2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Д.Мөнх-Оргил: “ҮЛЭМЖ ТАНСАГ”-ийг урлагаар мэдрүүлнэ

Д.Мөнх-Оргил: “ҮЛЭМЖ ТАНСАГ”-ийг урлагаар мэдрүүлнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

Жонон хар морио алдсандаа гашуудсан Хөхөө Намжил мориныхоо толгойг модоор дуурайлган сийлж, морин хуур урласан тухай домог бий. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн хөг аялгууг орчин цагийн хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагийн нэр энэхүү домгоос улбаатай тухай хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил нэгэнтээ хэлсэн байдаг. Монгол хэмээх аугаа үндэстний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчилсаар 10 дахь жилтэйгээ золгоод байгаа “Жонон” хамтлагийнхан та бидэнд Монгол урлагийн “Үлэмж тансаг”-ийг мэдрүүлэхээр тоглолтоо өргөн барих гэж байна. Ингээд “Үлэмж тансаг” тоглолтын талаар тус хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргилтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

-Жонон хамтлагийн 10 жилийн ой энэ жил тохиож байгаа. Та бүхэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын язгуур урлагийг дэлхий нийт хийгээд элэг нэтгнүүддээ сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Харин таны хувьд өнгөрсөн 10 жилийг хэрхэн дүгнэх вэ?

 

-Аливаа улс, үндэстний язгуур урлагийг тэр хэвээр нь орчин үед хадгалж, ирээдүйд өвлүүлж үлдээнэ гэдэг өөрөө аугаа үйл хэрэг гэж би хувьдаа боддог. Тэр ч утгаараа би ийм их хүнд ачааг үүрч яваа хамтлагийнхаа залуусаар бахархаж, үргэлж талархдаг. Бидний өвөг дээдэс, хойч үеийнхэн маань надтай ижилхэн үзэл бодолтой байх нь манай хамтлагийн  үнэ цэнийг тодорхойлох байх. Өнгөрч буй 10 жилийн хугацаанд хүнд хэцүү, шантрах үе тохиож байсан ч даван туулж өнөөдөртэй золгоод 10 жилийнхээ ойг тохиолдуулан “Үлэмж тансаг” тогтлолтоо ард түмэндээ өргөн барих гэж буй залуус маань  өөрсдөө түүх юм.

Уламжлалт хөгжмийг язгуур шинжээр нь өвлөн суралцах, хөгжимдөх арга барил, ардын хөгжмийн язгуур өнгө дуу гаралтыг алдагдуулан өөрчлөхгүй нандигнан дээдлэх нь үндэсний дархлааг хадгалахад чухал үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлж угсаатны хөгжмийн язгуур шинжийг хадгалах болон орчин цагийн хөгжмийн урлагийн ололт амжилттай хөл нийлүүлэх, нийтийн хүсэл таашаалд нийцүүлэн, өөрийн гэсэн онцлогтой уран бүтээл туурвих. Эдгээр олон асуудлын зөв тэнцвэрийг бид хадгалж чаджээ.

 

-10 жилийн ойг тохиолдуулан хийх гэж байгаа “Үлэмж тансаг” тоглолтын нэр их өвөрмөц юм. Мэдээж тоглолт ч гэсэн нэр шигээ тансаг, тааварлахын аргагүй байна гэдэгт итгэлтэй байна.  Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

- Урлагийг хүний сэтгэл гэж бодоход ямар нэгэн аргаар заавал тэсэрч ил гарах нүхээ үргэлж хайж байдаг. Энэ ч үүднээс "ҮЛЭМЖ ТАНСАГ" тоглолтоороо энд тэндгүй цухалзаад байгаа үрээ цааш цэцэг болгож ургуулах зорилгоор найруулсан байгаа. Энэ бүхэн маань "ҮЛЭМЖ ТАНСАГ"-ийн ойлголтыг өгнө гэж найдсан учир бид тоглолтоо ийнхүү нэрийдсэн. Тоглолт маань энэ баасан гарагт The Corporate Hotel & Convention Centre-т 18 цагт эхэлнэ. Тоглолтын уур амьсгал бүхэлдээ Монгол түмний соёл, өв заншлийг хадгалсан хэв шинжтээй байна. Угтгалт, тоглолт, төгсгөл гэсэн 3 хэсгээс тоглолт маань бүрдэх юм.

 

-Тоглолтын өмнө Монгол үндэсний гар урлалын үзэсгэлэн гарна гээд уран бүтээлчид нь бэлтгэлээ хангаад завгүй байсан нь ийм учиртай байжээ?

 

-Тийм, бид Монгол түмний “ҮЛЭМЖ ТАНСАГ”-ийг бүрдүүлэхийн тулд гар урчуудынхаа үзэсгэлэнг тоглолтынхоо “Угталт” хэсэгт нь толилуулахаар шийдсэн байгаа. Тодруулбал, 18:00-19:00 цагийн хооронд  Монгол үндэстний "ҮлэмжТансаг" бүтээлүүдийн үзэсгэлэн дэлгэгдэх юм. Үүнд, Монгол үндэстний гар урлалын бүтээгдэхүүн өнө удаан түүхтэй, өвөрмөц онцлог, төрөл зүйл, уран нарийн хийц, гоё сайхан байдлаараа эрхэмсэг бөгөөд хүмүүсийн үлэмж их бахархал, таашаалыг хүртсээр ирсэн уран дархны урлал,  уран зураг, гар урлал, Жонон хамтлагийн бүтээлүүдийн дээжээс дэлгэхээр бэлтгэсэн. Үзэсгэлэнгээ үзэж сонирхсныхоо дараа үзэгчид маань тоглолтын цагтаа орох юм.

 

-Тэгэхээр тоглолтод танай хаитлагийнхнаас гадна олон уран бүтээлчид оролцох нь ээ. Арын албаныхан ч завгүй ажиллаж байгаа юм байна даа?

 

-Тийм ээ, манай хамтлагаас гадна Филармонийн оркестр, үндэсний бүжгийн хамтлаг, дуучид, хамтран бүтээл хийсэн уран бүтээлчид тоглолтод маань оролцох юм. Арын албаныхан маань үнэхээр завгүй ажиллаж байгаа. Техникч, зохион байгуулалтынхан гээд 100 гаруй хүн Тhe corporate hotel & convention centre-ийн урлагийн тоглолтын стандартад нийцсэн мэргэжлийн төвшний тайз, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэлтэй хөгжим, техник тоног төхөөрөмжийн дуугаралтын төгс шийдэл, өндөр нягтрал, өргөн том ЛЕД дэлгэц, гэрэл, гэрэлтүүлэг, өнгөний шинэ технологийг техникчид маань чанарын өндөр түвшинд бэлтгэж байна. Зочдыг угтах, үдэх үйлчилгээ,             1100 хүртэлх хүний багтаамжтай ариун цэврийн өрөө, хувцасны өлгүүрийн хэсэг, уран бүтээлчдийн хувцас солих өрөө, өндөр зэрэглэлийн хүлээн авалт, зохион байгуулалттай авто машины зогсоол зэрэг бүх л асуудлыг зохион байгуулагчид маань зочиддоо зориулан сэтгэл гарган дахин дахин нягталж байгаа. Энэхүү ярилцлагаар дамжуулаад хамтарч ажиллаж байгаа бүх хүндээ талархлаа илэрхийлье.

 

 

-Үндэсний хөгжимчдийн тоглолтын ур чадвар маш өндөр хэмжээнд хөгжсөн хэдий ч тоглох Монгол бүтээлийн урын сан шинэчлэгдээгүй, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ шинэлэг арга барил дутагдалтай байгаагаас болж, гадаадын хит дуу киноны хөгжмийн ковертоглолт их болж байна гэсэн шүүмж байгаа. Танай тоглолт энэ шүүмжлэлээс холуур тойрох уу?

 

- Монгол уламжлалт онцлогоо олон улсад харуулах гэдэг ойлголт биднийг хүлээсэнд оруулж, морины шогшоо хатираа жороо мэт хайрцаглагдсан өрнөл багатай морин хуур, ятгын хэмнэл, балар эртний баатарлаг түрэмгийг санагдуулах хархираа хөөмийн түрлэгээр хөгжмийн найруулгын шийдэлд уусаж байна гэсэн ойлголтыг эвдэж чадсан бүтээлүүдээс бүрдсэн найруулгатай учир манай тоглолтод ирсэн хүмүүс таны хэлсэн шиг шүүмжлэл гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.Урлаг өөрөө нийгмийн сэтгэлгээг урагшлуулж, хүмүүсийг шинэ хандлага уруу дагуулж байдаг. "ҮЛЭМЖ ТАНСАГ" тоглолтын хувьд хөгжмийг аль болох олон хүнд хүртээхээр нийтийн таашаалыг дагаж зориудаар бүтээхээс илүү жинхэнэ урлагийн бүтээл гэж үнэлэгдэх хөгжим зохиож түүгээрээ үндэсний өв уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлж, хойчид хүртээх мөн Дэлхийд таашаагдах нэн тэргүүний зорилготой шүү дээ. Энэ манай тоглолтын эхлэл үе байх болно.

Харин өрнөл үедээ  Монгол угсаатны хөгжим ямар ч урсгал чиглэлтэй сүлэлдэн шинэ төрхийг олж болох баялаг ундаргатай гэдгийг харуулна. Бидэнд зөвхөн рок, поп, жааз аливаа урсгалд баригдахгүй байх өөр олон боломжит уран сайхны шийдэл байгааг энэхүү уран бүтээлийн тоглолт бүрэн харуулж чадна гэдгийг амлаж байна.

Үүний дараа тоглолтын төгсгөл үе тохиож, дуу авиа хөгжим нь өөрөө хэмнэл ая хоёроос гадна маш олон илэрхийллийн боломжит  хэрэглүүртэй гэдгийг үзэгчдээрээ гэрчилнэ.  Үнэхээр бусдаас ялгарах өөрийн өвөрмөц шийдэлтэй, Монголчууд төдийгүй Дэлхийн сонсогчдын мэдлэгийн төвшинд хүрсэн хөгжим зохиож шинэ мэдрэмж, төсөөллийг төрүүлж чадах тийм л "ҮЛЭМЖ ТАНСАГ" бүтээлүүд энд тоглогдоно.Энэ нь өөрөө аль ч орны сонсогчдод хүлээн зөвшөөрөгдөж олон улсын хөгжмийн урлагийн зах зээлд нэвтрэх боломжтойгоороо онцлог болно. Бидний эрхэмлэх ёстой угсаатны хөгжмийн гол амин сүнсийг маш сайн судлан мэдэрч, орчин цагийн хөгжмийн технологийн ололтуудтай хөг нийлүүлэн хөгжүүлж "Үндэсний язгуур урлаг"-ийн хөгжлийн цоо шинэ төвшинд хүрснийг батлах, урлагаар дамжуулж ямар "Үлэмж" ихийг илэрхийлж, аль ч "Тансаг" сайхныг харуулж чадах боломжтой гэдгийг мэдрүүлэхийг зорьсон юм.

 

-Таны ярилцлагыг уншсан хүн бүхэн тоглолтод саатан тухлахыг өөрийн эрхгүй хүсэх байх. Тоглолтын тасалбар хэдэн төгрөгөөр, хаана борлуулагдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Тоглолтын билетийг 91112620, 91112629 дугааруудаар холбогдож захиалахаас гадна Hi Fi music recordsийн кассаар болон Ticket.mn-ээр захиалах боломжтой.  

-Баярлалаа, та үхний тоглолтод амжилт хүсье.

-Баярлалаа.

 

Н.Гэрэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.