2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Ч.Очбадрах: Төрийн оролцоо хэтэрхий их, бүх юмыг мэдэлдээ авч байна

Ч.Очбадрах: Төрийн оролцоо хэтэрхий их, бүх юмыг мэдэлдээ авч байна

Нийтлэлийн төрөл: Улс төр, Ярилцлага

Ч.Очбадрах: Төрийн оролцоо хэтэрхий их, бүх юмыг мэдэлдээ авч байна

“Бодлоготой хөгжье” булангийнхаа энэ удаагийн зочноор Эдийн засгийн ухааны доктор Ч.Очбадрахыг урьж ярилцлаа. 

 

- Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг хүндэрч байна гэсэн мэдээлэл нэлээд газар авч буй. Та эдийн засагч хүний хувьд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд ямар дүн шинжилгээ хийж байна вэ? 

 

- Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Манай эдийн засаг өрөөсгөл бүтэцтэй. Түүний үр дагвар нь одоо гарч ирж байна. Үндсэндээ бараг бүх бүтээгдэхүүнээ гаднаас импортоор оруулж ирдэг шүү дээ. Шатах тослох материал 100 хувь, өргөн хэрэглээний барааны 70-80 хувь нь импортоор орж ирдэг байх жишээтэй. Энэ мэт өрөөсгөл бүтцээ шинэчилж чадахгүй байсаар ийм байдалд хүрчихлээ. Бодоготой хөгжинө гэж 20 гаруй жил ярилаа. Үнэхээр бодлоготой байгаад үндэснийхээ үйлдвэрлэлээ хөгжүүлээд, газрын тосны үйлдвэрлэлийнхээ  эхлэлийг тавьчихсан байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байх боломж байсан.  Энэ жилийн хувьд эдийн засаг их хүнд байдалд орчихлоо. Энэ онд 35 сая тонн нүүрс эпстортлоно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэтэд одоо намрын сар гарчихаад байхад дөнгөж наймхан саяыг экспортлочихоод байна. Тэгэхээс төлөвлөгөөндөө хүрч яагаад ч чадахгүй нь тодорхой боллоо. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан. Тодруулбал,  43 хувь буюу хоёр дахин багассөн гэсэн тооцоо байна. Ингэхээр гадаад худалдааны алдагдал нь 1.3 тэрбум ам.доллар болчихож байгаа юм. Нөхцөл байдал ийм байхад эдийн засаг хүндрэх нь тодорхой шүү дээ. Нөгөө талаар өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг үнэхээр гайхаж байна. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар гэдэг манай жижиг эдийн засагт асар их мөнгө шүү дээ. Энэ мөнгө яг Монголын эдийн засагт шингэж чадсан уу үгүй юу. Уг нь анх хүнийг тогтворжуулъя, зарим үйлдвэрлэлийг дэмжье гэх мэт зөв хөтөлбөрүүдийг тавьж байсан. Гэтэл одоо тэр нь хаашаа орчихов оо. Яагаад бүхэл бүтэн 1.5 тэрбум ам.доллар зах зээл рүү орж ирж байхад валютын ханш өсөөд байна вэ. Хоёр Засгийн газар солигдоход 2.8 тэрбум ам.доллар улсын нөөцөд байсан. Дээр нь Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Өмнө нь Хөгжлийн банкинд 600 сая ам.доллор байсан гэж бодохоор нийт таван тэрбум ам.доллар Монголын зах зээлд бий болж буй юм. Тэгээд зах зээл дээр эргэлдэж байх ёстой. Энэ эргэлтийн хөрөнгөөр валютын зах зээлийг бүрэн зохицуулчих бололцоотой. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр Засгийн газрын шийдвэр зөв гарч байгаа юм шиг атлаа эргээд хяналтгүй байгаа юм. Тэр нь хэрэгжиж байна уу, үгүй юу мэдэхгүй. Өнөөдөр Монгол банк бас их сонин бодлого явуулж байна. Уг нь Монгол банк мөнгөний бодлого явуулаад Их хуралд захирагдаж байх ёстой. Гэтэл өнөөдөр Засгийн газрын үүргийг гүйцэтгээд, төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлээд явж байна. Үндсэндээ Монгол банк зарим талаар хуулиа ч зөрчөөд байгаа юм уу гэж үзэхээр байдал харагдаж буй. Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамны үүргийг давхар хийгээд байгаа юм уу гэж. Тэгээд үүнийг зохицуулж чадахгүй байна гэдэг нь их эргэлзээтэй. Энэ мөнгө Монголын зах зээлд шингэсэн үү гэвэл үгүй. Эргээд гараад явчихсан юм биш биз.  

 

-Засгийн газар 5-6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан. Гэтэл эдийн засаг өнөөдөр хямралд орчихлоо, долларын ханш 1620 төгрөг хүрчихлээ гэж хүмүүс ярьж байна. Дээр нь Чингис бондын мөнгө эргээд ашиг олох салбар руу орохгүй байна гэх шүүмжлэл гарах болсон. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? 

 

-“Эдийн засаг тийм ч их муудчихсан юм байхгүй, дотоодын нийт  бүтээгдэхүүн 11.3 хувиар өссөн, инфлеци 8,3 хувьтай байна” гэж Ерөнхий сайд ярьж байна л даа. Би судлаач эрдэмтэн хүний хувьд үүнийг өрөөсгөл зүйл гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний гэдэг нь 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгөөр бий болсон өсөлт л харагдаж байгаа юм. Тэр нь шавхагдах эх үүсвэр. Нэг л удаагийнх ба ирэх жил байхгүй болно. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлаа яаралтай харах ёстой. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголыг хийх ёстой юм. “Хөнжилийнхөө хирээр хөлөө жийнэ” гэгчээр зарим нэгэн үргүй зардлаа танах хэрэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувь нь төрийн зардал болчихоод байна. Энэ бол зах  зээлийн эдийн засгийн орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр. Тиймээс засгийн энэ данхайсан их зардлыг багасгах хэрэгтэй. Төрийн оролцоо хэтэрхий их байна. Ардчилсан нам барууны чиглэлийн нам гэгддэг. Барууны чиглэлийн намын зарим нь төрийн оролцоог маш бага байлгах юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилд эрх чөлөө олгодог. Гэтэл эсрэгээр бүх юмыг төр мэдэлдээ авч байна. Төрийн оролцоог бий болгоно гээд яриад байна.

 

-Төр хамгийн муу менежер гэж ярьдаг шүү дээ, Оюутолгой, Тавантолгойг үүнийг нэг жишээ гэх юм билээ? 

 

-Сүүлийн үед Оюутолгой, Тавантолгойн ордын талаар хүмүүс их ярьж байна л даа. Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалт зогсчихлоо гээд шуугиад байна. Үүн дээр үндэсний эрх ашгийг ярих ёстой юм. Оюутолгойн ордод том хөрөнгө оруулагч оруулж ирсэн нь том гавъяа. Гэрээ сайн болж чадаагүй, харилцан ашигтай байж чадсан уу үгүй юу гэдэг дээр маргаад байна. Үүнийгээ нэг тийш нь шийдэх ёстой байтал, нийт орж ирж байгаа орлогын 53 хувь Монголд үлдчихэж байгаа юм. Тэрийг нь дөрөөлөөд л хийчихнэ биз дээ. Энд төр оролцоод хэрэггүй гэдгийг эдийн засагч хүний хувьд хэлдэг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч тэр. Нэг засаг гарч ирээд л идсэн уусан гээд хутгалдаад явж байна. Одоо бүр өртөг, зардлыг нь хянана гээд шалгалт оруулах юм ярьж байсан. Ийм байхад яаж бизнес хөгжих юм. Тэдний хэлээд байгаа 55 хувийг л Монголын тал авъя. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орлого хуваах гэрээгээ дэлхий нийтийн жишгийнх нь дагуу яриад шийдчихээч гэдэг хүсэлтийг эрдэмтэн, судлаачид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тавьсан. Гэтэл таг чиг. Тавантолгойн хувьд төмөр зам яаралтай тавих л ёстой. Улс төржөөд нарийн, өргөн цариг, өргөдөг, буулгадаг  гээд байх хэрэггүй. Энд мухар зам тавина шүү дээ. Бөөн зардал нэг тонн тутамд 5-8 ам.доллар нэмэгдчихлээ гэж яриад байгаа. Ийм зүйлүүдээ л шийдчихмээр байгаа юм. 

Хоёрдугаарт: Хэтэрхий жижгэрч байна. Төр 20 сая төгрөгийн гүйлгээг хянана гэж байна. Тодруулбал, 20 сая төгрөгний хадгаламжинд баталгаа гаргана гэж буй. Энэ мөнгө өнөөдөр томхон баяны халаасанд явдаг л мөнгө шүү дээ. Ингэхээр Монгол эдийн засгийн хувьд бүр жижгэрээд байгаа юм. Дансандаа 20 сая төгрөг хийчихээд хянуулаад сууж байхад хэн дуртай байх вэ. Өнөөдөр гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн ар гэртээ явуулж байгаа мөнгө хоёр дахин багассан тооцоо гарсан байна лээ. Үүнээс чинь болж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм зүйлүүдийг эргэж хармаар байгаа юм. 

Гуравдугаарт: Хоёр хөрштэйгөө аятайхан харилцаатай баймаар байна. Яагаад хоёр хөрш Монголын Засгийн газраас зай бариад байна вэ. Гол учир нь төрийн залгамж чанар байхгүй болчихсон. Шинэ засаг гараад жил гаруй болчихлоо. Хамгийн түрүүнд Ерөнхий сайд хоёр хөршдөө айлчилж, улс орны асуудлыг шийдэж байх ёстой. Ийм хурцадмал байдал үүсээд байхад яаралтай шийдэх ёстой. Хоёр хөрштэй санал болилцож, ярилцах хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын ярьж, тохироод болоод байсан зүйлд өнөөдөр эмзэглээд зай барьчихлаа. Энэ нь бас нэг зүйл хэлээд байгаа юм. Гурав дахь хөрш гэж хуйлрах нь хэр зөв үү буруу юу. Гол нь төрийн залгамж чанараа хадгалж, хоёр хөрштэйгээ аятайхан харилцах ёстой. Орос яагаад дэлхийн зах зээлээс өндөр үнээр шатахуунаа нийлүүлээд байна. Үүнийгээ очоод ярьж тохиролц л доо. Бид өрийн асуудлыг тэгж шийдэж л байсан. 

 

-Эдийн засаг хямарсан энэ хүндрэлтэй нөхцөлд төр ямар арга хэмжээ авч ажиллах ёстой гэж та бодож байна. Эдийн засагч хүний хувьд олж харсан арга зам, гарц бий байх?

 

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Харамсалтай нь өнөөдөр тийм бодлого алга байна. Зах зээлийн нийгэмд бизнесийн таатай орчин бүрдүүлэх хууль эрх зүй чухал. Шударгаар өрсөлдөөд хэн чанартай, хямд бүтээгдэхүүн хийж байна тэр нь хөгжөөд явах зарчимтай. Гэтэл төр бүх зүйлд хутгалдаж байна. Одоо бүр хүүхдийн хувцас, таксины үнэнд ч оролцдог болж байна. Ингэж “жижгэрч” болохгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд форм хийлгэж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа мэт боловч цаанаа үр өгөөж нь Монголын эдийн засагт шингэж байна уу үгүй юу гэдэг нь тодорхой бус байна. Төр засгийн ил тод, тунгалаг байдал үгүй болжээ. Хяналтын механизм нь хаанаа байна вэ. Валют, юмны үнэ өсөөд, амьдрахад бэрх байна шүү дээ. Саяхан Сүх-Эрдэнэ инфляци  найман хувьтай байгаа гэдэг худлаа гэж хэлсэн байна. Өртөг өсч байгаа нь илт байна. Суурь үнэ цахилгаан, дулаан, усны үнэ нэмчихлээ. Шатах тослох материал импортолдог компани саяхан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “валютын үнэ өссөн учраас үнээ нэмэхээс өөр аргагүй боллоо” хэмээн зөвшөөрөл хүссэн байна. Энэ мэт бүх зүйл гинжин урвалаар явах нь. Инфляцийг найман хувьд барина гэдэг бүтэхгүй харагдаж байна. Өөрөөр хэлбэл, бодлоготой хөгжих алхам харагдахгүй байна. Зах зээлийн нийгэмд маш тодорхой бодлоготой байх ёстой. УИХ-аар баталчихсан том зорилттой, хуультай, хөгжлийн хөтөлбөртөй байх ёстой юм. Гэтэл өнөөдөр нэг Засгийн газар гарч ирээд л өмнөхийнхөө хийсэн ажлыг үгүйсгэдэг дөрвөн жилийн мөчлөгтэй болчихлоо. Ингээд шинэ засаг учраа олж, ажлаа жигдлэх гэж жил болно. Дараагийн хоёр жил нь ажил хийсэн болчихоод л сонгуулиа яриад эхлэнэ шүү дээ. Өнөөдөр банкны зээлийн хүү 20 гаруй хувьтай байна. Ийм өндөр хүүтэй нөхцөлд яаж үйлдвэрлэл хөгжих юм. Энд худалдаа л хөгжинө. Зах зээлд зэрэг хөл тавьсан улсууд хөгжчихөөд байхад Монгол л үлдсэн. Дэлхийн зах зээл дээр банкны зээлийн хүү ердөө жилийн гурав орчим хувь байдаг. Гэтэл Монголд 20 хувь байна. Хэдэн жил ийм байх юм бэ. Үүн дээр жинхэнэ төрийн зохицуулалтын бодлого байх ёстой. Гэхдээ хэт хутгалдаж болохгүй. Гол нь хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх нь чухал. 

Эх сурвалж "Монголын үнэн" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn