2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Ярилцлага » Ж.Толганай: Оюутны 70 мянгаараа аавдаа бялуу аваад замын унаанд дайгаад явуулж байлаа

Ж.Толганай: Оюутны 70 мянгаараа аавдаа бялуу аваад замын унаанд дайгаад явуулж байлаа

Нийтлэлийн төрөл: Ярилцлага

 

Ж.Толганай: Оюутны 70 мянгаараа аавдаа бялуу аваад замын унаанд дайгаад явуулж байлаа

Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан  Отгонтэнгэр Их Сургуулийн сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн 3-р курсын оюутан  Т.Жанатхантай ярилцлаа. Тэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас нийслэлд ирж суралцаж буй юм.

 

-Анх Улаанбаатар хотод ирэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Их хот шинэхэн оюутныг яаж угтав?

-Надад аймар санагдаж байсан. Одоо яанаа, дасах юм болов уу гээд.  Нэг сонин зүйл нь хотоор явж байхад охид  бүгд л ижилхэн царайтай харагддаг байлаа. Харин одоо бол өөр өөр харагддаг. Хамгийн хэцүү нь хэлний асуудал байсан. Би анх ШУТИС-д сурдаг байв.  Багш нар ангид орж ирээд л  слайдаа гаргачихаад уншаад ойлгосноо бич гэнэ. Би бичих гэхээр юу ч ойлгохгүй сууж байдаг байсан.Өмнө нь  Монгол хэлээр хичээл үзэж байгаагүй.

 

-Ямар хэлээр хичээл ордог байсан юм?

-Казах хэлээр хичээл ордог байсан. Оюутан болоод л монгол хэл хичээнгүйлэн сурч эхэлсэн дээ.

 

-Хотод ирээд гэрийхэнийгээ зөндөө их санадаг байсан уу?

-Өмнө нь гэрээсээ хол явж үзээгүй болохоор хол байх хэцүү л байсан. Зун хурдан болоосой гэж боддог байлаа. Ээж аавыгаа маш их санадаг юм билээ. Ялангуяа өвдөхөөрөө илүү их санадаг.

 

-Яагаад цэцэрлэгийн багшийн мэргэжлийг сонгох болов?

-Би арван жилдээ хичээл номдоо идэвхтэй, сургуулийнхаа тэргүүний сурагчдын эгнээнд багтдаг байлаа.  Арван жилээ төгсөх хавар Ховд их сургуулиас дөрвөн жил үнэ төлбөргүй сурах урилга ирж байв. СӨНХБ, бага ангийн багш, математикийн багш гэсэн ангиудаас аль нэгийг сонгох эрхтэй байлаа. Ээж аав хоёр сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн ангийг сонгочих гэхэд нь миний сонирхсон мэргэжил биш байна гэж хэлээд ороогүй. Би 1-11-р анги хүртлээ цагдаагийн академид орно гэж их мөрөөддөг байсан. Харамсалтай нь тэр жил охид элсүүлэхгүй гээд орж чадаагүй ээ.  Тэгээд л ШУТИС-ийн менежментийг ангид орчихсон. Энэ ангид жил сураад гарчихсан. Яагаад гэвэл нэг л сонирхолгүй санагдсан юм. Би Отгонтэнгэр Их сургуульд сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн  ангид шууд л орчихсон. ШУТИС-иас төлбөрөө буцааж аваад одоо байгаа ангидаа сурч эхэлсэн дээ. Ээж аавдаа  сургуулиа солиод орсны дараа хэлэхэд баяртайгаар хүлээн авсан. Аргагүй дээ өөрсдийнх нь санал болгосон ангид орсон болохоор тэр биз.

 

-Анхны оюутны тэтгэлэг болох 70200 төгрөгөө юунд зарцуулсан бэ?

-Би шаардлагатай зүйлээ жагсаагаад бичээд авч байсан. Анхны 70 мянгийг манай аавын төрсөн өдөр өгч байсныг хэзээ ч мартахгүй.  Аавдаа төрсөн өдрийн бэлэг, бялуу аваад замын унаанд өгч явуулж байсан. Өөртөө хувцас худалдан авч билээ. Хуучны ШУТИС-ийн найзууд 70 мянгаа авсан, шоудах уу гэж байсан. Гэхдээ би шоудаагүй. Ер нь 70 мянгаа авсан оюутнууд зөв зарцуулах хэрэгтэй л дээ. Ухамсартай хандаж, яг юунд зарцуулах вэ гэдгээ урьдчилаад төлөвлөчихвөл үр дүнтэй зарцуулагдана.  

 

 -Хичээлийн бус цагаараа юу хийдэг вэ?

-Өнгөрсөн жил амжаагүй л дээ. Энэ жилээс англи хэлээ хичээнгүйлэн сурч байна.  Би төгөлдөр хуур авна гээд бодоод удаж байлаа. Даанч мөнгө байдаггүй. Өнгөрсөн долоо хоногт замын зардлыг сургууль маань өгсөн. Ээж аавтайгаа ярилцаж байгаад замын зардал дээрээ мөнгө нэмж байгаад төгөлдөр хуураа авчихсан. Одоо сурна даа

 

-Замын зардал гэж хэдэн төгрөг өгдөг юм бэ?

-Манайх хотоос 1500 км зайд байдаг. Хоёр өдөр, хоёр шөнө явж байж хүрдэг. Замын зардалд 160.000 мянган төгрөг өгсөн.

 

Дотуур байранд амьдардаг уу?

Үгүй ээ. Түрээсийн байранд амьдардаг. Байрандаа зургуулаа амьдардаг. Надтай хамт амьдарч байгаа охид их ухаантай. Бид нар аав ээжээсээ сард 30.000 төгрөг авдаг. Үүнээсээ бид 15.000 төгрөгийг нийлүүлж байгаад сарын түрээсээ төлнө. Үлдэгдэл 15.000 төгрөгөө өөртөө зарцуулна.  Өөртөө гэхээр өдрийн хоолны мөнгө, гар утасны нэгжний мөнгө гээд л.

 

-Чиний бодлоор одоогийн оюутнууд зорилготой суралцаж чадаж байна уу?

-Оюутан архи, тамхи хэрэглээд буруу зам руу ордог шүү дээ. Миний бодлоор оюутнууд өөрсдийгөө хөгжүүлэх цаг зав төдийлөн гаргаад байдаггүй. Миний эрэгтэй найзаас танил нь асууж л дээ. Чи дота тоглодог уу, тамхи татдаг уу гэсэн чинь үгүй гэсэн байгаа юм. Тэгсэн танил нь чамд ер нь авьяас байна уу гээд хэлсэн гэсэн. Тэр одоо авьяас байх уу даа. Миний эрэгтэй найз өөртөө зорилго тавьж суралцдаг нь надад үлгэр дуурайл болж өгдөг. Жишээ хэлбэл, гитарын сургалтад суугаад мундаг тоглодог боллоо. Англи хэлний TOEFL-н шалгалт өгөх гээд одоо бэлдэж байгаа. Оюутан байх хугацаандаа зорилготой л сурах хэрэгтэй. Ахиж оюутан нас хэзээ ч олдохгүй гэдгийг ойлгоосой.

 

-Чи ойрын зорилгоо тодорхойлчихсон байгаа юу?

-Хэд хэдэн зорилгоо төлөвлөчихсөн л байна. Хамгийн эхэнд дипломоо Турк улсад хамгаална гэж бодож байна. Энэ талаар судалж байгаа. Бүтвэл Турк руу явна. Бас их сургуулиа амжилттай төгсчихөөд хэдэн жил мэргэжлээрээ ажиллачихаад хувийн цэцэрлэг нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай аймагт цэцэрлэг тун цөөн болохоор л тэр. Хэрэв хувийн цэцэрлэгээ байгуулж чадахгүй байвал аав ээжийнхээ нарийн боовны цехэд ажиллана даа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.