2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Зэрлэг ан амьтдаа хамгаалах асуудлаар хэлэлцлээ


Зэрлэг ан амьтдаа хамгаалах асуудлаар хэлэлцлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

 

 

Агнуурын бүс нутгийн менежментийн зөвлөл ТББ-аас санаачлан  “Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан зэрлэг амьтдыг биотехникийн арга хэмжээ авах замаар хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны сайдын  зөвлөх Ц.Шийрэвдамба, ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба болон агнуурын бүс нутгийг хариуцагч 10 гаруй   аж ахуйн нэгж байгууллага, Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг ТББ, Мэргэжлийн анчдын холбоо зэрэг ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан зэрлэг амьтдыг хэрхэн  хамгаалах, тэдгээрийн цаг уурын хүндрэлийг эсрдэл багатай даван туулах нөхцөлийг  бүрдүүлэх ямар боломж байна вэ, биотехникийн аргыг хэрхэн  үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг асуудлыг уулзалтаар хэлэлцлээ. 2012 онд батлагдсан “Амьтны тухай” хуулийн 3 дугаар   зүйлд ан агнуурын менежментийн төлөвлөгөөг тодорхойлсон байдаг. 2012-2016 онд 14 аймгийн 49 суманд 62 агнуурын бүс нутгийг тогтоон, аж ахуйн нэгжүүд хариуцан ажиллаж байна.

Орон нутагт  2014 онд амьтны нөөц ашигласны төлбөрөөс нэг тэрбум гаруй төгрөгийг 40 гаруй сумын төсөвт төвлөрүүлсэн бол  энэ онд 1 тэрбум 800 сая төгрөг болж нэмэгджээ. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба “Ангийн бүс нутгийн менежмент хариуцаж байгаа газрын зэрлэг ан амьтад хариуцах эзэнтэй. Өвөлжилт хүндэрсэн үед менежментийн төлөвлөгөөнд заасны дагуу  өвс тэжээл, хужир мараа тавиад өгөх боломжтой.

Харин агнуурын бүсээс гадна орших зэрлэг амьтдад хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа асуудал. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газар, Дорнодын цагаан талын цагаан зээр, хар сүүлт зэрэг амьтдыг бид яаж хамгаалах ёстой  вэ гэдэгт та бүхний санал чухал байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сүүлийн хэдэн жил 40  хувьд хүрэхгүй  байна. Бид энэ хуулийн биелэлтийг 100 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Агнуураас олж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг агнуурын бүс нутгаас гадна орших зэрлэг амьтдыг хамгаалахад  зарцуулах ёстой” гэв.

БОАЖ-ын сайдын 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар өвөлжилтийн бэлтгэл хангах  ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ сарын 9-ны байдлаар 13 аймгаас ирүүлсэн мэдээллээр өвөл тогтмол их цас унадаг болон өвөлжилт хүндэрч болзошгүй газар нутагт байрлах зэрлэг амьтдад био техникийн арга хэмжээнд ашиглах нөөц бүрдүүлэх зорилгоор 89.5 тонн өвс, 10 тонн тэжээл, 110 тонн хужир, давс нөөцөлжээ. Тухайлбал, өнгөрсөн сарын 29-ний байдлаар Дорнод аймгийн найман  суманд цагаан зудтай байгаа юм. Дээрх сумдад өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан биотехникийн арга хэмжээ авах зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн  энэ жил “Агнуурын бүс нутгийн мэргэжлийн зөвлөл” ТББ-аас  байгалийн гамшгаас  зэрлэг ан амьтадаа хамгаалах богино хугацааны төлөвлөгөөг боловсруулсэн байна.  Уг төлөвлөгөөнд 11 аймгийн 36 сумын агнуурын бүс нутагт  биотехникийн арга хэмжээ авахаар тусгажээ.

Байгаль цаг уурын хүндрэл тохиож буй энэ үед  зэрлэг амьтдад авах арга хэмжээний төлөвлөгөө зөвлөмж, аргачлал байдаггүй байна. Тиймээс    туршлагатай хүмүүсээс санал, зөвлөмж сонсч  байгаадаа талархаж бжйгаа хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийллээ. “Агнуурын бүс нутгийн мэргэжлийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Т.Баттулга “Зэрлэг ан амьтдад тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл нь бэлчээрийн асуудал. Агнуурын бүс нутгийг орон нутгийн хамгаалалтад авахгүй бол ан амьтдын бэлчээр улам хумигдаж байна гэлээ.

БОАЖЯ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан зөвлөх Ё.Онон “Нэг агнуурын бүсэд бүх амьтдад зориулж тэжээл тавьж чадахгүй. Тодорхой цэгүүдэд тавих ёстой. Малчин айл малаа хэрхэн онд оруулах тухай боддог шиг  ан амьтдаа хэрхэн онд оруулах  талаарх  төлөвлөгөөг агнуурын бүс нутаг хариуцаж байгаа газрууд гаргасан байх ёстой” гэв.   Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл “Зэрлэг амьтдын бэлчээрийг чөлөөлөх арга хэмжээ авахгүй бол мал, зэрлэг амьтдын бэлчээр давхцах аюулд ороод байна.Эрдэмтэн судлаачдаар зэрлэг амьтдын өвөлжилтийн хүндрэлийг нарийвчлан тогтоолгох хэрэгтэй. Тэгж байж биотехникийн арга үр дүнтэй болно” гэсэн юм.Энэ үеэр гарсан өөр нэг санал нь цаашид олон талын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулан, төрийн бус байгууллага дээр сан байгуулахаар тогтлоо.

Уг санд төвлөрсөн санхүүжилтийг агнуурын бүс нутгаас гадна орших зэрлэг ан амьтдыг хамгаалахад зарцуулах юм.

Үүний эхлэл болгож Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэн 500 мянган төгрөгийг хандивлалаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.