2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Ярилцлага » Ч.Энхбат:Хөгжлийн банкны хуулийг яаралтай батлах шаардлагатай байна

Ч.Энхбат:Хөгжлийн банкны хуулийг яаралтай батлах шаардлагатай байна

Нийтлэлийн төрөл: Ярилцлага

 

 

МУХБ-ны Тэргүүн дэд захирал  Ч.Энхбаттай ярилцлаа.

-Хөгжлийн банкны тухай хууль УИХ дээр ид хэлэлцэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд Хөгжлийн банкийг төсвийн гадуур үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн төслийг боловсруулсан гэж шүүмжлэлтэй хандаж буй.  ОУВС-аас өгсөн “Монгол Улс олон төсөвтэй бус нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой” гэсэн зөвлөмжтэй нийцэхгүй хуулийн төсөл өргөн барьсан юм уу. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3,3 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байдаг. Тодруулж хэлбэл, 2015 он хүртэл улсын төсвөөс гадуур зам, гудамж талбайн засвар, дэд бүтцийн буюу төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг УИХ-аар батлуулалгүй, хяналтгүй санхүүжүүлж байжээ. Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг санхүүжүүлэх нь Хөгжлийн банкны санхүүгийн зохистой харьцаа, ашигт ажиллагааг бууруулах, мөн улсын төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байсан. Тиймээс тухайн үед сөрөг хүчин байсан МАН, ОУВС, Дэлхийн банк  Монгол Улс нэгтгэсэн нэг төсөвтэй байх ёстой гэсэн зөвлөмжийг өгч байлаа. Үр дүнд нь 2015 оноос эхлэн улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулах төсөл хөтөлбөрийн тухайн жилд санхүүжигдэх дүнг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон баталдаг болсон.

ОУВС-ийн тавьж буй нэг шаардлага  хэрэв цаашид Хөгжлийн банкаар төсвийн шинжтэй санхүүжилт хийхээр бол банкны бүх зээлийг төсөвт тусгах, нэг бол төсвийн шинжтэй зээлүүдээ салган авч, Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож банкийг зөвхөн санхүүгийн үр ашигтай, зээлээ эргэн төлөх боломжтой төсөл, хөтөлбөр санхүүжүүлдэг байлгах ёстойг анхааруулдаг.  Тиймээс Засгийн газар Хөгжлийн банкин дээр байгаа улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй бүх зээлийг Сангийн яаманд шилжүүлэх, Засгийн газар, Хөгжлийн банк хоорондын өр, авлагыг эцэслэн шийдвэрлэх, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж оны өмнө батлуулж авсан. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоолоор өмнө үүссэн бүх өр авлагыг эцэслэсэн. Тэгэхээр цаашид Хөгжлийн банкаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг хийхгүй болсон гэдгийг онцолж хэлмээр байна.

-Тэгэхээр Хөгжлийн банк төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй болсон гэсэн үг үү.

-Тиймээ, УИХ-ын өнгөрсөн онд баталсан тогтоолын дагуу төсөвтэй холбоотой бүх төсөл, хөтөлбөрүүдийг засагт шилжүүлсэн. Одоо манай баланс дээр зөвхөн арилжааны шинжтэй, төслийн орлогоос эргэн төлөгдөх боломжтой төсөл хөтөлбөрүүд үлдсэн байгаа.  Тодруулж хэлбэл, ОУВС-аас тавьж байсан нэг шаардлагыг биелүүлсэн гэсэн үг. Мэдээж, УИХ болон Засгийн газар шаардлагатай гэж үзвэл тодорхой төсөл, хөтөлбөрт зориулан улсын төсөвт хөрөнгө тусгаад Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх эрх нээлттэй. Хамгийн гол нь өмнөх жилүүдийн алдааг бид давтахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өр үүсгэж төсвийн шинжтэй санхүүжилтийг Хөгжлийн банк хийхгүй. Нөгөөтэйгүүр, УИХ-аас хөгжлийн тодорхой хөтөлбөрүүд батлаад Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх үүрэг өгч болно. Гэхдээ манай  банк өөрөө судлаад гагцхүү эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлээ эргэн төлөх боломжтой төслүүдийг сонгон санхүүжүүлнэ гэсэн үг. Ер нь гадаадын Хөгжлийн банкуудийг судлаад үзэхэд санхүүжилт нь улсын төсвөөсөө ангид байдаг.  Харин Засгийн газар, парламент нь Хөгжлийн банкаараа дамжуулж тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол түүнийгээ төсөвтөө тусган парламентаараа баталж өгдөг юм байна.  Хөгжлийн банк цаашид энэ жишгийн дагуу л ажиллахыг зорьж байгаа.

-Хөгжлийн банк тэгэхээр санхүүжилтийн эх үүсвэр хаанаас олж, төслөө яаж сонгох юм. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөн гарахгүй юу?

-Хөгжлийн банкны хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар Хөгжлийн банк УИХ-аас баталсан урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт нийцсэн төсөл эдийн засаг, санхүү, түүнчлэн нийгмийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Тухайлбал, Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт туссан төслүүдээс зээлээ эргэн төлөх боломжтой төслүүдийг сонгон санхүүжүүлнэ гэсэн үг. Эх үүсвэрээ өөрсдөө олж ирнэ. Санхүүжилтээ ч өөрсдөө гаргана. Манай улсын зээлжих зэрэглэл одоогийнхоос 3-4 шатлал дээр, эдийн засгийн өндөр өсөлттэй үед хэдэн жилийн өмнө Хөгжлийн банк ерөнхий нөхцөлтэй жилийн 5-6 хувийн хүүтэй зээл гадаад зах зээлээс босгож чадаж байсан. Харамсалтай нь, гадаад дотоодын хүчин зүйлсээс шалтгаалаад өнөөдөр  10-аас  бага хүүтэй мөнгө олдохооргүй байна. Гэхдээ хамтрагч гадаадын банк, санхүүгийн байгууллагууд тодорхой төслүүд дээр бага хүүтэй мөнгө зээлэн хамтран оролцох боломжтойгоо илэрхийлж байгаа.

-Санхүүжилт босгох бэлэн төсөл нь тэгээд бэлэн байгаа юу. Яг ямар төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа вэ. Учир нь Хөгжлийн банк бол Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгтэй том төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан шүү дээ?

-Өмнөх жилүүдэд гарсан том алдаа бол хэрэгжүүлэх бэлэн төсөл хөтөлбөргүй байж их хэмжээний хөрөнгө гаднаас босгож оруулж ирсэнд байгаа юм. Тодруулж хэлбэл, юу хийхээ мэдэхгүй баахан мөнгө зээлээд, болохоо байгаад ирэхээр арилжааны өндөр хүүтэй зээлээр баахан зам тавиад, гудамж талбай засчихсан. Өнөөгийн өр зээлийн дарамт үүнээс л үүдэлтэй. Тиймээс бид энэ алдаагаа давтахгүйн тулд эхлээд төслүүдээ бэлэн болгохын сацуу бизнес моделио өөрчилж байгаа. Өмнө Хөгжлийн банк төслийн  эрсдэлийг 100 хувь өөр дээрээ авч 100 хувь дангаар санхүүжүүлдэг байсан одоо бид төслийн 15-20 хувьд орж, үлдсэн хэсгийг нь төсөл санаачлагчаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас гаргуулж хамтран санхүүжүүлэх юм. Энэ нь төслийн ил тод байдал, санхүүгийн үр ашиг, хяналт, эдийн засагт үзүүлэх үр нөлөөнд чухал ач холбогдолтой юм. Бид өнгөрсөн 4 сарын хугацаанд яамд, төрийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, аж ахуйн нэгжүүд дээр байгаа 1100 гаруй төслүүдийг олон шалгуур, шүүлтүүрээр ангилж судалсны үндсэн дээр гадаадын банкуудтай хамтран санхүүжүүлж болохүйц 40 гаруй төсөлтэй болоод байгаа. Эдгээр төслүүд нь үндсэн дөрвөн салбар буюу хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, зам тээвэрт хуваагдаж байгаа.

-Хөгжлийн банкны шинэ хуулийн төслийг  ОУВС хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?

-Хөгжлийн банкинд өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газраас ажлын хэсэг  байгуулж шалгалт хийсэн. Шалгалтын дүгнэлтэд Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох, хяналт шалгалт, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж  дүгнэсэн байсан. Үүнийг засч сайжруулах, улс төр, төсвөөс хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Тиймээс гадаадын амжилттай яваа Хөгжлийн банкуудын хууль эрх зүйн орчин бий болгох зорилгоор УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон нэр бүхий 20 шахам гишүүд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл маш олон шалгуур, шүүлтүүрийг давж УИХ-аар хэлэлцэгдэж байгааг Та бүхэн мэдэж байгаа байх. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар яриа хэлэлцээр хийж байгаа Засгийн газар хэлэлцээрт саад болох тэс хөндлөн хуулийн төслийг дэмжээд УИХ-д өргөн бариулахгүй нь лавтай. УИХ-д өргөн баригдсаны дараа Эдийн засгийн байнгын хороон дээр Ж.Ганбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хуулийн төсөл дээр маш нухацтай ажиллаж, шүүсийг нь дахиад шахаж өгсөн. Ажлын хэсгээс Сангийн яамныханд чиглэл өгч хуулийн төслийг орчуулж ОУВС-аас саналыг нь авсан. ОУВС-аас хуулийн төсөлд нийт 18 санал ирснийг нь их бага хэмжээгээр бүрэн тусгасан. Хамгийн сүүлд өчигдөр банкны удирдлагууд ОУВС-ийн төлөөлөгчидтэй уулзсан.Тэдний зүгээс манай хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй санал дахиж өгөөгүй. Уулзалтын үед өгсөн зөвлөмж гэвэл Хөгжлийн банк санхүүгийн үр ашигтай, зээлээ өргөн төлөх боломжтой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой шүү гэж байсан.

-Зарим гишүүд хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж байсан. Танай банк бол яаралтай батлуулах сонирхолтой байх шиг, тийм үү?

-Хуулийг хойшлуулахгүй батласнаар цаашид ажиллах эрх зүйн орчин маань илүү тодорхой, хяналттай, хариуцлагатай, ил тод, гаднаас эх үүсвэр татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх юм. Эдийн засгийн энэ хүнд үед бид аливаа асуудлыг хойш тавилгүй цаг хугацаатай уралдаж шийдвэрлэж байх хэрэгтэй гэж хувь хүний хувьд бодож байна. Асуудлыг хойш тавьж, хариуцлагаас зугтаж, шийдвэр гаргах хурд, зориг зүрхгүй байвал бид өнөөгийн хямралд нөхцөл байдлыг улам даамжруулах эрсдэлтэй.

Хууль шинэчлэн батлагдсанаар “Хөгжлийн банкны эрх зүйн орчин сайжирсан цаашид шинэ хуулийн дагуу үйл ажиллагаагаа зохистой явуулах боломж бүрдэнэ” гэдэг мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэж, улмаар олон улсын санхүүгийн зах зээл дээрээс шинээр эх үүсвэр татах боломж нэмэгдэнэ.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг татах, шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэхэд хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.