн багш нар биднийг өрөвдөж, хайрлаач гэж гуйгаагүй. Зөвхөн багш нарын дохионы чадварыг сайжруулж өгөөч. Дохионы хэл дээр хичээлийг чадварлаг заадаг болох хэрэгтэй. Эрүүл хүүхдүүд яаж сурч байна, тэр хэмжээнд боловсролыг авдаг болмоор байна. Тэд зовж сурдаг бол бид ч гэсэн зовоод сурмаар байна. Бид сонсохгүй ч гэсэн харж байгаа шүү. Багш нар ажлын байран дээр ёс бус зүйлс хийдэг, бидэнд анхаарлаа хандуулахгүй байна. Бид сургуулиа төгсөөд ЭЕШ-д тэнцдэг бол өнөөдөр ийм асуудлыг гаргахгүй. Сургууль төгсөх болчихсон, амьдрал нүдэнд харагдаад эхэлчихсэн байхад одоо бачуурч байна.

Эдгээр хүүхдүүд бол хуулиар олгогдсон сурах эрхээ бүрэн эдлэж чадахгүй байгаа хүүхдүүд. Үүний цаана сурч боловсрох эрхээ огт эдлэж чадахгүй, нийгмээс гадуурхагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мянга мянгаараа байгаа. 

Сурах эрхээ эдлэж чадахгүй гэртээ байгаа  тэдгээр хүүхэд ч бусдын адил улс эх орныхоо хайр ивээлд багтан үеийн хүүхдүүдтэйгээ мөр зэрэгцэн сурч хүмүүжин, тусгай халамж анхаарал хүртэх эрхтэй. Төрөлхийн хүнд өвчтэй төрсөн ч хүн болон хүмүүний алтан дэлхийд ирсэн хөөрхий бяцхан үрсээ төр, түмэн минь эргэж нэг хараач. Тэдэнд та бүхний минь өр нинжин сэтгэл үгүйлэгдэж байна.

Т.Гэрэл

Zaluu.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.