2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Ярилцлага » П.Сэргэлэн: Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх зайлшгүй шаардлагатай

П.Сэргэлэн: Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх зайлшгүй шаардлагатай

Нийтлэлийн төрөл: Ярилцлага

П.Сэргэлэн: Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх зайлшгүй шаардлагатайЦаг үеийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийж, хэрэг­жүүлэх ажлынхаа талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, мах, сүүний аяныг эхлүүлэхээр зарласан. Сүүний аяны хүрээнд Япон улсын хуурай сүү боловсруулах үйлдвэрийг оруулж ирсэн. Эхний ээлжинд сүүний гарц өндөртэй 60 сумд тоног төхөөрөмжийг суурилуулан, малчдын саасан сүүг газар дээрээс нь худалдаж авах бодлогын арга хэмжээ авч ажиллалаа.

Энэ хүрээнд Япон-Монголын хамтарсан компани өөрийн хөрөнгөөр ажлыг эхлүүлэн, үйлдвэрээ суурилуулан, ажлаа удирдахаар болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд туршилтын үйлдвэрийг байгуулж, сургалт зохион байгууллаа. Цаашид хөрөнгө, санхүүгийн асуудлыг компани хариуцан ажиллавал бусад сумдад сүү боловсруулах жижиг оврын үйлдвэрийг байгуулах бүрэн боломжтой. Салбарын яамны зүгээс аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж бодлогын дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүгээрээ төр, хувийн хэвшлийн түншлэл сайн талаараа хамтарснаар гарах үр дүн, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бодитоор харуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, малчин сүүгээ бэлэн мөнгөөр борлуулан орлоготой болох. Нөгөө талдаа компани шингэн сүүгээ боловсруулан хуурай сүүний охь болгон түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн орлого олох боломж бий. Мэдээж энэ аяны хүрээнд өөр бусад олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. Жишээлбэл, сүүгээр үйлдвэрлэж болох эцсийн сүү, сүүн  бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх юм. Бяслаг, тараг, ааруул гэх мэтчилэн олон бүтээгдэхүүний үйлдвэрлэл өснө гэж харж байна.

Махны аяны хүрээнд мах боловсруулах үйлдвэрүүдийг чанаржуулах талд илүү анхаарч ажиллана. Манай улсад байгаа мах боловсруулах үйлдвэрүүдийн 4-5 нь л олон улсын шаардлага хангасан байдаг. Дийлэнх нь зогсонги байдалтай байгаа юм. Энэ бүхэнд шалтгаалж буй олон хүчин зүйл байгааг бизнесийнхэн хэлж байна. Өнгөрсөн хугацаанд мах экспортлох тухай ярьж байгаа ч чанарын шаардлага хангах хэмжээнд бэлтгэн нийлүүлэх компани байхгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Гадны улс орнууд манай улсаас мах экспортлох хүсэлтээ илэрхийлэхдээ олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн махаа бэлтгэхийг шаардаж байна. Тиймээс энэ чиглэл рүү онцгой анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Түүнээс гадна малынхаа удам угшлыг сайжруулах ёстой. Энэ хүрээнд малын эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг улс орны хэмжээнд явуулахаар хөтөлбөр боловсруулж байна. Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ОХУ хамтран ажиллахаар болсон. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсын малыг эрүүлжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар тохиролцсон.

-Жил бүрийн хавар нөөцийн махны асуудал гардаг. Энэ жил нөөцийн мах худалдаанд гарах уу?

-Малчдыг орлоготой болгох, мал махыг худалдан авах, төвлөрсөн том хотуудыг махны нөөцийг хангахаар Засгийн газраас шийдвэр гарсан. Мах боловсруулах үйлдвэрүүд арилжааны банкнаас зээл авахад нь Засгийн газраас зээлийн хүүнд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд мах боловсруулах үйлдвэрүүд махаа бэлтгэхээр ажиллаж байгаа. Үйлдвэрүүд саналаа өгсөн байна. Мэдээж арилжааны банкуудын шаардлагыг хангасан үйлдвэрүүд махаа бэлтгэх боломжтой.

-Манай улсын малын тоо толгой өсч байгаа ч махны үнэ буурахгүй байна гэж шүүмжилдэг. Махны үйлдвэрүүд олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг гаргахдаа өртөг шингэсэн үнээр борлуулдаг. Үүнийг буруутгах аргагүй. Гэвч худалдан авагчид хямд үнийг сонирхож байгаа шүү дээ?

-Монгол Улс түүхий эд бэлтгэлийн тогтолцоогүй болсон нь гашуун үнэн. Энэ нь эцсийн хэрэглэгчид очих бүтээгдэхүүний үнийг өсгөх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, хөдөөгийн малчид махаа ченжүүдээр дамжуулан борлуулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Хоёр шат дамжаад орох боломжийг 3-4, магадгүй тэрнээс ч олон шат дамжсанаар үнийг хөөсрүүлдэг. Үүнийг л халах хэрэгтэй. Тэгэхээр яамны зүгээс түүхий эд бэлтгэлийн уламжлалт тогтолцоог бэлтгэх чиглэлд анхаарлаа хандуулж байна. Ингэснээр дамжлагагүй болно гэсэн.

Эцсийн дүндээ махны үнийг бодитоор тогтоох боломж бүрдэнэ. Энэ нь хэрэглэгчдийн хүсч байгаа хямд үнэтэй дүйнэ гэдэгт итгэж байна. Түүнээс гадна ариун цэвэр, чанар стандартыг мөрдүүлэх, хэрэглэгчид аюулгүй хүнс хэрэглэх боломжтой болно гэсэн үг. Хамгийн гол нь хүнсний аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх учиртай. Тиймээс уламжлалт тогтолцоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага байгааг илэрхийлж байгаа юм. Энэ нь зөвхөн мах гэж туйлшрах хэрэггүй, бусад бүтээгдэхүүнд ч хамааралтай асуудал юм шүү дээ. Үүний тулд бодлогын яам нь бодлого боловсруулах малаа эрүүлжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нөгөө талдаа экспортлохыг хүсч байгаа газруудад эрүүл малтай гэдгээ нотлох хэрэгтэй юм. Түүний дараа түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх ёстой.

-Мал эрүүлжүүлэх тогтолцоох сэргээхийн тулд юуг, хэрхэн хийх вэ?

-Одоогийн эдийн засгийн байдлыг харвал хүнд байгаа хэдий ч бид гарах гарцыг эрэлхийлсэн. Тиймээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсын малыг эрүүлжүүлэх чиглэлд хамтарч ажиллах нь зүйтэй юм гэдэг шийдвэрийг гаргасан. Мөн ОХУ-тай хамтарна. Тус улсаас малыг эрүүлжүүлэх вакциныг нэн хөнгөлөлтэй нөхцөлөөр өгсөн. Өөрөөр хэлбэл, 5.7 тэрбум төгрөгөөр авах байсныг 1.2 тэрбумаар авсанаар дөрвөн тэрбум төгрөгийг хэмнэж чадлаа. Тэгэхээр зарим тохиолдолд төр шууд худалдан авалт хийх нь улсын төсөвт хэмнэлттэй гэдгийг эндээс харж болно.

Энэ хэмнэлт нь ХХААХҮЯ-ны нийт ажилчдын дөрвөн жилийн цалинг тавих мөнгө. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган Монгол Улсын мал эрүүлжүүлэхэд дэмжлэг үзүүлэн дөрвөн тэрбум төгрөгийн вакциныг хандивлахаар болсон.  Эхний ээлжинд өвчлөлтэй малд вакциныг хийгээд эхэлсэн байгаа. Үйлчилгээний хувьд маш сайн байгааг малчид хэлсэн. Тухайлбал, вакцин хийснээс долоо хоногийн дараа хариу урвал нь илэрч, эрүүлжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ирэх сард ОХУ-ын экспертүүд болон Хөдөө аж ахуйн сайд айлчилна. Мөн тус улсаас газар тариалан, хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн зээл олгохоор болсон. 10 сая ам.долларын тоног төхөөрөмжийг 10 жилийн хугацаатай жижиг, дунд тариалан эрхлэгчдэд олгох юм.

-Манай улсын малын тоо толгой өсөхийн зэрэгцээ бэлчээрийн даацны асуудлыг ярьж байгаа шүү дээ?

-Монгол Улсын мал хүн амтайгаа харьцуулбал өсч байгаа нь үнэн. Гэхдээ бид гадагшаа урсах мөнгөний урсгалыг бууруулах, дотоодод орох валютыг нэмэгдүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй. Үүний тулд хөрш зах зээлээ анхааралтай ажиглаж байх нь чухал. Мэдээж тэдний хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийг ч эрэлхийлэх ёстой юм.

Ингээд харвал манай улсын малын тоо толгой өсч байгаа ч хоёр хөршийн экспортлохыг хүсч байгаа хэмжээг тасралтгүй нийлүүлэхэд учир дутагдалтай байна. Тухайлбал, урд хөршийн үхрийн махны жилийн хэрэглээнд 91 сая толгой үхэр байдаг гэдэг судалгаа бий. Бид хойд хөрштэй үхрийн мах экспортлох тухай ярихад бидний нийлүүлж чадах хэмжээ манай улстай хил залгаа орших бүс нутгийн хэрэглээг арай ядан хангах юм билээ. Учир нь малын тоо толгой өсч байгаа хэдий ч улсын хэмжээнд дөрвөн сая үхэртэй юм шүү дээ. Тэгэхээр тооноос чанарт шилжих ёстой. Мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд малын удам, угшлыг сайжруулах хэрэгтэй. Энэ мэтчилэн аль аль талдаа бодох, төлөвлөх ажлууд бий.

-Жил бүрийн хавар, намарт тариаланч, салбарын яам хоёр ойлголцож чаддаггүй шүү дээ. Та энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Яам болон тариаланчдын хооронд үл ойлголцох зүйл байхгүй. Яамны зүгээс энэ салбарт хэрэгжих бодлогыг дорвитой хэрэгжүүлсэн. Тиймээс тариаланчид бордоо, үрийн буудай, шатахууныг олгосон. Мөн улаанбуудайн үнийг зах зээлийн бололцоотой дундаж үнээр тавьж өгсөн. Тариаланчдад урьдчилгаа олгохын зэрэгцээ улаанбуудайг нь төр худалдаад авчихсан байгаа.

Газар тариалангийн салбар цаг агаар, байгалийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэгэхээр тариаланчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж хөл дээр нь босгохын тулд төр бодлогоор дэмжих учиртай. Үүний тулд “Атрын –III” аяныг сэргээж байна. Энэ хүрээнд жижиг, дунд тариалан эрхлэгч, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариаланчдаа дэмжихээр ажиллаж байна.

-Тариаланчдын хувьд агуулах сав тун хомс байгаа нь хүндрэл учруулдаг. Ялангуяа хүнсний ногоо тариалдаг хүмүүсийн хувьд хэцүү байгаагаа хэлсээр байгаа шүү дээ?

-Агуулах зоорийг олноор бий болгохыг зорьж байна. Тариалангийн бүс нутгуудад зоорь барьж байгуулахаар төлөвлөж байгаа. Сайн агуулах, зоорьтой тохиолдолд жилийн туршид шинэхэн ногоо идэх боломжтой болно. Ингэснээр тариаланчид намар тариагаа борлуулахаар тэвдэх шаардлагагүй болно. Энэ нь жилийн дөрвөн улиралдаа орлогоо хуваарилах боломжийг бүрдүүлэх юм.

Аяны хүрээнд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ үйлдвэрлэгчиддээ шаардлагатай тоног, төхөөрөмж, агуулах савыг нь шийдэх талд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Ийнхүү дэм дэмэндээ хөгжих учиртай. Нэг үеэ бодвол хүнсний ногооны жилийн хэрэглээний 80 гаруй хувийг тариалан эрхлэгчдийнхээ хүчээр хангаж чаддаг болсон. Мах, гурил, хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангасны дараа экспортод гаргах тухай ярихад асуудалгүй.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрүүд олон байсан хэдий ч төдийлөн үр дүнгүй байгааг хүмүүс хэлж байна. Гэхдээ аливаа зүйлд алдаа, оноо бий гэх нь ч бас бий. Тэгэхээр энэ салбарт ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоход Засгийн газрын бодлого чиглэх хэрэгтэй. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид арилжааны банкны зээлээр хөл дээрээ босч, эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдэг хүнд даваа гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тэгэхээр бодлогын яамнаас бага хүүтэй зээлээр хангалттай хэмжээний хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй. Гэхдээ зээл авсан аж ахуйн нэгжүүдтэй эргэх холбоотой, нарийн хяналттай ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, тавилгын үйлдвэрт зээл олгожээ.

Анх зээл авахад ямар төвшинд үйл ажиллагаа явуулдаг байсан. Зээлэнд хамрагдсаны дараа хэрхэн өргөжсөн болон ажлын байрыг нэмэгдүүлсэн эсэхийг хянах. Мөн борлуулалтын тооцооллоо зохистой ашиглаж байгаа зэрэг олон асуудлыг нь харилцан нягталж байх нь үр өгөөжийг нэмэгдүүлэх учиртай. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид төрийн зүгээс бодлогын хэмжээнд бүх салбараа дэмжиж ажиллах болно. Гэвч “угжны хурга” шиг бүхий л боломжийг төр бүрдүүлэх ёстой гэдэг байдлаар хандахаа болих цаг болсон. Зах зээлийн нийгэмд бизнес, өрсөлдөөний зарчмаар шалгарч гарах чадвартай байх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, эдийн засгийн өсөлтийг хадгалахын тулд цаашид хэрхэн хөгжих вэ, боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Мөн бодлогын яамнаас шалтгаалах асуудлыг цаг хугацаа алдахгүй шийдвэрлэхийг зорьж ажиллана.

Эх сурвалж:Зууны мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.