2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Итгэл, зүтгэлээр жигүүрлэсэн он жилүүд буюу "Нефть"-ийн гавьяат Б.Сүхбаатар"

Итгэл, зүтгэлээр жигүүрлэсэн он жилүүд буюу "Нефть"-ийн гавьяат Б.Сүхбаатар"

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

 

 

Нефть байхгүй бол хүн төрөлхтөний хэрэглэж буй өдөр тутмын зүйлсийг хэрхэн бүтээхийг төсөөлөшгүй. Бидний унаж буй машин, барьж буй утас, бичиж буй бал гээд нефтьгүйгээр бүтсэн зүйл нэн ховор...Энэхүү нэн чухал бөгөөд хариуцлагатай салбарт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс дунд ажиллаж буй эрхэм бол “Нефтийн Сүхбаатар” мөн. Учир нь тэрээр салбартаа дархлагдсан “Дархан Аварга”, энгийн даруу атлаа “Эрхэм” нэгэн. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат Эдийн засагч гэх цол тэмдгээр энгэрээ мялаах мөчид түүний сэтгэлд нь, зүрхэнд нь бичигдсэн нефтийн салбарын талаар цөөн хором хөөрөлдлөө. Ингээд “Сод Монгол Групп” ХХК-ийн Худалдаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч  Б.Сүхбаатарын ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын Гавьяат Эдийн засагч хэмээх эрхэм нэр хүндтэй шагналыг гардан авсан танд баяр хүргэе?

-Баярлалаа. Нефть хангамжийн салбарт 30 гаруй жил ажиллаад өнөөдөр Монгол Улсын Гавьяат Эдийн засагч хэмээх эрхэм хүндтэй шагналыг авлаа. Би улсад нийт 40 гаруй жил ажилласан бөгөөд үүнээс 30 гаруй жил тасралтгүй нефть хангамжийн салбарт ажилласан байна.

 

-1992-98 ОНЫ  ХООРОНД 18 АЙМГИЙН 370 ГАРУЙ СУМАНД ШТС БАРЬЖ БАЙВ-

 

-Анх 1976 онд Нефть хангамжийн төв бааз гэж нэг байгууллагатай. Бусад нь орон нутгийн харъяалалтай ийм л байгууллага байсан. Удалгүй 1978 онд Нефть хангамжийн удирдах газар, Тээврийн яамны дэргэд байгуулагдаж, нефть хангамжийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх анхны суурь тавигдсан юм.

1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн үед нефтийн салбарын хөгжил ч бас өөрчлөгдсөн.

1991 онд Нефть хангамжийн нэгтгэл байгуулагдаж, улсын хэмжээнд шатахууны бие даасан бодлого боловсруулах, гадаад дотоодын худалдаагаа бие даан хийх түүхэн таатай боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч нефтийн систем нэг компани болж чадаагүй.

1991 оноос эхлээд  хуучин социолизмын үеийн тогтсон бүтэц задраад нефтийн бүтээгдэхүүний хангамж, үйлчилгээ гээд бүх зүйлийг гардан хийх болсон. Ийм л хүнд үед бидэнд гадагшаа төлбөр тооцоо хийх санхүүгийн эх үүсвэр байхгүй хүндрэл үүсч байлаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд орон нутгийн бүх нефть баазыг Нефть хангамжийн нэгдлийн харъяа, босоо удирдлагын тогтлолцоотой байгууллага болгосон. Ингэснээрээ орон нутагт борлуулсан борлуулалтын бүх орлого нэг дор төвлөрч, шатахуун авах дотоодын мөнгөний эх үүсвэртэй болж чадсан. Эндээсээ  орон нутгийн нефть хангамжийн бааз, салбаруудад  төсөв олгодог болсон. Ингэж эхний том өөрчлөлтийг хийсэн.  Өөрөөр хэлбэл, нефть гэдэг айл улсын хэмжээнд нэг компани болж чадсан.

Гэтэл хөдөө аж ахуйн нэгдэлд байсан шатахуун түгээх станцууд нэгдлийн өмч. Тэгэхээр тэнд шатахуун түгээх, зарж борлуулах, хүн байхгүй. 

Гэтэл биднийг суманд  шатахуун хүргэж өгөхгүй байна гэдэг шүүмжлэл Засгийн газраас ирсэн. Ингээд тухайн үеийн Хөдөө, аж ахуйн сайд Ц.Өөлдтэй уулзаж, хөдөө орон нутгийн бүх шатахуун түгээх станцуудаа манай байгууллагад шилжүүлбэл бид улсын хэмжээнд шатахуунаар хангах боломжтой болно. Хоршооллын өмчид шатахуун өгөх гэхээр нэгдэл тарсан учраас авдаг хүн алга, борлуулаад мөнгийг нь өгдөг хүн алга.  Ингээд Хөдөө аж ахуйн яам шийдвэр гаргаж, орон нутгийн  215, Сангийн аж ахуйн 88  шатахуун түгээх станцыг манай байгууллагын харьяанд шилжүүлсэн. Гэтэл бодит байдалд бид нэг сав, нэг хүн л хүлээж  авч байж билээ.

Ингээд бид 1992 -1998 он хүртэл 6 жилийн хугацаанд 18 аймгийн 370 гаруй суманд ШТС барьж, бүх стандартыг бий болгосон. Энэ ажилд манай нефтийн салбарын удирдлагууд бүгд гар нийлж сайхан ажилласны үр дүнд нефтийн нэгдсэн  том сүлжээ Монгол Улсад үнэ цэнэтэй том компани болж чадсан. Энэ түүхэн үүргийг гүйцэтгэснийг минь өндрөөр үнэлсэн гэж бодож байна. Нөгөө талдаа энэ салбарт ажиллаж алтан сайхан үеэ өнгөрөөсөн олон сайхан буурлууд, өнөөдөр ажиллаж байгаа олон сайхан залуусын ажлыг давхар үнэлсэнд баяртай байна.  

 

            УЛСЫН  ӨМЧИЙГ ЭЗЭНТЭЙ, БҮРТГЭЛТЭЙ БОЛГОСОН ТЭДНИЙ ГАВЬЯАГ ТӨР МАРТАХГҮЙ!

 

-Би Төрийн өмчийн хороонд найман жил ажилласан. Энэ хугацаанд нийт ажилтнуудынхаа хүчээр бид хамтдаа төрийн өмчийн бүртгэл, тайлан мэдээллийн нэгдсэн тогтлолцоог бий болгож чадсан. Өөрөөр хэлбэл, төр өмчөө жил бүр тайлан бланс гаргаж, улсын хэмжээний 5800 байгууллагын өмчийн балансыг нэгтгэж, нэгдсэн санхүүгийн тайлан гаргах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ ажлыг маань ч гэсэн үнэлж, өнөөдөр Гавьяат эдийн засагч цол хүртээсэн гэж ойлгож байгаа.

-1996 онд Төрийн өмчийн хорооноос нефтийн хувийн компаниудаа дэмжин, зах зээлд өрсөлдөгч бий болгох чиглэлээр даалгавар өгч ажиллуулж байв.  Хувийн компанийн шатахууныг авч хадгалах, гадаад зах зээл олж өгөх, дотоодын зах зээлийн тодорхой хувийг тасалж өгөх, шатахуун борлуулахад нь туслах, шаардлагатай бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр дэмжиж, өнөөдрийн нефтийн компаниуд  үүсгэн байгуулагдаж байсан юм.

-Ажил мэргэжил гэдэг хүний хувь тавилангаар зурсан зураг биш харин сонголт байдаг. Та нефтийн салбарт орсон шалтгаан нь юу байв?

-Намайг Санхүү эдийн засгийн техникумд сурч байхад Тээврийн яаманд баримтын шалгалт хийлгэхээр дуудсан. Ингээд шалгалт хийж дуусахад “Маш сайн” гэсэн үнэлгээ авч байсан. Удалгүй Шатахуун тээврийн нэгдүгээр баазад баримтын шалгалт дахин хийхээр үүрэгдэв. Гэтэл залуухан Сүхбаатар нэг жолооч давхар падаан оруулсныг илрүүлээд, давхар нефть баазад шалгуулж, баталгаажуулахад дахин зөрчлүүд илэрсэн. Тэгээд Нефть баазын дарга  Жамц гуай өрөөндөө намайг дуудаж билээ. Залуу хүн эрч хүчтэй яваад очлоо.  Гэтэл үүдэнд нь Тээврийн яамны санхүүгийн ахлах мэргэжилтэн Ванган гэдэг хүн бас ирсэн байна. Тэгсэн надад хөдөлмөрийн дэвтэр нээж өг, төгсөөд шууд Нефть баазад ажилла гэсэн үүрэг өгчихлөө. Ингээд сургуулиа төгсөөд Нефть баазад ажиллах болсон доо. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл түүхэн амьдралыг туулж явна.  Энэ хугацаанд 1983-1990 он хүртэл хоёрдугаар гарын үсэг зурдаг байлаа. Харин 1990-2002 он буюу хувьчлал явагдах хүртэл нэгдүгээр гарын үсэг зурдаг болсон. Тэргүүн дэд захирал, дэд захирал, хийхдээ нефтийн салбарын системийн бүхий л шинэчлэлийг хийсэн дээ. Мэдээж удирдагч хүн санаачлан манлайлах үүрэг байсан.

Мөн Олон улсын нягтлан бодох бүртгэлд шилжүүлэх асуудлыг гардаж, хамт олныхоо хүчээр хийсэн. Тухайн үед,  Говь, АПУ, МИАТ зэрэг компаниуд 400 мянга гаруй ам.доллараар гаднын компаниудаар хийлгэж байхад би хамт олонтойгоо энэ ажлыг гардан гүйцэтгээд 40 мянган ам.доллар төлж, Голландын мэргэжлийн байгууллагаар хөндлөгийн үнэлгээний аудит хийлгэхэд, “Маш сайн” гэсэн үнэлгээ авч, Сангийн яамнаас “нэг номерын гэрчилгээ” авч байсан.  

 - Энэ салбарын сайхан зүйл нь юунд оршдог вэ?

-Нэг чиглэлийн дагнасан бизнес. Мөн маш хурдан эргэлддэг бизнес.Тэр хирээр таниас ухааны, сэтгэлийн хурд шаардана. Оруулсан хөрөнгө оруулалт нь эргэж төлөгдөх чадвар өндөртэй. Энэ утгаараа их өвөрмөц, үүнийгээ дагаад технологи нь  галын аюулгүй ажиллагааны нарийн шаардлагыг хангаж ажиллахыг шаарддаг нь өндөр шаардлагууд бий. Манай нефтийн салбарт ажиллаж байгаа хан бүхэн хөдөлмөр аюулгүй байдалд л онцгой анхаардаг даа. Тиймдээ ч технологийн аюулгүй ажиллгааны сургалт үүнд чиглэсэн байдаг. Амьдралын нэг хэсэг болсон нефтийн салбар өөрөө миний амьдралын гэрэл гэгээтэй нандин дурсамж бүхнийг шингээсэн, басхүү ирээдүйд энэ салбарын хөгжил хэрхэн явагдах итгэл, төсөөллийг надад харуулдаг. Ажил бүхэн сайхан тэгэхээр хаана хөдөлмөр байна тэнд хүн, түүх, итгэл, сэтгэл  бий дээ...

-Таныг яриаг сонсож байхад, өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх нефтийн салбарын түүх таны сэтгэлд бас зүрхэнд бичигдсэн байна. Таны харж буйгаар Монголын нефтийн салбарын хөгжил аль зүгт явж байна вэ. Ямар ахиц дэвшил гарч байна. Мөн бид цаашид юунд анхаарах шаардлагатай байна?

-Нефтийн салбар техник технологийн хувьд үнэхээр өндөр түвшинд очлоо. ШТС-ын хошуунаас гарсан бүтээгдэхүүн, агуулахаас гарсан бүтээгдэхүүн програмчлагдаад, хамгийн сүүлд тайлан бланс болоод, эцсийн дүгнэлттэй гарах хэмжээнд хүртлээ хөгжжээ.

 

Б.СҮХБААТАР: МОДОН САМПИНГААС КОМЬПЮТЕР ХҮРТЭЛ БАСХҮҮ УРТ ХУГАЦААГ ТУУЛСАН ДАА

 

Анх сампингаар боддог байлаа. Дараа нь буюу 1970 оны үед анх калкулятор гарсан. Ингээд 1980 оны үеэс  тооны машин гарсан бол 1990 оноос эхлэн компьютер хэрэглэж ирлээ. Энэ үед бид нефтийн бүтээгдэхүүний гурван төрлийн балансныхаа хоорондын бүх уналтыг нь олж харж байж, шатахуун алга болж уу үгүй юу гэдгийг гаргадаг байлаа. Харин одоо бол бүх зүйл программчлагдаж, цаг хугацаа хэмнэдэг болжээ. Үүнийгээ дагаад нефтийн салбарын системчлэл бүхэлдээ илүү боловсронгуй, илүү нарийн болж байна.

 Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүн 100 хувь хараат байдлаар хөгжиж ирсэн нь үнэн. Бид 1993 оноос 2002 он хүртэлх хугацаанд үүнийг 30 хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл нэг улсаас биш, олон улсаас нефтийн бүтээгдэхүүнийг импортолдог болсон. Бид БНХАУ-аас нефть импортолж эхэлмэгц ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж, дэлхийн зах зээлийн үнэ ханшаар шатахуунаа нийлүүлж эхэлсэн.  Мэдээж нефтийн зах зээл дэх өрсөлдөөн чухал байсан.

 

ДАРААГИЙН АЛХАМ БОЛ ДОТООДДОО НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ...

 

Бид жилдээ нефтийн бүтээгдэхүүн импортлоход жилдээ нэг тэрбум ам.доллар зарцуулж байна. Тиймээс дараагийн бидний хийх том алхам бол дотооддоо нефтиэ боловсруулах үйлдвэр байгуулах асуудал. Энэ нь цаг хугацааны хувьд маш чухал асуудал. Үүний бодит баталгаа бол өнөөдрийн эдийн засгийн байдал мөн. Дорнод аймгаар явж байхад нэг сая 500 мянган тонн түүхий нефтийг урд хөрш рүүгээ гаргаж байна. Үүнийгээ бид дотооддоо боловсруулаад дотоодын хэрэгцээгээ хангаад явах бүрэн боломж бидэнд бий. Үүнийг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулаад, зорилт тавин ажиллаж байгаа нь сайшаалтай. Төр засгийн зүгээс нефтийн үйлдвэр байгуулах асуудалд онцгой анхаарал хандуулж олон жил ярьж байгаа. Улс орны эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны түвшин талаас нь ч ач холбогдол өгч, зоригтой зорилт тавин ажиллах цаг тулан ирсэн. Ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Үүнийг дагаад үйлдвэрүүд олноор байгуулагдана, ажлын байр бий болно, техникийн дэвшил Нөу-Хоу нэвтэрнэ, долларын ханшны өсөлтийг хязгаарлана гэх мэт бололцоо боломжууд ирээдүйд харагдаж байна. Үйлдвэр байгуулагдсанаар, Монгол Улсын нефть хангамжийн салбар нь ард түмэндээ өгөөжөө өгсөн, эх орныхоо хөгжилд үнэтэй бас бодитой хувь нэмрээ оруулдаг  салбар болно.

 

НЕФТИЙН САЛБАРЫН “ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ” Ж.МАНЬБАДАР БОЛ ХУГАРАШГҮЙ НОЁН НУРУУ БАЙСАН...

 

-Би ахлах эдийн засагчтайгаа төлөвлөгөө хийнэ. Түүнийгээ Сангийн яаманд очиж хамгаалдаг байсан. Хамгаалж чадахгүй унана. Улсын төсөв дутна. Тэгэхээр нь “Нефтийн импортонд 10 мянгыг нэмчих” гээд л улсын төсөв задалчихна. Тэгээд захиралдаа загнуулдаг байж билээ. Манай захирал Ж.Маньбадар гэж хүн хариуцлагатай, зарчимч хүн байсан юм.  Манай нефтийн загалмайлсан эцэг л дээ. Энэ хүн бүхий л ажил амьдралаа нефтийн салбарт бүрэн зориулсан хүн. Харамсалтай нь энэ түүний гавьяаг төр засаг үнэлж, гавьяат шагнал олгож чадсангүй, бурхны оронд одсон доо. Нефтийн салбарынхан бүгд л энэ хүний гараас гарч, хүн болцгоосон. Үнэхээр шаардлага өндөртэй зарчимч, хугарашгүй ноён нуруу гэдэг бол  энэ хүн л байсан даа.

 

-Монголын нефтийн салбарын томоохон төлөөлөл “Сод Монгол Групп”  ХХК-д та дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Монгол Улсын Топ татвар төлөгч “Сод Монгол Групп” ХХК-ийн онцлог юу вэ.

 

-Сүүлийн дөрвөн жил би “Сод Монгол Групп” ХХК-д ажиллаж байна. Энэхүү группын Ерөнхийлөгч Ц.Анандбазартай бол 1995 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн  үед “НИК ТОС” компани “НИК” ХХК болсон. Би “НИК ТОС” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Харин Ц.Анандбазар манай охин компаниудын дунд бие даасан “ЛБЛ” төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байсан. Ц.Анандбазар бол залуу, басхүү асар их эрч хүчтэй хүн. Түүний залуу насны дуусашгүй эрч хүч, аагь нь өнөөдөр  энэ том группыг хөл дээр нь босгож, Монгол Улсын нефтийн салбарт өрсөлдөхүйц хүчтэй компанийг байгуулж чаджээ. Сайхан хамт олны дунд орж, өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ зааж, сургаж,  басхүү өөрөө бас суралцаж явна. Ц.Анандбазар бол сэтгэлгээний асар их хурдтай, бүтээгч бизнесмэн. Тиймдээ ч Монгол Улсад голлох үүрэг гүйцэтгэдэг нефтийн салбарт амжилт олсон.  Өнөөдөр 35 компани 1200 ШТС-аар Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. Энэ зах зээлд “Сод Монгол Групп” ХХК баттай байр сууриа олж чадсан. Бид сүүлийн нэг жилд үйл ажиллагааныхаа хүрээг тэлж хөдөө орон нутагт ШТС, шатахууны агуулах барьж, манайхан хүрч чадахгүй, борлуулалт хийх боломжгүй байсан 247 мянган тонн  бүтээгдэхүүн борлуулдаг зах зээл рүү орж чадлаа. Өнгөрсөн жил Дорнодод 5, Өвөрхангайд 2, Хөвсгөлд 3 ШТС-ыг агуулахтай нь барилаа. Энэ нь компанийн борлуулалтын хэмжээ, үйл ажиллагааны хүрээ, харилцагчдын тоогоор бусад компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх таатай боломж бүрдэж байгаа гэж харж байна. Цаашдаа хүрээгээ зогсолтгүй тэлнэ.

 

-Таны цаашдын амьдралд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.