2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Зураач Ж.Анунаран: Өөрийгөө олно гэдэг нь өөртэйгөө ажиллах, өөрийнхөө дотор байхын нэр

Зураач Ж.Анунаран: Өөрийгөө олно гэдэг нь өөртэйгөө ажиллах, өөрийнхөө дотор байхын нэр

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Зураач Ж.Анунаран: Өөрийгөө олно гэдэг нь өөртэйгөө ажиллах, өөрийнхөө дотор байхын нэр

-Өөрийн тань уран бүтээлээ туурвидаг урланд ярилцаж байгаа учраас  зураач Ж.Анунарангийн бүтээн туурвих дадал зуршил, хэв маягийн талаар яриагаа эхэлсэн нь зүйтэй болов уу?

-Би тогтож сууж уран бүтээл хийхийг илүүд үздэг. Нарийн төлөвлөхийг ч зорьдог. Тэгэхгүй бол үзэсгэлэнгийн нээлтээ хийх товлосон цаг хугацаа хойшлох, санасанд хүрэхгүй болох зэрэг асуудлууд гарах нь бий.  Яг дадал гэж хэлбэл  шинэ бүтээл эхлүүлсэн бол өөр юунд ч анхаарал хандуулж, сатаарахыг хүсдэггүй. Тийм ч учраас нэг  бүтээл гэхээс илүү үзэсгэлэнгээ цогцоор нь хийхийн тулд эхлүүлсэн бол гараас гарч, дуусан дуустал нь тэр дотроо өөрөө орж, амьсгалж, амьдрах дуртай. 

Зураач Ж.Анунаран: Өөрийгөө олно гэдэг нь өөртэйгөө ажиллах, өөрийнхөө дотор байхын нэр

-Уран бүтээлчийн амьдрах хэв маяг бусдаас өөр этгээд гэж хүмүүс төсөөлөх нь элбэг л дээ?

-Тиймээ, бусад хүний өдөр тутамдаа хийдгээс илүү гэнэтийн, цагийн хуваарь нь харьцангуй өөр байдгаас амьдралд хандах нь ондоо.  Нийгмийн хүний үүргээс түр ч болтугай салж тусгаарлагдах нь уран бүтээл хийх нөхцлөө бий болгох шалтгаан юм. Иймээс хийхийг зорьсон зүйлдээ анхаарал хандуулбал гэр бүл, хувийн амьдралдаа хангалттай цаг зарцуулж чадахгүй байх нь бий. 

-Уран бүтээлч бүхэн “өөрийгөө олох”  гэдэг хүндхэн даваатай нүүр тулдаг. Тэгвэл зураач Анунаран өөрийгөө олсон болов уу? Энэ ухагдахууныг хувь уран бүтээлчийн үүднээс юу гэж тайлбарлах вэ?

-Дуусахгүй эрэл процесс... Энэ бол олж аваад, олсон бол болчихдог зүйл биш. Харин байнгын хүн болоод уран бүтээлчийн хувьд тасралтгүй өсөх, хайх хөврөл мэт. Өмнөх үзэсгэлэнгээрээ нэг зүйлийг өөртөө нээж танихад, дараагийн үзэсгэлэн болоход өмнөхөөсөө өөрчлөгдсөн байдаг. Мэдээж өөрийгөө олно гэдэг нь өөртэйгөө ажиллах, өөрийнхөө дотор байхын нэр... Өөрөөрөө дамжуулж бусад зүйлийг танихын нэр...

-Тэгэхээр зураач Анунаран өөрийгөө хайсаар байгаа байх нь ээ?

-Хайгаад дуусчихсан юм байхгүй шүү дээ. Энэ чинь л өөрөө процесс. Хайж байгаа процесс нь хайж олоод, тэр цэгт  очоод зогсохоос илүү чухал...

-Өөрийгөө олох гэдэг нэг сорилт байхад өөрийгөө үл давтах гэдэг бүр ч том сорилт бий. Та өөрөөсөө хэр зугтдаг вэ?

-Мэдээж уран бүтээлч бүхэн өмнөх хийснээсээ илүү сайныг хийж, илүү хөгжихийг эрмэлздэг нь ойлгомжтой. Миний хувьд гэвэл өмнө нь дэлгэсэн одоо удахгүй нээх гурван үзэсгэлэн концепц агуулгын хувьд хоорондоо холбоотой, нэг утга санаатай, сэдэл  нэг. Гэхдээ илүү сайн бодох, илүү их боловсруулахыг л зорьж байна. Энэ бүхнийг мэдэрч ойлгож буй боловч уран бүтээлч хүн энэ дотроо төөрөх тохиолдол бий. Учрыг нь олохгүй удах, тэгээд учраа олж эхлэх, оновчтой гарц эрж хайх энэ бүх явцад бүтээлч суралцсаар байдаг. Тийм учраас бүтээл дэх элементүүд давтагдах чухал биш, харин уран бүтээлчийн хувьд өөрийгөө давтах, өөрөөсөө хуулах гэхээсээ илүү хөгжил явагддаг болов уу.

-Олон нийт зураачийг бийр, будагтайгаар төсөөлөх нь элбэг. Гэтэл та үзгэн бал, маркер, зүү утас зэргийг уран бүтээлдээ түлхүү ашигладаг. Яагаад бийр будгаас илүү тэдгээрийг чухалчлав?

-Мэдээж бийр, будаг хэрэглэдэг. Олон материалын зохицол гэж харахаас гадна  илэрхийллээ бүрэн дүүрэн гаргахад миний арга техникт илүү нийцдэг. Хүн бүхний энгийн хэрэглээнд ашиглагддаг эд зүйлсийг урлагийн хэл болгож үзэгчдэд хүргэвэл ямар болох бол гэдэг нь надад сонирхолтой санагдсан. Аливаа нэг зүйлийг бүтээл хийхэд хэрэглэх нь хэлэх гэсэн санаагаа илэрхийлэх арга болдог. Гол нь тухайн эд зүйл санааг маань оновчтой илэрхийлэхэд нийцэж байна уу гэдэг л чухал. 

-Контемпорари урлагийн төрлөөр дагнан бүтээл туурвидаг зураач, уран бүтээлчид олон болсон ч  контемпорари урлагийн төрөлд хамаарах үйлдлийн / performance art / урлагийг сонгон зоригтойгоор бүтээл туурвиж буй уран бүтээлч ховор. Харин танд хийж байсан перформансууд бий.  Зураг зурахын хажуугаар урлагийн энэ төрлийг яагаад сонгох болов?

-Аливаа бүтээлийн санаа сэдэл юугаар илэрхийллийг олж болох вэ гэдэг тухайн бүтээлийн утга санааг харуулах шийдэл болдог. Миний хувьд төдийлөн дагнаж хийхгүй байгаа хэдий ч энэ урлагийн үнэ цэнэ, үзэгчид хүртэх мэдрэмж зэрэг нь нандин санагддаг. Өөрийн гэсэн цаг хугацаа, орон зайтай, өгөгдөл бүхий тодорхой дэглэл үгүй цэвэр мэдрэмж хийгээд боловсруулсан санаа бүхий үйл юм. 

-Үйлдлийн урлаг үзүүлэх үзэгчидтэй шууд харьцдагаараа драмын жүжигчинтэй ижил үү? Моно драм, эсвэл этюд үзүүлж буй жүжигчин мэт мэдрэмж өөрт чинь төрж байсан уу?

-Тодорхой хэмжээний үзүүлбэрийн шинжтэй учир шууд үгүй гээд хэлчихэж бас болохгүй байх. Нэг талаараа өөрийн хийж буй перформэнсдаа орж буй болохоор дүрдээ орохтой ижил ч байж болох. Гэхдээ перформэнс хийх жүжиглэх, дүрдээ орох гэхээсээ илүүтэй тухайн уран бүтээлчийг транст оруулдаг гэвэл илүү оновчтой болов уу. Транст орчихсон уран бүтээлчид үзэгчид чамайг үзээд, юу гэж хүлээж авах, ямар хариу үзүүлэх хамаагүй болчихдог. Нөгөө талаар үзэж буй хүмүүс ч тухайн  перформансын нэг хэсэг шүү дээ, хүссэн хүсээгүй. 

Зураач Ж.Анунаран: Өөрийгөө олно гэдэг нь өөртэйгөө ажиллах, өөрийнхөө дотор байхын нэр

-Яруу найрагчид, зураачид, хөгжмийн зохиолчид хэн нэгний үргэлжлэл байхыг, хэн нэгний залгамжлагч байхыг, хэн нэгэнтэй жишигдэн адилтгагдахыг хүсдэггүй. Таны хувьд  “Би чамд хайртай” киноны Үрлээгийн охин гэж хэлүүлэх нь төвөгтэй байдаг уу? 

-Ер нь төвөгтэй. Ямарваа нэг хүнийг тэрний энэний хүүхэд гэж харахаас илүү хувь хүн гэдгээр хүлээж авч харьцвал амар санагддаг. Би ээждээ хайртай, бахархаж хүндэлдэг. Хүмүүсийн өөрөөр харж, хүндлэн биширдэг тэр хүн миний хувьд жүжигчин гэхээсээ ээж минь  л шүү дээ.  

-Та урлаг судлалын докторантаар сурдаг. Урлаг судлаачийн мэргэжил эзэмшсэнээс хойш таны бүтээлүүд нэг талдаа зураачийн, нөгөө талдаа урлаг судлаачийн үүргийг биелүүлж эхэлсэн болов уу, эсвэл үгүй юу? 

-Арай өөр болов уу,  Би цэвэр уран бүтээлч гэдэг үүднээс бүтээлдээ хандахыг эрмэлздэг. Урлаг судлаачийн мэргэжил нь уран бүтээлчид бүтээлийн судалгаа шинжилгээ, бичвэр, өөрийгөө боловсруулахад зэрэгт их нөлөөтэй.

-Энэ сарын 16-ны өдөр “Өрнөлт” нэртэй үзэсгэлэн чинь нээлтээ хийх гэж байна. Таны хувьд үзэсгэлэнд тавигдсан бүтээлээ зарж борлуулах асуудал дээр хэр нээлттэй ханддаг вэ?

-Аливаа зүйлд  өөрийн гэсэн хугацаа байдаг гэдэгт итгэдэг. Бүтээлийг цааш амьдруулах, хайрлаж чадах хүнд бүтээлээ өгөхийг боддог. Аливаа бүтээлчийн бүтээл зарагдаж, хэн нэгэн худалдаж авснаар дараагийн уран бүтээлээ хийх суурь болдог. 

-Та захиалгын бүтээл хийдэг үү?

-Захиалгын ажилд төдийлөн цаг гаргаж амждаггүй. Тодорхой захиалагчид бий.

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй нээлтээ хийх  “Өрнөлт”  үзэсгэлэн дээр уулзъя.

-Баярлалаа.

Зураач Ж.Анунаран: Өөрийгөө олно гэдэг нь өөртэйгөө ажиллах, өөрийнхөө дотор байхын нэр

Зураач Ж.Анунаран: Өөрийгөө олно гэдэг нь өөртэйгөө ажиллах, өөрийнхөө дотор байхын нэр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.