2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ерөнхий сайд Төв аймгийн Баянчандмань, Борнуур суманд ажиллалаа

Ерөнхий сайд Төв аймгийн Баянчандмань, Борнуур суманд ажиллалаа

Нийтлэлийн төрөл: Засгийн газар

 

Манай улсад сүүний үхрийн 1472 фермер байгаагийн 30 гаруй нь Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрийн нэг “Монтаримал” ХХК-ийн үхрийн фермерийн ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч ням гаригт танилцлаа.

 

Манай улс 5-6 жилийн өмнө дотоодын ялангуяа, хот суурин газрын сүүний хэрэгцээнийхээ 10 орчим хувийг л хангадаг байсан бол хот орчимд ийм фермерүүд нэмэгдсэнээр энэ тоо 30 хувьд хүрээд байгаа ажээ. Илүү ч нэмэгдэх боломж, нөхцөл бүрдсэн гэдгийг салбарын удирдлагууд хэлж байлаа.

 

Жилд 370 гаруй тн сүү, 7 тн мах болон үржлийн 50 гаруй мал борлуулдаг “Монтаримал” ХХК 2011 оны улсын шилдэг фермер юм байна. 1992 онд 12 үнээтэйгээр аж ахуйгаа эхэлж байсан тус компани өдгөө Канад, Франц, Герман, Чех, Хятадаас гаралтай хар тарлан, бор, алатау, норманд зэрэг үүлдрийн 300 гаруй үхэртэй болжээ. Сүү, махнаас гадна үржлийн өсвөр мал бойжуулж борлуулдаг, сүүгээ эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлдэг. Мөн тэжээлийн үйлдвэртэй. Нийт 25 га усалгаатай, 200 га усалгаагүй тариалангийн талбайд тэжээлийн манжин, овъёос, судан өвс, вандуй зэрэг тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо, улаан буудай тариалж, малын тэжээлээ бүрэн бэлтгэдэг гэж компанийн захирал Р.Цогтбуян Ерөнхий сайдад танилцууллаа.

 

 

Цаашдаа малчдаа дэмжиж, фермерийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд дотоодын зах зээлээ хамгаалж сүү, сүүн бүтээгдэхүүний импортод хязгаар тавих нь зөв гэдэгт тэд санал нэгдэж байлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,

 

-Аймаг, орон нутгийн 50 орчим хувьд нь өвөлжилт хүндрээд байна. Өвөлжилт хүндэрсэн газарт Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Малчид маань ч энэ хүндрэлийг хохирол багатай туулахын төлөө ажиллах учиртай. Фермерийн аж ахуй учраас “Монтаримал” шиг компани, фермерийн хувьд хүндрэл бага байна. Үлгэр болох фермерийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид сайжруулах зүйлс байна, Засгийн газар энэ чиглэлд анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд хэллээ. Сүүлийн үед “Монтаримал”-ын үлгэрээр хот орчимд фермерүүд байгуулагдаж сүү, махны хэмжээ нэмэгдэж байгааг салбарын яамны удирдлагууд хэлж байлаа.

 

 

Д.Амарсайхан: Мал маллаж төрсөн нутагтаа өөрийн тааваар амьдрах боломж байна

 

Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн малчин Дондовын Амарсайхан энэ өвөл мал бэлчээрт гарахад хэцүү, цас ихтэй байна. Гэхдээ өвс тэжээл хангалттай сайн базааж авсан тул өвлийг өнтэй давж байна. Намар бэлтгэсэн тэжээл маань ирэх дөрөвдүгээр сар хүртэл хангалттай хүрэлцэнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай ярилцахдаа хэлж байлаа.

 

1992 онд саалийн нэг үхэр, таван хонь, азарга адуутай мал дээр гарч байсан Д.Амарсайханых өдгөө 600 гаруй толгой малтай болжээ. Тэднийх үхрээ сүү, адуугаа хурд, хонио махны чиглэлээр өсгөдөг. Нутгийнхан нь тэднийхийг малын тоо биш чанарт анхаардаг гэж ярих ажээ.

 

 

Д.Амарсайхан: Хүн хөдөлмөрлөж л байвал үр шимийг нь заавал хүртэнэ. Малын тоо чухал биш. Нэг үхэр тэжээх, хоёр үхэр тэжээх хоёрт эдийн засгийн хувьд эрс ялгаа бий. Жирийн хоёр үхэр тэжээж байснаас сүүний чиглэлийн нэг үхэр тэжээх нь амьдралд илүү өгөөжтэй, ач тустай. Манай үнээнүүд нэг саамаар 8-10 литр сүү өгдөг. Манайх “Сүү” компанитай гэрээтэй, тэд жилийн турш манайхаас ирж сүү авдаг.  Өнөөдөр литр сүүгээ 900 төгрөгөөр нийлүүлж байна. Манайх зөвхөн сүүнээс л гэхэд жилд 10 гаруй сая төгрөгийн ашиг олдог. Махны чиглэлийн хониноосоо мөн ийм хэмжээний ашиг олчихно. Малынхаа үүдэр угсаа, арчилгаа маллагааг сайжруулж, ашиг өндөртэй мал маллаж буйнхаа шимийг хүртэж байна аа. Малаа тоонд бариулдаггүй, эргэлтэд оруулдаг. 600 толгой малтай байхад л таван хүүхэдтэй манай өнөр гэр бүлд хангалттай хүрэлцдэг гэж ярилаа.

 

Мөн манайх сард хоёр сая гаруй төгрөгийн цалинтай дүйцэх орлоготой. Солонгос зэрэг гадаад улс оронд хүний эрхэнд ажиллаж байхаар төрсөн нутагтаа өөрийн тааваар амьдрах боломж байна гэдгийг залууст хэлье гэж малчин Д.Амарсайхан ярилаа.

 

Эднийх энэ хугацаанд гурван өрхийг 100 бог, арван бодоор малжуулжээ. 

 

Ж.Эрдэнэбат: Тооны хойноос биш малын чанар, ашиг шимийг харж малаа өсгөөсэй

 

 

Төв аймгийн Баянчандмань, Борнуур суманд ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэрээ хэвлэлд ярилцлага өглөө.

 

Тэрээр, малчин Д.Амарсайханых бэлчээрийн даацдаа тохирсон тооны малтай, чанартай мал өсгөж үржүүлэх нь зүйтэй гэдгийн үлгэрийг үзүүлж байна. Тооны хойноос хөөцөлдөж биш малын чанар, ашиг шим, өгөөжийг харж, энэ үлгэрээр малаа өсгөөсэй гэж нийт малчдаасаа хүсч байна.

 

Монгол малын мах хамгийн амттай, сайхан гэдгийг бид мэддэг. Гэтэл өөр бусад орны хүмүүс мэдэхгүй. Ийм учраас олон улсын стандарт шаардлагад нийцсэн мал аж ахуйг бид хөгжүүлэх ёстой. Эрүүл малтай байж гэмээ нь манай малын мах чанартай, амин дэм ихтэй гэдгийг сурталчлах учиртай. Тиймээс ч мал эмнэлгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, малаа эрүүлжүүлэх нь ойрын зорилт юм.

 

Засгийн газар малын гаралтай түүхий эдээ борлуулъя, мах экспортолъё гэж зорилт тавьсан ч дэлхийн зах зээлд худалдаалах бололцоогүй байна. Малаа эрүүлжүүлж байж бидэнд ийм боломж бүрдэнэ.

 

Хоёрдугаарт, гаднын хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэж чаддаг байх ёстой. Үүний тулд Засгийн газар ажиллана гэлээ.

 

 

-Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд иргэдийг малжуулах ажлыг Засгийн газар зохион байгуулна гэж ярьж байгаа.

 

-Бидний сая уулзсан Амарсайханых л гэхэд гурван айлыг малжуулжээ.  Одоо нэг туслах малчинтай гэж байна. Нэг малчин гурван айлыг малжуулж гаргаж байна гэдэг нь Засгийн газар зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулбал ямар нөөц бололцоо байгааг харуулж байна. Утаатай тэмцэх асуудал бол зөвхөн зуух, түлш сольж, цахилгаанжуулснаар бүрэн шийдэгдэхгүй. Иймээс иргэдийг орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах зэрэг үйл ажиллагааг зэрэг явуулж байж бид агаарын бохирдлыг бууруулна.

 

-Фермерийн аж ахуйг дэлхийн жишигт хүргэхийн тулд төр засаг бодлогоор хэрхэн дэмжих вэ?

 

-Манай улс жижиг зах зээл. Тийм учраас бид 70 сая малынхаа ашиг шимийг экспортлох асуудлыг шийдэх ёстой. Экспортлохын тулд малаа эрүүл байлгах ёстой. Бидний бүтээгдэхүүнийг авч хэрэглэх улс орон, хэрэглэгч маань ямар стандарт шаардаж байна, тэр стандартыг бид бүрдүүлэх ёстой гэлээ.

 

Л.Баяртулга: 2000 гаруй залуусыг малжуулах хөтөлбөрт хамруулна

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга

 

- Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажлын байр маш олон байна. Хот орчимд хөдөө аж ахуйг эрчимжсэн байдлаар, алслагдсан бүс нутагт бэлчээрийн аж ахуйг дэмжиж хөгжүүлэх нь чухал. Саалийн цөөхөн үнээтэй хэдий ч ахуй амжиргаагаа нь аваад явах боломж байна. Хот, суурин газар, сум орон нутагт ажил хайж байгаа залуучуудад дэмжлэг үзүүлж Засгийн газраас малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2000 гаруй залуусыг энэ хөтөлбөрт хамруулна.

 

Хөдөөнөөс хот руу шилжсэн нүүдэл ялангуяа, залуусын дунд их байсан. Одоо хөдөө орон нутагт очиж ажиллая, мал аж ахуй эрхэлье гэсэн хүсэл тэмүүлэлтэй залуус олон болж байна. Ийм залуусыг Засгийн газраас дэмжинэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.