2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » М.Дэлгэрэх: Түүхий нүүрсний хэрэглээг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулна


М.Дэлгэрэх: Түүхий нүүрсний хэрэглээг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулна

Нийтлэлийн төрөл: Нийгэм

 

 

        Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.ДЭЛГЭРЭХТЭЙ ярилцлаа.

 

-Агаарын бохирдлыг бууруулах ажилд жил бүр багагүй мөнгө төсөвлөдөг. Гэсэн ч үр дүнгээ төдийлөн өгдөггүй нь юутай холбоотой юм бол?

 

-Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд нэг сая тонн нүүрс хэрэглэж, агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг. Харин нийслэлд ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10, дулааны цахилгаан станц зургаа, хөрснөөс дэгдэж буй тоос дөрвөн хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011- 2015 он хүртэл 132.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн буурахгүй байна. Гол нь өчнөөн төгрөг төсөвлөсөн ч үр дүнгээ өгөх төслийг төдийлөн хэрэгжүүлээгүй гэж хэлж болно.

 

-Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төслийн үр дүн тааруу байсан учраас үргэлжлүүлэхгүй гэсэн үг үү?

 

-Агаарын бохирдлыг бууруулах газарт ЖАЙКА-тай хамтарсан нийслэлийн агаарын бохирдлыг хэмжих төслийн эхний хоёр шатыг амжилттай хэрэгжүүлээд байна. Одоо дараагийн шат руугаа орно. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан төслүүдээс авах нь ч байна, хаях зүйл ч бас нэлээд байгаа юм. Тиймээс судалгаа, шинжилгээ, тооцоонд үндэслэж байж сайныг нь үргэлжлүүлнэ. Тухайлбал, сайжруулсан түлштэй холбоотой сайн төсөл бий. Үр дүн муутай нь гэвэл зуухны төсөл. Үүнд маш их хөрөнгө зарцуулсан хэрнээ үр дүн маш тааруу байсан гэж үзэж байгаа.

 

-Та бүхэн агаарын бохирдлыг бууруулахад яг ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны, тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Нийслэлээс дулаан хуримтлуулах, цахилгаан инновацыг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, агаарын бохирдол ихтэй бүсийн сургууль, цэцэрлэгүүдийн гадаад, дотоод орчны агаарын чанарт судалгаа хийж, түүнийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх, төвийн дулааны шугам сүлжээнээс алслагдсан төрийн байгууллагуудын дулаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Үүний дагуу үе шаттай ажиллахаар төлөвлөж байна. Энд тодорхой нэг жишээ дурдахад, шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр, байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр туршиж байгаа. Улмаар “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө түүхий нүүрсний хэрэглээг халж, эко технологийг нэвтрүүлж, хэрэглэснээр утаанаасаа сална.

 

-Төхөөрөмжийг хэзээнээс туршиж эхэлсэн бэ. Хэр үр дүнтэй байна гэж тооцож байгаа вэ?

 

-Жилийн өмнөөс эхэлж Чингэлтэй дүүргийн гурван цэцэрлэгт хэрэгжүүлсэн. Одоогоор туршилт амжилттай хэрэгжиж байгаа. Үр дүн нь эерэг гарна гэдэгт бид итгэлтэй байна. Хамгийн гол нь иргэдэд баталгаа, найдвартай зүйлийг санал болгохоор л ажиллаж байна. Туршилтын хугацаа дууссаны дараагаар иргэдэд санал болгож, тухайн үед илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно.

 

-Хэчнээн төгрөгийн өртөгтэй төхөөрөмж вэ?

 

-Нэг өрх жилд дунджаар 3-4 тонн түүхий нүүрс түлдэг гэсэн тооцоо бий. Тэгэхээр нэг портер нүүрс хэдтэй байгаа билээ. Уг төхөөрөмжийг нэг удаа авчихвал дараагийн жилүүдэд түүхий нүүрсэнд мөнгө зарцуулахгүй гэсэн үг. Ойролцоогоор 800 орчим мянган төгрөгийн өртөгтэй төхөөрөмж юм. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг анх гаргахад зардал мөнгөний хувьд өндөр тусдаг. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа бүх технологи тодорхой хэмжээгээр өртөг өндөртэй. Бидний туршиж буй герман төхөөрөмжийг хэрэглэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулж чадна. Уг төхөөрөмжийн тодорхой хувийг төрөөс дааж, үлдсэнийг нь иргэд гаргах юм. Өнөөдөр гэр хорооллын айлууд дулаахан байх, хоолоо боловсруулж идэх гэж гал түлдэг. Тэгвэл уг төхөөрөмж нь иргэдийн дээрх хэрэгцээг бүрэн хангах юм. Өөрөөр хэлбэл, шөнийн цагаар цахилгааны тариф 50 хувийн хямдралтай байхад төхөөрөмжөө цэнэглээд өдөр нь хуримтлуулсан дулааныг нь ашиглах юм. Мөн төхөөрөмж дээр тогоогоо тавиад цай хоолоо чанаж идэх боломжтой.

 

-Цахилгааны зарцуулалт хэр байх вэ?

 

-Нэг өрхийн цахилгааны зарцуулалт таван кВт байдаг. Энэ төхөөрөмж нь дангаараа 1-2кВт зарцуулдаг. -Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сангийн гол зорилго юу вэ? -Өмнөх сангууд зуух, нүүрс гээд тодорхой зүйлийг худалдаж аваад халамжийн бодлогоор, ямар ч эргэн төлөлтгүйгээр иргэдэд тараагаад өгчихдөг байсан. Буруу хийсэн ажилдаа хариуцлага хүлээдэггүй байсныг бид мэднэ. Тэгэхээр нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах одоогийн сангийн санхүү нь иргэдийн түүхий нүүрс худалдаж авдаг мөнгөнөөс бүрдэнэ. Нэг өрх 1-3 сая хүртэлх төгрөгийн түлшээр өвлийн улирлыг даван туулж байна. Уг мөнгөөр дээрх санг санхүүжүүлнэ. Гэхдээ иргэдэд ямар ч санхүүгийн дарамтгүйгээр, хангалттай хэмжээгээр үйлчилж, хамтдаа хариуцлага хүлээх байдлаар ажиллах юм. Өмнөх сан гаднын тусламж, халамжийн бодлогоор ажиллаж байсан. Харин бид халамжийн бодлогоос татгалзаж, гаргаж буй зардлыг хэмнэж утаанаасаа салах болно. Энэ нь татвар биш бөгөөд түүхий нүүрсэнд зарцуулж буй тэр мөнгөө санд өгч улмаар өндөр инновац шингэсэн байгаль орчинд ээлтэй, утаа гаргадаггүй төхөөрөмж авах боломжтой юм.

 

Ц.Заяа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.