2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Энэ цагийн хүчирхэг 10 эрэгтэй

Энэ цагийн хүчирхэг 10 эрэгтэй

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

 

Зэвсэгт хүчний яруу алдарт 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байна.  Гуравдугаар сарын 18-ныг цэргийн баяр хэмээн тэмдэглэдэг ч албан бусаар эрчүүдийн баяр болгон Монголын өнцөг булан бүрт эрэгтэйчүүд баярлаж байна.  Баярын хундага харшиж буй энэ цаг дор  Улстөр мэдээллийн www.polit.mn сайт урлаг, спорт,  бизнес, хүмүүнлэгийн салбарын  энэ цагийн хүчирхэг 10 эрэгтэйг нэрлэлээ.  

Улсын засуулч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогзол “Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол улсын аварга Ч.Санжаадамба манлай” гээд л цоллож байна.  Тиймээ. Гал тахиа жилийн сар шинийн барилдааны зүүний манлайд Ч.Санжаадамба аварга дэвэн дэвсээр гарч ирэв. Тэгээд сар шинийн барилдаанд хоёр дахиа түрүүлэв.  Мөн өнгөрсөн зуны наадмаар 1024 бөхөөс 10 даван түрүүлж аварга цол хүртэн бөх сонирхогчдын  олон жилийн хүлээлтийг биелүүлсэн билээ. Улсын наадмаас хойш болсон барилдаанд тэр зодоглосон л бол түрүүлж байна.

 

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо буюу Даваажаргалыг энэ цаг үеийн энгүй хүчтэн гэж нэрлэхэд хэн ч гайхахгүй биз ээ. М.Даваажаргал мэргэжлийн сүмод хамгийн олон буюу 37 удаа түрүүлсэн, ёкозуна цолтойгоор хамгийн олон башё барилдсан, уналгүйгээр 15 давж хамгийн олон удаа түрүүлсэн гээд олон рекорд амжилтыг тогтоогоод байна. Өмнө сүмогийн дээд амжилт 34 түрүү байсныг М.Даваажаргал эвдсэн төдийгүй одоо түүний эзэмшиж буй амжилтыг ойрын жилүүдэд хэн ч давтахгүй гэдэг туйлын үнэн биз ээ.

 

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 27 жилийн хугацаанд унаж босож явсаар өөрийн амжилтыг бий болгож чадсан бизнесмэн цөөнгүй бий.  Түүний нэг нь “Гацуур”-ын Л.Чинбат юм.  Тэрээр одоо 15 салбар компанийг удирдаж монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж яваа.  Мөн төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж сар шинийн босгон дээр Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Түүнийг энэ цагийн бизнесийн салбарын нэгэн тулах багана нь гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг билээ.  

 

ДуучинГ.Ариунбаатар нь Цагдаагийн “Сүлд” чуулга, ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэрээр М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны тэргүүн байр, Шилдэг баритон дуучны шагнал,  Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг тус тус хүртсэн билээ.Гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар нь  сонгодог урлагт цахиур хагалж, бахархам олон амжилт гарган, Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа өнөө цагийн шилдэг уран бүтээлч юм.

 

Б.Амарсайхан монголын жүжигчдээс анх удаа кино урлагийн ноён оргил болох Холливудад дүрээ мөнхөлсөн билээ.  Тэрээр “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээсэн Италийн нэрт аялагч Марко Пологийн тухай өгүүлэх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг чадварлаг бүтээсэн юм. Мөн “Марка поло” киноны нээлтэд оролцож, Холливудын ододтой мөр зэрэгцэн улаан хивсэн дээр алхан монголчуудын авьяас билэг аль хэдийнэ дэлхийн тавцанд гарсныг зарлаж чадсан юм.

 

Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Г.Мандахнаранг монголчууд төдийгүй дэлхий мэднэ. Яагаад гэвэл Рио-гийн олимпод амжилттай барилдаж тавдугаар байр эзлэхдээ дэлхийг шуугиулсан бөх. Сүүлийн жилүүдэд өөрийн жиндээ барилдаж оролцсон тэмцээн бүрээс медаль өвөртлөн ирж байгаа юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гаргасан сүүлчийн чансаагаар жиндээ зургаад эрэмблэгдсэн нь чөлөөтийнхнөө манлайлж явна.

 

Монголын Оюун ухааны академи гэдгийг сонсоогүй хүн бараг үгүй биз. Монгол хүүхэд, залуус тив дэлхий, олон улсын чанартай тэмцээн бүрт үргэлж түүчээлэн, тэргүүн байрыг нь хүртэж явааг нь дуулсан байх учиртай. Тэдний энэхүү амжилтыгОй тогтоолтын ОУ-ын хэмжээний мастер Хандсүрэнгийн Хатанбаатар түүчээлж яваа.  Тэрээр ой тогтоолтын мэдлэг, чадварыг өөртөө суулгаж, эргээд хойч ирээдүй болсон хүүхэд залуустаа зааж, сургаж явна. Бас нэгэн онцлох зүйл нь тэрээр Олон улсын шүүгчийн шалгалтаа амжилттай өгч, дэлхийн  20 шүүгчээс чансаагаараа хоёрдугаарт жагссан байна. Ийнхүү Монгол улс дэлхийн оюун ухааны дэвжээнээ өөрийн нэрийн шүүгчтэй болсон билээ.

 

Тэрээр Монгол улсаас анх удаа пауэрлифтингийн төрлөөр олимпод оролцож хүрэл медаль хүртсэн билээ.  Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ  88 кг-ын жинд өрсөлдөж, 210 кг-ыг өргөн паралимпийн медальтан болсон юм.  Э.Содномпэлжээ  өмнө нь дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ.

 

Ж.Чинбүрэн "Элэг нэгт монголчууд" сангийн үйл ажиллагааг тэргүүлэн оролцож гадаадад өндөр үнэтэй хагалгаа хийлгэдэг бус, Монголдоо элэг нэгтнүүдээ үнэ төлбөргүй эмчлүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.   Мөн Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаад удаагүй ч эрүүл мэндийн салбарт тодорхой ажлуудыг хийж эхэлжээ.   Ажлын гараагаа Анагаах ухааны хүрээлэнд туслах ажилтнаар эхэлж, Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын  их эмч
Элэг, цөс, нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгч, тус төвийн захирал зэрэгт дэвшин ажиллаж байна.

 

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галаас дөрвөн хүний амь аварч энэ цаг үеийн баатарлаг үйлстэн болсон билээ. Түүний гавьяаг олон нийт сайшааж,  цахим ертөнцөд магтаал урамшууллын давалгаа үүсгэж байв. Мөн тухайн үед орон сууцаар шагнах нь зүйтэй хэмээн иргэд санал дэвшүүлж байсан юм. Тэгвэл иргэний үүргээ ухамсарлаж асаж буй галаас хүний алтан амь аварсан Г.Ганбаярыг энэ цагийн хүчирхэг эрэгтэйгээр нэрлэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.