2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » С.Сугарсүрэн: Манай эмэгтэйчүүд биеийн галбираараа Азид толгой цохидог

С.Сугарсүрэн: Манай эмэгтэйчүүд биеийн галбираараа Азид толгой цохидог

Нийтлэлийн төрөл: Спорт

С.Сугарсүрэн: Манай эмэгтэйчүүд биеийн галбираараа Азид толгой цохидог

Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээнээс мөнгөн медаль ихэрлүүлсэн Олон улсын хэмжээний мастер С.Сугарсүрэнг ярилцлагын зочноор урилаа. Эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж яваа тэрбээр саяхан Монголын бодибилдингийн холбооны дэд ерөнхийлөгч болжээ.

 

-Таны гаргасан амжилт Монголын бодибилдингийн түүхэнд шинэ хуудас нэмлээ. Баяр хүргэе. 

 

-Баярлалаа. Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулалт сайтай боллоо. Тэмцээнд олон орны хүчтэй өрсөлдөгчид ирсэн. Манай тамирчид ч сайн оролцсон гэж бодож байна. Би энэ удаагийн тэмцээний фитнесс болон атлетик миссийн төрөлд өрсөлдөж мөнгөн медаль зүүлээ. Өмнө нь Азийн аваргаас Олон улсын хэмжээний мастер Л.Баянхүү хоёр хүрэл медаль авчирч байсан юм билээ.

 

Мөн тэмцээнд надаас гадна эмэгтэй модель ангилалд Олон улсын хэмжээний мастер Б.Оюунгэрэл, эрэгтэйчүүдийн +85 кг-ын жинд монголын дөрвөн удаагийн мистер Ж.Нурлан нар оролцож, хүрэл медалийн болзол хангасан. Тэмцээний үеэр олон улсын шүүгчид манай тамирчдын чадварыг өндрөөр үнэлж байсан. Энэ нь бидний ур чадвар дээшилснийг илтгэж байгаа болов уу. 

 

-Алтан медалиас атгаад алдсан гэсэн. Тэргүүр байрт шалгарсан тамирчинтай өмнө нь таарч байсан уу?

 

 -Тэргүүн байрт шалгарсан Таиландын тамирчинтай өмнө нь хэд хэдэн удаа тэмцээнд хамт оролцож байсан. Тэр тамирчин дэлхийн зургаан удаагийн аварга байгаа юм. Таиланддаа гайхагдсан тамирчин юм билээ. Сая болсон Азийн аваргад надаас ердөө ганцхан оноогоор илүү байсан. Одоо бодоход харамсалтай байгаа ч миний хувьд их туршлага боллоо.

 

 -Мөнгөн медаль хүртсэн төрлүүдийнхөө талаар сонирхуулаач? 

 

-Мисс фитнесс гэсэн төрөл бий. Энэ төрөл заавал үзүүлбэртэй байдаг юм. Өөрөөр хэлбэл, нийт онооны 50 хувийг урлагийн тоглолтоор авна гэсэн үг л дээ. Тамирчны хурд хүч, гоо сайхан, уян хатан чанар гээд тамирчнаас гарах бүхий л чадварыг хардгаараа онцлог. Нөгөө нэг төрөл нь атлетик физик буюу спортлог биеийн төрөл. Энэ төрөлд тамирчны биеийн галбирыг илүү хардаг. Ер нь эдгээр төрлүүд миссийн шалгаруулалттай адилхан шүү дээ. 

 

-Бодибилдингийн тамирчдыг жирийн үед харахад булчин шөрмөс нь төдийлөн харагддаггүй. Харин тэмцээний үеэр илүү харагддаг шүү дээ. Үүнийг хүмүүс та бүхний хэрэглэдэг тостой холбон ойлгодог юм билээ? 

 

-Мэргэжлийн бус хүний нүдээр харахад тэгж дүгнэж болох л юм. Гэхдээ тос түрхээд хэзээ ч тийм биетэй болохгүй. Тос түрхэснээр биеийн галбир илүү тод харагддаг юм. Тэгэхгүй байгаагаараа тайзан дээр гарах юм бол тамирчны биеийн галбир харагдахгүй биз дээ.

 

Хүмүүс өнгөт арьстнуудын биеийг хараад гоё хөгжсөнийг нь гайхдаг. Гэтэл өнгөт арьстай болохоор л тэдний булчингийн хөгжил, биеийн галбир нь тийм сайхан харагдаж байгаа юм. 

 

-Та Туркийн мисс болж байсан юм билээ. Тэнд амьдарч байсан юм уу? 

 

-Би Москвад арван жилээ төгссөн. Бас долоон наснаасаа уран сайхны гимнастик, балетаар хичээллэсэн. Тэгээд түүний дараа Туркэд хэсэг хугацаанд бодибилдингээр багшилсан юм. Тэр хугацаанд 2004 оны Туркийн мисс болсон. Дараа нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа оролцож шилдэг таван тамирчинд шалгарч байлаа.

 

Тэгээд 2008 онд Монголд ирээд Зүүн Азийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авсан. Үүний дараа улсынхаа хошой аварга болсон. Одоо бол холбооныхоо багш, дасгалжуулагчаар ажилладаг. Цаашдаа энэ спортыг хөгжүүлэхийн төлөө хичээх болно. 

 

-Тэмцээний өмнө жингээ барихын тулд хэрхэн бэлтгэдэг вэ? 

 

-Бодибилдингийн спорт маш хүнд спорт л доо. Жиндээ хүрэхийн тулд ус уухаа хүртэл хорьдог. Саяын тэмцээнд дөрөв хоног ус хорьсон. Тэгээд хоолоо хасаад тамирдсан. Тийм үедээ бүжиглэнэ гээд ер нь амаргүй байдаг. Хүмүүс “Өөрийгөө яах гэж ингэж зовоодог байна аа” гэж хэлдэг. Гэхдээ хүн дуртай зүйлээ хийхдээ ядрахаа мэддэггүй гэдэг үнэн шиг байгаа юм.

 

Уул нь би багш дасгалжуулагч, нягтлан бодогчийн мэргэжилтэй. Цаашдаа сайн багш, дасгалжуулагч болъё гэж бодож байгаа. Тэмцээний хувьд ч эмэгтэйчүүд маань амжилтад хүрэх илүү боломжтой. Манай эмэгтэйчүүд биеийн галбираараа Азид толгой цохидог. 

 

-Эрчүүдтэй адилхан дасгал сургуулилт хийгээд шантармаар үе тулгардаг байх? 

 

-Эрэгтэй хүний ажлыг хийж байна гэдэг утгаараа шантрах үе гардаг. Хэр баргийн хүний суудаггүй суултаар сууна. Бас хэр баргийн хүний өргөдөггүйг өргөчихнө. Заримдаа намайг дасгал хийж байх үед залуус орж ирээд халшраад гараад явчихдаг. Гэхдээ өөрөө хийж байгаа зүйлээсээ сайхан мэдрэмж авдаг болохоор яахав дээ. Бас намайг дэмждэг хамт олноосоо урам авдаг юм. 

 

-Штанг хэдийг өргөдөг вэ? 

 

-Рекорд суултаар 140 кг өргөж байсан. Ингээд хэлэхээр хүмүүс худлаа яриад байна гэдэг. Би жирийн нөхцөлд 90 кг өргөдөг. Ингэж л хүнд зүйл хийж байж бие хөгжинө шүү дээ. Зүгээр нэг жирийн дасгал хийгээд байвал өөрийгөө хуурахаас цаашгүй. 

 

-Хэдэн сарын өмнө бодибилдингийн холбоо хоёр хуваагдсан талаар маргаан гарсан. Тэр маргаан шийдэгдсэн үү? 

 

-Одоо бол холбоо хоёр хуваагдсан. Гэхдээ дэлхийн бодибилдингийн холбоо гэж бий. Манай холбоо түүнд харьяалагддаг. Мөн холбоонд эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцдог тамирчид бий. Харин нөгөө холбоонд сонирхогчид түлхлүү байдаг. 

 

-Бодибилдингийн холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хомс байдаг. Энэ утгаараа тамирчдыг нь хүмүүс төдийлөн таньдаггүй. Тиймээс холбооноос бодибилдинг, фитнессийн үзүүлбэрийг олон нийтэд хүргэх хэрэгтэй юм шиг санагддаг? 

 

-Санал нэг байна. Манай тамирчид ч гэсэн олон жил бэлтгэл сургуулилт хийж, олон улсын тэмцээнд явж байгаа ч төдийлөн танигддаггүй. Энэ нь олны танил болохдоо чухал биш. Хамгийн гол нь зохион байгуулаад байгаа ажил, амжилтаа бусадтайгаа хуваалцах хэрэгтэй байгаа юм. Сурталчилгааны ажил бага явагдаад байгааг холбооныхон мэднэ. 

 

-Азийн аваргаас мөнгөн медаль авсан юм чинь амжилт гаргасан тамирчдад олгож байгаа мөнгөн шагналыг авах юм байна? 

 

-Өмнө нь авч байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Энэ талаар холбооныхон, таньдаг хүмүүсээсээ асууна даа. 

 

-Найз залуутай юу? 

 

-Найз залуутай болох зав гарахгүй юм. Бэлтгэлээ хийнэ, бүжиг давтана гээд хийх ажил олон. Бас тэмцээн уралдаанд оролцохдоо кубальникаа хүртэл өөрөө оёдог болохоор ажил мундахгүй ээ /инээв/. 

 

-Эршүүд болохоор залуус халгаад байна уу? 

 

-Ер нь спортынхонд тиймэрхүү зан ажиглагддаг. Гэхдээ халгаад байх нь юу юм / инээв/. 

 

-Залуус уураг уудаг болжээ. Энэ нь биед сөргөөр нөлөөлөх үү? 

 

-Би үүнтэй санал нийлдэггүй. Хүмүүс уураг уугаад муугаар нөлөөлдөг гэж боддог. Уураг бол нэмэлт тэжээл. Хүн эхээс төрөөд л ээжийнхээ сүүгээр уургаа авдаг. Хүмүүсийн алдаа бол уургаа уугаад шингэн зүйл уудаггүйд байдаг.

 

Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Шингэн юм сайн ууж байж бөөр элэг цэвэрлэгддэг. Тэгж нөгөө амин дэм, уургууд тарна шүү дээ. Тэгэхгүй манайхан 50 грамм усанд уургаа найруулж уучихаад болчихлоо гэж боддог. 

 

-Оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн бий юу? 

 

-Ирэх арваннэгдүгээр сарын эхээр бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Зардал мөнгөө зохицуулж чадвал дэлхийн аваргад оролцоно доо. Бид олон улсын наадамд оролцохдоо өөрсдөө зардлаа гаргадаг юм шүү дээ.

 

Б.Сэлэнгэ

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.