2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Монголын эдийн засгийн уналт ба тооцоогүй төсөв

Монголын эдийн засгийн уналт ба тооцоогүй төсөв

Нийтлэлийн төрөл: Засгийн газар

Монгол төгрөг ба нойлын цаас

 

Ам.долларын ханш тэнгэрт хадаж, монгол төгрөгийнх “чихрийн цаас” болж байгаа шалтгааныг эрх баригчид  Хятадын эдийн засаг, нүүрсний үнийн бууралттай холбон тайлбарлаж байгаа. Бүх л зүйл Хятадаас болоод байгаа мэт сурталчилгаа нь үндэслэл муутай юм. Энэ бол маш ядмаг тайлбар. Хятадын эдийн засгийн өсөлт нь эхний хоёр улиралд л буурсан үзүүлттэй гарсан бөгөөд манай эдийн засгийг “мөлхүүлэх” хэмжээнд очоогүй. МАН-ын эрх мэдэл, оролцоо энэ засагт юу ч байхгүй. Тэгэхээр Монголын эдийн засгийн нөхцөл байдал 100 хувь эрх баригчдаас шалтгаалж байгаа гэсэн үг юм. Засгийн алсын хараагүй, хэт намчирхсан бодлогын үр дүнд Монгол төгрөг нойлын цааснаас ч хямд болоод байна. 

 

Н.Алтанхуягийн “галзуу хөгжил”

 

2012 оны нэгдүгээр улиралд 1300 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдрийн байдлаар Монголбанкны ханшаар 1712 болтлоо өсөөд байна. Худалдаа хөгжлийн банкны ханшаар 2013 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 1644 төгрөгт хүрээд байсан ам.доллар зургаа хоногийн дотор 68 төгрөгөөр нэмэгдэж 1712 төгрөгт хүрээд байна. Энэ бол яавч эрүүл үзэгдэл биш. Н.Алтанхуягийн томъёолсноор “галзуу хөгжил” гэж л ийм зүйлийг хэлдэг байх. Гэвч ам.долларын ханшийн өсөлтөд Монголын эдийн засаг туйлдаж гүйцэх нь. Энэ нь Монгол компани, айл өрх, иргэн бүрт нөлөөлж байгааг эрх баригчид эрхбиш гадарлаж баймаар.

 

“Бүх зүйл сайхан болно...”

 

Ам.долларын ханш өсөж, төгрөгийнх сулрах болсон шалтгааныг Засгийн газар Монголбанк руу чихэж байгаа, харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тайлбар хийхээс зугтааж хэвлэлээс дайжих болсон. Тэрбээр “Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал манай улсад нөлөөлж байгаа. Гэхдээ бүх зүйл удахгүй сайхан болно” хэмээн мэдэгдсээр байгаа. Гэвч ам.долларын өсөлт нь Монгол хүн бүрийг туйлдуулж байна. Таны банкинд хадгалуулсан сая төгрөг өглөө босоод харахад 800 мянган төгрөг болчихсон байхад та бүү гайхаарай. Төгрөгийн хамгийн том дэвсгэрт 20 мянган төгрөг үйлдвэрлэх цааснаасаа ч хямд болов. Гэвч эрх баригчид үүний эсрэг ажил хийхийн оронд “Хятадын эдийн засаг, нүүрсний үнэ” зэргээр ам таглаж, бүх зүйл сайхан болно хэмээн иргэдээ хуурахыг оролдож байна.

 

Тооцоогүй төсөв

 

2012 онд Н.Алтанхуягт засгийн жолоо атгуулахад гадаадын хөрөнгө оруулагч 470 гаруй аж ахуй нэгж байсан бол өнөөдөр энэ тоо 50 хувиар буурсан. 2013 онд 30 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөснөөс дөнгөж 11 сая тонн нүүрс гаргажээ. Үлдэж буй 3 сард яаж ч чардайгаад 19 сая тонн нүүрс гаргаж чадахгүй нь тодорхой. Энэ нь гадаад нөхцөл байдлаас ч болсон юм биш. Олборлолт буурсан. Дотоодын компаниуд төрийн нүсэр аппаратын дарамт дор ажиллаж байна. Тавантолгойн асуудал урагшлахгүй байгаа зэрэг нь нөгөө алдарт 17 тэрбумын асуудалтай ч холбоотой байж мэдэх юм. Оюутолгой гүний уурхайн асуудал бүрхэг боллоо. Ямар ч тооцоогүй төсөв эдийн засгийг улам хүндрүүлэх нь тодорхой. Нүүрсний үнэ 70 ам.доллар байсан бол 56 ам.доллар болж буурсан. Гэтэл энэ жил нэг тонн нүүрсний үнэ 160 ам.доллар байна гээд төсөв баталчихсан. Энэ байдлаар бол төсөв 300-700 тэрбумаар сох дутах нь. Хамгийн гол нь манай төсөвчид угаасан нүүрсний үнийг нэг тонныг нь 131.50, коксжсон бол 80.20, хүрэн бол 65.50 ам.доллар зэргээр төсөвтөө хэт өндөр дүнгээр тусгасанд л учир нь байгаа юм. Бид чинь энэ оны төсвийг боловсруулахдаа орлогоо эдийн засгийн өсөлтөөсөө бараг хоёр дахин илүү төлөвлөсөн ухаантнууд шүү дээ. Ийм их хурал, Засгийн газарт итгэх итгэл саарна уу гэхээс нэмэгдэх учиргүй хэмээн Монголын толгой эдийн засагчдын нэг, Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хэлснийг энд эргэн санахад илүүдэхгүй. Шинэ засаг гарч ирээд иргэдийнхээ санаа бодлыг шууд сонсдог болж, хотыг цэцэрлэгжүүлж, түгжрэлийг багасгах талаар санаачилгатай ажиллаж олон бүтээлч ажил өрнүүлж байгаа. Монголын ард түмэн итгэсэн, сонгосон, харсан. Одоо хүлээж, зарим нь эргэлзэж эхэлж байна шүү, Ерөнхий сайд аа.

 

Г.Нэргүй

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn