2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Сирид хийх ажиллагаа ба Бандар бин Султан

Сирид хийх ажиллагаа ба Бандар бин Султан

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

Сирид хийх байлдааны ажиллагаа цаг минутаар хэмжигдэж эхэллээ. Харин тус орны эрх баригчид сандран мэгдэхийн оронд цохилт ирвэл хариуг тэгж барина гэх олон хувилбаруудаа боловсруулчихсан бололтой. Хариу цохилтыг хөрш орнууд руугаа хийнэ гэдгээ ч нуухгүй байна. 

Хэрэв америкийн цэргийн ажиллагаанд хамсан оролцвол Сирийн хариу цохилт яалт ч үгүй буух аж. Иордан, Турк хоёр ч Сирийн бай болох юм байна. Энэ талаар Сирийн Гадаад хэргийн дэд сайд Фейсал  Микдад ярьсныг The Wall Street Journal эшлэснийг  Оросын хэвлэлд тэр дор нь тавьжээ.

 

-Дамаск Израильд хариу цохилт өгнө. Хэрэв америкийн ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамсан оролцох л юм бол хөрш Иордан, Туркэд мөн цохилт өгнө.

 

-Дайн эхэлчих л юм бол хэн ч нөхцөл байдалд хяналт тавьж чадахгүй. Сирийн эсрэг аливаа атак нь бүс нутагт хаос болж даамжирна. Бүс нутгаас хальж ч магадгүй. 

 

-Турк, Иордан хоёр Сирийн эсрэг ажиллагаанд оролцох уу, болих уу гэдгээ хоёр дахин тунгаан бодвол зохино.

 

-Америкийн конгрессын гишүүд ухаалаг хандаж, үнэний шүүхийн дуу хоолойг сонсож, өдөөн хатгах ажиллагаанд хамсан оролцохгүй гэдэгт найдаж байна.

 

-Хэрэв Конгресс Сирид цэргийн интервэнц хийхийг дэмжвэл Сирийн ард түмний хувьд төдийгүй, америкийн ард түмний хувьд, нийт Ойрх Дорнодын хүн ардын хувьд эмгэнэл болно хэмээн тэрээр ярьжээ.

“CNN”-ий мэдээлснээр Дамаскаас ийнхүү заналхийлсэн мэдэгдэл хийсэн нь хөрш орнууддаа цохилт өгөх чадалтай болоод л тэгсэн хэрэг аж. Тэр мэдээгээр бол зөвлөлтийн болоод оросын үйлдвэрийн ойрын зайн тусгалын 500 гаруй пуужин Сирид байгаа ба цэнэгт хошууг нь химийн хор, өөр юугаар ч цэнэглэчихэж болох ажээ.  

 

Дэд сайд Фейсал Микдадын утга нэгэн мэдэгдлийг Сирийн парламентын дарга Жихад аль-Лахам Францын нэр дээр хийжээ. Сири Ливи биш гэсэн утга бүхий сануулга анхааруулга Дамаскаас хөвөрсөөр байх бололтой.

Ингэхэд хүн  төрөлхтөн нэн шинэ  түү­хэндээ “2013.09.09” гэх  нэг тэмдэглэлт өдөртэй болох юм биш байгаа. АНУ-ын Конгресс хуралдаж Сири рүү халд гэсэн зөв­шөөрлийг Обамад 99 хувийн саналаар өг­сөн өдөр хэмээн түүхнээ үлдэж магадгүй юм. 

 

“2013.09.09” хүртэл  хагас  сарын  турш саудын араб, катарын ваххабит эрх баригч династ америкийн шийдвэр гаргагчдыг лоббидсон гэх сонин дүгнэлтийг оросын эрдэмтэн Виктор Титов хийжээ. Тэгж лоб­бидохдоо америкийн өндөр тушаалынхныг мөнгөөр хахуульдсан, америкийн  эдийн засаг, банкны салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэж амласан, ваххабит дэглэмүүдийн хувьд мөнгө өгч авах нь хэвийн үзэгдэл, худалдагдсан нөхдийн жишээч нь Линдси Грэм, Жон Маккейн нар. Сири рүү пуужингаар 3-4 сар цохилт өглөө гэхэд зарлага нь Булангийн энэ хоёр улс дээр бууна гэхчлэн орос эрдэмтэн бичжээ. Сонин дүгнэлт байна. 

Шинэ дайны сценар хэрхэн өрнөх талаар элдэв мэдээлэл тоймгүй олон гарч ирж байна. Тэндээс багцаалбал, энэ дайнд хэрэглэхээр далавчит пуужин төдий бус, цаана нь 420  байлдааны онгоцыг бэлтгэжээ. Өмнө нь Иракт байлдуулж байсан тэдгээр онгоцууд нисэх онгоц тээгч дээрээ бэлэн байна. Хэрэв довтолгоо эхэлчихвэл Франц, Туркийн нисэх хүчин нэмэгдэж орно. Саудын Араб, Катар, Эмират ч нисэх хүчнээ оролцуулж магадгүй. Израиль сирийн халдлагад өртвөл хариу өгөх нь гарцаагүй болно. Дамаскийн эсрэг маш сонин эвсэл үүснэ. 

 

Түүхнээ өмнө нь байгаагүй. “АНУ-Франц-Израиль-Арабын консерватив монархууд–Турк” гэсэн христосын, жүүдийн, мусульманы эвсэл. 

 

Санхүүжилтийн  голыг саудын нефть, катарын байгалийн хийн олборлолтоос босгоно. Цохилт өгөх бай цаашдаа тэлнэ. Асад, түүний ойрын хамсаатнууд, эрх баригч алавитын кланы нэрт зүтгэлтнүүд, армийн бүх генералууд, Ерөнхийлөгчдөө үнэнч цэргийн ангийн захирагч нар, тусгай алба, До яамны дээд удирдлага, Баас намын лидерүүд, Засгийн газрын гишүүд гээд цохилтын бай эхний ээлжинд болж таарна. 

Хуягт танкийн ангиуд, цэргийн засварын газар, цэргийн агуулахууд, цэргийн хүнсний агуулах дараагийн ээлжинд. Агаараас цохилт өгч, пуужингаас харвасны дараа Иорданд бэлтгэсэн хорлон сүйтгэгчдийг оруулна. 

Америк, израилийн тусгай зориулалтын цэрэг, катар, саудын офицерууд оролцох магадлалтай. Зорилго нь тодорхой. Сирийн эрх баригч дэглэмийг сулруулах, цэргийн болон стратегийн дэд бүтцийг нураах, нисэх хүчин, агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийг устгах, холбоог таслах, их буу, танкийн ангиудыг сүйтгэх, аль болох олон сири цэрэг, офицерыг устгах гэх мэт. 

Ийм ажиллагаанд 3-4 сар элбэг зарцуулна. Иран, Хэзболла-гаас нэмэлт тусламж Сири рүү очиж таарна. Ёстой жинхэнэ алалдаан өрнөнө.

 

Орос эрдэмтэн Виктор Титовын дүг­нэлтийг нотлох өөр нэг тайлбар мөн тэр сайтад байна. Саудын Араб Ойрх Дорнодод тоглоомын дүрмээ тулгаж эхэллээ гэсэн утгатай.  Өрнийнхөн нэгдсэн шийдвэр гар­гаж чадахгүй байх хойгуур онгойсон сул орон зайг Саудын Араб нөхөв гэжээ. Эхлэн тоглогч нь британийн  Дэвид Кэмерон байж таарсан, хоёр баримт бичиг боловсруулаад парламентдаа оруулаадахсан чинь ойчсон. 

 

Хүмүүнлэгийн бөмбөгдөлт гэдэгт нь хориг тавьсан. Улс төрийн гол тоглогч байх гэсэн Британи нэг хэсэг хөшигний араар орлоо. Британичуудын боловсруулсан НҮБ-ын тогтоолын төсөл бас уналаа. АНУ-ын ээлж ирлээ. Барак Обама бүр 2012 онд л химийн зэвсгийн тухай яриад эхэлсэн. Улаан шугам гэдэг нэр томъёо 2012 оноос яригдаж байгаа. Ярьсаар нэг жилийг үджээ. Конгресс шийдвэр гаргатал бас зай байсан. 

Энэ хооронд Саудын Арабын хунтайж Бандар бин Султан гэгч нөлөө бүхий нэгэн тодорч Ойрх Дорнод руу бодлогоо амжилттай тулгаж байна.  Араб ертөнцөөс Марк Паль­мерын хойд дүр тодорчихсон гэлтэй үйл явдал өрнөв.  Тэрээр Саудын Арабын Үндэсний аюул­гүй  байдлын  зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга  бөгөөд энэ хаант улсын хүчний бүх байгууллага, тагнуулын байгууллагыг атгаж, мөн гадаад бодлогыг хэрэгжүүлдэг. 

 

1949 онд төрсөн, цэргийн нисэгч дэд хурандаа явсан энэ ноён АНУ-д цэргийн дээд боловсрол, Жон Хопкинсын их сургуульд иргэний боловсрол эзэмшиж, Пол Нитцейн нэрэмжит Олон улсын харилцааны дээд сургуульд эрдэмтэн болж, энэ Хаант төрдөө гайгүй боловсорсонд тооцогдож байна. 

 

1978 онд дипломат албанд шилжсэнээсээ хойш АНУ-ын томчуудыг байнга лоббиддог болсон,  Конгресс дахь өөрийн лобби бүлгээ шахаж байж F-15 сөнөөгч нисэх онгоцыг эх орондоо худалдуулсан, бүр Жимми Картер, Рональд Рейган, эцэг хүү Жорж Буш нартай тун дотно явсан, АНУ-д Элчин сайд байх үедээ зөвлөлтийн цэргийн эсрэг Афганистанд байлдуулах радикал исламистуудын үндсэн мэдээллийн санг бүрдүүлэхэд оролцсон, тэр ч бүү хэл Никарагуад байлдаж байсан Контрас-ыг зэвсэглэх санхүүжүүлэх ажилд оролцож явсан, 2005 он хүртэл Вашингтонд ажилласан гээд  энэ эрхмийн талаарх мэдээ­лэл хөвөрч өгнө. Энэ лут эр Цагаан ордны үе үеийн Ерөнхийлөгч нартай нэн дотно. Жүүдийн лоббиноос илүү лоббиг АНУ-д буй болгочихсон. 

 

Энэ нөхрийг үгээр АНУ Ираныг залхаах ажиллагаанд бэлтгэж байсан. Бүс нутагт өсөн дэвжиж буй Ираны нөлөөллийг саармагжуулах хэрэгтэй хэмээн үздэг тэрээр нууц хэлэлцээ хийгээд АНУ-ыг золтой л Иран руу довтлуулчихаагүй. 

 

Гэхдээ Тегераны эсрэг хориг тавиулж дөнгөсөн. Ираны нөлөөнөөс гаргачих гээд Сирийн эрх баригчид, Хэзболла-гийн дарга нартай чухам Бандар бин Султан л идэвхтэй ажилласан, гэм нь үр дүн гараагүй. 

Арабын хавар дараа дараалан бүлэг орныг дайрахад түүний цаана нуугдан байсан нууц ноёнтон нь хунтайж Бандар бин Султан болж таарсан. Хосни Мубаракийг зайлуулахад оролцоогүй, бусад дээр нь энэ нөхөр гоцлож өгсөн: Муаммар Каддафийг түлхэн унагалаа, Бахрейнд босогчдыг харгислан дарлаа, тийш нь Саудын Араб цэргээ орууллаа, Йеменд саудуудын үзэмжээр дэглэм солигдлоо, Египетэд салафитуудыг дэмжиж байж парламентад олноор нь оруулж, хоёр дахь том нам болголоо гэх мэт.

 

Одоо Сири түүний өмнө ээлжээ хүлээж байна. Сири бол бүс нутаг, Араб ертөнц дэх Ираны цорын ганц, эргэшгүй холбоотон. Шиитийн гинжин хэлхээг, тодорхой нэр заавал  Иран-Ирак-Сири-Хэзболла-г таслах нь Саудад нэн чухал. Сири унавал гинж тасарч эхэлж байгаа нь тэр болно. Уг нь Башар Асадад Саудын Арабын хаан боломж олгосон, санал тавьсан. Реформ хийж суннит олонхоо төрдөө гарга гэж сануулсан, ятгасан. Цаадах нь үгүй гэсэн, тэгэхлээр нь унагахаар үзчихсэн. Асадыг унагах ажиллагааг Бандар бин Султан гартаа авсан. Тэрээр Сирид гурван зорилт тавьсан. 

 

1)Асадыг түлхэн унагасны дараа засгийн эрх авах босогчдын хүчирхэг бүтэц буй болгох; 

2)Cирийн Засгийн газрыг дэмжиж буй олон улсын дэмжлэгийг саармагжуулах; 

3)Дамаскийн эсрэг өрнийнхнөөр цэргийн халдлага хийлгэх. 

Эхний зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Бандар бин Султан Иорданыг сонгон авсан. Анхнаасаа дүрвэгсдийг хүлээн авахгүй гэж байсан Иордан одоо сиричүүдийн хөлд дарагдчихсан байгаа нь энэ хунтайжийн зүтгэл аж. Иорданыг мөнгөөр угжаад өгмөгц нөгөөх нь Саудын Арабын гарт ороод иржээ. Босогчдыг зэвсэглэх олон улсын ажиллагааг энэ хунтайж гартаа атгаж байна. 

 

2012 оны намар Хорватаас хүнд хөнгөн маш их зэвсэг авахуулсан. Босогчдыг дэм­жих ажиллагаагаа саудууд “Өмнөд стратеги” хэмээн нэрлэдэг. Сирийн өмнөдөд бэхжиж аваад хойшоо, баруун хойшоо эргэж, Да­маскийг эзлэх нь түүний гол мөн чанар. Хоёр дахь зорилтоо хэрэгжүүлэхийн тулд тэрээр ливаны шиитүүд, ираны аятолла нарыг алгасаад шууд Москватай харилцсан. Москвад очоод  Владимир Путинд амласан юм гэж тоймоо алдсан. Бүр 2014 оны Өвлийн олимпийн наадмын аюулгүй байдлыг чинь даая, чеченийн бүлгүүдийг   хяналтандаа авъя гэж хүртэл ярьжээ. 

Гол нь Сири дэх Асадыг л ОХУ дэмжихгүй байх ёстой. Хунтайж Бандар зорилгодоо хүрэхэд ганцхан алхам үлдлээ. 

 

Олхонуд Д.Баярхүү (Судлаач проф)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.