2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хамгаалах үүрэгтэй засаг ХУВЬЧЛАХ ГЭЖ ЯВНА

Хамгаалах үүрэгтэй засаг ХУВЬЧЛАХ ГЭЖ ЯВНА

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин
Хамгаалах үүрэгтэй засаг ХУВЬЧЛАХ ГЭЖ ЯВНА
Үндсэн хуульд зааснаар УИХ-ын нэгэн бүрэн эрх дөрвөн жил. Яг амьдрал дээр бол үүний ердөө тал нь ажил хийх хугацаа л даа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн маргаашаас эхлээд засаг байгуулах, шинэ албандаа суралцах ажил нь жигдрэх болтлоо нэг жил болчихдог юм. Эхний жилээ иймэрхүү байдлаар алдсан улстөрчид бүрэн эрхийн сүүл-чийн жилээ ирэх сонгуульдаа зориулдаг нь нууц биш. Сонгуулийн өмнөх жил парламентад орж ирсэн, УИХ-аар хэлэлцэж байгаа хууль бүхэн гулсаад л улс төр болчихдог. Үе үеийн парламент дундахь хоёр жилдээ бодлогын өөрчлөлт, хуулийн реформоо хийж чадаагүй л бол дуусаа. Яагаад гэвэл, хүссэн ч, эс хүссэн ч сонгуулийн өмнөх жил УИХ ямар сайндаа л ямаанд мөнгө хуваарилах мэт популист хууль баталж байх билээ. Бодит байдал ийм болохоор Монголын улстөрчдийн ажил хийдэг хугацаа нь хоёр жил гээд байгаа юм.

Бичигдээгүй хэрнээ баталгаатай мөрдөгддөг энэ “хууль” одоогийн парламентын өнгөн дээр зөрчигдөж мэдэхээр байгаа ажээ. Харамсалтай нь сайн талаасаа биш шүү. УИХ-ын гишүүд ажил хийх хугацаагаа бус, сонгуульд бэлдэх цагаа л сунгаж байгаа ажээ. 2016 оны сонгуульд улстөрчид бэлдээд эхэлсэн гэх үү дээ. Иргэд цалингаас цалингийн хооронд амьдардаг шиг, сонгуулиас сонгуулийн хооронд “амьдардаг” улстөрч олширсон байна. Тэднийг захаас нь нэрлэх юм бол УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл хоёрыг дурдаж болох юм.

 

Шинэчлэлийн Засгийн газарт тохой залган суугаа энэ хоёр эрхэм нэг намаас нэг тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан. Хан-Уулаас сонгогдсон тэдний нэг нь Гадаад харилцааны, нөгөө нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хийж байгаа.  Ерөнхийлөгчийн хэлснээр бол “давхар дээлтэй яваа” хүмүүс. УИХ-ын гишүүний ажлынхаа хажуугаар сайдын алба хашиж яваа энэ хүмүүс 2016 оны сонгуулийн PR-аа бас давхар хийж явна. Богдхан уулын дархан цаазат газраас сонгогчдодоо тасдаж өгөх санаачилга гаргаад явж байгааг үнэндээ өөрөөр юу ч гэж тайлбарлах билээ дээ.

 

Иргэдээ газар өмчлөх эрхээр нь хангаж өгөх нь зөв л байх. Гэхдээ нэг хуулийг хэрэгжүүлэх гээд нөгөө хуулийг нь үгүйсгэх хэрэг байна уу. Богдхан уул бол дэлхийд хамгийн анхны дархан цаазтай уул. Орчин цагийнхаар бол төрийн тусгай хамгаалалттай газар нутгаа төр нь хамгаалж байгаа хэрнээ л Зайсан орчмыг өнөөдөр ямар байдалд хүргэчихээд байгаа билээ. Худлаа ч гэсэн хуулийн хамгаалалттай байхад ийм байгаа юм чинь хамгаалалтаас нь гаргачихвал юу болох бол. Нөгөөтэйгүүр, Богдхан уулыг XIII зууны үеэс дархалж ирсэн соёлын өв гэдэг. Гэтэл ийм газрыг дахин сонгогдохын тулд төрийн хамгаалалтаас гаргах ажлыг соёлын асуудал хариуцсан сайд нь санаачлаад явж ч байх гэж. Үнэндээ бол аялал жуулчлалын бүс гээд Богд уул, Зайсан орчмыг улстөрчид  өнөөгийн төрхтэй болтол нь “худалдчихсан”. Энэ өнцгөөс нь харвал Богдхан уулыг бусдаас хамгаалах, харамлах үүрэг Ц.Оюунгэрэл сайдад илүү хамаатай.

 

Л.Болд, Ц.Оюунгэрэл хоёр хувь улстөрчийнхөө рейтингээ өсгөхийн тулд ашиглах гэж байгаа энэ газар тусгай хамгаалалттайгаас гадна Улаанбаатар хотыг бүхэлд нь ундны усаар хангаж байгаа Туул голыг ч бас төрийн хамгаалалтаас гаргаж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь, маш том буруу жишгийн эхлэлийг тавих нь. Зайсан орчмын газрыг төрийн тусгай хамгаалалтаас гаргахад Тэрэлжийн газрыг ч иргэдэд өмчлүүлэх хэрэг гарна. Цаашаа орон нутагт энэ муу жишиг үргэлжилнэ. Нөгөө, Сүхбаатарын талбайг Чингисийнх болгонгуут дагаад Өндөрхааныг Чингис хот болгодогтой адилхан. Улстөрчид угаасаа давуулж амлахдаа гаргуун шүү дээ.

 

Зайсан орчмын айлуудад газрыг нь алаг цоог, өм цөм байдлаар өмчлүүлэх агуулгатай энэ төслийг нь Засгийн газар хүртэл дэмжчихээд байна. Нөгөө байгаль орчноо хайрлана, ногоон хөгжлийг дэмжинэ гэж мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан шинэчлэлийн Засгийн газар танхимын хоёр сайдынхаа лоббид орчихсон л тууж явна. Саяхан л байгаль орчныг тэргүүн зорилгоо болгоно гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг ерөнхий чиг үүргийн яам болгон байгуулсан хэрнээ яг цагаа тулахад эсрэг кноп дарчихлаа шүү дээ. Салбарын сайдынх нь саналаас зөрж гаргасан шийдвэр Засгийн газрын байгальдаа хандах жинхэнэ нүүр царайг илчилчих шиг боллоо. Ингэхээр нэг талаасаа засаг бодлогоосоо зөрж, нөгөө талаасаа ИЗНН-ынхан хүртэл засагт орсон зорилгоосоо хазайчихлаа. Үнэндээ бол энэ засагт орсон ИЗНН, С.Оюун гэдэг сайдын үзэл баримтлал хоёрхон сайдын популизмд дарагдчихлаа.

 

Ч.Гангэрэл

Үндэсний шуудан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.