2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эрүүл мэнд » Ж.Цолмон: НҮБ-аас 2030 он гэхэд ХДХВ/ДОХ-ын халдварыг зогсоох зорилтыг дэвшүүлж байна

Ж.Цолмон: НҮБ-аас 2030 он гэхэд ХДХВ/ДОХ-ын халдварыг зогсоох зорилтыг дэвшүүлж байна

Нийтлэлийн төрөл: Эрүүл мэнд, Онцлох мэдээ

Ж.Цолмон: НҮБ-аас 2030 он гэхэд ХДХВ/ДОХ-ын халдварыг зогсоох зорилтыг дэвшүүлж байна

 

Дэлхий нийтээрээ жил болгоны 12-р сарын нэгний өдрийг “Дэлхийн ДОХ”-ын өдөр болгон тодорхой уриан доор тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Энэ жилийг “Өвчлөхгүй байх нь бидний гарт” сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тиймээ, өвчлөхгүй байх нь бидний эрүүл байх хүсэл эрмэлзэл, эрүүл байх иргэн хүний үүрэг, хариуцлага, эрүүл мэндийн мэдлэгээс зайлшгүй шалтгаалдаг. ДОХ-ын халдвар нь удаан явцтай өвчний тоонд ордог бөгөөд халдвар авснаас хойш өндөр идэвхитэй вирусын эмчилгээ хийгээгүй тохиолдолд хоёроос арван таван жил дунджаар амьдарч болдог. Хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/ нь хүний биологийн шингэн болох цус, сперм, умайн хүзүүнээс ялгарах шингэн, эхийн сүү, нулимс, хөлсөнд агуулагдаж болно.

Гэхдээ, ямар шингэнд агуулагдаж байгаагаас хамаараад вирусын агуулагдах хэмжээ болон халдварын шинж тэмдэг нь янз бүр байдаг. ХДХВ нь зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй CD4+Т рецепторыг агуулсан бүхий л эсийг гэмтээж, улмаар хүний дархлааг бага багаар сулруулсаар дархлаагүй болгодог. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй эрүүл хүн шиг байх боловч, бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг.

Энэ үеийг хардвартай үе гэж үздэг. Халдвар авсан хүний дархлалын эсийн тоо тодорхой хэмжээгээр буурч, систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, шөнөд хөлөрдөг, ядрамтгай, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болж, хүзүү, суга, цавины булчирхай томрох, амьсгаадах, хуурай ханайлгах шинж тэмдгүүд илэрэхийг ДОХ-ын шатанд орлоо гэж үздэг.

Дархлаа суларсны улмаас уушигний үрэвсэл, сүрьеэ, хорт хавдар зэрэг хүнд өвчнүүдийн шинж тэмдгүүд илэрч 1-2 жилийн дотор нас бардаг. ХДХВ/ДОХ нь бэлгийн замаар буюу халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох, цусаар буюу халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх, халдвартай эхээс хүүхдэд буюу жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжих хэлбэрүүдээр халдварладаг.

Бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварын 86 хувийг, үүний 71 хувь нь хэвийн бэлгийн харьцаа, 15 хувийг ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох тохиолдлууд эзэлдэг гэсэн олон улсын судалгаа байдаг. Судалгаанаас харахад эхийн сүүгээр халдварласан тохиолдол нийт халдварын 12-20 хувийг эзэлдэг байна. Халдвартай эхээс эхийн сүүгээр дамжуулан хүүхэд халдвар авахаас гадна халдвар авсан хүүхдээс эрүүл эх халдварласан тохиолдол байдаг байна. ​Манай улсад 2016 оны 11 сарны 24 байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэний 99 хувьд (n=217) нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байна.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолодол гараагүй байна. Халдвартай 10 эхээс tрүүл 14 хүүхэд төрсөн нь баярлууштай юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг орон нутгийн харьяалалаар авч үзэхэд хөдөө орон нутгийн харьяалалтай 46 буюу 21 хувь,Улаанбаатар хотын харьяат 173 буюу 78.9 хувь байна. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувийг (n=175) эрэгтэйчүүд эзлэж байгаа ба үүний 78.8 хувь (n=138) нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог хүмүүс /ЭБЭ-үүд/ байна. Эмэгтэйчүүд 19.7(n=43) хувийг эзлэж байгаа бөгөөд түүний дотроос 27.9 хувь (n=12) нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд (ЭБҮ) байна.

Эндээс харахад ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд давамгайлж байгаа нь манайх шиг цөөхөн хүн амтай улс оронд ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн тоо харьцангуй их, цаашид ихсэх төлөвтэй, төрөлхийн гэхээсээ илүү олдмол хэлбэр олширч байж болзошгүй юм.

Халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь эрчүүд, тэр дундаа бэлгийн цөөнхийн дундах ХДХВ-ийн халдварын тархалтын дундаж 6-10 хувь байгаа нь ДЭМБ-аас манай улсыг ХДХВ/ДОХ-ын эрсдэлт бүлгийн хүн амын төвлөрсөн тархалттай гэж үзэхэд хүргэсэн байна. ДЭМБ-ын тодорхойлсноор аль нэг өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт 5 хувиас их бол “төвлөрсөн тархалттай” гэж үздэг.

Манай орон ХДХВ/ДОХ-ын хадвар багатай орны тоонд орж байгаа болон нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд /0,1хувиас бага/ тогтоон барина гэсэн Мянганы хөгжлийн 6-р зорилтоо биелүүлсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, БЗДХ-ын өвчлөл нийт халварт өвчний 40 гаруй хувийг эзлэж байна.

Иргэний үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, ХДХВ-ийн ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сурталчилааг эрчимжүүлэх, ХДХВ, БЗДХ-ын тусламж үйлчилээг эрүүл мэндийн бусад үйлчилгээнд нэгтгэж, уялдуулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах, ХДХВ-тай тэмцэх, сэргийлэхэд зориулагдах зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Одоогийн байдлаар нийт зарцуулагдаж байгаа зардлын 80 хувийг Глобаль сангаас санхүүжүүлсэн хэвээр байна. НҮБ-аас 2030 он гэхэд ХДХВ/ДОХ-ын халдварыг зогсоох зорилтыг дэвшүүлж дэлхийн улс орнуудыг энэхүү халдварын эсрэг тууштай тэмцэхийг уриалж билээ. ДЭМБ-аас 2016-2021 онд таван үндсэн зорилт бүхий “ДОХ-ын талаар баримтлах Дэлхийн эрүүл мэндийн салбарын стратеги”-ийг батлан гаргасан.

Үүнд, өнөөгийн халдварын тархалтын нөхцөл байдалд бодит үнэлгээ өгөх, шаардлагатай үйлчилгээг тодорхойлох, үйлчилгээ шаардагдсан хүн амаа жигд хамруулах, тогтвортой санхүүжилтээр хангах, улмаар дараачийн зорилт буюу уг өвчнийг устгах талаар инноваци гаргах. Харамсалтай нь, өнөөдөр дэлхий дахинд халдвар авагсдын 40 хувь нь халдвар авснаа мэдэхгүй явж байна.

Хэдийгээр Монгол Улсад ХДХВ/ДОХ-той хүмүүст үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээ зуун хувь үнэ төлбөргүй ч өвчилсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Үүний тулд анхдагч буюу эрүүл иргэдэд чиглэсэн ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ, хоёрдогч буюу эрсдэлт бүлгийн /хар тамхичин, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд оролцогсод, хараа хяналтгүй өсвөр үеийнхэн, биеэ үнэлэгчид, ялтангууд/ хүмүүс рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ, гуравдагч буюу ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх цогц арга хэмжээнүүдийг тууштай, олон улсын стандартын дагуу авах шаардлагатай байна. Монгол улс нь хүний эрхийг дээдэлдэг орны хувьд хувь хүний нууцлалыг чанд хадгалах, аливаа ялгаварлан гадуурхалтаас ХДХВ/ДОХ-ын халдвар авсан иргэдийг ангид байлгадаг.

Дэлхий нийтээрээ энэхүү халдварт өвчинтэй тэмцэж байгаа өнөө үед хэн боловч ДОХ-ын сайн дурын шинжилгээнд хамрагдаж өөрийгөө болон бусдыг хамгаалах иргэний зоригтой байхыг уриалж байна. Цаг тухайд нь шинжилгээнд хамрагдаж, зохих эмчилгээг авч, эмчийн заавраар явсан тохиолдолд эрүүл хүмүүсийн адил ажиллаж, хөдөлмөрлөж сайн сайхан, урт удаан амьдрах боломжтой гэдгийг хэлэх юун.

Урьдчилсан байдлаар нааштай үр дүн гарсан ХДХВ/ДОХ-оос сэргийлэх вакциныг өдгөө зөвхөн Тайландад гэхэд 16000 хүн тариулаад байна. Цаашид эрдэмтэд улам сайн үр дүнтэй вакцин гаргах тал дээр эрчимтэй ажиллаж байна. Удахгүй энэ аюулт өвчнөөр нэг ч хүн хорвоог орхидоггүй болох үе ирнэ гэдэгт хүн төрөлхтөн итгэж байна. 

Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор, профессор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.