2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Ганхуяг: Хүн ихийг судлах тутам ямар бага зүйл мэддэгээ ухаардаг юм байна

Н.Ганхуяг: Хүн ихийг судлах тутам ямар бага зүйл мэддэгээ ухаардаг юм байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

 

       Н.Ганхуяг: Хүн ихийг судлах тутам ямар бага зүйл мэддэгээ ухаардаг юм байна “Монголын үнэн” сонины түүхийг бичилцэж сэтгүүл зүйн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн шагналт Ц.Намсрай эрхлэгчийн маань хүү Н.Ганхуяг саяхан Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. Аяллын сонирхолтой нэвтрүүлгүүд бэлтгэж цэнхэр дэлгэцээр “уулзах” болсон түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсонд баяр хүргэе. Урлагтай хэдэн жил нөхөрлөөд энэ эрхэм цол тэмдгийн эзэн болж байна вэ?

 

-Баярлалаа. Би залуудаа цол хэргэмийг тоодоггүй гэнэн байж. Гэтэл яг өөрт тулаад ирэхээр маш их урам хайрладаг юм байна. Цагийн юм цагтаа гэдэг. Миний аав 1980 онд Соёлын гавьяат зүтгэлтэн болж байсан. Аав “Үнэн” сонины эрхлэгчийн албыг 20 гаруй жил хашсан. Олон жилийн хөдөлмөрийг төр, засгаас үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг олгосон гэж би боддог. Тэр үеийн “Үнэн” сонин монголчуудын мэдээлэл авдаг ганц суваг байлаа. Ингэж харьцуулж бодсон болоод ч тэр үү энэ шагнал надад их бэлгэшээлтэй байна. Урлагтай нөхөрлөсөн цаг хугацааны тухайд, би ээжийнхээ хэвлийд байхдаа л урлагтай холбоотой байсан болов уу. Ээж минь намайг тээж байхдаа олон уран бүтээлд оролцож байсан нь аз болж кино зургийн хальснаа үлджээ. Дээр нь ухаан орсноосоо хойш урлагийнхантай ойр өссөн дөө. Найруулагч Л.Ванган, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, яруу найрагч Ц.Гайтав зэрэг домог болсон хүмүүс манай гэрээр орж, гардаг байлаа. Тэдэн дундаас Ч.Лодойдамба гуайнх манайхтай их ойр дотно, гэр бүлийн найзууд байсан юм. Харин тайзан дээр гарснаа яривал дөрөвдүгээр ангид юм байна. Тухайн үед Б.Долгион, Ч.Ганболд, Г.Энхсайхан нартай хамтран 1960-аад оны сүүлчээр хамтлаг байгуулсан түүхтэй.

 

-Цол тэмдгээ авчихаад хамгийн түрүүнд ээждээ очиж үнсүүлсэн үү?

 

-Соёлын гавьяатын цол тэмдгээ Цагаан сарын өмнө авах байсан ч чадаагүй. Гадаадад аяллын нэвтрүүлгээ хийгээд явж байсан юм. Тиймээс хэдхэн хоногийн өмнө ирээд цол тэмдгээ гардан авлаа. Намайг Соёлын гавьяат зүтгэлтэн болоход хамгийн их баярласан хүмүүсийн нэг ээж минь юм. Гэр бүлийнхэн маань ч хязгааргүй их баярласан. Аав минь, намайг хүмүүжүүлсэн буурай маань дээд ертөнцөөс хараад бас баярласан байх гэж бодож байлаа.

 

-Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн үеийн түүхэнд тод мөрөө үлдээсэн, одоо ч гэсэн хүмүүсийн уран бүтээлийг нь сонсох дуртай хамтлагуудын нэг нь “Инээмсэглэл”. Энэ хамтлагийн түүх тантай, танай үеийнхэнтэй салшгүй холбоотой?

 

-Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны дэргэд “Инээмсэглэл” хамтлагийг байгуулсан. Тухайн үед комисс ирж уран бүтээлчдийг шалгадаг байлаа. Үүний дагуу эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай, хөгжмийн зохиолч Ц.Жанцанноров зэрэг хүмүүс биднийг шалгаад сайн үнэлгээ өгсөн. Тэр үед олон ч залуу яруу найрагчтай байж. Тэдний шүлгэнд хөгжмийн зохиолч Р.Энхбазар ая бичдэг байв. Хүмүүсийн хувьд мэдээлэл авах бас гол сувгуудын нэг нь радио байсан юм. Манай хамтлагийн дуунуудыг 1970- аад оны сүүлчээс радиогоор цацсан. Залуу сэхээтнүүдийн төлөөлөл гэдэг утгаар биднийг дэмжиж дуунууд ч олон түмэнд хүрсэн гэж боддог.

 

-Тухайн үеийн уран бүтээлээс нийгэмд ямар үйл явдал өрнөснийг мэдэж болохоор юм шиг санагддаг. Үүний адил хамтлагийн нэрний утга учрыг нь ч бодож өгч байв уу?

 

-Хүмүүс ихэнхдээ бараан өнгийн хувцас өмсдөг, гадуур явахад инээмсэглэсэн хүн ховор байсан юм. Энэ байдлыг хүмүүст сануулахын тулд хамтлагаа “Инээмсэглэл” гэж нэрлэсэн. Инээмсэглэл үнэ өртөггүй хэрнээ хүнд дулаан уур амьсгал мэдрүүлж, өег мэдрэмж төрүүлдэг. Уг нь бид хамтлагаа анх “Улыбка” гэж нэрлэсэн. Хамтлагийн гишүүдийн олонх нь Орост сурсан нь үүнд нөлөөлсөн. Тэр үед бид Гүрж, Молдав зэрэг олон газраар явж соёл урлагаа сурталчилсан.

 

-Та Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн ч урлагийн зам мөрийг хөөж өдийг хүрсэн. Одоо эргэн харахад ийм шийдвэр гаргасан нь зөв болсон байна уу?

 

-Ер нь хүн маш сайн суурь боловсролтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүн өдөр бүр системтэйгээр хөдөлмөрлөж, ухаанаа дайчилсны дүнд тодорхой хэмжээний суурь мэдлэгтэй болдог. Би арван жилийн сургуульд байхдаа орос хэлийг унаган хэл шигээ сурсан. Тийм болоод ч тэр үү, Москвад оюутан болоод очихдоо түүндээ бардаад хичээл тасалчихдаг байлаа. Одоо бодоход дүрсгүй байж л дээ. Дунд сургуульд байхдаа англи хэлний мэдлэгтэй болсон учир өөртөө нэлээд итгэлтэй байлаа. Гэхдээ Орост очоод их сургууль, дунд сургуулийн хэлний төвшин өдөр шөнө шиг байдгийг ойлгосон. Тэнд очсон эхний жил шалгалтуудаа муу өглөө. Тухайн үед шалгалтдаа унасан хүүхдийг зуны амралтаар гэр рүү нь явуулдаггүй байсан учир надад их том сургамж болсон доо. Хүн алдаж байж сургамж авдаг учир дараа жилээс нь хичээлдээ шамдан суралцсан. Өмнө дурдсанчлан Олон улсын харилцааны сургуулиас би их зүйлийг олж авсан юм.

 

-Та энэ сургуульд ямар шугамаар элссэн юм бэ?

 

-Надад Гадаад яамны нэрээр явах боломж олдоогүй. Учир нь, тэр үед Ю.Цэдэнбал дарга сэхээтний хүүхдүүдийг явуулахгүй, хөдөөнөөс л энэ сургуульд хүүхэд явуулах ёстой гээд тушаал гаргачихсан байж. Энэ утгаараа Олон улсын харилцааны сургуульд надтай орсон хүмүүс өмнө нь ажил хийж байсан эсвэл орон нутгаас ирсэн байв. Тэр үед Шинжлэх ухаан техникийн улсын хороог байгуулаад удаагүй байлаа. Энэ байгууллагад гадаад хэлний мэдлэгтэй, олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй байсан учир уг хорооны нэгдүгээр орлогч даргаар олон жил ажилласан Даш гуайтай тааралдаж надад аз тохиосон. Энэ хүний буянаар би олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн. Тэр үеийн хүмүүс хатуу зарчим баримталдаг байлаа шүү дээ. Түүний нэг жишээ нь, намайг сургуульд оруулах гэж аав, ээж маань хүмүүстэй уулзаж, ар өврөөр нь явсангүй. Би сургуулиа төгсч ирээд 10 орчим жил Шинжлэх ухаан техникийн улсын хороонд ажилласан. Хорооны дарга нь Майдар гуай байлаа. Энэ хүн анх удаа хөрөнгөтөн орон болох Финландад айлчлахад нь би нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж билээ. Хороог 1990 онд татан буулгасан. Би ч 10 орчим жил мэргэжлээрээ ажиллачихсан байсан учир уран бүтээл хийх хүсэл төрсөн үе таарсан даа. Үүний дараа ямар нэгэн байгууллагад харьяалагдахгүй нэлээд хэдэн жил явж байгаад 2000 оны эхээр хэсэг нөхдийн хамт Монголын урлагийн зөвлөлийг санаачлан байгуулахад оролцон ажиллаж байна. -Монголын урлагийн зөвлөлийг ямар зорилгоор байгуулсан юм бэ? -Ном хэвлэл уншиж байгаад Англид Урлагийн зөвлөл байдгийг мэдсэн. Тэр байгууллага “Сунгасан гарын бодлого”-ыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, урлагийн томоохон зүтгэлтнүүдээс бүрдсэн байгууллага урлагийн бодлогыг зангидаж улс төрөөс хараат бус ажилладаг гэсэн үг. Энэ нь эргээд сонгуулийн дүнгээс үл хамааран тогтвортой, ул суурьтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн өгч байгаа хэрэг юм. Бид үүнийг мөрөөдөж Монголын урлагийн зөвлөлийг байгуулсан. Урлаг соёлын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна. Бидний зарим төслийг төрөөс дэмжиж тусалдаг.

 

-Та Урлагийн зөвлөлд ямар алба хашиж байна вэ?

 

-Хөтөлбөрийн хорооны гишүүнээр ажиллаж байна. Манай байгууллага нэлээд хэдэн хороотой. Бид жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж батлах үүрэгтэй хүмүүс л дээ.

 

-Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байгаа бол?

 

-Монголын соёл урлагт тогтвортой хувь нэмрээ оруулах нь Урлагийн зөвлөл болоод миний зорилго юм. Манай үндэсний соёл, урлаг аугаа гэдгийг хүн бүр мэднэ. Уул уурхайтай зүйрлэвэл бид үндэсний соёл, урлагийнхаа хөрсөн хэсэгтэй л танилцаж байна. Цаашид бидэнд ухаж судлах зүйл олон бий. Үүнийг зөв ашиглавал улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Гэхдээ өөрчлөлтүүд нэг өдрийн дотор бий болчихдоггүй. Алхам алхмаар урагшилдаг жамтай.

 

-Та их даруухан юм аа. Хийж бүтээж байгаа ажлынхаа талаар бусад шиг нээлттэй, ил ярьж байж хүмүүсийн чихэнд хүрнэ шүү дээ?

 

-Би тийм байх шаардлагагүй гэж боддог. Үүний оронд сонирхож байгаа ажлаа хийх нь илүү хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь өөрийн биеэр мэдэрч хуримтлуулсан туршлага илүү үнэ цэнэтэй байдаг. Түүнээс биш олон зүйлийн талаар яриад явах нь хүмүүст сонин байхаа больжээ.

 

-Сүүлийн үед тантай аяллын нэвтрүүлгүүдээр л “уулздаг” боллоо.

 

-Би их сониуч хүн л дээ. Үүнийгээ дагаад “Гайхамшигт ертөнц” аяллын нэвтрүүлгийг бэлтгэж байна. Энэ нэвтрүүлгээр Европ, эртний Грек, Ромоос авахуулаад орчин цаг хүртэлх түүхийн талаар үзэгчдэдээ мэдлэг олгох зорилготой юм. Үүний зэрэгцээ соёл, урлагийнх нь талаар мэдээлэл өгье гэж бодсон. Олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн учир гадаад ертөнцийн өнөөгийн байдлын талаар бас үзэгчдэд мэдээлэл өгөхийг зорьдог. Мөн үүний хажуугаар янз бүрийн арга хэмжээг хөтөлдөг. Англи, орос хэлний мэдлэгтэй учир ихэвчлэн АСЕМ зэрэг олон улсын арга хэмжээг хөтөлдөг. Гэхдээ хүн ганцхан гадаад хэлний мэдлэгээр хол явахгүй. Тухайн улсын түүх соёлыг судалж, хүмүүсийн сэтгэлгээний онцлогийг мэдэрч олон талын мэдлэгтэй байж бусдад үнэн бодитоор санаагаа хүргэнэ. Би бас бичгийн ажил хийж байна. Аав маань олон жил орчуулагчийн ажил хийж, эрдэм шинжилгээний томоохон бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлдэг байсан юм. Би түүнээс үлгэр дуурайл авч, сонирхлоороо хөгжмийн сэдвээр хэдэн ном хөрвүүллээ. Хөгжмийн нэр томьёог монгол хэлнээ оновчтой буулгасан өмнөх үеийн хүмүүсээс үлгэр дуурайл авна. Тухайлбал, Ж.Бадраа гуай Монголын хөгжмийн зэмсэг, уламжлалт соёлын талаар монгол хэлний гайхамшигтай санг бүрдүүлсэн хүн. Хөгжмийн онолын тухайд Н.Жанцанноров гуай монгол хэлнээ оновчтой нэрлэсэн байдаг. Гэхдээ хөрвүүлэгт зохиогчийн санааг аль болохоор ойрхон буулгаж бусдад хэрэг болох болов уу гэдгийг урьдал болгож ажиллах нь чухал.

 

-Монголд аяллын нэвтрүүлгээр ашиг олоход бэрх. Харин гадаадынхан шиг дан аялал жуулчлалын талаар нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл гаргадаг телевиз байгуулбал арай өөр үр дүн гарах байх. Та энэ талаар бодож байв уу?

 

-Би аяллын нэвтрүүлгийг ашиг хонжоо олохын тулд хийдэггүй. Мэдээж энэ бол маш их зардал мөнгө шаардсан ажил. Тиймээс биднийг “Цаст” групп зэрэг байгууллага дэмжин ажилладаг. Сүүлийн цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэхэд “Ж-Мобайл” компанийнхан тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлсэн. Хүн сониуч байх ёстой гэж би боддог. Энэ нь хүнийг хөгжүүлэх хөшүүрэг болдог байх.

 

-Танд мэргэжлээрээ ажиллах бодол бий юү. Улс төрд орох талаар бодож байв уу?

 

-Олон улсын харилцааг төгссөн хүн улс төрд ордог гэж ойлгож болохгүй. Улс орны гадаад бодлого, харилцаа, түүхийн талаар судалж ажиллаж бас болно.. Ойрын үед улс төрд орох бодол байхгүй. Улстөрч хүн сайн суурь мэдлэгтэй бол зөв явна.

 

-Арай хүнд сэдэв рүү орчихов уу даа. “Инээмсэглэл”-ийнхэн уулзаж байна уу. Та хэдийг хэдэн жилийн өмнө тоглолт хийхэд хүмүүс их сайхан хүлээн авч байсан?

 

-Хамтлагийн гишүүд бүгд өөр мэргэжилтэй учраас цагийн явцад тус тусын амьдралаа хөөгөөд тарсан. Гэхдээ “Инээмсэглэл”-ийн аялгуу тасраагүй. 2000 онд бид нийлж тоглолт хийж, цомгоо гаргасан. Одоо бол хамтлагийнхан маань хааяахан уулздаг юм.

 

-Сурч дадсан зүйлийг хязгаарлах амаргүй. Ялангуяа дуучин хүн тайзан дээр гарахгүйгээр амьдрах уйтгартай байх. Та одоо дуулж байна уу?

 

-Хамтлаг тарсны дараа ч би дуулахаа зогсоогоогүй. “Хөх тэнгэр” хамтлагийг 1990 онд байгуулахад оролцож Цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж байв. Хамтлагийн онцлог нь нэгэн сэдэвт зангилагдсан хөгжмийн үргэлжилсэн бүтээлээс бүрдсэн зохиомжийг хийж байсан юм. Тэр үеийн олон дуу хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн байна. Уран бүтээлчдээс хөгжмийн зохиолч С.Энхбаяр, Д.Пүрэвдорж нарыг дурдахгүй өнгөрч болохгүй. Д.Пүрэвдорж Р.Чойном болон М.Цэдэндоржийн тухайн үед хэвлэдэггүй байсан шүлгүүдээр нь зохиомж хийж байв. С.Энхбаярын маань одоо хүртэл дуулагдсаар байгаа олон сайхан бүтээлийг тэр үед зохиосон. Би ер нь тайзнаас завсарлага аваагүй, одоо “Black & white” хамтлагт дуулж байна. Рок попоос гадна сонгодог бүтээлийг сонсдог. Гэр бүлийн хүн маань сонгодог урлагийн хүн. Тиймээс би өөрийгөө азтай гэж боддог. Гэргий маань надад том ертөнцийг нээж өгсөн. Би өмнө нь сонгодог бүтээл сонсдог байсан ч нарийн шимтдэггүй байжээ. Одоо бол өөр. Хүн ихийг судлах тутам ямар бага зүйл мэддэгээ ухаардаг шиг байгаа юм. Иймээс хүн өдөр тутам шинийг нээгээд явбал төдийлөн амьдрах сонирхол буурахгүй юм болов уу гэж боддог.

 

-Гэр бүлийнхний тань талаар асуумаар байна. Хүүхдүүд нь том болж байна уу?

 

-Би чинь өвөө болсон хүн шүү дээ. Том охин хоёр ачийг минь төрүүлсэн. Дунд охин ахлах сургуулиа төгсөөд амьдралынхаа томоохон асуудлыг шийдэх гэж байна. Бага хүү дөрөвдүгээр ангид сурдаг. Миний амьдралын нэг утга учир нь хүүхдүүд. Эхнэр маань мэргэжлээрээ багшилдаг. Биднийг урлаг их нэгтгэнэ. Манай соёл урлаг бол уул уурхайтай зүйрлэшгүй томоохон баялаг шүү дээ. М.Цэдэндорж гуайн хэлсэнчлэн “Та бид бүгдээрээ соёлоо бадрааж Талын Монголоо таван тивд алдаршуулж...” амьдрах нь бидний мөрөөдөл юм даа.

 

Б.Сэлэнгэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.