2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Дарангуйлагчдын төгсгөл

Дарангуйлагчдын төгсгөл

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Дарангуйлагчдын төгсгөл

 

 

Сүүлийн үед, сонгуулийн үеэр Увс аймагт нас барсан нэгэн нярайн үхлээр улстөр хийх явдал хэмээс хэтэрлээ. Монголчуудад нэгэн сайхан ёс заншил, уламжлал байдаг. Нас барагчдынхаа 49 хоногийг өнгөртөл элдэв муу үйл хийдэггүй, ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн хатуу зарчим бий. Тэр тусмаа таалал төгссөн хүүхдийнхээ хойноос ингэж булай бузраар ханддаггүй л дээ.

 

Энэ хэрүүл маргааныг анх сэдэж улстөрийн зорилгоор босгож ирсэн хүмүүс бол Ардчилсан намын дарга асан З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар гэдгийг манайхан мэдэж байгаа. Өчнөөн зул мандаачихсан, наана нь тэр хоёр зэрэгцэж зогсоод сонгуульд ялагсдыг баалж байгаа эмгэнэлийн шоу-г хараад хүмүүс асар их зэвүүцэн: “Энэ хоёрын байгаа царайг! Хүүхдийн үхлээр улс төр хийхдээ тулж. Дарангуйлагчдын төгсгөл ийм л байдаг даа” хэмээн өширхсөн байдлаар өгүүлж байсансан.

 

Энэ бузар шоу-г тэгсхийгээд намжих юм бодсон чинь бүр хөөрөгдөж эхэллээ. Хөөрхий нэгэн балчир хүүхдийн эндэгдлээр эцэс төгсгөлгүй улстөрийн шоу үргэлжилж байна. Увс аймгийн Засаг дарга гэгч, эрээ цээрээ барсан нөхөр телевизээр ярьж, сонинд том ярилцлага өгснийг үзээд “Ийм ч дарга байх гэж дээ. Хэнд зүтгэж байгаа нь энэ вэ?" гэсэн бодол төрсөн. 

 

Сүүлдээ бүр хуульчид ороод хутгалдчихлаа. Миний “гайгүй хуульч өмгөөлөгч” хэмээн бодож явсан Г.Батбаяр, М.Ичинноров нар улстөрийн золиос болчихсон, нярайн эндэгдлээр улстөр хийгээд явцгааж байна. 

 

Бас “Хүний эрхийн хуульч” гэнэ. Монголд хүний эрх зөрчсөн өчнөөн асуудал гарсан. Амьд хүнийг шатаасан. Д.Сүхбаатарын талбайд хүмүүсийг цагаан зээр шиг хөөж буудсан. Шоронд өч төчнөөнөөрөө таалал төгссөн. Намын харъяаллаар шийтгэсэн. Үндсэн хуулийнхаа заалтыг зөрчин, хууль бусаар төр засгийн эрхийг булааж авсан. 

 

Сонгуулийн болон бусад хуулиудыг олонхиороо түрүү барин өөрсдөдөө ашигтайгаар өөрчилсөн. Энэ бүхэнд хүний эрх зөрчигдөж байна. Тэгэхэд ийм хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө тэмцээгүй хэрнээ нярайн эндэгдлийг ингэтлээ дэвэргэж, улстөрийн шоу хийх хэнд хэрэгтэй юм.

 

Очиж очиж өнөөх эмэгтэй хуульч Ичинноров нь! Танд ийм зүйрлэх үр байхгүй юу. Хорвоод дөнгөж хүн болох гэж ирсэн хүүхдийн чинь үхлээр ийм улстөрийн шоу хийгээд, ялагдсан намынхан шөнө өдөргүй “балбаад" байвал танд ямар байх вэ?! Батбаяр ч Батбаяр! Ийм хуульчинцарыг дэмжиж явсандаа одоо харамсаж сууна.

 

Олонх монголчууд тэгэж л бодож байгаа байх. Өөр улстөр хийх юм олдсонгүй юу. Хөөрхий нэгэн нярайн эндэгдлээр шоу хийж, аав ээж, төрөл төрөгсдийнх нь элгийг эмтлэхээс өөр зүйл бодогдсонгүй юу.

 

Увс аймгийн 33 дугаар тойрогт МАН-аас ялалт байгуулсан Чимэдийн Хүрэлбаатар гэж хүнийг би сайн танихгүй. Улсын их хуралд сөрөг хүчин байхдаа их үнэн үг хэлдэг, эх орон ард түмнийхээ төлөө зоригтой дуугардаг залууг дотроо хүндэтгэж явдаг. Сайдад нэр нь гарахаар баярлаж байсан. Манай нам гайгүй хүмүүсээ гаргаж ирэх нь дээ гэж сэтгэл хангалуун байлаа. Тэгсэн чинь л ялагдагсад, тэдний гар хөл бологсод "Хүүхдийн үхэлд Ч. Хүрэлбаатар, түүний туслах холбоотой” гээд л “балбаж” өгөх нь тэр.

 

Яахлаараа Ч.Хүрэлбаатар гол буруутан болдог юм бэ?! Сонгуульд санал өгүүлэхийн тулд нэг гэр бүлийнхнийг талдаа 150км, ирж очихын ЗООкм газар авч яваад нярайг үхүүлчихэж гэнэ. Иргэнээ сонгуульд оролцуулах нь өнөөх зарга хийгээд яваа Засаг даргын гол үүрэг хариуцлага. 

 

Талдаа 150км явахаар хэсгийн байрыг байгуулсан бол өнөөх сонгуулийн хуулиа дур мэдэн өөрчилсөн Ардчилсан намынхан, тэр дундаа З.Энхболд, Б.Гарамгайбаатар нарын буруу. Монгол Улсын сонгуулийн хуульд сонгуулийн тойрог хэсгийг хүн амын суурьшил газар нутгийн байдлыг харгалзан хуваарилна гээд заачихсан байгаа шүүдээ. 

 

Гэтэл энэ удаагийн сонгуульд тойрог, хэсгийг хуульд заасан зарчмаар биш, зөвхөн хувийн ашиг сонирхлын үүднээс хуваарилсан. Үүнээс болж Увс аймгийн зөвхөн нэг хэсэг нь ирж очихын ЗООкм зам туулахад хүрч л дээ. Энэ чинь 26-хан хоногтой нярай байтугай, бидэнд ч хэцүү зам. Харин ч Ч.Хүрэлбаатар гишүүний туслахууд хурдан унаа гаргаж өгөөд, зардал хөлсийг нь даагаад явуулсанд юуны буруу байгаа юм.

 

Г.Батбаяр: “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр амьсгалын замын хурц дутагдал, хам шинжийн улмаас зүрх зогссон гэсэн байгаа” гэж бичсэн. Энэ чинь эмнэлгийн дүгнэлтийн бүрэн эх мөн үү. Ийм дүгнэлт гаргаж өгсөн шүүх эмнэлгийн ажилтан хэн бэ. Нялх хүүхэдтэй эмэгтэй авч яваа жолооч аятай суудал, боломжийн нөхцөл яагаад гаргаж өгөөгүй юм. Хүүхдэд эмнэлгийн анхны тусламж яаж үзүүлсэн юм. Хүрэлбаатарыг буруутгая гээд зөнд нь орхичихсон юмуу..... олон асуудал бүдэг бүүдгэр хэрнээ Улсын Их Хурлын гишүүн рүү улангасан дайраад байдгийн учир юу юм.

 

Манай зарим хуульч ч хүний ёс жудагаа үнэхээр гээж дээ. Өмгөөлөгч Г.Батбаяр өгүүлэхдээ, “Улсын дээд шүүхээс гаргасан цаазаар авах ял ноогдуулснаас бусад тохиолдолд хүний амь хороохыг хориглоно гэсэн заалтын хэм хэмжээг зөрчиж байна. Энэ заалтын хүрээнд хүүхдийн эцэг эх эрүүгийн хариуцлага хүлээх ёстой... гэж сүрдүүлж дарамталсан байх юм. 

 

Нялх үрээ алдчихаад уй гашуу болж байгаа, хөөрхий тэр нэгэн гэр бүлийнхэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бодол санаа Батбаяраас өөр хүнээс гарна гэж үү. Хүнээ ч алдаж дээ. Аль нэгэн нам, эрх баригчдад нь л үйлчилж байвал хэнийг яаж дарамтлах, юу гэж гүтгэж доромжлох нь хамаагаа алдаж.

 

Харин Увс аймгийн хууль хяналтын байгууллагууд, тэр дундаа аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гансүх гэж шударга шүүгч байдаг юм байна гэж ойлголоо. Нярайн үхлээр улстөр хийсэн энэ бузар хуйвалдааныг эцэслэн шийдэж хэрэгсэхгүй болгосон нь нэг талаас хуульчийн чадвар, нөгөө талаас энэ бусармаг явдлыг зоригтойгоор шударга шийджээ хэмээн харагдаж байна.

 

Г.Батбаяр гэдэг хүн ардаа хүчтэй болохоор их сүрдүүлжээ... Хэргийг шалгаж байгаа цагдаа прокурорыг ЦЕГ-ын Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтэс болон УЕПГ-ын Дотоод хяналт шалгалт, ёс зүйн хороонд хандаж байгаа гэнэ. Олон улсын хүний эрхийн байгууллагад ч хандаж магадгүй гэх. Яваг л дээ. Нярайн эндэгдлээр улс төр хийж, хор найруулаад ялчихдаг л юм бол харж л байя.

 

Г.Батбаяр, М.Ичинхоров хоёрын ард их хүч бий нь үнэн. Ялагдсан хоёр намын дарга З.Энхболд, Н.Энхбаяр хоёр байгаа. Тэдний хань хамсаатнууд байгаа. Өнөөх телевизээр гоншигоноод байсан Увсын Засаг дарга, түүний багийнхан байгаа. Яаж ч мушгиж дарамталж чадна. Улстөр хийж болно оо. Гэхдээ ингэж шившигтэй хийдэггүй юм. 

 

Ард түмэн маань Ардчилсан нам, МАХН түүний өнөөгийн удирдлагад дүнгээ тавьчихлаа шүү дээ. З.Энхболд, Л.Эрхэмбаяр нарыг байгаа цагт Ардчилсан нам улсын их хуралд 9-өөс илүү суудал авч чадахгүй. Н.Энхбаяр байгаа цагт МАХН-д ганц суудал олдсон нь их юм гэсэн үнэлэмжээр дүнгээ тавьчихлаа. Одоо болоо биш үү. Нярайн үхлээр хүртэл улстөр хийж шившгээ тарихын хэрэг байна уу.

 

Олон түмэн бол маш дургүйцэж байгаа. Жижгэрнэ гэхдээ хүний үхлээр улстөр хийтлээ жижгэрнэ гэж байх уу даа хэмээн бухимдацгааж байна. Миний хувьд намуудын толгойн талын ялзралыг үзэн яддаг хүн. Буруу зүйл хийвэл аль ч нам, хэнбэ гуайг ч шүүмжлэхэд бэлэн байдаг. Сонгуулийн дараа Ардчилсан намын шударга залуучууд хөдөлгөөнд орж намаа шинэчлэх зоримог алхам хийхэд нь баярлаж байлаа.

 

 Ардчилсан намаасаа эхлээд толгой талын луйварчдаасаа салах нь гэж. Залуучууд нь хэдэн шаардлага тавьж, үндэсний Зөвлөлдөх хороогоо хуралдуулчихсан чинь өнөөх дарангуйлагчид суудлаасаа ховхордоггүй юм байна. Хэсэг бүлэг хүн, зориуд бөөн хэрүүл болгон хугацаагүйгэээр завсарлуулаад байгаа.

 

Том хэрүүл болсон гэнэ. Үгээ шуудхан хэлчихдэгээрээ Баабар эхэлсэн бололтой. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэрийг намын даргад дэвшүүлсэн юм уу даа. Тэгтэл Баабар эсэргүүцэж, Эрдэнэ гэж вант улсын дарга, хогийн хулгайч, атаман намын дарга болох ёсгүй. Эрдэнэ гэж хүнээр намын дарга тавьчихаад дараа нь бид намын даргаа шоронд эргэх юм уу гээд хурлыг орхиж гарсан байна.

 

С.Эрдэнэ ч мөчөөгөө өгөлгүй, би хулгайч биш, хаан ч биш. Би хэзээ хаана хэнийг зодож дарамталсан юм, чи энийгээ нотлоорой. Харин ч чи нийгмийн даатгалын хуучин бичиг баримт бүрдүүлээд явсан биз дээ. Би чамайг дахин шүүхэд өгнө гэж уурласан сураг байна. Ийм хэрүүл маргаан үргэлжилсэн нь ялагдсан намын удирдлагуудад таатай завшаан болж Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг завсарлуулж, намын их хурлаа 12 дугаар сард хийхээр товложээ. 

 

Намаа ялагдуулсан хүмүүс энэ хооронд хор найруулж, суудалдаа үлдэх бололтой юм. “Үхэхдээ үхэр буугаа тавих” нь л дээ. Ингээд Ардчилсан нам цэвэрших биш, улам бохир болох төлөв ажиглагдаж байна гэж гадуур шуугилаа. З.Энхболд, Н.Энхбаяр хоёрын эхлүүлсэн, одоо ард нь жолоогий нь залж байгаа, нярайн үхлээр улс төр хийх шившигт хуйвалдаан эцэс төгсгөлгүй үргэлжлэх төлөвтэй.

 

Ард түмэн дүнгээ тавилаа. Та нар идсэн уусан, дааж давшгүй баяжсан, ханаж цадахаа мэдэхээ больсон. Улсаа худалдаж, өр тавьж, ард түмнийхээ хоолыг булааж идсэн. Харин, үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж аван төрийн эргэлт хийчихээд байхад чинь Эрүүгийн хуулийн дагуу хатуу хариуцлага тооцоогүй, ард түмэн бидний л буруу байгаа байх.

 

Дарангуйлагчдын хувь заяа ийм л эмгэнэлтэй, шившигтэй төгсдөг л дөө.

 

Г.ЖАМЪЯН

 

(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn