2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Чойжилсүрэн: Ялагдсан нь тахимаа өгөхгүй байхад ялчихаад гишүүнээсээ татгалзана гэж байхгүй

Б.Чойжилсүрэн: Ялагдсан нь тахимаа өгөхгүй байхад ялчихаад гишүүнээсээ татгалзана гэж байхгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

Увсын хоёр” гэдэг нэр хэвлэлийн хуудаснаас салахаа байжээ. Ялсан нь тугаа тойрсон ч, ялагдсан хоёр нь тахимаа өгөлгүй жил гаруй боллоо. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

 

-УИХ-ын сонгууль өндөрлөөд жил гаруй боллоо. Харамсалтай нь, ялагдсан хоёр нөхөр маань тахимаа өгдөггүй. Тахимаа өгөхгүйгээр барахгүй хэвлэлээр төлбөртэй, төлбөргүй нь мэдэгдэхгүй гүтгэлэг тараах нь хэрээс хэтэрлээ. Бүр арай хэтэрлээ гэвэл зохино. Сонгуульд ялсан нь ялагдсан нэгнээ тавлах муухай. Тийм учраас би элдэв юм ярьж ч  явсангүй. Эр хүний жудагаа харуулж чимээгүй л байлаа. Гэтэл гүтгэлэг арай дэндүү байна.  Ингэж гүтгэж байгааг нь ард түмэндээ ойлгуулж хэлэхгүй бол “Ч.Хүрэлбаатар бид хоёр хууль зөрчсөн болж таарах гээд байна. Хариуцлагатайгаар хэлье. Бид ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй.

 

2012 оны УИХ-ын  сонгуулиар сонгуулийн сурталчилгаагаа хийхээр Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёр тойрогтоо очсон. Намаас бид хоёрыг шууд нэр дэвшүүлчихээгүй. Судалгааны байгууллагаас нэр дэвшигчдийн сонгуулийн урьдчилсан дүнг таван удаа судалсан байдаг. Манай намын байгууллагаас ч бас таван удаа судалгаа авсан. Тэгэхэд миний рейтинг 49-57 орчим хувьтай.  Ч.Хүрэлбаатар гишүүнийх 54-62 орчим хувьтай гарсан. Нөгөө нэр дэвшигчдийн рейтинг 28-33, ихдээ л 40 орчим хувьтай гарсан. Сонгуулийн дүн ч гэсэн тиймэрхүү гарч байна лээ. Энгийн логикоор бодоод үз л дээ. Бидний рейтинг сайн байхад бид яах гэж хууль зөрчих юм бэ. Хийсэн ажил, ирээдүйд хийх ажлыг минь бодож сонгогчид биднийг сонгосон шүү дээ. Зарим хүний  гонгиноод байгаа шиг хууль зөрчих ямар ч шаардлага байхгүй гэсэн үг. Ер нь Увсын ард түмэн хэрсүү. 100 мянган төгрөгөөр саналаа худалдагддаг ард түмэн ч биш.

 

-Тэгээд мөнгө тараасан гэдэг яриа хаанаас гарав?

 

-Ч.Хүрэлбаатар бид хоёрыг нэр дэвшихээр очиход аймгийн намын хорооны тэргүүлэгчид хуралдаад “Та хоёр тойрогтоо рейтинг өндөр байна. Ялах нь ч тодорхой. Харин намаа ялахад туслаач” гэсэн санал тавьсан. Тэгэхэд нь би сонгуульдаа зарцуулахаар төлөвлөж байсан 60 сая төгрөгөө аймгийн намын хороондоо өгсөн. Сонгуулийн сурталчилгаа явуулах зардалд нь хандив өгсөн хэрэг. Улс төрийн хүчин ухуулах байр ажиллуулах нь ойлгомжтой хэрэг биз дээ. Тэгээд ч хямдыг нь бодож айлын гэрийг ухуулах байр болгон ашигласан юм билээ. Шинэ гэр худалдаж авах гэхээр үнэтэй байсан. Нийслэлээс зөөвөл тээврийн зардал нь өндөр гарах гээд намын санхүүгийн боломж хүрэхгүй. Аймгийн намын хорооноос хямд төсрийг нь бодоод айлуудын гэрийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд түрээслэхээр гэрээ хийсэн юм билээ. Үүнийг нь л бидэнтэй холбоод байгаа юм. Ёстой нөгөө түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр бид хоёрт хамаатуулаад үнэндээ зовоож байна. Ажил хийе гэхээр хийж болдоггүй. Сонгогдсон ч юм шиг, үгүй ч юм шиг хүнд байдалд оруулаад байгаа юм. Яахав, энэ хүмүүсийг ойлгож байна. Сонгуульд ялагдсан хүний хор шар гэж байдаг байлгүй. Хүнийг ялчихаад тавлаад яах вэ гэж юу ч дуугараагүй өнөөг хүрлээ. Тайвшрах байх, ялагдлын шок нь гарах байлгүй гэж нэлээд хүлээлээ. Гэтэл тайван суусны төлөө нөгөө хэд чинь “Увсын хоёр зугтлаа. Удахгүй гишүүнээс нь эргүүлэн татна” гэх мэтээр хэвлэлээр ярьсан байна лээ. Бидэнд зугтаасан юм алга. Есдүгээр сарын 1-нээс өчигдрийг хүртэл 11 хоног тойрогтоо ажиллаж нутгийнхаа иргэд сонгогчидтой уулзлаа.

 

-Гэрээ түрээслүүлсэн гээд байгаа иргэд та хоёрыг авлига өгсөн гэж хуулийнханд мэдүүлсэн гэх юм?

 

-Харамсалтай нь ийм зүйл болсон. Аймгийн АН-ын нөхдүүд гэрээ түрээслэсэн иргэдэд “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрыг мөнгө өгсөн” гээд гүтгэчих гэж хэлээд урьдчилгаа болгож нэг сая төгрөг өгсөн. Хэрэв Сонгуулийн хуулиар мөнгө өгсөн нь тогтоогдох юм бол та бүхэнд арав нугалж дахин 10 сая төгрөг өгнө” гэж амалсан юм билээ.

 

-Та нотолгоотой зүйл ярьж байгаа биз дээ?

 

-Нотолгоотой. Гэрээ түрээслэсэн иргэдтэй аймгийн намын хорооны байгуулсан гэрээг нь хууль хяналтын бай-гууллагад эх хувиар нь өгчихсөн. Хуулбар нь надад байна. Үүнийг удахгүй гаргаж тавина.

 

-Ямар баримт байгаа вэ?

 

-Аймгийн АН-ынхны хийсэн гэрээг хууль, хяналтын байгууллагынхан сайн шалгавал Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр иргэдэд 100 мянган төгрөг тараасан уу, эсвэл өөр хүмүүс “Тэр хоёрыг гэж хэл” гээд өгсөн үү гэдэг нь тогтоогдоно. Миний хувьд энэ гэрээг нь аль эрт бариад явах боломж байсан. Гэвч энэ хүмүүсийн жудгийг бодоод хараад суугаад байлаа. Хүний л амьдрал юм хойно 2016 онд сонгуульд өрсөлдөх гээд очиход нь хараар будчихсан байхыг хүсэхгүй байсан юм. Ер нь бол ам нээвэл уушги нээ гэдэг. Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд очиход Д.Нямхүү аймгийн Хөгжимт, драмын театрт 250 хүн цуглуулаад тус бүрт нь  5000 төгрөг өгсөн  юм билээ. Мөнгө авсан 78 хүн өргөдлөө өгсөн байсан. Манай намынхан үүнийг хууль, хүчний байгууллагад өгье гэхээр нь “Хэрэггүй. Захиргааны арга буюу арга ядсан аргаар сонгогдохыг хүсэхгүй байна. Ард иргэд хэнийг дэмжихээ өөрсдөө мэдэг, хаячих” гээд тэр өргөдлийг нь өгүүлээгүй. Гэрчлэх материал нь ч надад бий. Хоёрын хооронд юмаар хөөцөлдөөд яах вэ, гээд жудаг гаргасан нь буруу болж байх шиг байна.

 

-Та хоёрын туслахууд мөнгө тарааж байгаа бичлэг цацагдсан шүү дээ.

 

-Мөнгө тарааж байгаа юм биш л дээ. Тэр туслах нь миний хажууд сууж байна шүү дээ. Миний хувьд урьд нь  тойргийн гишүүний хувиар нийслэлд байгаа нутгийнхаа оюутны холбоотой харилцаатай ажилладаг байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд оюутны холбоог Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёр дэмжиж ирсэн. Нутгийн оюутнуудаа дэмжиж байгаа хэрэг л дээ. Тэднээс 10 нь сонгуульд ажилласнаас өөр зүйлгүй. Нэг үгээр хэлбэл, аав, ээжээс нь зөвшөөрөл авч гэрээ байгуулж гэрийг нь түрээслэсэн юм билээ. Ганцхан манай нам гэлтгүй АН, МАХН нь ч гэсэн ухуулах байртай л байсан шүү дээ. Хуульдаа ч сонгуульд нэр дэвшиж байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид ухуулах байр ажиллуулна гээд заачихсан. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ухуулах байрны тоог заагаагүй. Нэг суманд ухуулах байр нэг байх уу, эсвэл 10 байх ёстой юм уу гээд хуульчилж заагаагүй. Тэгээд ч Үндсэн хуу-лиар бусад хуулиар хориглосноос бусад зүйлийг явуулж болно гэсэн суурь зарчимтай. Яагаад заавал АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү. Т.Мэндсайхан хоёрыг сонгуулийн менежмент  зөв болдог, хууль зөрчихгүйгэр өөр менежментээр ажиллавал буруу болдог байж таарамгүй юм.  Өөрөөр хэлбэл, өнөөдөр ямаа шиг зүйлийг тэмээ, заан шиг болгоод явж байна. Ер нь биднийг гүтгэх ажил 2012 оны сонгуулиас өмнө эхэлсэн байдаг. Нүхтэд байшин нурвал “Өнөөх Б.Чойжилсүрэн чинь байшин барьдаг. Түүний байшин нурсан гэнэ лээ” гээд хэвлэлээр тарааж байх жишээтэй. Зүүдэнд нь ч ороогүй явдлаар энэ гүтгэлэг эхэлсэн. Яах вэ, миний хувьд “Хурд” гэдэг компанитай. 100 хувь эзэмшигч нь . 1993 оноос хойш бизнесийн салбарт явж байгаа нь үнэн. 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт дэд даргаар томилогдох хүртлээ энэ компаниа удирдаж байсан. Одоо бол хуулийн дагуу хамт ажиллаж байгаа залуусаа компани удирдах ажилд томилоод өөрөө хувьцаа эзэмших байдлаар явж байгаа нь ч үнэн. Нуухгүй. Энэ мэт байшин нурахаас л эхэлсэн гүтгэлэг 2008 онд намайг мөнгө тараасан мэтээр үргэлжилсэн.

 

-Хэвлэлээр гарч байгаа мэдээлэл болон Д.Нямхүүгийн ярьж байгаас үзэхэд, шүүхээс Ч.Хүрэлбаатар ги-шүүн та хоёрыг “хууль зөрчсөн” гэж тогтоосон юм биш үү?

 

-Харамсалтай нь, бодит байдлыг гуйвуулсан гүтгэлэг яваад байна. Тийм учраас ийм ойлголтыг иргэдэд төрүүлж байгааг үгүйсгэхгүй байна. Би Монгол Улсын хууль ямар байна, түүнд нь зохицоод л амьдарч байгаа хүн. Хүн болж төрснөөсөө хойш хууль зөрчье гэж бодож үзээгүй, зөрчихөөс ч сэрэмжилж явдаг.

 

-Тэгээд ямар хүмүүст шүүхээс ял оноосон юм бэ?

 

-Гэр түрээслэх гэрээ байгуулсан хүмүүст улс төрийн шалтгаанаар торгох ял өгсөн юм билээ. Аймгийн Ардын намын хорооны штабт ажиллаж байсан хүмүүст гэсэн үг шүү дээ. Бид хоёрын тухайд гурван шатны шүүхийн шийдвэрээр хууль зөрчөөгүйг нь тогтоочихоод байгаа байхгүй юу.

 

-Саяхнаас та хоёрт хамаарах асуудлыг  Дээд шүүхээс задална гэж ярих боллоо.

 

-Тийм шүүх хурал болох юм гэнэ лээ. Дээд шүүх хэргийг задалж, дахиад анхан шатнаас нь явуулах юм гэсэн. Магадгүй дахиад бүтэн жил “Увсын хоёр” гэдэг нэрээр юм болох нь л дээ. Эд арай дэндүү увайгүй байна. Ингэсээр байтал 2016 он гарах бололтой. Эндээс ард түмэн  л хохирч байна. Түүнээс биш УИХ-д Увсынхныг Б.Чойжилсүрэн төлөөлнө үү, Д.Нямхүү төлөөлнө үү гэдэг сонин биш. Гол нь ард түмэн л хожих хэрэгтэй шүү дээ. Сүүлдээ бүр нутгийн минь ард түмнийг доромжлох янзтай болоод эхэллээ. Бид хоёр бол яах вэ улс төрд орсон улс юу ч гэж гүтгэсэн нүдээ аниад өнгөрч болно. Харин ард түмнийг битгий ингэж доромжлооч ээ гэж хэлмээр байна.

 

-Тэгэхээр тойрогт нэр дэвшсэн хоёр хүн болон намын асуудлыг шүүх тусдаа авч хэлэлцэж байгаа байх нь ээ?

 

-”А” гэдэг юмыг “Б” гэдэг юмтай хутгахгүй байхыг хүсье. Сонгуулийн шинэ хуулиар бол намууд пропорциональ системээр сонгуульд орсон.  Нэр дэвшигчид нь намаасаа нэр дэвшиж мажоритар системээр өрсөлдсөн. Тэр бол  бид хоёроос үл хамаарч намын хийсэн сонгуулийн ажил. Гэхдээ тэр нь хууль зөрчсөн асуудал байхгүй л дээ. Одоо мөрдөгдөж байгаа ямар ч хууль, тогтоомжийг зөрчөөгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл, тэр хүмүүст улс төрийн шалтгаанаар шүүхээс ял оноосон байдаг юм. Ямар эрх зүйн орчинд шүүх ямар шийдвэр гаргасан юм бэ гэдгийг ард түмэнд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Эсвэл МАН сонгуулиар “Ухуулах байр” ажиллуулж болохгүй байсан юм уу. Тийм бол тэрийгээ хэл л дээ. Миний бодлоор бид ижил нөхцөлд сонгуульд өрсөлдөх ёстой биз дээ.

 

-Одоо энэ асуудал ямар шатандаа явж байгаа юм бэ. Шүүх ер нь эцэслээд шийдчихсэн юм биш үү?

 

-Давж заалдаад л явж байгаа. Хамгийн сүүлд Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байгаа.

 

-Үүнээс гадна өнгөрсөн зургадугаар сард шүүх та хоёрын асуудлыг хэлэлцэх гэж байтал та нарыг хойш-луулсан гэж нөгөө тал мэдэгдсэн. Үнэхээр буруугүй юм бол шүүх хурлыг хойшлуулах шаардлага байсан юм уу?

 

-Энэ талаар миний хариултыг сонсч байснаас Захиргааны хэргийн шүүхээс очоод тодорхойлолт авчихсан нь дээр болов уу. Өнгөрсөн зургадугаар сарын 20 гэж санаж байна  “шүүх хурал хийнэ” гэхээр нь бид буянаараа болог гээд л очсон. Гэтэл хэний хүсэлтээр энэ шүүх хурал хойшилсон гээч. Бидний, Ардын намын хүсэлтээр энэ хурал өдийг хүртэл хойшилсон уу гэдгийг шүүхийн протокол дээр тэмдэглээстэй байгаа. Тийм учраас надад асуултад хариулах ч үг алга. Иймэрхүү л зүүдэнд ч оромгүй гүтгэлэг ярьж байна шүү дээ. Үнэхээр бидний хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулсан бол шүүмжлэлийг нь сонсоно. Өөрсдөө шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьчихаад  ингэж улайм цайм гүтгээд байгаа улс. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар Хүрлээ бид хоёрыг Увс аймагт очиж бензин тараасан ч гэнэ үү. Юу яриад яваад байгаа хүмүүс вэ. Хүний зүүдлээгүй юмыг ярихаар хэлэх ч үг олдохгүй юм.

 

-Магадгүй та цөөнхийн бүлгийн гишүүн учраас энэ бүх гүтгэлгийг хамаагүй сөрөөд байж  болохгүй байна уу?

 

-Монгол Улс ардчилсан нийгмийн сонгоод 20 гаруй жил боллоо. Энэ хугацааны ихэнхид МАН засаг барьсан. Энэ хугацаанд олон болохоороо цөөнхийнхөө суудлыг хүчээр булааж авч байгаагүй. Олонх болсон нь ингэж дээрэмдээд байвал сонгууль хийх шаардлага байгаа юм уу.

 

-Танд баримтууд байгаа гэсэн шүү дээ. Түүнийгээ дэлгэж болдоггүй юм уу?

 

-Үнэнийг хэлэхэд өмнө нь гүндүүгүй загнаад л явж байж. Одоо бол үнэхээр тэвчээр алдарч байна. Би хууль зөр-чөөгүй учраас яахав тэд гонгинож л байг гэж бодсон. Жингийн цуваа явдгаараа явж л байна, жингэр нохой хуцаж л байг гээд тоогоогүй юм. Гэтэл сүүл рүүгээ худал үгийг 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг л юм болох нь. Тэрэнтэй тэгж хэл ам хийж явдаг зав ч алга байлаа. Ард түмэн надад итгэсэн, сонгосон. Тийм учраас би намайг сонгосон ард түмнийхээ төлөө зүтгэх учиртай.

 

-Ингэж байхаар тэр хоёртой уулзаж байгаад шийдчихэж болдоггүй юм уу?

 

-Энэ хүмүүс ямар ч учиртай юм. Би хууль зөрчөөгүй байж “хоёулаа зөшилцөе” гэх нь ч хаашаа юм. Үнэндээ энэ хүмүүс дэндүү увайгүй. Энэ байдлаараа бид нар 2016 он хүртэл шүүхдэлцэх нь л дээ. Энэ янзаараа үргэлжлээд байвал би бас зөрүүлээд гомдол гаргаж таарна шүү дээ. Үр дүнд нь ард түмэн л хохирно. Үнэхээр тийм л юм бол ард түмэндээ хандаж уриалга гаргаад дахиад халз үзчихье. Ард түмэн хагалаад өгөх байлгүй. Хоёрын хооронд ингэж  гонгинож явснаас, захиргааны, улс төрийн аргаар гишүүн болсноос ард түмний саналаар хагалуулчихвал дээр гэж бодож байна. Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёрын саналыг хооронд нь нэмээд нөгөө хоёрын саналыг хооронд нь нэмээд хасахаар саналын зөрүү нь 19 мянга шүү дээ. Хүрлээ гишүүн нэгээр гарсан. Би хоёроор, Д.Нямхүү гурваар, Мэндсайхан дөрвөөр гарсан юм. Д.Нямхүү бид хоёрын хооронд 7500 орчим саналын зөрүү байгаа. Энэ хүмүүсийг бүгдийг нь худалдаж авч болох уу. Бид хоёрын хооронд 20 орчим хувийн саналын зөрүүтэй байгаа биз дээ. Ийм л юм болсон. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэднэ.

 

-Өвөрхангайд олон саналын зөрүүгээр ялсан ч эцэстээ танай намын эсрэг шийдвэр гарсан шүү дээ.

 

-Өвөрхангайд 6000 гаруй саналын зөрүү байсан. Харин Увсад бол 19 мянган хүний саналын зөрүү байгаа. Энийг луйвардаад авдаг юм бол ав л даа. Ард түмэн эрхбиш нүдтэй юм чинь харах байлгүй дээ.

 

-Энэ маргааны талаар сонгогчдынхоо санал бодлыг сонссон уу?

 

-Иргэдээс “та нар юу болоод байгааг сонирхооч ээ” гэж асуусан л даа. Гэтэл тэр хоёрт илт дургүйцэж байна лээ. Хүмүүс тэгж байхад би ялчихаад нутагтаа ирээд нөгөө хоёрыгоо бас доошоо хийгээд байлтай биш гэж бодоод цааш нь дэлгэрүүлж асуулгүй орхисон. Бас л өр зөөлөн сэтгэл хөдөлсөн хэрэг.

 

-Д.Нямхүү таныг мэтгэлцээнд урьж байсан. Та саналыг нь зөвшөөрөх үү?

 

-Уулзвал уулзъя, мэтгэлцвэл мэтгэлцье. Би бэлэн байна.

 

-Нэг зүйлийг тодруулж асууя. Та яагаад өдийг хүртэл энэ талаар нэг ч удаа дуугараагүй юм бэ?

 

-Энэ асуудлыг шүүх эцэслэж шийдээгүй байна. Өөрөөр хэлбэл, Увс аймгийн МАН-ын хороо өмгөөлөгч аваад зохих шатанд нь гомдлоо гаргаад явж байна. Дээд шүүхий ерөнхий шүүгч дээр гомдол нь явж байгаа. Бид шүүх дээр асуудал шийдэгдээгүй байхад хажуугаар нь элдэв юм ярьж, шүүгчид нөлөөлөх гэж оролдохгүй. Шударгаар асуудлаа шийдүүлье л гэж зорьж байгаа. Би мэргэжлийн хуульч биш л дээ. Гэхдээ энийг мэдэхтэйгээ. Харин хэрэг эцэслэж шийдэгдэх юм бол энэ хэрэг ямар замаар, юун дээр яагаад ял өгчихөв гэдгийг олон нийтэд дэлгэнэ.

 

-Хэрэв шүүх таны эсрэг шийдвэр гаргавал та яах вэ. Гишүүнээсээ татгалзах уу?

 

-Хувь хүнийхээ хувьд бол надад энэ суудалтай зууралдаад байх сонирхол алга. Гэхдээ би өөрийгөө биш ард түмэн намайг УИХ-ын гишүүнээр сонгосон. 53.5 хувийн саналаа надад өгсөн. Тийм учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаар болбол ард түмнээсээ очиж асууна. Тэд шийдэг. Түүнээс биш би айж хулчийгаад, захиргааны болон улс төрийн аргаар гишүүн болж болдог юм байна гэсэн жишиг тогтоож болохгүй. Тийм л юм бол дахиад өрсөлдье л дөө.

 

-Дахиж өрсөлдье гэдэг нь энэ маргаанд бууж өгч байгаа хэрэг биш үү?

 

-Энэ хүмүүс ялагдсандаа хор шар нь буцлаад “үхчих” гээд байхаар нь дахиж өрсөлдье гэж хэлж байгаа юм. Үнэнийг хэлэхэд, энэ тал дээр хууль эрх зүйн хувьд ямар гаргалгаа байгааг би урьдчилж судалсангүй. Гэхдээ аль нам нь хожих нь нэгдүгээр асуудал биш. Үнэхээр олонх болсон нь УИХ-ын гишүүний суудлыг бярдаад аваад байдаг юм бол би юу хэлэх билээ. Ард түмэн өөрсдөө дүгнэнэ биз дээ.

 

Х.Түвшинтөгс    Үндэсний Шуудан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn