2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » С.Зориг агсны ах С.Баяр: Миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй

С.Зориг агсны ах С.Баяр: Миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн  хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Шүүгдэгчид Төв аймгийн Цагдан хорих төвөөс шүүх хуралд онлайнаар холбогдон, оролцож байгаа юм. Харин тэдний бие төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх танхимд байгаа юм. Хэргийг шүүх шүүгчдийн нэрс өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан. Тэгвэл  Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар ажиллаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны араас С.Зориг агсны дүү С.Оюун шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, гомдол гаргасан байдаг. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралд С.Оюуныг оролцоно гэх мэдээлэл байсан. Тэгвэл түүний ах С.Баяр шүүх хуралд оролцож байна. Тэрбээр дүү С.Оюуныхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн хуралд ирснээ хэлсэн. С.Баяр хэлэхдээ  “Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн юм. Мөн шүүх хуралд  С.Зориг агсны дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан   оролцож байна. Тэрбээр  “Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүх хуралд хэрэглэсэн нотлох баримтыг шинжин судлах ажиллагаа явагдахгүй. Зөвхөн анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн эсэхийг хэлэлцдэг. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг С.Оюун тавьж байгааг би уламжлан хүргэж байна” хэмээн хурлын эхэнд хэлсэн юм.

За мөн Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтээ тавьсан ч, улсын прокурор  хэргийг  төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь  зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм.  Өнгөрсөн хугацаанд шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэсэн хүсэлт, шаардлагыг талууд гаргаж тавьж ирсэн ч хуулийнхан хаалттай явуулахаар ийн шийдвэрлэлээ.

Уг нь хэргийн цорын ганц гэрч гэгдэж ирсэн Б.Булганыг шүүх хуралд оролцох магадлалтай гэх мэдээлэл байсан ч, тэр өнөөдөр ирсэнгүй. Тэгэхээр хуулийнхан түүнийг энэ хэргийн гадаа үлдээхээр бүрмөсөн шийдсэн бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.