2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » С.Зориг агсаны ах С.Баяр: Өнөөдөр намынхан нь юу ч дуугарахгүй байна

С.Зориг агсаны ах С.Баяр: Өнөөдөр намынхан нь юу ч дуугарахгүй байна

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

С.Зориг агсаны ах С.Баяр: Өнөөдөр намынхан нь юу ч дуугарахгүй байна

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тодруулбал, анхан шатны шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 24-25 жилийн хорих ял оноосон юм.

Энэ удаагийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцох ёстой С.Зоригийн төрсөн дүү С.Оюун ОХУ-д томилолтоор яваа тул С.Зоригийн төрсөн ах С.Баяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Гэвч тэрбээр С.Оюуны л адил шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол оролцох боломжгүй хэмээн хурлыг орхин гарсан юм.

Тэгвэл С.Баяр уг хэргийн талаар хэвлэлд анх удаа ярилцлага өгч байр сууриа илэрхийлжээ.

Ингэхдээ тэрбээр АН-ынхныг шүүмжилж, гомдож явдагаа илэрхийлсэн байна.

С.Баяр "Зориг бол Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтний хувьд улс орондоо төдийгүй, дэлхийд танигдаж хүндлэгдсэн улстөрч хүн. Түүний араас монголчууд бид харамсан гашуудсаар ирсэн. Яагаад түүнийг хөнөөв, хэргийг хэзээ илрүүлэх вэ гэдэг нь 18 жилийн турш манай нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал. Нээлттэй, ардчилсан нийгэмд олон түмэн үүнийг мэдэх эрхтэй. Манай С.Зориг бол Монголд ардчилсан нийгэм байгуулахын төлөө журмын нөхдийнхөө хамт тэмцэж яваад бусдын гарт хөнөөгдсөн хүн.  Зоригийн хамтран зүтгэгчид энэ хэргийг илрүүлэхийг байнга шаардсаар ирсэн боловч харамсалтай нь өнөөдөр өөрийнх нь нам юу ч дугарахгүй байна." гэжээ.

Түүний энэ үгнээс харахад тэрбээр АН-ынханд ихэд гомдож явдаг бололтой. Учир нь тэрбээр ярилцлаганыхаа ихэнх хэсэгт "19 жилийн турш С.Зоригийн хэргийг илрүүлэн шударгаар шийдэхийг шаардаж ирсэн монголчууддаа ямагт талархаж явдаг шүү" хэмээн байн байн илэрхийлж байсан. Харин "Өнөөдөр өөрийнх нь нам юу ч дугарахгүй байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн нь АН-ынханд гомдож явдагийн том илэрхийлэл боллоо.

Үнэхээр гомдохоо ч өөр аргагүй юм. Учир нь АН-ынхан уг хэрэгт анхаарлаа хандуулж, хэргийн үнэн мөнийг олохыг хичээж байгаа нь үгүй. С.Зоригийг агсны мэндэлсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20, нас барсан өдөр болох аравдугаар сарын 2-нд л хөшөөнд нь очиж цэцэг өргөдөг. Сүүлдээ цэцэг өргөх хүмүүсийн тоо ч цөөрсөн харагдаж байсан. Энэ бүхнээс харахад С.Зориг агсны гэрийнхэн АН-ынханд гомдохоос ч өөр аргагүй.

Мөн С.Баяр шүүх хурлыг нээлттэй явуулах боломж байгаа ч "төрийн нууцад хамаарах хэрэг" нэрийдлийн дор хаалттай явуулж байгааг шүүмжилжээ. Тэрбээр "Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигч, хуульч хүн “Ер нь үнэхээр тэр нь улсын нууцтай холбоотой асуудал уу, магадгүй зөвхөн гүйцэтгэх ажиллагааны журмаар хийгдсэн ажиллагаатай холбоотой асуудлууд нь хаалттай яваад бусад шүүхийн процесс бол нээлттэй явах боломжтой байж болох” талаар санал бодлоо хэлж байсан. Мөн саяхан хуульч мэргэжилтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүү “хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх, мөрдөн байцаалтын үйлажиллагаанд хяналт, шалгалт явуулах боломжтой гэж” үзсэн байгаа" гэсэн байна лээ. Гэвч шүүх хурлыг хаалттай явуулж байгаад харамсч байна хэмээн шүүмжилсэн юм.

Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулж, хэргийг олон түмэнд ил болгох нь зөвхөн бидний хүсээд байгаа зүйл бишээ. Ард түмэнд ч хүсч байна, ингэснээрээ шүүхэд итгэх иргэдийн итгэл ч нэмэгдэж, иргэд өөрсдөө итгэл үнэмшлээрээ дор бүрнээ уг хэргийг дүгнэг л дээ гэжээ.

Шүүхээс С.Зоригийг захиалгаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж үзсэн. Харин С.Баяр уг хэргийг улс төрийн аллага гэж үздэгээ нуусангүй. Тодруулбал, тэрбээр "УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай байсан хүний амийг хөнөөсөн хэрэг бол ямар ч өнцгөөс нь харсан, олон улсын жишгээр ч гэсэн улс төрийн аллага гэж үздэг. Тиймээс захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгчтэй хэрэг гэдэг үндэслэлээр шалгагдаж ирсэн. Харин энэ олон жилийн дараа хэргийг төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах гэсэн хуулийн зүйл заалтаар шийдсэнгүй. Бидний ойлгож байгаагаар аллагад захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нар оролцсон, тэд нар нь хоорондоо салшгүй  холбоотой .Тиймээс энэ хэрэг бүрэн гүйцэд шийдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Миний дүү С.Оюун бид хоёр хохирогчийн хувьд хэргийн материалтай танилцсан. Бид хоёрт хэрэг бүрэн гүйцэд илэрсэн гэдэг итгэл үнэмшил төрөхгүй байна" гэжэээ.

Юутай ч тэрбээр анх удаа хэвлэлд байр сууриа илэрхийлж шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа, мөн АН-ынханд гомдож явдагаа хэллээ.

Б.Анир

эх сурвалж: zaluu.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.