2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Д.Лхагвасүрэн: Хөдөлмөрийн зах зээл эмзэг байна

Д.Лхагвасүрэн: Хөдөлмөрийн зах зээл эмзэг байна

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

Хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр гардаг АНУ-ын “Journal of Labor Research ” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Тэрбээр АНУ-д докторын зэрэг хамгаалсныхаа дараа нэр хүндтэй Нортвестерний их сургуулийн Санхүүгийн тэнхимд ахлах судлаач, үргэлжлүүлэн Канадын Конкордиа их сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшилж, дэд профессор цол хүртсэн билээ. Монголын эдийн засгийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай энэ эрхэмтэй уулзаж ярилцлаа.

-Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар 2220 төгрөгтэй тэнцлээ. Есдүгээр cap гарсаар огцом өссөн ам.долларын ханш даруй буурч байгаа нь энэ. Үүнийг мөнгөний бодлого хатуу төлөвт шилжсэнтэй холбон тайлбарлаж болох уу. Ер нь ам.долларын ханшид ингэж хэт их ач холбогдол өгөх нь хэр оновчтой юм бэ?

-Валютын ханшид хэт ач холбогдол өгөх нь дотоодын эдийн засагт хортой гажуудал үүсгэдэг. Бид гадаад валютын ханшаас илүүтэй инфляцад ач холбогдол өгч байх хэрэгтэй. Цэвэр тоо талаасаа валютын ханш нь түвшинг хэмждэг бол инфляц нь өөрчлөлтийг хэмждэг.

Бодлогын хүүг нэмэгдүүлэх замаар ам.долларын ханшийг бууруулж, төгрөгийн ханшийг чангатгаж болно. Гэхдээ энэ нь бодит эдийн засгийн нөхцөл байдалд төдийлөн нийцэхээргүй харагдаж байгаа.

Ам.долларын ханш буурч байгааг бодлогын хүүгийн шууд бус нөлөөгөөр тайлбарлаж болох ч одоо дүгнэхэд эртдэх байх. Бодлогын бодит үйлчлэх нөлөө хожим илүү хүчтэй гарна. 

-Засгийн газар болон төв банкны ажлын үр дүнг валютын ханшийн тогтвортой байдлаар хэмжих хандлага олон нийтийн дунд түгээмэл ажиглагдах болсон. Энэ нь өөрөө хэр зөв хэмжүүр вэ?

-Төгрөгийн тогтвортой байдлыг ам.долларын ханшаар хэмжээд байвал юу болох вэ гэдэг том асуулт бий. Ам.долларын ханштай хөөцөлдөөд байгаа тохиолдолд манай эдийн засагт ямар ч өөрчлөлт гараагүй байхад АНУ-д болсон үйл явцаас хамааран Монголбанк тухай бүрд хариу арга хэмжээ авч байх ёстой гэсэн хачирхалтай мөнгөний бодлого гарч ирнэ.

Тухайлбал, ойрын үед АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ тогтвортой өсгөх магадлал улам нэмэгдэж байна. Үүнээс хамааран төгрөг, ам.долларын ханшийн зөрүү ч өөрчлөгдөж болзошгүй. Ийм гадаад хүчин зүйлээс хамаарсан өөрчлөлт бүхэнд төв банк хүүгээ өсгөж, буулгаад хариу арга хэмжээ авч байх шаардлагатай болно гэсэн үг.

Валютын ханшид хэт ач холбогдол өгөх нь дотоодын эдийн засагт хортой гажуудал үүсгэдэг.

Гэтэл манай эдийн засаг, Америкийн хоёр өөр өөр төлөвт байна. Уг нь мөнгөний бодлогын бие даасан байдал их чухал зэмсэг. Долларын ханшид хэт их ач холбогдол өгөөд байвал энэ нь үр ашиггүй зэмсэг болно.

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд бусад орон яагаад үндэсний мөнгөн тэм-дэгтийнхээ ханшийг бага байлгах сонирхолтой байна вэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Гэтэл манайд төгрөгийн ханш буурахаар бухимдах хүн их байдаг. Уг нь бие даасан мөнгөний бодлоготой тусгаар улс гэдгээ ийм үед мартаж болохгүй.

Төгрөгийн ханш буурах тийм ч муу эд биш шүү дээ. Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Учир шалтгааныг нь ойлгосон цагт ханш ажлын хэмжүүр болоод байхгүй.

-Эдийн засагт өсөлт бий болгож байсан уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт буурсан хэвээр. Ийм нөхцөлд ямар бодлого баримталбал хямралыг хүндрэл багатай туулах вэ?

-Эрдэс түүхий эдийн үнэ бууралттай, үүнийг дагасан хөрөнгө оруулалт зогсонги үед уул уурхайн бус салбарууд сэргэдэг. Үүний эерэг тал зарим салбарт тод ажиглагдах болсон. Иргэд импортыг орлох дотоодын бараа, бүтээгдэхүүнээ авч хэрэглэдэг болж байна. Үнийн хувьд ч иргэдийн амьжиргааны түвшинд нийцүүлсэн харагдсан.

Өрхийн хэрэглээний тодорхой хувь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, урьдын хандлага ч өөрчлөгдөж байна. Бид өөрсдийн хийж чадах зүйлээ заавал гаднаас импортлох шаардлагагүй. Мэдээж өртөг зардлын хувьд импортоос хямд байх ёстой.

-Манай улсын эдийн засагт баялгийн хараал буюу Голланд өвчний шинж тэмдэг хэдхэн жилийн өмнө маш тод ажиглагдаж байсан. Тухайн үед төгрөг дэлхийд хамгийн өсөлттэй мөнгөн тэмдэгтээр хүртэл шалгарсан удаатай. Голланд өвчин одоо дарагдсан уу?

-Бид өмнө уул уурхайгаас их орлого олж, гаднын барааг илүү хэрэглэдэг байсан. Төгрөгийн ханш сул байсан сүүлийн жилүүдэд уул уурхайн бус салбарт олон эерэг өөрчлөлт гарсан. Эдийн засагт туссан Голланд өвчин эдгэрч байна. Г эхдээ энэ өвчний хам шинжүүд хурдан арилахгүй.

-Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч өнгөрсөн оны өсөлтөө энэ онд хадгалж чадах болов уу. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны таамаглал тийм ч эерэг бус байгаа.

-Эдийн засаг өсөлттэй байна гэдэг хамгийн чухал. Бидний хувьд хэтэрхий өндөр өсөлтийг хүлээх боломж хомс. Гэхдээ өнгөрсөн онд гарсан эдийн засгийн өсөлт энэ онд үргэлжлэн хадгалагдах болов уу гэсэн хүлээлт байна.

Цаашид нөхцөл байдал хэрхэх талаар урьдчилж мэдэхэд туйлын ээдрээтэй. Мөнгөний бодлогын хүү нэмэгдсэн, төсвийн хөрөнгө оруулалт бараг л зогссон нь өсөлтийг муутгана. Гэхдээ хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарт өсөлт ажиглагдаж байгаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсөлттэй гарахад нөлөөлөх хүчин зүйл.

-Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь эдийн засагт томоохон сорилт дагуу-лахаар байна. Ийм үед төрөөс явуулж буй бодлого ямар байвал илүү зохистой вэ?

-Хөдөлмөрийн зах зээл эмзэг байна. Ажлын байраа хадгалахад төрийн бодлого чиглэх хэрэгтэй. Харамсалтай нь, ажил эрхлэлтэд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь макро эдийн засаг, нийгмийн олон асуудал хэт хүндрэх, ядуурал улам гүнзгийрэхэд хүргэж мэднэ.

Эцсийн дүндээ иргэд нь ажилтай байвал нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон асуудал нааштайгаар шийдэгдэх бололцоотой. Аль ч Засгийн газрын ажлын үр дүнг ам.доллараар бус, иргэдийнх нь ажил эрхлэлтээр хэмжвэл илүү бодитой байх. Дэлхий нийтийн ойлголт ч ийм.

Тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлт нь тогтвортой хөгжил, тогтвортой өсөлтөөс огт өөр зүйл.

Харин бид өмнөх зуршлаараа, валютын ханшид хэт их ач холбогдол өгөөд байвал Америкийн эдийн засгийн цохилтыг Монгол руу шууд импортлоод байх болно. Дахин хэлэхэд Монголбанкны ажлыг зөвхөн үнийн тогтворжилтоор, эсвэл валютын ханшаар дүгнэх нь өрөөсгөл юм.

-Та нэг бус удаа эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн тухай хөндсөн байсан. Энэ талаар өөрийн бичсэн номдоо ч өгүүлсэн. Тэгэхээр тэнцвэртэй хөгжил ямар нөхцөлд хангагдах боломж-той вэ. Уг ойлголтыг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлт нь тогтвортой хөгжил, тогтвортой өсөлтөөс огт өөр зүйл. Макро эдийн засгийн бодлогод тэнцвэртэй хөгжил гэдгийн дор эдийн засгийн салбарууд хоорондоо тэнцвэртэйгээр, ижил хурдтайгаар өсөхийг хэлдэг.

Жишээ нь, хөдөлмөрийн орлого, хэрэглээ, хөрөнгө оруулалт нь илүү тэнцвэртэй, жигд хурдтай өсөхийг хэлнэ. Нэмж хэлэхэд, дэлхийн улс орнуудын хувьд тэнцвэр гэдэг хэвшсэн ойлголт болсон байдаг. Манай урд хөршид ч энэ асуудал юу юунаас илүү чухал болсон байна.

-Өмнөд хөрш тэнцвэртэй хөгжилд хүрсэн үү?

-БНХАУ-ын эдийн засаг нь сүүлийн 20 гаруй жилийн турш хурдтай өсөхдөө тэнцвэртэй хөгжиж чадаагүй. Тухайлбал, хөрөнгө оруулалт нь хэрэглээнээсээ, үйлчилгээний салбараасаа илүү хурдтай өсөж байсан нь цаашид тэр хэвээр үргэлжлэх аргагүй болж эдийн засаг нь огцом удааширч байна.

Одоо БНХАУ-д хийгдэж буй бүтцийн өөрчлөлт ч тэнцвэртэй хөгжлийг хангах хүрээнд авч буй арга хэмжээ. Энэ нь бидний яриад байдаг тогтвортой хөгжил биш шүү. Хуульд Монголбанкны зорилтыг тэнцвэртэй хөгжил гэж заасан байдаг. Энэ чиглэлд санаа тавихгүйгээр эдийн засгийн бодлого яриад байвал Монголын эдийн засгийн өсөлт өрхүүддээ наалдах нь бага л болоод байна гэсэн үг. 

Засгийн газрын мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.