2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ган-Од: Өнгөрсөн амьдрал маань утгагүй, бохир ертөнц байлаа

Ган-Од: Өнгөрсөн амьдрал маань утгагүй, бохир ертөнц байлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Ган-Од: Өнгөрсөн амьдрал маань утгагүй, бохир ертөнц байлааОлон жилийн турш мөрөөдөж ирсэн зүйлийг нь биеллээ олоход тусалсан хүмүүст талархсан сэтгэлийг дамжуулж өгөөч хэмээн тэрээр манай редакцид хандсан юм. Хүйсээ солиулах мэс засал хийлгэж, нэрээ сольсноосоо хойш тэрээр өөрийгөө дахин төрсөн юм шигээр төсөөлж байгаа гэнэ. Ингээд олныг нуршилгүй, Ганодтой ярилцсанаа хүргэе.
 
- Хүйсээ солиулсныхаа дараа та хөх хийлгэх хагалгаанд оржээ. Хагалгаа амжилттай болсон уу?

 

- Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Тайланд руу явж хагалгаанд орчихоод ирлээ.  Нодлин жил хүйс солиулах мэс засал хийлгэчихээд 16000 баттын үлдэгдэл төлбөртэй ирсэн юм. Яагаав, намайг төлбөрөө төлөлгүй зугатаж ирсэн гээд хэвлэлээр бичиж байсан шүү дээ. Тэр үлдэгдлээ өгөөд хөх хийлгэх хагалгаанд ороод ирлээ. Уул уурхайд ажилладаг 20-иод залуу надад тусалж, 30 мянга гаруй доллар цуглуулж өгсөн юм. Танай сониноор дамжуулаад тэдэнд баярласнаа уламжлах гэсэн юм аа. Тэд надад ажилладаг газрынхаа тодорхой нэр, өөрсдийнхөө нэрийг хэлэхийг хүсээгүй. Яагаад гэхээр тэднийг хүмүүс “хоёр, гуравдугаар суваг”-аар ойлгочихно гэж болгоомжилж байна л даа. Зүгээр л хариу нэхээгүй тус гэж тайлбарласан. Энэ бол хэвлэл мэдээллийнхний, сэтгүүлчдийн гавьяа гэж би бодож байна. Миний тухай мэдээллийг ард түмэнд хүргэж, миний ярьсан хар яриаг та бүхэн мэргэжлийн түвшинд бичиж, хүмүүсийн сэтгэлд хүргэсний хүчинд надад ийм тус ирж байна. Таны хөдөлмөрч зан, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байгаа чинь маш их сэтгэгдэл төрүүллээ. Үүний хажууд бидний мөрөөдөл юу ч биш юм байна гэсэн. Бас “Эйрбокс” компани миний ирж очих онгоцны зардлыг даасан. Ер нь их олон хүн, албан байгууллага надад тусаллаа. Энэ бүхнээс үүдээд би Монгол Улсад, монгол хүн болж төрсөндөө маш их баярлаж байна.
 
-Хүсэл мөрөөдлөө биелүүллээ гэж та хэллээ. Яг үүнтэй холбоотой асуулт тавих гээд бэлдэж байлаа л даа. Зарим хүн өчүүхэн жаахан мөрөөдөл, хүслээ ч биелүүлж чадахгүй явж байна. Хэдийгээр мөнгө байхад асуудалгүй ч гэсэн ард нь гарчихаад байгаа энэ зүйл таньд ямар үнэ цэнээр олдсон бэ?

 

-Мөнгө нь байхад асуудалгүй гэж бас болохгүй л дээ. Яагаад гэхээр, эхний хагалгааг би насан туршдаа цуглуулсан мөнгөөрөө хийлгэсэн. Байр авч болох мөнгөөрөө би өөртөө хөрөнгө оруулалт хийсэн. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, хүн өөртөө хайртай байх хэрэгтэй.

 

-Тохироо бүрдэнэ гэж байдаг шүү дээ. Би энэ зүйлийг олон жил мөрөөдлөө. Эхлээд Англи явна гэж боддог байлаа. Бүр анх 1992 онд Английн ЭСЯ-нд хандаж байлаа. Нэг сэтгүүл дээрээс хүйс солих мэс засал хийж байгаа гэдгийг уншсан юм. Яг тэр үед Канадын нэг хүн надад тусалъя, английн ЭСЯ-нд ханд гэсэн. Харамсалтай нь, миний хүсэлтийг хүлээж аваагүй.

 

-Тэгэхэд хүсэлтийг чинь хүлээгээд авчихсан байсан бол таны амьдрал өнөөдөр ямар байх байсан гэж боддог вэ?

 

-Одоо би 58 настай. 20-иод жилийн өмнө гээд бодохоор тэр үед харьцангуй залуу байлаа шүү дээ. Нийгэм ч харьцангуй хаалттай байсан болохоор хүмүүс намайг нэг их анзаарахгүй өнгөрөх байсан байх. Магадгүй, хүнтэй сууж, хүүхэдтэй болоод бусад хүмүүсийн адил нам жим амьдарч байх байсан биз. Одоо бол хэцүү, нас явчихлаа, ямар нэг аргаар хүүхэдтэй болъё гэхэд эрсдэл их байна шүү дээ.

 

-Та төгс эмэгтэй байхыг бүхий л насаараа хүсч байна гэж ярьж байсан юм билээ. Эмэгтэй хүн байхын хамгийн сайхан чанар юу байдаг гэж боддог вэ?

 

-Эмэгтэй хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж. Хоёрдугаарт, гэр бүлийн аз жаргал. Нөхөртэй, хүүхэдтэй, гэр бүлийн элэг бүтэн амьдралыг амсана гэдэг чинь эмэгтэй хүний хамгийн том аз жаргал. Хүйтэн хөнжилд ганцаараа орно гэдэг ч бас хэцүү шүү дээ.
   Гэхдээ би өнөөдөр өөртөө сэтгэл хангалуун байна. Миний хувьд  хоёр дахь амьдрал маань эхэлж байна гэсэн үг. Би жинхэнэ эмэгтэй хүн боллоо, хүслээ биелүүлчихлээ. Гоо сайхны хагалгаа бол хоёрдугаар, гуравдугаар асуудал.

 

-Мөрөөдлөө биелүүлчихсэн хүнд ямар мэдрэмж төрж байх юм бэ?

 

-Сэтгэл хангалуун, ямар ч стрессгүй болчихсон. Урьд нь надад амьдрал утгагүй байлаа шүү дээ. Мансуурч согтоод л, байнга архи уудаг байлаа. Одоо бүх стресс тайлагдаад сэтгэл хангалуун байна. Хэсэг хүн надад жилийн хугацаатай хоёр өрөө байр түрээслэж өгсөн. Өнгөрсөн жил би Тайландад хагалгаа хийлгэчихээд онгоцны буудал дээр буугаад л хаана очих билээ гэж бодож байсан. Багшийнд ачаагааа оруулж тавьчихаад эмнэлэг хайж байсан. Очих орон ч байгаагүй,зочид буудалд амьдарч байгаад гарчихсан болохоор.     Харин одоо гэрийнхээ хаалгыг түлхүүрдээд ороход надад тус болсон хүмүүст өөрийн мэдэлгүй баярлах сэтгэл төрдөг. Бас сэтгүүлчид байгаагүй бол миний хүсэл мөрөөдөл өнөөдөр биелэхгүй байлаа. Хэвлэл мэдээлэл гэдэг асар хүчтэй зэвсэг юм. Хүмүүс намайг Ц.Элбэгдоржид өргөдөл бичээд байр авахгүй яасан юм гэдэг. Тэр хүн чинь миний байрны асуудлыг шийддэг хүн биш шүү дээ. Өчнөөн ахмад дайчид, ардын жүжигчин, төрийн соёрхолтууд байхад Ганбууш хэн бэ, уучлаарай л биз дээ.

 

-Голдоо ортол гомдож байсан үе бий юү, хэвлэлийнхэнд?

 

-Байхгүй. Миний тухай янз бүрээр бичээгүй бол би хэн ч , юу ч биш байх байлаа шүү дээ. Тэгж байнга бичүүлж байсны гавъяа өнөөдөр гарч байгаа юм. Ярилцлага өгсөөр байгаад ярианы чадвар маань ч дээшилсэн. Би өөрийгөө хангалттай илдэрхийлж чаддаг болсон.

 

-Танд их олон хүн туслах юм. Харин та өөрөө бусдад хэр тусалдаг хүн бэ?

 

-Надаас хүмүүс асуудаг. “Та буян хийж үзсэн үү” гэж. Насаараа л буян хийлээ шүү дээ. Хүүхдийн урлан бүтээх төвд оёдол эсгүүрийн мастер багш байлаа. Тэнд байхдаа хагас өнчин хүүхдүүдийн  “Тэлмэн” гэж бүжгийн хамтлагийн багш байлаа.  Хоёрдугаарт, тайчих урлаг Монголд орж ирээгүй байхад би хичээл зааж байсан. Хөдөө гадаанаас ирсэн, амьдралын боломж тааруу хүүхдүүдэд  бүжиг үнэгүй зааж өглөө. Баян айлын охид бүжиглэхгүй шүү дээ. Өнөөдөр тайчихын охид 500 гаруй болсон байна. 500 хүнийг ажлын байртай болгосон гэсэн үг. Бүгдээрээ миний шавь биш ч гэсэн би үндэс суурийг нь тавьж өгсөн гэж бодож байна. Гуравдугаарт, би өөрийгөө бэлгийн цөөнхийн төлөөлөл гэж ойлгож байгаа. Хүйсийн тодорхой бус байдлыг арилгахын төлөө насаараа тэмцлээ шүү дээ. Социализмын үед хүмүүс миний араас чулуу шиддэг байлаа. “Энэ хүнийг газар яаж дааж байна аа” гээд л. Тэр байдлаас гарахад минь сэтгүүлчид нөлөөлсөн. Сэтгүүлчидтэй би хамт тэмцсэн гэж боддог юм. Социализмын үед даашинз өмсөж явсан бол хүмүүст бараг алуулах байсан байх. Гэтэл одоо гудамжаар  даашинз өмсөөд явахад асуудал алга. Ингэж чөлөөтэй явахыг ард түмэн хүлээн зөвшөөрч байна, араас нь чулуу шидэхгүй байна шүү дээ. Энд миний гавьяа бий гэж бодож байна. Би анх зоригтой гарч ирж тэр хүмүүсийг араасаа зоригтой дагуулсан.

 

-Амьдралыг их богинохон гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Та үүнтэй санал нийлдэг үү?

 

-Далай лам хэлсэн шүү дээ. Хүн хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг. Тэгээд хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг гэж. Энэ маш мундаг үг. Миний хувьд амьдрал урт. Хүн сэтгэлээрээ залуу байж удаан насална. Нас бол зөвхөн тоо гэдэг үнэн шүү.

 

-Та илэн далангуй, чөлөөтэй, өөртөө ямар ч хориг саад тавихгүйгээр ярьж чаддаг шүү дээ. Тэрнээсээ болоод асуудалд орж, харамсч явсан тохиолдол бий юу?

 

-Байхгүй, юунд нь харамсах юм бэ.

 

-Таны хамгийн хайртай хүн хэн бэ?

 

-Миний эмээ. Улаан-Үдийн буриад байсан. Тэгээд монгол хүнтэй сууж Монголд амьдарсан, удган талын хүн байсан. Аягүй мундаг эмэгтэй байсан. Би эмээдээ л хайртай.

 

-Эмээгийнхээ талаар сайхан дурсамж яриач?

 

-Би багадаа рахиттай, дув дугуй хөлтэй хүүхэд байсан гэсэн. Эмээ маань намайг дагуулж Туул голын  урсгал сөрж явдаг,  халуун элсээр хөлийг маань хучдаг байсан гэдэг. Үнэхээр би эдгэрсэн, хөл маань ийм шулуун, тэгшхэн болсон. Тэгээгүй бол би өдийд дув дугуй хөлтэй, дээрээс нь “ийм” төрчихсөн болохоор “уучлаарай шүү дээ”, тийм биз дээ. Янз бүрийн өвс ургамал буцалгаад л миний хоолойны ангина, тархины даралтыг эмчилж байсан хүн. Одоо би эрүүл, саруул биетэй. Энэ бүх үндэс суурийг миний эмээ тавьсан. Эмээгээ би төгс эмэгтэй гэж хэлнэ.
    Бас намайг уран гимнастикийн дугуйланд сайн багшийн гарт өгсөн. Дараа нь бүжгийн дугуйланд оруулсан. Эмээ маань ингэж намайг урлагтай, бүжигтэй холбож өгсөн юм. Миний амьдралыг, ирээдүйг маань эмээ мэддэг байсан байх. Тиймдээ ч надад гар оёдлын машинаар оёх, хоол хийх зэрэг эмэгтэй хүн болох амьдралын бэлтгэлийг маань хийлгэж байсан байгаа юм. Насан туршдаа ганцаараа явахыг маань эмээ мэдэрсэн болохоороо багаас минь  эхлээд эмэгтэй хүний хийж чадах ёстой бүх ажлыг зааж өгч байсан.

 

-Эмээтэйгээ хамт хэдэн нас хүртлээ амьдарсан бэ?

 

-1992 он хүртэл байсан. Гоё дуулдаг, мундаг чадвартай, мундаг эмэгтэй байсан.  Эмээгээ алдахад надад бүх юмаа алдаж байгаа юм шиг санагдсан. Надад байсан цорын ганц хүн гэж хэлж болно. Гэхдээ эмээ намайг одоо ч тэнгэрээс хардаг, тусалдаг гэдэгт итгэдэг. Хааяа эмээгээ зүүдэлнэ. Сая Тайландад хагалгаанд орчихоод унтуулах тарианы нөлөө гарахгүй долоо хоногийн турш хагас мансуурлын байдалд байсан юм. Тэр бүх хугацаанд эмээ миний орны дэргэд байсан. Эмч намайг хайртай хүнээ бодоорой, тэгвэл хурдан эдгэнэ гэсэн. Би эмээгээ л бодсон. Гэтэл эмч нар надаас дурласан хүн бий юү гэж асуусан юм билээ л дээ. Тийм хүн байхгүй юм чинь, би эмээгээ л бодсон. Ганбуушийн өмнөх амьдралд эрчүүд байсан л даа. Гэхдээ нэг их айхтар дурлаад энээ, тэрээ болоод байсан юм байхгүй. Тэр үеийн дурлалыг би дурлал гэж үзэхгүй байна.

 

-Та өмнөх амьдралаа ийм амархан үгүйсгэчихэж байгаа юм  уу?

 

-Тэр амьдрал утгагүй, бохир ертөнц байлаа. Ер нь 50 хувь нь гэгээтэй, 50 хувь нь бохир байсан. Би тэр хүнд үеийг давсан гэж бодож байгаа. Одоо би шинэ хүн болсон,  сайхан ертөнцөд баймаар байна.

 

-Хувь заяанаасаа болоод маш их доромж үг, эвгүй хандлага сонсч байсан байх. Гэхдээ л та амьдраад л байна. Иймэрхүү хандлага хүнийг илүү хатуу, тэсвэр тэвчээртэй болгодог уу?

 

-Хүн ганцхан амьдарна. Хоёр амьдардаг бол дараагийнхаа амьдралд гоё байна гэж бодох байх. Хатуу хүтүү үг хүнд улам хат суулгадаг юм.Тэгэхээр намайг доромжилсон хүмүүсийг сэтгэлдээ өршөөдөг.  Мэдээж, магтсан, амжилт хүссэнд нь баярладаг.  Харин  хамгийн хүнд тусдаг зүйл бол миний төрсөөн дүү нар надад эвгүй хандах. Түүнээс биш гадны хүн намайг доромжилохыг би чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Тэр хүн миний амьдралаар амьдрахгүй шүү дээ.

 

-Хүнтэй суух талаар бодож байгаа юу?

 

- Тэгэлгүй яахав. Гэхдээ та бод доо. Таныг гэртээ яваад ортол танай ахтай, эсвэл эрэгтэй дүүтэй чинь би хэвтэж байвал ямар санагдах вэ. Намайг маш сайн мэддэг, сайн ойлгодог байлаа ч гэсэн таньд муухай санагдана. Бүх гэр бүл яг ингэж хүлээж авна. Тэгэхээр би монгол хүнтэй суух боломжгүй. Гадаад хүнтэй сууна. Одоо би эмэгтэй паспорттай болсон. Бас өнгөрсөн  2012 оноос эхлээд тэтгэвэр авч байгаа. Иргэний бүртгэлийнхэн надад их тусалсан шүү. Би Монгол Улсын иргэн гэдгээ эндээс мэдэрч байна.

 

-Дотоод хүнтэйгээ зөрчилддөг шүү дээ хүмүүс. Та ер нь өөрийгөө хэр хүн чанартай хүн гэж боддог вэ?

 

- Би хэр хүн чанартай хүн бэ гэдгийг бусад хүн л хэлнэ. Харин би өөрийнхөө тухай бага бодохын тулд урьд нь өдөрт 4-5 ажил хийдэг байлаа шүү дээ. Завгүй байх гэж. Орой нь жаахан уугаад мансуураад л унтахаа боддог байлаа. Одоо бол энэ байдал арилсан.

 

 - Таны насныхан эмээ, өвөө болцгоочихлоо. Тэтгэвэртээ гараад ач, зээгээ харж байна. Харин та өндөр өсгийт, богино банзалтайгаа. Нас бол тоо гэдгийн баталгаа энэ байх?

 

-Тэр хүмүүст, ангийнхандаа би атаархдаг. Тэд өнөөдөр өөрийнхөө гэр бүлийг бий болгож, насныхаа жамаар хөгширч үзэх ёстой амьдралаа үзээд үр хүүхэд, ач гучынхаа гавьяаг хараад насандааа намбайж байхад Ганбуушийн амьдрал дөнгөж эхлэх гэж байна.  Би тэгээд тэр талаар бодохгүйг хичээдэг. Өнгөрсөн наадмаар манай ангийнхан нийлсэн юм, намайг хамт явъя гэсэн. Би тэнд очоод  юу ярих вэ, юу хэлэх вэ. Урьд нь ийм уулзалтад орж үзсэн л дээ. Бүх хүн үр хүүхдээ ярьдаг байхгүй юу. Тэр нь надад их хүндээр тусдаг юм. Ярих юм байдаггүй.

 

-Тэгвэл таны байх дуртай орчин хаана байна?

 

-Гэртээ ганцаараа мессенжерт ороод л байж байх дуртай болчихсон. Интернэтийн ертөнц их “кайфтай” юм байна лээ. Ганцаардсан үед хань болдог.

 

-Одоо та яг ямар ажил хийж байна вэ?

 

-“ТВ-8” телевизийн “Сэтгэл шингэсэн хөдөлмөр” нэвтрүүлгийн ард байгаа.  Бас караоке VIP-д хүлээн авалтын зохион байгуулагч хийж байгаа. Миний тэтгэвэр надад хангалттай.

 

- Нэрээ яагаад Ганод болгож өөрчилсөн юм бэ?

 

-Миний нэр Ганболд байсан шүү дээ. Түүнээсээ  хоёр үсгийг нь ав гэж эмээ зүүдэнд маань ирж хэлсэн юм.

 

Х.ХУЛАН ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.