2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хөгжлийн банкны луйврыг зөвхөн Н.Мөнхбаттай холбож хаях боломж Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт гарахгүй л болов уу!


Хөгжлийн банкны луйврыг зөвхөн Н.Мөнхбаттай холбож хаях боломж Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт гарахгүй л болов уу!

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Хөгжлийн банкны луйврыг зөвхөн Н.Мөнхбаттай холбож хаях боломж Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт гарахгүй л болов уу!

 

 

Мөнгө босго, мөнгө ол, гэхдээ тэрийгээ амин хувийн эсвэл хэсэг бүлэглэлийн эрх ашигт бус Монгол Улсын бодит хөгжилд зориул, зөв төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хий гэдэг үндэслэлээр Хөгжлийн банкийг байгуулж, хууль тогтоох дээд байгууллага бүхэл бүтэн бие даасан хуулийг нь хүртэл баталсан байдаг.  Бид тэгж л ойлгодог. Гэвч Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсэг дүнгээ танилцуулж, нийтэд тодорхой мэдээлэл цацсанаар Хөгжлийн банкаар халхавч хийсэн нөхдүүд бондын хөрөнгөөр ёстой нэг туйлах шиг болжээ гэсэн ойлголтод хүрээд байж байна. Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгааг Дэд сайд Б.Энхбаяр албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол Чингис бондын талтай дүйх хэмжээний их мөнгө. Тэгэхээр хуулийн байгууллагаас шалгаж үнэн мөнийг нь тогтоохоос өөр аргагүй, жинхэнэ утгаараа улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлын тухай энд яригдаж байгаа юм.

 

Анх Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шалгаж эхэллээ гэх мэдээлэл гарсны дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат байр сууриа илэрхийлэхдээ “Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл ердөө 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” ХХК-д шууд шил­жүүлж өгсөн байгаа юм. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэврүүлэх цогцол­борт 8.7 км ха­туу хучилт­тай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байна гэж байхад 33 тэрбум болгож батлуулсан. Түүнчлэн Халзан бүргэдэй, Солонготын давааны 100 км замыг шинээр тавих асуудлыг шийдсэн тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүдийн 20 тэрбумын ТЭЗҮ-тэй автозамыг 33 тэрбум байхаар баталж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлж олгосон. Эдгээр нь хууль дүрэмд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Н.Мөнхбат нарт Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна” гэж байсан юм.

 

Тэгэхээр гишүүн асан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанитай холбоотойгоор эхэлж хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн Н.Мөнхбат нарын асуудал явж явж их наядаас хол давсан мөнгөтэй холбоотой асуудал болоод байна.

 

Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд Н.Мөнхбатыг барьсан хорьсон гэх мэдээлэлд анхаарал хандуулахаасаа илүүтэй, түүнд чиг зааврыг өгч байсан нөхдүүд бас дээлээ нөмрөх үү, тэдэнтэй хуулийн байгууллага хариуцлага тооцох уу гэдэг асуудал анхаарлын төвд байх ёстой сэдэв юм. Учир нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь аливаа бүтээн байгуулалтын санхүүжилтийг дур мэдэн ганцаараа шийдэх ямар ч боломжгүй, Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонхын саналаар хуваарилан шилжүүлдэг. Тодорхой хэлбэл, Засгийн газрын түвшинд яригдаж шийдэгдсэн асуудлыг Хөгжлийн банк хүлээж авдаг гэсэн үг. Тэр ч утгаараа захирал асан Н.Мөнхбат нэгэн цагт зөвлөх нь явсан Н.Батбаяр сайдынхаа шийдвэр хийгээд, шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн явсан Н.Алтанхуяг нарын шийдвэрээр нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн байх магадлал өндөр. Мэдээж уг асуудлыг хуулийнхан шалгаж тогтоох биз ээ.

 

 “Чингис”, “Самурай” бондыг Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хамтарч гаргасан  гэдгийг бүгд нүдээрээ харж байсан. Түүнчлэн үр ашиггүй зарцуулж, шамшигдуулсан асуудал дээр тэд огт хариуцлага хүлээхгүй байна гэж үгүй болов уу. Мэдээж энд АН-ын нэр хүндийн асуудал шууд хамаарч таарна. Тус намын экс дарга З.Энхболд  “Фортуна”  Н.Батбаярыг зөв юм сэтгэдэг хийдэг хүн гэж магтаж яриад байсан. Тэгвэл тэр магтаалын эзэн нь жинхэнэ матарлагч байж болзошгүй байна. Өөрийнхөө  зөвлөх Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны захирлаар тавьж, хөшигний цаанаас банкийг удирдсан гэгддэг тэрбээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ч мөн уг асуудлаар шалгагдаж байгаа гэх мэдээлэл байсан. Гэхдээ албаныхан баталгаажуулаагүй байгаа юм.

 

Ямар ч байсан Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатарыг уг асуудлуудтай холбоотойгоор гадуур шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

 

Баригдаж хоригдоод байгаа Н.Мөнхбат хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Чингис” бондын зарцуулалт нууц байна, идэж уулаа гэсэн гүтгэлгийн мэдээлэл яваад байхаар нөгөө нөхдүүд ирээд надаас асуудаг. “Мөнхбат аа, чамайг АТГ-аас шалгаад байгаа юм уу. Чамд хэрэг үүсгэсэн гэж сонслоо” гээд л ирдэг. Тэдэнд “ингэсэн юм, тэгсэн юм” гээд л тайлбараа хэлээд явуулдаг. Тэд байнга ингэж л ажилладаг. Тэгэхээр хаа хаанаа хариуцлагатай ажиллах ёстой юм байна. Бага багаар сайжирч байгаа ч хуучин сэтгэхүйгээсээ салах арай л болоогүй байна даа. Хөгжлийн банкинд тансаглах боломж угаасаа байхгүй. Засгийн газраас томилогдсон ТУЗ үйл ажиллагааны зардлын төсвийг нь баталж өгдөг. Тэр төсвөөс хэтрэх бололцоогүй. Юуг тансаглал гээд байгааг би бас ойлгохгүй л яваа.” гэхчлэн хэлж ярьсан байдаг.

 

Харамсалтай нь шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулсан дүнг харахаар хэтрүүлээд хэлэхэд тархинд цус харвачихмаар зөрчлүүд харагдаад байдаг.

 

Чингис бондыг гаргасны дараа  Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ “Олон улсын зах зээлээс мөнгө босгоно  гэдэг Монгол Улсын хийж чадаагүй ажил. Гэхдээ бид хийж үзээгүй гэж ярьж болохгүй олон жил ярьсан. Үүний дагуу л хийсэн. Айдас хүйдэс ярих хэрэггүй. Бид гадаадаас зээл авч байсан. Хүү нь бусадтай харьцуулахад Туркийн тэрбум ам.доллараас бага. Энэ улсынх 6.052 хувь, ОХУ-ын арван жилийн хугацаатай гаргасан хүүгээс бага. Бид үүнийг сүржигнүүлэх хэрэггүй. Иргэдэд нэг тэрбум ам.долларыг иргэддээ зүгээр өгчихсөн ш дээ. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Тиймээс тоо баримтыг иргэдэд зөв ойлгуулах, нээлттэй байлгах хэрэгтэй.” гэхчлэн хэлж ярьж байсан юм.

 

Уг нь тэрбээр айдас хүйдэс хэрэггүй, сүржигнүүлэх хэрэггүй гэж өөрөө хэлж байсан. Гэвч одоо бол нөхцөл байдал өөр байна. Бондын мөнгөөр дураараа дургисан нөхдүүд бүгд хуулийн байгууллагын үүдээр орж үнэнээ дэлгэх цаг ойртжээ. Хэргийг захирал асан Н.Мөнхбаттай холбож хаях боломж Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт гарахгүй л болов уу.

 

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.