2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » УИХ » О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтлэлийн төрөл: УИХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаан 14 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны эрх зүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байсаар байна. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага нь зөвхөн төрийн босоо тогтолцоонд үйлчилж байгаа бөгөөд хэвтээ тогтолцоо буюу улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тодорхойгүй үлджээ. Иймээс сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон байна. Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулах, харин улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2, эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.

Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн агаад хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж тодруулсан бол хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Батзориг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлал нь төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйг сайжруулах, тэдэнд хүлээлгэх хариуцлагын механизмыг тодорхой болгоход чиглэж байгаа хэдий ч энэ асуудлыг төсөлд тусгасан шиг механик байдлаар шийдэх боломжгүй, мөн Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн, төрийн албыг тогтворгүй болгох, орон нутагт улстөржилтийг улам дэвэргэж мэдэхээр заалтууд ч төсөлд тусгагдсан байна. Мөн холбогдох хуулиудад нь нэмэлт, өөрчлөлт оруулж боловсронгуй болгох замаар асуудлыг шийдэх боломж бий, түүнчлэн хариуцлагын механизмыг суулгаж өгсөн хуулийн заалтууд олон байгаа тул хуулийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг улс төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох гол хэлбэр нь улс төрийн сонгууль байдаг, гэтэл маргаан дагуулах асуудлыг завсраар нь оруулж ирж байгаа нь буруу гээд хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах горимын санал гаргасан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд энэ төсөлд дан ганц Улсын Их Хурлын гишүүн биш сонгогдсон болон томилогдсон төрийн бусад өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудал тусгагдсан байгаа. Хариуцлагын тухай асуудал нийгэмд чухлаар тавигдаж байгаа учраас энэ удаад хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалгүйгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж, энэ хооронд улс төрийн намуудад ярилцаж зөвшилцөх, төрийн бус байгууллагууд саналаа солилцох, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгох замаар асуудалд нухацтай хандаж нягтлаад амжвал хаврын чуулганаар хэлэлцүүлэх санал гаргасан юм. Ингээд Улсын Их Хурлын Н.Энхболдын гаргасан саналаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь дэмжлээ.

О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагч илтгэлдээ, монгол үндэсний сурын харвааны хөгжил өнөө үед өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн улам их болж байна. Өнгөрсөн 94 жилийн хугацаанд дархан мэргэн цолыг ганцхан харваач хүртсэн нь үүний илрэл юм. Иймээс харваачдын 15 дугаар их хурлаас гаргасан шийдвэр, харваачдын санал, хүсэлтийн үндсэн дээр харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын үүднээс сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаа өнөөгийн практикийн өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор хуулийн төсөлд тусгасан тухайгаа танилцуулсан юм. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд цолны болзол хангасан харваачдад цолыг нөхөн олгох үүднээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат ер нь цаашдаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийг цогцоор нь авч үзэж сайн нягталж судлаад энэ хуулийг хүчингүй болгох шаардлагатай, тамирчдад цол, зэрэг олгох асуудлыг заавал хуулиар зохицуулах биш тухайн спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгуулагууд нь өөрсдөө шийдээд явдаг байх нь зөв, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ урьд нь спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд нь баяр наадмаа зохион байгуулж, тамирчдадаа цол, зэрэг олгоод ирсэн байдаг. Гэтэл эрх мэдлийг нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч татан авч заавал хууль гаргаж, Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог болсныг эргэн харж цэгцлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.

Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь дэмжив.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүнээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад анхдагч хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 22, дагалдаж өргөн баригдсан хуулийн төслөөр гурван санал бэлтгэсэн байна. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Энэ зүйлийн 5.1-д заасан зарчмыг зөрчиж зөвлөлдөх санал асуулгын үр дүнд нөлөөлөх, санал асуулгын дүнг санаатайгаар гуйвуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 5.2 дахь хэсгийг нэмэх, төслийн 6.3 дахь хэсгийг “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 6.1-д зааснаас бусад асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулж болно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 11.11 дэх хэсэгт “Энэ зүйлийн 11.4-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна” гэж нэмэх, төслийн 11 дүгээр зүйлд “Энэ хуулийн 11.10.4 дэх заалтад заасан хөтлөгч нь өөрийн байр сууриа илэрхийлэх, өөр мэдээлэл өгөх зэргээр хэлэлцүүлэгт оролцож нөлөөлөхийг хориглоно” гэсэн агуулгатай 11.15 дахь хэсгийг тус тус нэмэхээр тогтов. Түүнчлэн зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гарах зардлыг улсын төсөв, орон нутгийн төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр өөрчлөн найруулахыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдааны эцэст тус Байнгын хорооны 2016 оны 07 тоот тогтоолын хэрэгжилтийн талаархи танилцуулгыг сонсож танилцав. Тус Байнгын хороо МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хороо, хамт олноос ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын хэсэг гаргаж Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, ерөнхий захирал хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг, мөн төрийн холбогдох мэргэжлийн байгууллагууд МҮОНРТ-ийн үйл ажиллагааг шалгасан талаархи дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцээд Байнгын хорооны 2016 оны 07 тоот тогтоолоор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмж, Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлынхаа талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс Байнгын хороонд танилцуулга ирүүлсэн байна.

МҮОНРТ-ийн үйл ажиллагааг шалгаж танилцаад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, мөн тус байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежментийн байдалд төрийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хийсэн шалгалтын мөрөөр илэрсэн алдаа дутагдлыг засах, дахин давтахгүй байх, хариуцлага, сахилгыг сайжруулах чиглэлээр Үндэсний зөвлөл зарим тодорхой арга хэмжээ авч эхлээд байгаа. Тухайлбал, өмнөх ерөнхий захирал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул сонгон шалгаруулалтын үндсэн дээр шинэ ерөнхий захирлыг томилж, байгууллагын дотоод журам, Үндэсний зөвлөлөөс ерөнхий захиралтай байгуулах Хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа, МҮОНРТ-ийн хэмжээнд хэрэгжүүлэх “Сайн засаглал” хөтөлбөр баталсан зэргийг дурдсан байна. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг боловсронгуй болгох, байгууллагын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн зарим саналаа илэрхийлжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Ундармаа, Ж.Мөнхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Эцэст нь Байнгын хорооны дарга Н.Энхболд олон нийтийн радио, телевиз нь өөрийн гэсэн хуультай байгууллага учраас Үндэсний зөвлөлөөс тавьсан саналуудыг анхаарч судалж үзэх, цаашид тус байгууллага нь хуулийн хүрээнд бие дааж хараат бусаар ажиллах, нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад Байнгын хороо анхаарч ажиллах болно. Шаардлагатай гэж үзвэл Байнгын хорооны гишүүд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл санаачилж болох юм гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.