2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Ч.Энхбат: Улстөрчдийн хувийн тоглолт хөрөнгө оруулагчдыг үргээхэд нөлөөлсөн

Ч.Энхбат: Улстөрчдийн хувийн тоглолт хөрөнгө оруулагчдыг үргээхэд нөлөөлсөн

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Ярилцлага

Эдийн засагч Ч.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа

 

-Манай эдийн засгийн байдал хүндэрлээ гэж шуугиж байна. Үүнийг эдийн засагч хүний хувьд юутай холбоотой гэж үзэж байна вэ?   

 

Манай эдийн засгийн байдал хүндэрсэн нь олон тоо баримтаас тодорхой харагдаж байна. Жишээлбэл гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурлаа.Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөгт хүрэх магадлалтай байна. Валютын ханш төгрөгийн эсрэг 18 хувиар чангарсан үзүүлэлт гарсан.Энэ нь үнийг хөөрөгдөх иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Үүнийг миний хувьд Монгол Улс хөгжлийн цогц бодлогогүй байгаатай холбоотой гэж үздэг. Өнгөрсөн онд МАН  “Ард түмний хөгжлийн цогц бодлого” гэсэн хөтөлбөр гаргасан. Харин эрх баригч нам “Монгол хүн 2020” гэсэн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрийг судлах гэхээр тодорхой бодлогын баримт бичиг олдохгүй байгаа юм.  Бодлогын баримт бичиг АН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдсан байх гэж бодож байна. Харин МАН-аас гаргасан хөгжлийн хөтөлбөрийг жил гаруйн хугацаанд салбар бүрийн эрдэмтэн, судлаачид хамтарч эдийн засгийн нарийн тооцоо судалгааны үндсэн дээр гаргасан. Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан уг хөгжлийн хөтөлбөрийг улам боловсронгуй болгох шаардлага үүсч байна. Үүнтэй холбоотойгоор намаас хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Дэлхийн олон орон өөрийн орны хөгжлийг урт, богино хугацаатай төлөвлөдөг.  Уг хөтөлбөрийнхөө дагуу системтэй хөгждөг.  Манай хоёр хөрш ч хөгжлийн хөтөлбөрөө гаргаад түүнийхээ дагуу явж байна. Тухайлбал, ОХУ гэхэд 2012 онд 2020 он хүртэлх стратегийн хөтөлбөрөө гаргасан. Өмнө нь 2008 онд хөгжлийн  хөтөлбөр гаргаж байсан ч эдийн засгийн хямралын үетэй давхцсан учраас шинэчлэх шаардлагатай болсон. Шинэ хөгжлийн бодлогоо маш их судалгаа шинжилгээний үндсэнд гаргаж тавьсан.

 

-МАН-аас боловсруулж буй хөгжлийн хөтөлбөр ямар ач холбогдолтой, хэдэн үе шаттайгаар хэрэгжих вэ?

 

Бид хөгжлийн хөтөлбөрөө 2012-2031 он хүртэл гаргасан байгаа. Гурван үе шаттай. Салбар бүрт ажиллаж байгаа эрдэмтэн судлаачидтай хамтран тухайн салбараа хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдгийг зангидаж өгснөөрөө онцлог болсон. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл  байдалтай холбоотойгоор бид  хөгжлийн хөтөлбөрөө улам сайжруулах шаардлагатай болсон. Ер нь хэт урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах хэрэггүй юм байна гэж судлаачид үзэж байгаа. Тиймээс  дөрөв, найман жилийн хугацаатай хөтөлбөр гаргаад үүнийгээ хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн. Манай хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг дотроо эдийн засаг, нийгэм, засаглалын гэсэн гурван дэд хэсэгтэй.

 

-Төрийн залгамж чанар алдагдсан нь хөрөнгө оруулагчдыг үргээхэд нөлөөллөө гэж судлаачид үзэж байна. Үүнтэй санал нийлэх үү?

 

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж 1990 оноос хойш  маш их хичээсэн. 1990-2012 оны хооронд манай улсад нийт 14 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний 80 хувь 2008-2012 оны хооронд орж ирсэн бол 74 хувь нь уул уурхайн салбарт орсон байдаг. Сүүлийн хорин жилийн хугацаанд бий болгосон хөрөнгө оруулалтын таатай хандлагыг улстөрчдийн хувийн тоглолт, тогтворгүй бодлогын балгаар үгүй болгоч байна. Бодит амьдралд нийцэхгүй хөрсөнд буугаагүй хууль тогтоомжоос  болж гадаадын  хөрөнгө оруулагчид манайхаас үргэж байна. Нөгөөтэйгүүр гаднын хөрөнгө оруулагч, бизнесменүүд манай улстөрийн нөхцөл байдал тогтворгүй гэж үздэг. Нэг улстөрийн нам засаг барихаараа өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан бодлогыг  үгүйсгэдэг. Төрийн бодлогын залгамж чанар  алдагдсан гэдэгтэй санал нэгтэй байна. Ийм байдал нь гаднын хөрөнгө оруулагчид манайхаас зайгаа барьж, жийрхэх, мөнгөө оруулчихсан хэсэг нь яах учраа олохгүй хүндхэн байдалд байна.

 

-Манай эдийн засаг өнөөгийн байдалд хүрэхэд юу нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?

 

Эдийн засгийн хүндрэл иргэдийн амьдралд мэдрэгдээд эхэлчихсэн байна. Тиймээс гаднын хөрөнгө оруулалтыг татах талаар дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаадаас орж ирэх валютын  урсгал багасаад бидний хэрэглээ хэвээр байгаа учраас эрэлт нийлүүлэлтийн зөрөө үүсээд байна. Гол түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ унасан. Хамгийн ойр байгаа арга зам нь гаднын зээл тусламжаар өнөө, маргаашаа аргацаах юм даа. Засгийн газар олны хэл ам дагуулсан “Чингис” бонд гаргасан. Анх эх орны хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлэх үр ашиг бүхий салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэж эрх баригчид ярьж байсан. Гэтэл чухам ямар салбарт бондын хөрөнгийг зарцуулах  тухай тодорхой төлөвлөгөө байхгүй байсан. Харин дараа нь эрх баригчид энэ мөнгө байгаагүй бол манай эдийн засаг хямрах байсан гэсэн хачирхалтай тайлбар хийгээд сууж байна. Төр засаг нэгдсэн бодлогогүй яваад байгаагийн илрэл энэ юм. Манай улсын эдийн засаг түүхий эд экспортоос хамаарсан бүтэцтэй. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл  байгуулья гэж ярьдаг. Гэхдээ тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Шатахуунаа гаднаас авдаг хараат байдлаасаа гарах талаар олон жил ярьлаа. Манайх нефтээр бол 100 хувь хараат байна. Бид өөрсдөө хийж чадах зүйлээ хийж валютаа авч үлдэх нь эдийн засагт сайнаар нөлөөлж, валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Одоогийн нөхцөл байдлаар гаднаас орж ирсэн валют эргээд урсах хандлагатай байна.

 

-Зарим эрх мэдэлтнүүд эдийн засаг хямарсан юм байхгүй гэсэн тайлбарыг хэвлэл мэдээллээр өгч байсан. Гэтэл эдийн засагч, судлаачид нөхцөл байдал улам л дордож байна гэх юм.

 

-Амьдралын төвшин доогуур иргэдийн амьдралд инфляц хамгийн ихээр нөлөөлдөг. Инфляц хоол хүнс, өргөн хэрэглээний бараанд их мэдрэгддэг. Ингэхээр амьдралын төвшин доогуур иргэдийн орлогынх нь 40-50 хувьд нь инфляци нөлөөлдөг бол дундаж орлоготой айл өрхийн орлогын 15-20 хувьд, чинээлэг иргэдийн хувьд 2-3 хувьд нөлөөлдөг. Баян хүний хувьд санаа зовоод байхаар асуудал биш байж болно. Харин жирийн иргэдийн тухайд өмнө  найман мянган төгрөгөөр авч байсан барааг арван мянган төгрөгөөр худалдаж авах жишээтэй. Манай төр засгийнхан эх орон, ард түмнийхээ төлөө биш өөрсдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах хандлага нь түгээмэл байх шиг. Өөрт нь ашигтай бол шийдвэр гаргадаг. Өрөөлд ашигтай болохоор төрийн ажлыг уядаг, гацаадаг болчихоод байна.

 

-Одоо манайх яг ямар хөгжлийн бодлого баримталж ажиллаж байгаа юм бэ?

 

Манай орон 2008 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого гэж баримт бичиг баталсан. Үүнийг өнгөрсөн он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Шинэчлэлийн Засгийн газар “Монгол хүн 2020” бодлогыг шинээр хэрэгжүүлэхээр болсон. Би дээр хэлсэн АН-ынхан монгол улсыг дараагийн тав, арван жилд хэрхэн хөгжүүлэх  вэ гэдэг бодлогын баримт бичгээ одоо болтол гаргаагүй, тодорхойгүй байна.  Ингэхээр сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд АН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явна гэсэн үг. Нэгдсэн хөгжлийн хөтөлбөргүй учраас гарах үр дүн ч тааруухан байж магадгүй.

 

-Төрийн бодлого тодорхойгүй байна гэж та ярьлаа. Тодорхой болгохын тулд юу хийх ёстой юм бол ?

 

Засаг барьж байгаа улстөрийн намууд тоглоомын дүрмээ тодорхой болгох шаардлагатай. Нэгэнт улс орноо хөгжүүлье гэсэн бодолтой, ийм зорилгод нэгдэж байгаа бол нэгдсэн хөгжлийн бодлоготой байх нь зөв. Улстөрийн нам, улстөрчид дөргүй бух шиг өөр өөрийнхөөрөө асуудлыг шийдэх гэж зүтгэх нь улс орны хөгжилд чөдөр тушаа болохоос цаашгүй. Манай улстай адилхан гараатай байсан улс орнууд хөгжлийн өөр төвшинд хүрчихсэн байна. Үүний тод жишээг Казахстанаас харж болно.  Хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлыг хэсэг Ази, Европийн олон орныг судалж байгаа. Манай урд хөрш гэхэд тав таван жилийн хөгжлийн хөтөлбөр баримталдаг. Одоо 12 дахь таван жил нь явж байна. Хоёр хөрш маань хөгжлийн ямар хөтөлбөр боловсруулж байгааг бид сайн судлах ёстой. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын 50 хувийг  Хятадын аж ахуй нэгж компаниуд, 2.2 хувийг Оросын компаниуд манай эдийн засагт оруулсан байдаг. Гадаад худалдааны импортын 25 хувь Орос , экспортын 92.2 хувь Хятад улстай хамааралтай. Үүнээс харахад эдийн засгийн хувьд ч хоёр хөршөөс ихээхэн хамааралтай гэдэг нь харагдаж байна. Бусад орны жишгээс харсан ч төр засаг нь хөгжлийн нэгдсэн бодлоготой байж урагшилдаг юм байна. Гэтэл манайх иргэдийн амьдралд нөлөөлөх асуудлыг хэдэн дарга нар хоорондоо ярьж байгаад шийдчихэж байна. Ямар үр дүн гарахыг нь тооцоолохгүй байна.

 

Улстөрчдийн шийдвэр уялдаа холбоогүй байна гэж хэлэх гээд байна уу ?

 

Ард иргэдэд тухайн даргын  гаргасан шийдвэр нь ямар үр дүн авчрахыг ч урьдчилан бодохгүй байна шүү дээ. Үүнийг ШӨХТГ-аас таксины үнийг 1500 төгрөг болгох муйхар шийдвэр гаргаснаас харж болохоор байна. Ийм шийдвэр гаргаж хэвлэл мэдээллээр цацасныхаа дараа уучлаарай иргэд бэлэн биш байж.Эсэргүүцэж байна гээд хэвлэлийн хурал зарлаж байна.  Эдийн засгийн үндэслэл байна уу гэдгийг нь эхлээд судлах хэрэгтэй биз дээ. Ийм тооцоогүй шийдвэр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг эрх мэдэлтнүүд ойлгох хэрэгтэй. Шинэчлэлийн засгийн газрыг иргэд нүдэнд харагдаж гарт баригдахаар бүтээн байгуулалт хийж байна гэж ярьж байна. Ялангуяа нийслэлийн олон замыг засч байна. Орон нутагт шинээр зам тавьж байна. Энэ хөгжлийн нэг хэлбэр мөн. Гэхдээ улс эх оронд тулгамдсан чухал ажлыг эрэмбэлэх хэрэгтэй. “Чингис” бондыг эдийн засгийн үр ашигтай салбарт хөрөнгө оруулна гэсэн. Гэтэл ихэнхи нь зам болоод үлдлээ. Зарим аймгуудыг холбосон шинэ зам тавьлаа гэж байна. Орон нутгийн замаар цагт хэдэн машин явдгийг бодолцох хэрэгтэй. Хэдэн зуун тэрбум төгрөгийг эдийн засагт үр нөлөө өгөхгүй салбарт үрж байна. Бид таван жилийн дараа авсан зээлээ эргүүлж төлнө. Тэр үед орон нутаг нийслэлийг холбосон замаа хуулаад өгөхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр баялаг бий болгодог салбарт бондын хөрөнгийг зарцуулсан бол дээр байсан юм. Одоогийн байдлыг харахаар замын компанийн удирдлагууд засаг бариад байгаа юмуу  гэж андуурахаар болчихож. Хөрөнгө зарцуулдаг салбар нь зам, албан тушаалтнуудын ярьдаг ажил нь зам засвар боллоо.

 

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn