2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хөгжлийн банкны хэрэг олон хүнийг хөлдөө чирэх нь

Хөгжлийн банкны хэрэг олон хүнийг хөлдөө чирэх нь

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

 

         Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан “Фортуна” Н.Батбаярыг эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэрэгт саатуулан шалгаж байсан ч эрүүл мэндийн улмаас батлан даалтад гаргаад байгаа юм. Уг хэрэгтэй холбогдуулан Хөгжлийн банкинд санхүүгийн томоохон шалгалт оруулснаар бондын мөнгөний захиран зарцуулалттай холбоотой маш олон ноцтой баримтыг ил болгосон юм. Эдгээрээс анхаарал татсан зарим жишээг баримтаар хүргэе.

 

-Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаагүй байжээ.

 

-Зээл авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан.

 

-Барьцаа хөрөнгө нь барьцгүй, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь тодорхойгүй, зээлийг тэмдэглэхгүй явсаар өдийг хүрсэн. -Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хуулийг 2012 оноос хойш огт мөрдөөгүй. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, УИХаас батлаагүй, хэлэлцээгүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон.

 

-2012-2016 онд Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилтэд зориулж 160 орчим шийдвэр гаргасан. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан байжээ.

 

-Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1-т “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заасан байдаг. Гэтэл УИХ-аас баталсан жагсаалтад энэхүү зээлийн талаарх мэдээлэл огт байхгүй.

 

-“Гудамж” төслийн хүрээнд Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажлыг хийнэ хэмээн 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Гэтэл зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Мөн III, IY хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая төгрөгөөр зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгууллаа хэмээн нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3 дахин өндөр зарлага гарсан нь шалгалтаар илэрчээ.

 

-Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Актив-пассивийн удирдлагын, Зээлийн, эрсдэлийн удирдлагын болон Хяналт, захиргааны гэсэн үндсэн дөрөв, туслах 10 дэд нэгжтэй байхаар баталсан байдаг. Гэтэл тус банкны ТУЗ нь 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор нийт орон тоог 168 болгон дураараа нэмэгдүүлж иржээ.

 

-“Чингис” бондын 1.5 тэрбум ам долларыг Хөгжлийн банкинд ам доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газар 694 тэрбумын алдагдал хүлээж “Самурай” бондын иенийн ханшийн алдагдал гэхэд л 130 тэрбумаар хэмжигдэж байгаа аж.

 

-“Блүүмберг” телевизтэй хамтран ажиллахаар 1.8 сая ам долларын гэрээ хийснээс 800 мянган долларыг нь шилжүүлсэн байжээ. -Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь банк санхүүгийн байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жилийг удирдах албан тушаал хашсан байх ёстой байдаг. Харин гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат энэ шалгуурыг хангаагүй бөгөөд сайн асан Н.Батбаярыг хууль бус томилгоо гэдэг нь тодорхой болсон байна.

 

-Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өсчээ. Цаашлаад банкны удирдлагууд гадаад албан томилолтдоо их хэмжээний мөнгө төсөвлөн үрэлгэн зарцуулдаг байсныг баримтаар тогтоожээ. Тухайлбал, гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат 2014 онд СанктПетербург хотод хийсэн албан томилолтын гурав хоногийн зочид буудлын төлбөрт 11 сая 925 мянга, нислэгийн тийзэнд 8 сая 985 мянган төгрөг төсөвлөн баталсан байжээ. Мөн Эдийн Засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон “Bloomberg” телевизийн хөтлөгч, зураглаачдын буудлын нэг хоногийн төлбөр болох нэг сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан байна.

 

-Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгт чуулга уулзалтад оролцох гурав хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөсөн. 2013 онд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хятадад айлчлахад дагалдан явах орчуулагчийн нэг хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөж тансагласан байна.

 

-Хөгжлийн банк Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үйл ажиллагаандаа огт мөрддөггүй явж иржээ. Үүнд 2013 онд 233.2 сая, 2014 онд 198.5 сая, 2015 онд 27.6 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт тендер сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн байна.

 

-“Шинэ төмөр зам” төслийн ажлын хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан.

 

-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн санхүүжилтэд сард дунджаар 120 сая төгрөг, гадаад улсад оюутан сургах зардалд 112.6 сая төгрөгийг дур мэдэн гаргажээ.

 

-Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган. доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар гэх зэргээр мөнгийг баруун солгойгүй цацаж ирсэн жишээг дурдаад дуусахгүй нь.

 

-Хэтэрхий тансаглалд толгой нь эргэсэн Хөгжлийн банкны удирдлагууд эцэстээ бүр сайдтай золгохдоо гоё дээл өмссөн хэмээх инээдтэй шалтгаанаар 3.5 сая төгрөгийн урамшуулал ажилтандаа олгосон байх юм.

 

Энэ мэтээр Хөгжлийн банкныхны хууль бусаар зарцуулсан мөнгө хэдэн арван саяар бус хэдэн их наядаар хэмжигдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэхүү ноцтой хэргийн сэжүүрээс атгасан хууль, хяналтын байгууллагынхан 1,3 их наяд төгрөгийг үрэн таран хийсэн нөхдөд хариуцлага тооцох нь тодорхой. Мөн уг хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нараас тайлбар, мэдүүлэг авах тухай дуулдаж байна. Үнэхээр тийм бол АН-ынхны идэж ууж, тансагласан явдал эхнээсээ илэрч, олон хүнийг хөлдөө чирэх нь дамжиггүй боллоо.

 

У.Од

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.