2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Т.Аюурсайхан: Хэн нэгнийг сольж, халах нь шинэчлэл биш гэдэг нь хариуцлагаас зугтсан хүмүүсийн арга

Т.Аюурсайхан: Хэн нэгнийг сольж, халах нь шинэчлэл биш гэдэг нь хариуцлагаас зугтсан хүмүүсийн арга

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ
МАН-ын Бага хурал саяхан болж өнгөрсөн. Энэ хурлыг хэрхэн дүгнэж байгаа вэ? 
-Бид Их хурлын төлөөлөгчийн тоог 720 гэж байсныг шахан шаардсаар 1134 болгосон. Мөн хэлэлцэх асуудлыг өргөн хүрээнд байлгахаар тогтож, ажлын хэсэгт Шинэчлэлийн хорооныхон болон намын ахмад, залуу, дунд үеийн эрдэмтэн судлаачдыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оруулж, Их хуралдаа илтгэл тавиухаар болсон нь Бага хурлын ололт нь мөн. Гэхдээ Бага хурлаар бидний шахан шаардаж байсан нам өмнөх сонгуулиудын үр дүнг нээлттэй, чөлөөтэй ярилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх. Намын нэр хүндийг нийгэмд унагаасан, гэмт хэрэгт нэр нь холбогдож шүүхээр тогтоогдсон энэ хүмүүсийн асуудал. Түүнчлэн сонгуулийн үеэр намын эсрэг ажилласан гишүүдийг ярина гэж байсан. Гэвч харамсалтай нь Бага хурлаар ярьсангүй. Бид намын шат шатны удирдлагуудын хариуцлагын асуудлыг хатуу шаардсан. Мөн намын даргыг сунгаагаар тодруулах ёстой гэсэн шаардлага тавьсан ч эдгээрийг Бага хурал дээр төдийлөн шийдэж чадсангүй. 

-Ямар учраас шийдээгүй юм бол? 
-МАН-ын Бага хурлын уур амьсгал нам доторхи далд бүлэглэлүүдийн зөрчил, тэмцэл. Эцэс сүүлдээ тохиролцооны үндсэн дээр бүрэлдсэн байсныг хэлэхийг хүсэж байна. Нам дотор байгаа далд бүлэглэлүүд энэ маягаар явахын бол асар их хохиролтой гэж үзэж байгаа. Нэгэнтээ далд бүлэглэлүүд байгааг ил болгоод, үйл ажиллагааны хатуу зарчим, журмыг тогтоогоод намынхаа төлөө бодлого, үйл ажиллагаагаараа өрсөлддөг. Хариуцлага тооцдог, үр дүнгээр нь урамшуулдаг дэлхийн олон улсад байдаг фракцийн системийг улс төрийн соёл маягаар дэвшүүлэх энэ зарчмыг намдаа хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэвэл далд бүлэглэлийн үйл ажиллагаагаа эцэс сүүлдээ намын хойч үед муухай шинж төрөх, агуулгаар баяжуулагдан өвлөгдөж байгааг бодолцох, таслан зогсоож, зөв хэлбэрт оруулах хэрэгтэй. Шинэчлэлийн хорооны зүгээс орон нутаг, нийслэлийн дүүргүүдээр ажиллан намын даргад хэн байж болох, хэн байж болохгүй вэ, ямар хөтөлбөртэй хүнийг дэвшүүлэх хэрэгтэй гэдэг саналыг санаачилгаараа авч ажиллахаар болсон. 

-Танай намын зарим гишүүн Бага хурлын дараа "Бид анх тавьсан зорилгодоо хүрлээ” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Та болохоор Бага хурлын уур амьсгал далд бүлэглэлүүдийн зөрчилдөөнтэй болсон гэлээ. Тэгэхээр та нарын санаа бодол зөрчилдөөнтэй, дотроо хагаралдаантай гэсэн хардлага төрүүлж байна? 
-МАН-ын Шинэчлэлийн хороог байгуулаад жил гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд намын жирийн гишүүдийнхээ захиалгаараа МАН-ын бодлого, дүрмийн өөрчлөлт бүхий бодлого, шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. МАН-ын Шинэчлэлийн хороо өнгөрсөн сарын 1-ээс наймдугаар сарын 5-ны өдрүүдэд Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнд нэгдэж, дэмжиж ажилласан байгаа. Хөдөлгөөнийг дэмжиж, нэгдэж ажилласан нь намын Бага хурлыг хуралдуулах, Их хурлыг зарлахад оршиж байсан. Бид зөвхөн жирийн гишүүдийнхээ захиалгатайгаар бодлого, шинэчлэлийн хөтөлбөрөө хэн нэгэн даргын чиглэлгүйгээр батлуулж, хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. 

-Бага хурлын дараа шинэчлэгч залуучууд сул оролцсон гэсэн шүүмжлэл гарсан. Магадгүй энэ нь Бага хурлыг хуралдуулах гэж яаравчилсантай холбоотой юу? 
-Шинэчлэлийн хорооны зүгээс намын даргыг сунгаагаар тодруулах, Их хурлын төлөөлөгчийн тоог нэмэгдүүлэх. Мөн намын дарга, Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрох асуудлыг тууштай тавьж ажилласан. Түүнчлэн өмнөх сонгуулиудын үр дүнг ярихыг болон сонгуулийн үеэр намын эсрэг ажилладаг гишүүдийн хариуцлагын асуудлыг хөндсөн. Харин Бага хурлаар үнэхээр нам доторхи далд бүлэглэлүүдийн хувилдааны үндсэн дээр хариуцлага, албан тушаалыг хуваарилах, мөн наймаалцах шулуухан хэлэхэд дараагийн даргыг сонгох, түүний дор ажиллах багийг томилох энэ үйл ажиллагаа хамгийн хортой хэлбэрээр явагдсан. Үүний эсрэг Шинэчлэлийн хороо тууштай ажилласан. Бид намын дарга болон удирдлагуудыг огцруулж, энэ намыг удирдлагаар хангах эрхийг Бага хурлаас байгуулагдсан ажлын хэсэгт шилжүүлэх шаардлагыг тавьсан. Түүнээс биш оронд нь хэн нэгэн дарга, түүний дор ажиллах багийг сонгохын төлөө ажиллаагүй. Энэ сонгох эрхийг намын нийт гишүүд эдлэх ёстой. Эцэст нь намын Их хурлаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр сууринд дээр хатуу ажилласан. 

-Нэр бүхий УИХ-ын гишүүд Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнд ажиллаж байгаа юу? 
-Нэгдсэн хөдөлгөөний үйл ажиллагааны талаар мэдээлэлгүй байна. Шинэчлэлийн хороо намынхаа шинэчлэлийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. 
-Ингэхэд далд бүлэглэлүүдийн хувилдаан нэгэнт байгаа нь намыг шинэчлүүлэхгүй гэсэн санаархал уу? 
-Сүүлд сонгогдсон намын дарга нарыг Их хурлаар биш Бага хурлаар эрх шилжүүлэх маягаар хэдхэн хүн хоорондоо тохиролцож, шийддэг болсон нь үнэн. Яг үүнийг дагаад бусад шатны удирдлагыг энэ маяг томилж, сонгодог зарчимд шилжсэнд бид буруу шааж байгаа. 

-Их хурлаас юуг хүлээж байгаа вэ. Намын даргад М.Энхболдыг дэвшүүлнэ гэж ярьж байна? 
-Их хурлаар хэлэлцэх олон асуудлын нэг нь намын дарга байх болно. Намын даргаас гадна Шинэчлэлийн хорооноос МАН-ын бодлого, шинэлчлэлийн хөтөлбөрийг хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Бид намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт, мөн шинэчлэлийн томоохон бодлогын тунхаг бичгийг батлахаас гадна МАН сөрөг хүчин болж яаж ажиллах ёстой вэ, ард иргэдийн дунд хэрхэн ажиллах уу. Нийгэм, эдийн засгийн амьдралд яаж оролцох, салбар салбараар хөгжлийн бодлогыг тодорхойлох энэ асуудлыг хэлэлцэж, бодлого гаргах нь чухал гэж үзэж байгаа. Бид үүний төлөө ажиллана. МАН-ын даргыг Их хурлаар сонгодог дүрэмтэй. Гэсэн ч нийт гишүүдээс намын дүрэмд тодорхойлсон "Намын удирдлыг сонгох, саналаа өгөх, санал болгох, дэвшүүлэх эрх”-ийн хүрээнд асууна. Өөрөөр хэлбэл намын даргад өрсөлдвөл хэнийг дэмжих боломжтой вэ, хэн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг саналыг авна. Эцсийн үр дүнд 2016 он гэхэд бидний шинэчлэлийг улам гүнзгийрүүлсэн, ард иргэдийн илтгэлийг олсон, хүчтэй сөрөг хүчин болох удирдлагаар хэн байж болох. Энэ намыг 2016 оны сонгууль руу авч явахад хэн унагаах вэ гэдгийг ч зэрэгцүүлэн асууж, тодруулан Их хурал дээр асуудлыг тавина. Их хурлын төлөөлөгчийн тоог 1134 болсон нь харьцангуй ардчилалтай, эрүүл шийдвэр гаргах суурь нөхцлийг бүрдүүлнэ гэж бодож байна. Зарчмын асуудлуудыг санал хураалтаар шийдэх ёстой. Ямарваа нэгэн байдлаар санал хураалтыг хаах, эсэргүүцэх, болиулах, намын талаархи хариуцлагын асуудлыг ярихгүйгээр дарж болохгүй. Үүн дээр бид хяналт тавьж ажиллах үүрэгтэй. 

-Хэн нэгнийг халах, нэг хүнийг нөгөөгөөр солих нь шинэчлэл биш гэж үзэх хүмүүс бий. Та үүн дээр хэрхэн хандаж байгаа вэ? 
-Хэн нэгнийг солих нь шинэчлэл биш гэдэг нь хариуцлагаас зугтсан хүмүүсийн явуулж байгаа яриа гэж би ойлгож байна. Эцсийн эцэст шинэчлэлийн бодлого зориултуудыг хэрэгжүүлэгч нь хүн байдаг. Тэгэхээр бид Их хурлаараа чөлөөтэй, нээлттэй ярьж байгаад шинэчлэлийн томоохон зорилго, зорилтыг батлаад үүнийгээ хэрэгжүүлэх чадвартай хүмүүсийг сонгох ёстой. Тиймээс хүний асуудлыг заавал ярих ёстой. Өнгөн дээрээ хүний асуудлыг ярих ёсгүй, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж цэцрэхдэг боловч энэ бол цэвэр хэн нэгний цагуур нуугдах, арьсаа хамгаалах гэсэн ийм үйлдэл гэж үзэж байна. Тэгэхээр хүнийг нь ч, бодлогыг нь ч ярина. Энэ хоёрыг хослуулж ярих ёстой. 

-МАН-ын ахмадууд шинэчлэл гэж хэтэрхий туульширч байгаа гэх нь бий шүү дээ? 
-Бид ахмад, дунд, залуу үеийнхэ санал бодлыг тусгасан. Намын удирдлагад ажиллаж байсан ахмад, дунд үеийн төлөөллөөс байнга саналыг авдаг. Тэд манай Шинэчлэлийн хороог шүүмжлэх үедээ шүүмжилж, дэмжихдээ дэмждэг. Бидний үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. МАН-ын бодлого, шинэчлэлийн хөтөлбөрийн гол захиалагчид нь намын жирүүн болон ахмад гишүүн байгаа. 

-Таван сонгуульд МАН ялагдал хүлээсэнд залуучууд шүүмжлэл тавьж байгаа. Энэ ялагдлуудын алдаа юун дээр байсан бол? 
-Намд дотор бухшсан маш олон асуудал байгаа. Нэгдүгээрт, намын эв нэгдэл, хоёрдугаарт, нам доторхи далд бүлэглэлүүдийн зөрчил, тэмцлийн асуудал байдаг. Гуравдугаарт, нийгэм, ард иргэдээсээ тасарсан, тэднийг мэдэрдэггүй болсон намын удирдлагын асуудал. Дөрөвдүгээрт, намын оновчгүй бүтэц, зохион байгуулалтын зүйл бий. Тавдугаарт, нийгэмд намыг муухай харагдуулаад байгаа өндөр албан тушаалд томилогдсон ч гэмт хэрэгт нэр нь холбогдсон, шүүхээс гэм буруутай нь тогтоогдсонд байгаа. Түүнчлэн жирийн гишүүдийн саналыг намын бодлого шийдвэрт тусгадаггүйгээс болж удаа дараагийн сонгуульд амжилтгүй оролцсонтой холбоотой. 

-Ярилцсанд баярлалаа. 


С.МӨНХБАЯСГАЛАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn