2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Батболд: Ази Европыг холбосон хамгийн дөт зам нь Монгол улс

С.Батболд: Ази Европыг холбосон хамгийн дөт зам нь Монгол улс

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

С.Батболд: Ази Европыг холбосон хамгийн дөт зам нь Монгол улс

 

 

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдтой дамжин өнгөрөх тээврийн талаар ярилцлаа.

 

-Гурван улсыг холбосон транзит тээврийн туршилт өнгөрсөн наймдугаар сард амжилттай болсон. Транзит тээврийн үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ?

 

-Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гурван талын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж хамтдаа хөгжих нь чухал гэж үзсэний үндсэн дээр гурван улсын төрийн тэргүүн нарын Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны зам”, Оросын “Евразийн эдийн засгийн коридор” байгуулах санаачилгын хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр 2016 онд батлагдаж, манай гурван улс зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байна.

 

Энэхүү хөтөлбөрт зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний нэг нь “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах асуудал юм.

 

Дамжин өнгөрөх тээвэр буюу транзит тээврийг хамтарч хэрэгжүүлэх талаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ууд 2005 оноос эхлэн ярилцаж эхэлсэн байдаг.

 

2013 оны дөрөвдүгээр сарын 23-24 хооронд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд эхний шатанд AH-4 авто замын чиглэлийг ерөнхий чиглэл болгож, Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан.

 

Энэхүү зөвлөмжийн дагуу Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх анхдугаар зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын ын Ази номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-оос 2014 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан. Гурав дахь зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2015 оны есдүгээр сард зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтаар Монголын талаас АН3 коридорыг мөн оруулах санал тавьсан.

 

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг гурван улсын ажлын хэсэг үндсэндээ тохиролцсон бөгөөд энэ оны арванхоёр­дугаар сард баталгаажуулахаар төлөвлөгдсөн.

 

Хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлын хүрээнд АН 3 коридорын дагуу туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2016 оны наймдугаар сарын 13-26-ны өдрүүдэд Хятад Улсын Тянжинь боомт - Монгол Улсын Улаанбаатар хот - Орос Улсын Улаан-Үүд хотын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан.

 

Туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагааг гурван тал дүгнэн үзээд тус тусын дотоодын бэлтгэл ажлыг хангах, цаашид шийдвэрлэх бусад асуудлуудыг ажлын хэсэг байгуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

-Энэхүү хэлэлцээр байгуулагдсаны дараа тээвэрлэлт шууд эхэлнэ гэсэн үг үү?

 

-Хэлэлцээр байгуулагдсанаар шууд тээвэрлэлт эхлэхгүй. Гурван талын тохиролцсоноор дотоодын бэлтгэл ажлуудыг хангасны үндсэн дээр 2018 оны хоёрдугаар хагас жилээс тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтмолжуулахаар тохиролцсон.

 

Жишээ нь, хэлэлцээрээр тохиролцсон нэг коридор буюу АН 4 авто замыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж байгаа бөгөөд 2018 оны гуравдугаар улиралд дуусах ёстой.

 

-Бидний нэн түрүүнд хийх ёстой зүйл бол бэлтгэл ажил байх нь. Бэлтгэл ажил эхэлсэн үү?

 

-Бэлтгэл ажил эхэлсэн. Одоогийн байдлаар жолооч нарыг бэлтгэх, замын нөхцөл байдлыг сайжруулах гэх мэт ажлыг эхлүүлээд байна.

Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатараас Дархан чиглэлийн замын нөхцөл байдлыг сайжруулах, шинэчлэн засах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Үүнээс гадна авто замын дагуух үйлчилгээний байгууламж бий болгох, үйлчилгээний байгууллагуудын стандартыг боловсруулан батлуулан, загвар зураг төслийг боловсруулсан. Тухайн үйлчилгээний байгууламжийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр концессын зүйлсийн жагсаалтад тусгуулсан, одоо хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Үүнийг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгө оруулан хамтран ажиллах боломжтой. Мөн жолоочийн ажил, амралтын дэглэмийг зохицуулах зөвлөмжийг боловсруулсан бөгөөд цаашид дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүү­лэх чиглэлээр ажиллаж байна.

 

-Манай улс транзит тээврийн үйлчилгээгээр дамжуулан эдийн засгийн уналтаас гарах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас олох ашгийн урьдчилсан таамаг дэвшүүлсэн байх. Эхний удаад хэдий хэмжээний ашиг олно гэж тооцоолсон бэ?

 

-Туршилтын тээвэр Тяньжин- Улаанбаатар-Улаан-Үд гэсэн маршрутын дагуу нийт 2000 гаруй км замыгдөрвөн өдөрт гурван улсын тээвэрчид туулсан. ОХУ-ын ажлын хэсгээс танилцуулж байсан нэг зүйл бол: энэ коридор бидэнд хамгийн хэрэгтэй дөт зам юм. Жишээ нь, Тяньжин боомтоос Манжуураар Улаан-Үд хүрэхэд 3600 км, мөн Тянжинь боомтоос Энэтхэгийн далай, Атлантын далайгаар дамжин 60 гаруй мянган км замыг 50 орчим өдөрт туулан явж байгаа тээвэрлэлт ч байна гэж.

 

Эндээс аливаа бараа бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд шуурхай хүргэж өгөх эрэлт хэрэгцээ байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс бид гурван улсыг холбосон транзит тээврийн үйлчилгээг эхэлбэл Ази-Европыг холбосон хамгийн дөт тээвэрлэлтийн маршрут бий болгох боломжтой.

 

Дамжин өнгөрөх тээвэрлэлтээс эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хийгдсэн судалгаанууд бий.

 

Монгол Улс далайд гарцгүй орны нэг бөгөөд эдгээр улс орнуудын оршин байгаа газар нутгаас үл хамааран тулгардаг нийтлэг нэг асуудал нь гадаад худалдааны хувьд хамгийн зардал багатай тээвэр болох далайн тээврээс хол учир тээврийн зардал өндөр байдаг.

 

Эдгээр улсуудын дийлэнх нь буурай хөгжилтэй оронд хамаарах бөгөөд дэд бүтцийн хөгжил сул, үйлдвэрлэлийн хүчин чадал бага, дотоодын зах зээл нь жижиг, гадаад сөрөг нөлөөнд эмзэг, дэлхийн зах зээлийн төвүүдээс алслагдсан зэрэг нийтлэг шинжтэй.

 

Монгол Улс далайд гарцгүй ч газар зүйн байрлалын давуу талаа ашиглан тээвэр логистикийн сүлжээг оновчтой хөгжүүлснээр сул талаа нөхөх боломжтой.

 

Гадаад худалдаанаас үр ашиг олж чадахгүй байгаа хөгжиж буй орнуудын хувьд гол асуудал нь газар зүйн болоод худалдааны хориг саад байдаг, мөн газар зүйн байрлал, худалдаа эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх нөлөөллийн талаар судлаачид авч үзэх болсон. Энэ чиглэлийн судалгаанд далайд гарцгүй орнуудын худалдаа далайд гарцтай орнуудаас дунджаар 30 хувиар доогуур байдаг гэж дүгнэсэн байна.

 

Далайд гарцгүй орнуудын логистикийн чадавхи нь өөрийн орны болоод дамжин өнгөрч буй далайд гарцтай, хөрш буюу транзит орны логистикийн системээс хамаарч байдаг. Манай улс далайд гарцгүй манай орны хувьд логистикийн чадвхи харьцангуй доогуур байгаа хэдий ч гадаад худалдааны голлох түнш, хөрш орон БНХАУ нь логистикийн чадавхийн нөлөөллийг ашиглан хөгжүүлэх боломжтой гэж үздэг.

 

Далайд гарцгүй орнуудын хувьд гадаад худалдааны нөхцөлөө сайжруулах, транзит орноос хараат байдлаа бууруулах, тээвэр логистикийн оновчтой хөгжүүлэх, хоёр талт болон бүс нутаг, олон талт гадаад худалдааг чөлөөлөх тухай гэрээ хэлэлцээрүүд хийх зэрэг хүчин чармайлт нь гадаад худалдаанаас олох үр ашгийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

 

-Далайд гарцтай болох боломж бий гэлээ. Манай улс Сингапур улсад өөрийн далбаан дор хөлөг онгоц бүртгэж авдаг байхаа. Өөр ямар боломж байна вэ?

 

-Далай ямар нэгэн улсад өмчлөгддөггүй. Олон улсын хэмжээнд бүгд эрх тэгш байдлаар ашиглах боломжтой. Далайд гарцгүй орнуудад ийм боломж олгосон байдаг. Тодруулбал, өөрийн улсын нэр дээр хөлөг онгоц бүртгэн далайн тээврийн үйл ажиллагаанд оролцох, агнуурын үйл ажиллагаа эрхлэх боломжууд байдаг.

 

Манай улс Монгол, Сингапурын хамтарсан  бүрт­ гэлийн үйл ажиллагаа явуулах компани байгуулан 2015 оны байдлаар нийт 30 орны 500 орчим хөлөг онгоцыг бүртгэн үйл ажиллагаа явуулж байна.

 

Монгол Улс өөрийн хөлөг онгоцоор далайн тээвэрлэлт хийх сонирхол бий. 2015 онд Монгол, Солонгосын хамтарсан тээврийн компани байгуулагдсан. Одоогийн байдлаар ОХУ, БНСУ зэрэг улсуудад далайн тээврийн мэргэжилтэн бэлтгэж байна.

 

-Салбар яамнаас олон улсын тээврийг хөгжүүлэхэд ямар бодлого барьж байна. Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг сонирхвол?

 

-Монгол Улс Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хоёр талт хэлэлцээрийг есөн улстай, дамжин өнгөрөх тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хоёр талт хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, БНКазУ-тай байгуулсан.

 

Цаашид тээвэрлэлтийн өсөн нэмэгдэж байгаа цар хүрээг харгалзан Герман, Польш, Чех улсуудтай хоёр талын хэлэлцээр байгуулах санал тавиад байна.

 

 

-Аливаа томоохон төсөл, үйл ажиллагааг дагаж шинэ ажлын байр бий болдог. Тэр хэрээр хүмүүсийн амьдрал дээшлэх нь бий. Гурван улсын тээврийн үйл ажиллагааг дагаж хэчнээн хүн ажлын байртай болох вэ?

 

-Ажлын байрны тухайд одоогоор судалгааны ажил явагдаж байна. Гурван улсын эдийн засгийн коридортой холбогдуулан судалгааны хүрээлэн байгуулах тухай ярьж байна. Одоо бид нарийвчилж судлах шаардлагатай. Зөвхөн транзит тээвэр биш 2016-2020 оны хооронд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улс хоорондын тээвэр, дамжин өнгөрөх тээвэр болон тээвэр ложистикийн төвүүд ашиглалтад орсноор авто тээврийн салбарт 7-10 мянган ажлын байр шинээр бий болох боломжтой гэж үзэж байгаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.