2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Түвшинбаяр: Х.Баттулга ерөнхийлөгч “Тэмцээндээ л сайн оролц” гэсэн

Н.Түвшинбаяр: Х.Баттулга ерөнхийлөгч “Тэмцээндээ л сайн оролц” гэсэн

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, жүдоч Н.Түвшинбаярыг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр ирэх наймдугаар сард болох Риогийн олимпод жүдогийн шигшээ багийг ахлан оролцох юм. Түүнтэй өнгөрсөн сард болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилт, удахгүй болох олимп болон сүүлийн үед олны анхаарал татаж буй зарим сэдвээр ярилцсан юм.

 

Н.Түвшинбаяр: Х.Баттулга ерөнхийлөгч “Тэмцээндээ л сайн оролц” гэсэн

 

 

Олимпод орно гэдэг хувь хүний хувьд ч, тамирчины хувьд ч маш том хариуцлага байдаг

 

-Монголын Жүдо бөхийн холбоо хүн төрөлхтний их наадам хэмээн нэрлэгддэг олимп эхлэхээс 100 хоногийн өмнө шигшээ багаа зарлалаа. Таны хувьд шигшээ багийн талаар ямар бодолтой байна вэ. Энэ удаагийн шигшээ багийн гишүүд гал ассан өрсөлдөөн дундаас тодорч гарч ирсэн. Тодруулбал, жингийн өрсөлдөөн их байсан. Жүдо бөхийн холбооны хувьд энэ их өрсөлдөөн дундаас шигшээ багаа тодруулна гэдэг мэдээж амаргүй байсан байх?

 

-Тийм. Олимпод орно гэдэг тамирчин хүний хүсэл мөрөөдөл нь байдаг. Дөрвөн жилд нэг удаа болдог гэдэг утгаараа тамирчдын хөлс, хөдөлмөрийг үнэлэх томоохон шалгуур болдог. Тамирчид энэ их наадамд оролцох гэж хөлс, хүч тэр ч бүү хэл хамаг амьдралаа зориулдаг. Энэ утгаар нь яривал тамирчдын хувьд өөрийн олон жилийн хөдөлмөр, зүтгэл, хүчээ үнэлүүлэх үе одоо ирж байна. Сонголтын тухайд гэвэл Монголын жүдочид өнөөдөр дэлхийд ямар хүчтэй байгааг ард түмэндээ харуулж байна гэж ойлгож болно. Яагаад гэвэл манай жүдогийн тамирчид нэг жинд олон эрх авч байна. Өмнө нь манайх ганц хоёр жинд эрх авах гэж бөөн юм болдог, арай гэж хэдэн эрх авдаг байсан. Тэгвэл өнөөдөр нэг жинд дөрвөн тамирчин эрх авч байна. Энэ хэрээрээ манай жүдочид дэлхийд танигдаж, данстай болж байна. Нөгөө талаар энэ нь манай Жүдо бөхийн холбоо тамирчдаа чин сэтгэлээсээ дэмждэг, Олон улсын тэмцээнд бүтэн багаар нь оролцуулдаг болсонтой холбоотой. Өнөөдөр нэг тамирчин олон улсын тэмцээнд оролцлоо гэхэд маш өндөр зардал гаргах болдог. Тэгвэл энэ асуудалд манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нийт тамирчиддаа чин сэтгэлээсээ тусалж, санаачилга гарган дэмждэг. Дэмжсээр ч ирсэн. Иймээс энэ бүхний үр дүн өнөөдөр гарч байна гэж харж, мэдэрч, ойлгож байгаа. Сая шигшээ багийг зарлах үеэр холбооны ерөнхийлөгч ярьж байсан. “Тамирчдаа дэмжихгүй, тэмцээнд явуулахгүй байх хэцүү. Дэмжээд дундаас нь сонгох бас хэцүү юм байна” гэж. Үнэндээ сонголт хийх мөчид би ч бас догдолж байсан. Хэдийгээр би түүнд хамааралгүй байсан ч гэсэн баг хамт олон болж нэг тогоонд “чанагдаж” байгаагийн хувьд үлдэж байгаа тамирчид болон тэдний ар гэрийнхэн сэтгэл зүйн хувьд ямар байгаа бол гэж санаа зовж байлаа. Яагаад гэвэл тамирчин хүний ар гэрийнхэн өөрсдөөс минь илүүтэй бүх зүйлд санаа зовж, олимпод оруулчих юмсан гэсэн чинь сэтгэл өвөртөлж нэг ёсондоо сойж суудгийг би мэднэ. Миний гэр бүлийнхэн ч ялгаагүй санаа зовж байдаг. Гэхдээ тэмцээн гэдэг яах аргагүй хүнд өрсөлдөөн дунд болдог учраас олимпод оролцох тамирчдын сонголтыг сохор бус харин тооцоо судалгаан дээр суурилсан сонголт байсан гэж харж байгаа. Учир нь манай холбооны зүгээс тамирчдаа олон тэмцээнд явуулж өөрсдөд нь боломж олгосон. Нөгөө тендер зарлаад дундуур нь лобби орчихдог шиг хууль бус зүйл болдоггүй. Үүнийг олон хүн тал талаас нь ярилцаж, харсны хүчинд шийдсэн. Миний хувьд ингэж л харж байгаа.

 

-Эрэгтэй багийн хувьд яах аргагүй өрсөлдөөнтэй байсан. Тодруулбал, 60, 73, 81 кг-д их өрсөлдөөн байлаа. Эцсийн шийдвэрийг та юу гэж харсан бэ?

 

-Би тамирчин учраас сайн мэдэхгүй шүү дээ. Үүнийг багш нар болон манай холбооны удирдлагууд шийдэж гаргасан. Ер нь тэгээд хүн гэр бүлийн хүрээнд харилцан ярилцаад гаргасан шийдвэрээ эсэргүүцээд байдаггүй биз дээ. Түүн шиг тамирчдаа хамгийн сайн мэдэх “гал тогоонд” ярилцаад дээрх шийдвэрийг гаргасан учраас бид юу гэх билээ. Бүгд тооцоо судалгаан дээр үндэслэсэн байсан учраас тийм юм байна гэж л хүлээж авсан.

 

-Таны хувьд өмнө нь хоёр олимпод оролцсон туршлагатай тамирчин. Одоо гурав дахь удаагаа оролцох гэж байна. Бас багаа ахалж явна. Ер нь та өөрөө бас баг тамирчдаа Риогийн олимпод ямар амжилт үзүүлнэ гэж харж байна вэ. Сэтгэлдээ зурсан хар зураг танд байгаа биз?

 

-Миний хувьд өөрийн тань хэлсэн шиг хоёр олимпод оролцсон. Одоо гурав дахь олимпод оролцох гэж байна. Ер нь олимпод оролцоно гэдэг маш том хариуцлага. Наана нь ийм тийм гэх зүйл амлах арга байдаггүй. Үүнийг би шигшээ багийг зарлах үеэр бас хэлсэн. Ер нь бол олимпод оролцож байгаа тамирчид тэр дундаа ардаа өөрөөсөө илүү мундаг тамирчныг орхиод явж байгаа тамирчин хүн маш өндөр хариуцлага үүрч байдаг. Тэр хүний хувьд ямар ч алдаа гаргах эрхгүй бас дараа нь харамсах зүйл гаргахгүйгээр бэлтгэлээ хийх ёстой. Энэ бол тийм ч амар асуудал биш. Хувь хүний хувьд ч, жүдо бөхийн тамирчин хүний хувьд ч маш том хариуцлага байдаг гэх үү дээ.

 

Үргэлжлэлийг NEWS.mn ээс уншаарай

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.