2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Нямгэрэл: Урьдчилан сэргийлэх гэдэг хоёрхон үгний цаана...

Л.Нямгэрэл: Урьдчилан сэргийлэх гэдэг хоёрхон үгний цаана...

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

 

        “Хар тамхи аюулын харанга дэлдэж байна” гэх агуулгатай мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа хөврөх боллоо. Энэ бодит байдал уу, хэвлэлээр хэт дэвэргэж хөөргөөд байгаа нь тэр үү. Хар тамхи, мансуурах бодисын хяналт, хууль эрх зүйн зохицуулалтын талаар ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлтэй ярилцсанаа хүргэж байна. 

 

-Сүүлийн үед  хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж эхэллээ. Ер нь бодит байдал ямар байна вэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтэд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ? 

 

-Манай улсад ургаж байгаа мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац их. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны тушаалаар байгуулагдсан хогийн олсны ургамал каннабисын тархац-нөөцийг тогтоох ажлын хэсгээс гаргасан судалгаагаар 14 аймгийн 49 сумын нутаг дэвсгэрт 5230 га талбайд, улсын хэмжээнд нийт 15000 га талбайд ургаж байгааг тогтоосон. Сүүлийн жилүүдэд мансууруулах үйлчилгээтэй дээрх ургамлыг устгах ажил хийгдээгүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн 50-60 хувийг мансууруулах үйлчилгээ бүхий ургамалтай холбоотой гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эм бэлдмэл, бодист хийсэн дүгнэлтээр ихэнх хувийг мансууруулах ургамлын төрөлд орох каннабисын төрлийн ургамал, амфетамины сэргээгч бодис болох ICE буюу мөс, геройн, гашиш зэрэг бодис эзэлж байгаа. Монгол улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого байхгүй, хууль эрх зүйн орчин сайнгүй. Дээр нь орон нутгийн хууль сахиулах байгууллагын албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мэдлэг, арга дутмаг зэргээс нөхцөл байдлыг хяналтандаа оруулж чадахгүй байгаа. Мансууруулах бодис хууль бусаар хэрэглэгч донтогчдыг эмчлэх, тэдэнд туслалцаа үзүүлэх, эмчилгээний арга зүй практикт тогтоогүй, стандарт байхгүй, мэргэшсэн эмч ажилтан, кабинет төв дутагдалтай, Хилийн боомт дээр хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх техник тоног төхөөрөмж дутагдалтай, хяналт шалгалт сул, мэргэшсэн ажилтан дутмаг, мансууруулах бодисын хор нөлөө, үр дагаврын талаар олон нийтийн дунд мэдээлэл дутмаг байдлаас залуучуудын дунд хэрэглэгчдийн тоо өссөн. Интернетийн орчин хэт чөлөөтэйгээс нийгмийн сүлжээгээр хүүхэд залуучууд хар тамхи мансууруулах бодисын сурталчилгааг ямар ч хараа хяналтгүй үзэх боломжтой, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах өнгө аястай мэдээ мэдээлэл, кино, клип гарч байгаа нь хүүхэд залуучуудад буруу ойлголт өгөх, сонирхох сэдэл төрүүлж байна. Энэ бол таны асуултын хариултын  нэг л хэсэг. Ийнхүү нөлөөлж буй хүчин зүйлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр иж бүрэн судалж, тодорхойлох ёстой юм.

 

-Монголд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн нэгдсэн судалгаа байдаг уу?

 

-Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарын нэгдсэн судалгаа, тоо байхгүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр манай улсад 5000-8000 хэрэглэгч, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран хийсэн судалгааны дүнгээр 60000-80000 хэрэглэгч байна гэсэн зөрүүтэй тоо мэдээ байна. Тэгэхээр нэгдсэн судалгаа гаргах  шаардлага байна гэсэн үг л дээ. 

 

-2016 онд энэ төрлийн гэмт хэрэгт хэдэн хүн холбогдсон бэ?

 

-Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр зөвхөн 2016 он гарсаар цагдаагийн байгууллага мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой 216 үйлдэл бүхий 182 хүнд холбогдох 78 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Одоо цагдаагийн байгууллагад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой 28 гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна.

 

-ОХУ, БНХАУ-д хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хууль бус худалдаа төдийлөн буурахгүй байгаа. Энэ нь манайд сөргөөр нөлөөлөх вий гэсэн зовнил иргэдийн дунд түгээмэл. Ийм бодит аюул бий юү? 

 

-Зүүн өмнөд Азийн улс орнууд болон хил залгаа БНХАУ-аас манай улсын хилээр хууль бусаар синтетик төрлийн мансууруулах бодис болох амфетамин, метамфетаминыг нэвтрүүлэх, зарж борлуулах үйлдэл нэмэгдсээр байна. Мөн олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглах, хар тамхи, мансууруулах бодисыг манай улсад нэвтрүүлэх, худалдах нь нэмэгдэх хандлагатай байгаа. Манай улсын хөрш ОХУ, БНХАУ опиумын тархалт ихтэй, олон  сая гаруй хэрэглэгчтэй, героин, кетамин, экстазийн худалдаа үлэмж их, метамфетамин болон каннабисын хэрэглээ өндөр, тархалт өргөн, амфетамины төрлийн сэргээгчийн үйлдвэрлэл нэмэгдсэн талаар НҮБ-ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх албаны тайланд дурдсанаас үзэхэд манай улсад энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх бодит аюул байна гэсэн үг. Тиймээс хар тамхины аюулыг арилгахад хамтын ажиллагаа, иргэн бүрийн үүрэг оролцоо их чухал. 

 

-Бодит байдал ийм байна. Тэгвэл хууль бус наймаа, хэрэглээг зогсоох, хяналт тавих талаар төр засгаас ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 

 

- Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэхүү хөтөлбөрийг ойрын үед боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Уг хөтөлбөрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих хүрээ хязгаарыг нарийвчлан зохицуулахаас гадна хууль бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, гарсан нөхцөлд таслан зогсоох, гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоон, түүнийг арилгах талаарх зохицуулалтыг нарийвчлан тусгаж байгаа юм. Бас холбогдох байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, үйл  ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, арга зүйгээр хангах зэрэг асуудлуудыг тусгана. Цагдаагийн байгууллагаас гадна шүүх, прокурор, шүүхийн шинжилгээ, хил, гааль, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол гээд маш олон салбарын нэгдсэн бодлого, хамтын ажиллагаа маш чухал. Мөн хөтөлбөрт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, гадаад орнуудын сайн туршлага, аргыг судлах, суралцах, техник технологийг практикт нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарт эмчилгээ үйлчилгээний төвтэй болох, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах, нийгмийн ажилтнуудад энэ чиглэлээр ажиллах мэдлэг эзэмшүүлэх зэрэг зорилт дэвшүүлж байгаа. Ингэснээр хяналт-урьдчилан сэргийлэлт-таслан зогсоох-хариуцлага хүлээлгэх тогтолцоо гэсэн нэгдсэн зохицуулалттай болж, төрийн бодлого цогц байдлаар хэрэгжих нөхцөл бүрдэнэ. 

 

-Иргэдийн зүгээс “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй” гэсэн хандлага байдаг. Ер нь хуулийн зохицуулалт нь ямар байдаг юм бэ? 

 

-Одоогоор Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих харилцааг зохицуулахад шууд холбогдолтой 6 олон улсын гэрээ, Монгол Улсын хууль 51, УИХ-ын 4 тогтоол, Засгийн газрын 8 тогтоол хүчин төгөлдөр үйлчилдэг. 2002 онд батлагдаж, 2011 онд нэмэлт өөрчлөлт орсон  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-аар энэ харилцааг шууд зохицуулж, Эрүүгийн хуулийн 188, 192-196 дугаар зүйлд зааснаар энэ төрлийн хууль бус эргэлттэй холбогдсон зарим асуудлыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Манай улс олон улсын хэд хэдэн чухал конвенцид нэгдэн орсон болохоор олон улсын өмнө бас тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Гэвч байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо дутмаг, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдаагүй, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй тал бий. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Ерөнхий сайдын дэргэд Мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүрэгтэй Үндэсний хороо ажиллахаар хуульчлагдсан хэдий ч байгуулагдалгүй өнөөг хүрсэн. Чухам энэхүү Үндэсний хороо нь миний дээр хэлсэн холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй байхаар хуулинд тусгагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газар  2000 онд Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байсан ч уг хөтөлбөр 2005 онд дууссан. Хууль батлагдсан болон нэмэлт өөрчлөлт орсон цаг үеэс өнөөдрийн нөхцөл байдал эрс ялгаатай байгааг түрүүн дурдсан. Мансууруулах бодистой холбоотой нөхцөл байдал хүндэрч буй өнөө үед урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. 

 

-Гадаадын орнууд хар тамхи, мансууруулах бодистой хэрхэн тэмцэж, хянаж байна вэ?  Олон улсын туршлагын талаар танилцуулна уу гэх гээд байна л даа? 

 

-Олон улсын туршлагаас харахад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын дийлэнх хувийг  урьдчилан сэргийлэх ажил эзэлдэг. Бид олон улсын байгууллагатай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, туршлага судлуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөн эхлүүлээд байна. Жишээ нь, АНУ-ын Төрийн департментийн Олон улсын мансууруулах бодис, хууль сахиулах үйл ажиллагааны харилцааны товчоотой үндэстэн дамнасан гэмт хэрэг, тэр дундаа хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллана. Тус байгууллагаас санхүүжүүлдэг олон улсын Коломбо План хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулж, тэдний мэдлэг, мэргэшлийг дээшлүүлнэ.

 

-Мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн үүрэг оролцоо чухал гэх уриа лоозон маягийн үгийг албаныхан дандаа хэлдэг. Төр засаг, иргэн, төрийн бус байгууллага мансуурах бодисоос хүүхэд залуучуудаа хамгаалах, сэргийлэхэд уялдаа холбоотой ажиллаж чадаж байна уу?

 

- Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх  нь зөвхөн энэ талын чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын хийх, тэдний ажлыг уялдуулан зохицуулаад хэрэгжих ажил биш. Иргэн, төрийн бус байгууллагууд, үүний дотор хэвлэл мэдээллийн байгууллагууд үүрэг оролцоо чухал. Мансуурлаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг олон нийт, тэр дундаа хүүхэд залуучуудад таниулах, ойлголтыг зөв болгох, мэдлэгийг нэмэгдүүлэх ажилд хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй. Мансууруулах бодис, түүний хэрэглээний талаар хийгдэж буй мэдээлэл, контент сөрөг сурталчилгаа болж хүүхэд залуучуудын дунд буруу сэдэл төрүүлэх магадлалыг ч бодолцож энэ тал дээр төрийн бодлого чиглэлд нийцсэн мэдээлэл түгээх, энэ ажилд төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг цогц асуудлыг хөтөлбөрт оруулахаар бэлтгэж байна.

 

- Хууль зүй, дотоод хэргийн сайдын ахалсан орон тооны бус ийм зохицуулах зөвлөлтэй байхын ач холбогдол юу вэ?

 

- Энэ зөвлөл нь улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бодлогоор зангидах, уялдуулах, зохицуулах үүрэгтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол улсын Ерөнхийлөгч тогтоохоор заасан . Мөн хуульд “Хууль зүйн сайд улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажлын албатай байна” гэсэн байдаг. Гэвч 2012 оны наймдугаар сард энэ албыг татан буулгаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа зогссон. Ингэснээр  улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого алдагдаж, хуулийн хэрэгжилт хангагдахгүй, энэ чиглэлийн ажил зогсонги байдалд орсон байна. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хууль зүйн, дотоод хэргийн сайдын удирдлага дор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл дахин байгуулагдаад байна. 

 

-Тэгэхээр өмнө нь татан буугдсан зохицуулах зөвлөлийн ажлын алба дахин ажиллаж эхэлжээ?

 

- Тийм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны есдүгээр сарын 29-ны өдрийн 134 тоот зарлигаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдхүүнийг шинэчлэн баталснаар ХЗДХЯ-нд зохицуулах зөвлөлийн ажлын алба дахин байгуулагдсан. 

 

Манай ажлын алба нь гэмт хэргийн талаархи мэдээлэл цуглуулж, судалгаа дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоохоос эхлээд урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах, хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлах хүртэл олон талт ажил зохион байгуулах юм.

 

Гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн үр дүнтэй, зөв арга юу вэ. Энэ бол урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэх гэдэг хоёрхон үгэнд багтсан ч аврагдсан амь, хэмнэгдсэн мөнгө гээд ярьвал хоёр зуун хуудсанд багтахгүй ач холбогдолтой ажил. 

 

Ярилцсанд баярлалаа.

 

Б.Цэцэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.