2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Ярилцлага » М.Орхонтуул: “Миний ажил, амьдрал цахим ертөнцөд өрнөж байна”

М.Орхонтуул: “Миний ажил, амьдрал цахим ертөнцөд өрнөж байна”

Нийтлэлийн төрөл: Ярилцлага

 

 

        “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээрээ үзэгчдэд танил болсон хөтлөгч М. Орхонтуул нь цахим ертөнцөд “Facebook”-ийг идэвхитэй ашиглагч нэгэн ажээ. Түүний нүүр номоор “зөвшөөрөлгүй” зочилж үзвэл оруулсан мэдээлэл бүртээ хүмүүсээс олон сэтгэгдэл, хандалтыг авч чадсан байгаа нь сонирхолыг ихээхэн татлаа. Тэгээд түүнтэй цахим ертөнцийг ашиглаж уран бүтээлээ хэрхэн хийж байгаа талаар нь цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе. 

 

 -Та олон нийтийн сүлжээг ашиглаж, үзэгчидтэйгээ байнгын холбоотой байдаг. Энэ нь ямар давуу талыг бий болгодог вэ?

 

- Дэлхий нийтээрээ хүмүүс интернэт цахим ертөнцийг өдөр тутмын хэрэглээ болгон ашиглаж байна. Тиймээс цахим орчинд өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцахаас гадна хүмүүс юу хүсэж, мөрөөдөж, эрэлхийлж байгааг мэдэх боломжтой. Миний хувьд хэдэн мянган хүнд өөрийн бодол, санаагаа нэг зэрэг түгээж тэднээс өөрт хэрэгтэй, мэдэхийг хүссэн зүйлийнхээ хариултыг олж авах зорилгоор ашиглаж эхэлсэн. Ер нь хүмүүс цахим орчинд мэдээлэл оруулж бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж чаддаг. Мөн бусдын оруулсан мэдээлэлд ч гэсэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж  таалагдаж байгаагаа болон таалагдахгүй байгаагаа шууд илэрхийлдэг. Тэгээд ч үр дүн нь тэр дороо харагддаг болохоор бусад мэдээллийн хэрэгсэлээс давуу талтай  байдаг. Сүүлийн жилүүдэд үзэгч, уншигчдын боловсрол маш өндөр болсон. Би Facebook-ийг сүүлийн нэг жилийн хугацаанд идэвхитэй ашиглаж байна. Одоогоор чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа болохоор миний ажил, амьдрал цахим ертөнцөд л өрнөж байна.

 

 - Орхон гол дээр очиж сурвалжлага хийснээ “Facebook”- дээ бичсэнийг тань олон хүн дэмжиж сэтгэгдэл бичсэн байсан. Олон нийтийн сүлжээг ашиглах нь  мэдээлэл олж авах, цаг хэмнэх гээд олон давуу талтай  биз?

 

- Тийм шүү. Орхон голын бохирдлын талаархи мэдээллийг  үзээд газар дээрээ ямархуу байгаа бол гэсэн бодол төрсөн. Тэгээд “Долоон бурхан” нэвтрүүлгийнхээ оролцогчидтойгоо Орхон голыг зорьцгоосон юм. Орхон голын бодит байдлыг нүдээр харах үед сэтгэл маш хүчтэй өвдсөн. Өмнө нь би хэзээ ч байгалийн нүд халитрам, харамсмаар дүр зураглалыг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч байгаагүй. Тэгээд “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээрээ Орхон голын бодит байдлыг дэнслэхээр шийдэж нэвтрүүлгээ бэлтгэсэн. Нэвтрүүлгийнхээ бичлэгээс  нэгээхэн хэсгийг “Faсebook”- тээ оруулсан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж олон ч хүн үзэж, өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлийн ихэнхи нь “Орхон гол руу дахин явж уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлт хийлгэхийн төлөө тэмцээч, ард түмний дуу хоолойг хүргээч” гэсэн байсан. Нэгэнт эхлүүлчихсэн ажил болохоор цаашдаа бохирдол үүсгэсэн компаниудыг нөхөн сэргээлт хийх хүртэл хуулийн хүрээнд тууштай тэмцэх болно. 

 

-  Орхон голыг нөхөн сэргээхийн төлөө тууштай тэмцэнэ гэлээ. Ямар үр дүнд хүрэхийг хүсч байгаа вэ? 

 

- Мэдээж уул уурхайн компаниуд олборлолтын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа байх. Байгалийг нь сүйтгэж усыг нь бохирдуул гэж  зөвшөөрөл олгодоггүй биз дээ. Тиймээс олборлолт хийж сэндийлсэн газрын хөрс, бохирлогдсон гол усаа нөхөн сэргээлгэмээр байна. Ард түмнийхээ нүд чих, дуу хоолой байж  тэмцлийнхээ үр дүнг үзэхийг хүсэж байна. Би ямар нэгэн ажлыг эхлүүлчихвэл үр дүнг нь заавал үзэж байж л санаа амардаг хүн л дээ. Өөрөөр хэлбэл, ухрах араа нь эвдрээд  дахин засвар авахааргүй машинд суучихсан гэсэн үг юм уу даа. /инээв/  

 

- Сэтгүүлч хүнд олон нийтийн дэмжлэг хэр чухал вэ?

 

- Чухал байлгүй яахав.

 

- Та хэд хэдэн телевизэд ажиллаж байсан. Сүүлийн үед чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа гэлээ. Чөлөөт уран бүтээлчээр ажиллахын  давуу тал юу вэ?

 

-  Телевизэд ажилладаг байхад өөрийн хүссэнээрээ нэвтрүүлэг хийх боломж тэр бүр олддоггүй байж дээ. Миний хувьд чөлөөт уран бүтээлчээр ажиллах болсноор хийхийг хүссэн нэвтрүүлгээ хэн нэгэнд болон цаг хугацаанд шахагдахгүйгээр хийж байгаагаа нь давуу тал юм уу даа гэж бодож байна. 

 

- Бие дааж уран бүтээл хийхэд мэдээж санхүүгийн бэрхшээл тулгардаг байх. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?

 

- Бие дааж уран бүтээл хийхэд санхүүгийн бэрхшээл байнга л тулгардаг. Телевизийн уран бүтээлд техник тоног төхөөрөмж, студи гээд олон зүйл шаардлагатай болдог. Олны анхаарал татсан сэдвээр уран бүтээл хийх үедээ бусдаас санхүүгийн тусламж хүсэх болдог. Жишээлбэл, Орхон голын талаархи нэвтрүүлгийг дахин хийхийн тулд  санхүүгийн тусламж хүмүүсээс хүссэн. Мөнгөний асуудал араасаа хэл амыг их дагуулдаг. Тиймээс санхүүгийн тайлангаа нийтэд нээлттэй байлгахын тулд дансны орлого зарлагаа Facebook хуудсандаа байршуулж байгаа. 

 

 -  Та Төв аймгийн Батсүмбэр суман дахь ахмадын асрамжийн газарт “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээ хийхийн зэрэгцээ ахмадууддаа зориулсан сайн санааны хандивын аянг зохион байгуулах гэж байгаагаа “Facebook” хуудсандаа  “LIVE” хийж байршуулсан байсан. Энэ тухайгаа яриач? 

 

-“Үнэн худлын дэнс” ток шоунд олны танил эрхмүүдийг оролцуулж тэднийг дэнсэлдэг. Нэвтрүүлгийнхээ хамрах хүрээг өргөжүүлэн ток шоу хэлбэрээрээ хийхээс гадна баримтат болон эрэн сурвалжлах төрлөөр хийхээр болж байгаа. Ер нь ДЭНС  гэдэг үг өргөн цар хүрээг хамруулдаг учраас гол ус, байгаль орчин, нийгэм гээд дэнслэж болох бүхнийг дэнслэнэ. Мөн хаана юу болж байна, болохгүй байна гэдгийг ч дэнслэх болно. 11-р сарын 12-нд Төв аймгийн Батсүмбэр суман дахь ахмадын асрамжийн газарт  “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгээ хийхээр ажлаа төлөвлөчихөөд байгаа. Батсүмбэрийн ахмадын асрамжийн газарт үр хүүхдүүд нь аав ээжийгээ эргэж очиж, харж ханддаггүй гэдэг яриа хүмүүсийн дунд байдаг. Тиймээс тухайн асрамжийн газарт байгаа хөгшчүүлийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулан тэдний сэтгэлийг уудалж хэсэгхэн ч гэсэн ярилцаж тэдний дуу хоолойг хүмүүст хүргэхийг хүссэн юм. Нэвтрүүлэг хийхээр очихдоо ахмадуудад туслах сайн санааны хандивийн аянг өрнүүлээд тодорхой хэмжээний бэлэгтэй очихыг хүсэж байна. Танд юу байна түүгээрээ сайн санааны хандивын аянд нэгдэж болно. Хоол хүнс, дулаан хувцас, ойр зуурын хэрэглээний зүйлс юу ч байж болно. Та хүсвэл нэвтрүүлгийн багийнхантай хамтдаа очиж ахмадуудтайгаа нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж болно. Үсчин, гоо сайханч, эмч, урлаг соёлынхоныг сайн үйлсийн аянд нэгдэж хамтарч ажиллахыг хүсэж байна.

 

- Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Уран бүтээлийнхээ ажлаас сонирхуулаач?

 

-“O entertainment” студийг байгуулаад нэвтрүүлгүүдээ хийхийн зэрэгцээ фото зураг авах болон видео бичилгүүдийг захиалгаар хийж байгаа. Уран бүтээлийн хувьд “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээс гадна “Амьдралын амт”, “Долоон бурхан” зэрэг нэвтрүүлгийг шинээр хийлээ. “Амьдралын амт” нэвтрүүлгээрээ амьдрахын учир утгыг хүмүүст таниулахыг зорьсон. “Долоон бурхан” спортын нэвтрүүлгээ сард нэг спортын төрлөөр бэлтгээд үзэгчдэд хүргэх юм. Анхныхаа дугаар дуусаад эвлүүлгийнхээ ажилд орчихсон байгаа. Удахгүй үзэгчдэд хүргэх болно. 

 

-Нэвтрүүлгээ ямар телевизээр үзэгчдэд хүргэх вэ?

 

- Сүүлийн үед дэлхий нийтээрээ цахим ертөнцийг ашиглаж “Live” хийдэг болсон. Тиймээс “Live TV” -гээр нэвтрүүлгүүдээ цацах болно. “Live” хийх үедээ үзэгчдийн хандалт, сэтгэгдлийг шууд хянадаг учраас үр дүнгээ шууд харах боломжтой. “Yokozuna net” ХХК-тай хамтарч ажиллаж байгаа.  
 

 

-Танд баярлалаа


                                                                                                                                                   Ч. Давааням

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.