2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » 71.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХӨРСӨН ДЭЭР БУУХ НЬ...

71.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХӨРСӨН ДЭЭР БУУХ НЬ...

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

 

 

Юуны өмнө ложистикийн үйлчилгээний талаар хэдэн тайлбар хэлэх нь зүйн хэрэг болов уу. Ложистик гэж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, зорилтод нийцүүлэн аливаа түүхий эд, бараа, үйлчилгээ, мэдээлэл, санхүүгийн хөрөнгийг эхлэл цэгээс зорилтот цэг хүртэл хамгийн үр ашигтайгаар зөөвөрлөх, баглан боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагааг хэлж байгаа юм. Товчхон хэлэхэд зөв зүйлийг, зөв газарт нь, зөв цагт, зөв нөхцөл, зөв зардлаар хүргэж өгөх үйлчилгээ. Зах зээлд ложистикийн салбар маш өргөн цар хүрээг хамарсан, эдийн засгийн бүхий л оролцогчдод хүрч үйлчилдэг амин чухал салбар. 

 

Тиймдээ ч манай улс эдийн засгийн зардлыг хэмнэж, үр ашгийг өсгөөд зогсохгүй, хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээг нэг дор нэгтгэсэн энэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьсоор байгаа билээ. Зам, тээврийн хөгжлийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН 2719/0240” төслийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж эхлээд зургаан жил болжээ. Удаан хөлтэй хэрэгжиж буй уг төсөл манай улсын хэмжээнд үр ашигтай, өрсөлдөхүйц, найдвартай холимог тээврийн системийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Анх 2011 оны наймдугаар сараас хэрэгжсэн энэхүү төслийн хүрээнд эдүгээг хүртэл нийт 11.729.247.546.000 төгрөгийн ажлыг гүйцэтгэжээ.

 

Тухайлбал, 3.6 км цэвэр усны шугамын ажил, 2.9 км эрчим хүчний шугам болон дэд өртөөний байгууламж, 5.3 км хамгаалалтын хашаа, төмөр замтай хоёр төвшинд огтлолцох гүүрэн байгууламж, 1.6 км авто замын барилга угсралт, 4.15 км гадна холбоо интернетийн шилэн кабель суурилуулах, гадна цахилгаан хангамжийн 110кВ ЦДАШ, дэд станцын өргөтгөл, дэд станцын барилга угсралтын ажлыг хийж дуусгасан байна. Тэгвэл энэ сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжаар баригдах ложистикийн төвийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. 

 

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Артур, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүд өртөөний дарга О.Мэндсайхан, БНХУ-аас Замын-Үүд суманд суугаа ерөнхий консул Цай Вэй Рү, Хятадын төмөр зам 21 дүгээр товчоо группийн захирал Гүэ Ян Хун, Хятадын төмөр зам 21 дүгээр товчоо группийн ТУЗ-ийн орлогч дарга Гао Финг зэрэг албаныхан оролцов.

 

Шав тавих ёслолыг нээж, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах ложистикийн төвийн барилгын ажлыг эхэлснийг хэлэхэд таатай байна. Монгол Улсын Засгийн газар уг ажлыг дэмжин Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас төслийн нийт санхүүжилтийн 60 гаруй хувь буюу 45 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон.

 

Ложистикийн төвийн барилгын ажил хоёр жилийн хугацаанд явагдана. Энэ хүрээнд Замын-Үүд боомтоор дамжин өнгөрөх экспортын ачааны хяналт, шалгалтын нэг цэгт төвлөрүүлэн ложистикийн үйлчилгээтэй хослуулсан өргөн хэмжээний цогц барилга баригдах юм.  Энэхүү байгууламж баригдсанаар манай улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна бүс нутаг дахь тээврийн коридоруудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Төслийн хэрэгжилт захиалагч болон санхүүжигч талууд, хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, барилгын гүйцэтгэгч нарын хамтын чармайлтаас ихээхэн хамаарна гэдгийг онцлон хэлмээр байна.

 

Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэв. Төслийн хүрээнд Замын-Үүд боомтын хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээврийн терминалын аж ахуй, ложистикийн үйлчилгээг бий болгох юм байна. Мөн  авто замаас авто зам руу, авто замаас төмөр зам руу болон төмөр замаас авто зам руу ачих төмөр замын шилжүүлэн ачилтад зориулсан тоног төхөөрөмж, менежментийн системийг нэвтрүүлэх зэрэг терминал ложистикийн байгууламжийг байгуулах  ажлууд цогцоороо хийгдэх юм. Уг  төсөл нийт 128 га талбайг хамрах бөгөөд чингэлэгийн, хүнд даацын, агуулахын гэсэн гурван бүстэй байхаар төлөвлөгджээ.

 

Түүнчлэн  50 болон 70 тн даацтай гүүрэн кран, механизмын засварын төв, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.5 км орчим төмөр зам, ложистикийн төв руу орох гарах төмөр замтай хоёр төвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж, 1.6 км авто зам тус тус барихаар төлөвлөгджээ. Энэхүү ложистикийн төвийн барилгын ажлыг “Хятадын төмөр зам 21 дүгээр товчоо” групп гүйцэтгэх гэнэ.

 

Тус компани нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан олон улсын нээлттэй тендерт шалгаран ийнхүү барилгын ажлыг гүйцэтгэхээр болжээ. Барилгын ажлын гүйцэтгэлийн тухай “Хятадын төмөр зам 21 дүгээр товчоо” группийн ТУЗ-ийн орлогч дарга Гао Финг “Манай төмөр зам 21дүгээр групп Монгол Улсын эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаадаа баяртай байна. Бид барилгын ажлыг мэргэжлийн өндөр төвшинд, чанартай гүйцэтгэнэ гэдгээ та бүхэнд амлаж байна.

 

Мөн Монгол Улсын хууль тогтоомж, зан заншлыг даган мөрдөж, тогтсон хугацаандаа ажлаа гүйцэтгэж, хүлээлгэн өгнө. Манай компани орон нутгийн хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах болно. Бид ажлаа чанартай, хурдан хугацаанд гүйцэтгэн хоёр орны хоорондын харилцааг улам бэхжүүлэнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэв.

 

Шав тавих ёслолын үеэр ложистикийн төв байгуулагдсанаар улс оронд өгөөжөө өгсөн олон ажил хийгдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа. Тодруулбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмж болон манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн боломж нээгдэх гэнэ. Энэ нь Монгол Улс төдийгүй бүс нутаг дахь тээврийн коридоруудтай манай улсын орц, гарц өрсөлдөх таатай боломжийг бүрдүүлэх юм байна.

 

Тус  төв нь 24 цагийн үйл ажиллагаатай байх бөгөөд 2-3 ээлжээр ажиллах бүрэн боломжтой аж. Мөн хоногт 600 орчим вагон буюу 12 галт тэрэг БНХАУ-ын талаас хүлээн авч ачиж буулгах, шилжүүлэн ачилт хийх хүчин чадалтай. Эдийн засгийн коридорт өрсөлдөх боломжийг нээж буй уг төв нийт 200 орчим хүний ажлын байр бий болгож байгаа ажээ. Энэхүү төсөлд нийт 76.1 сая ам.долларын санхүүжилт шийдэгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 26.6 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкнаас 40 сая ам.долларын зээл, таван сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгожээ.

 

Харин төслийн хэрэгжүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн яам ажиллаж байгаа аж. Энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй ложистикийн төвийн барилгын ажил 2018 онд дуусах юм. Ложистикийн төв бүрэн ашиглалтад орж, ажиллаж эхэлснээр манай улсын эдийн засгийн гарц нээгдэнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцлов. Ямартай ч аль 2011 оноос эхлэлтэй төслийн ажил дундарч, ложистикийн төвийн барилга баригдан 76.1 сая ам.долларын төсөл хөрсөн дээр буух нь.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.