2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Г.Занданшатар: Малгай толгой яахавдээ Мартын 8-ны мэнд хүргье

Г.Занданшатар: Малгай толгой яахавдээ Мартын 8-ны мэнд хүргье

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 

Г.Занданшатар:  Малгай толгой яахавдээ Мартын 8-ны мэнд хүргье

 

 

 

 

Судлаач, МАН-ын УЗ-ийн гишүүн Г.Занданшатартай, Зөвлөлдөх ардчилал ба улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцлаа. 

 

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр аль нэгэн эмэгтэй улстөрчтэй биш харин эрэгтэй улстөрчтэй эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцооны талаар ярилцвал зөв юм байна гэж саналаа. Дэлхий нийтээрээ шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэж оролдож байгаа ч бас л бага хувьтай байна. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар үүнийг нэмэх боломж бий юу?

 

-Зөвлөлдөх ардчилал бол нийгмийн ардчилсан үзэл. Ухамсартай ард олны засаглал сонголт гэж ойлгож болно. Тэгш эрхийн асуудал тэргүүнд нь тавигддаг үнэт зүйл нь. Тэгш эрхтэй зөвлөлдөж олны тусын тулд ухамсартай  сонголт хийх засаглалын төрөл юм.  Ухамсартайгаар шийдвэр гаргах ард түмний засаглал гэж ойлгож болно. 

 

Иймд Би таньтай зөвлөлдөж нэг асуулт тавьчихвал болох уу? Мартын 8-ныг хаана хэний санаачилгаар анх хийх болсон юм бэ? 

 

-Клара Цеткин тэргүүтэй эмэгтэйчүүдийн санаачилгаар, анх удаа эмэгтэйчүүд өөрсдийнхөө тэгш эрхийн төлөө жагсаал хийсэн талаар ярилцдаг биз дээ?

 

-Нэг шог яриа байдаг юм.  Цэцгийн худалдаачид санаачилсан юм гэнэ лээ гэж. Үнэндээ, 1909 онд Нью Иорк хотод ажилчин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө Америкийн социалист намын санаачилгаар эхэлж, 1910 онд Европын социалистууд Луйс Zietz, Клара Цеткин нар социал демократ үзлийн тэгш эрхийн төлөө тэмцлийн өдөр болгон түгээсэн түүхтэй.  Зөвлөлдөх ардчилал бол нийгмийн ардчилтай агаар нэг, үнэт зүйл нэгтэй юм. 

 

-Тэгээд Зөвлөлдөх ардчилал яаж тэгш эрхийг илүү хангадаг юм бэ?

 

- Зөвлөлдөх Ардчилал бол санамсаргүй тэгш түүврээр сонгогдсон хүмүүс хоорондоо тэгш эрхтэй зөвлөлдөж, мэдээлэл, санал солилцож бас мэтгэлцэж ярилцсанаар асуудлаа мэддэг болж ухамсартайгаар шийдвэр гаргах сонгох үйл явц юм. Жишээлбэл: Нийт ард түмнийг төлөөлөхийн тулд  эмэгтэй төлөөлөл 50 хувьтай  байх ёстой болно.  Иймд Зөвлөлдөх ардчиллаар л эмэгтэйчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргахад хангалттай орж ирнэ. Түүнээс өнөөдрийн төлөөллийн ардчиллын тогтолцоогоор эмэгтэйчүүдийн дуу хоолой тод сонсогдох боломж хомс. Хэн их мөнгө тараасан, хэн гоё бэлэг сэлт өгсөн, хэн их гүтгэж муулсан, хөрөнгө мөнгөний нөлөөтэй нь улс төрд гарч байна. Ийм ашиг сонирхлын бүлэглэлүүдээр өнөөгийн ардчилал тогтож байна. Харин энгийн ард олон ухамсартай зөвлөлдөх шийдвэл юм бол үр дүн өөр гарч ирнэ. Яагаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нь хангалттай байдаг Скандинавын орнууд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлж байна вэ. Боловсрол, насжилт, эрүүл мэндээрээ энэ улсууд дэлхийд дээгүүрт байна. Үүний нэг шалтгаан нь эмэгтэйчүүд гэр бүлийн асуудлууд, хүүхэд, эрүүл мэндийн асуудал, амьдралын нарийн ширийнийг илүү мэддэг учраас амьдралын асуудлыг хууль тогтоомжиндоо тусгаад байна. Ер нь элдэв хуйвалдаанд оролцдоггүй, шудрага зөвийн төлөө тууштай зогсч чаддаг чанар эх хүний бүр цусанд нь байдаг гэдэг. 

 

-Таны энэ бодолд үнэхээр талархалтай хандаж байна. Гэхдээ дийлэнх эрэгтэй улстөрчид, олон нийт үүн дээр өөр бодолтой байх шиг. Улс төрд хөл тавьсан эмэгтэйчүүд илүү хүнд хатуу замыг туулах хэрэгтэй болдог. Зориуд эмэгтэй улстөрчдийг гутаах оролдлогуудыг илүү хийгээд байх шиг анзаарагдах юм... 

 

-Эмэгтэй улстөрчид эрчүүдээсээ илүү амаргүй замыг туулж гарч ирдэг гэдэг үнэн. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд л Л.Амгаланг нэг малгай өмсөөд мэндчилгээ дэвшүүлсэн гээд юу болов. Барьж идэх нь ээ! (Инээв) Малгай сольж өмссөнөөс биш толгойгоо сольчихсон юм уу?  Л.Амгалангийн өмссөн малгайнаас болоод энэ улс орон хямарч, төр засаг эдийн засгийн хямралд ороод байгаа юм уу. Эсвэл энэ ашиг сонирхлын бүлгүүд, эрх баригчдын  зөрчил тэмцэл, урагшгүй бодлого ямар гай гамшиг учруулж байгааг ярихгүй мөртлөө тэр малгайны төлөө ямар их санаа зовнино вэ. Гэтэл малгайгаа солих нь байтугай маргаашаа худалдаж байгаа улсуудыг анхаарч шүүмжилж байна уу?  Зүсээ хувиргах нь бүү хэл Зүрхээ сольчихсон хүмүүс байгааг анзаарч  тоож байна уу  Ер нь эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр эмэгтэй улс төрчдөө ядаж гүтгэж доромжлохоо болъё, элдэв улс орноо худалдсан урвагч ноёдыг харин эргүүлж сайн ноцьё гээд зарлачих! Тиймээ! Кэнди краш тоглолоо гэж С.Баянсэлэнгийг муулаад, сайхан дуу дуулсных нь төлөө Д.Сарангэрэл гишүүнийг хараагаад,  Л.Эрдэнэчимэгийг бүжгийг элдвээр хэлж, Амгалангийн малгай, Анужингийн нууц бичлэг гэж адлаж байхаар улс орноор  тоглож байгаа улсуудаа сайн ярих хэрэгтэй. Ер нь тэд яг ямар хор хөнөөл, хохирол учруулчихаад байгаа юм бэ. Энэ тендер, авлига хээл хахууль, үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал, аюулгүй байдал  тусгаар тогтнолд ямар буруу юм хийсэн юм бол. Магадгүй тэд шударга, ашиг сонирхлын ямар нэгэн бүлэг нэгдэлд ороогүй учраас ялих шалихгүй зүйлээр адлагддаг ч байж болно. 

 

-Нээрээ ч тэр малгайг тал талаас нь шуугисан. Залуу үедээ эх оронч сэтгэлгээ бий болгох гэсэн оролдлого нь сүүлдээ буруутаад, бор малгай нь ногоон малгай болоод явж өгөх шиг болсон. Гэхдээ олон нийт бол үүнд тэгтэл ач холбогдол өгөхгүй байгаа гэж ойлгож байгаа. Харин жаахан улстөржүүлээд тэр дундаа нам дотроо их эмзэглээд байгаа юм биш үү?

 

- Харин тэр малгай яг ямар хохирол учруулсан юм бэ? Үгүй тэр Түвдэнгийн Бор чинь эх орноосоо дүрвэх гэж байсан мянган хүнийг нутаг руугаа буцаагаад л амь эрсэдсэн эх оронч баатар эмэгтэйг нэхэн дурсаа л биз! Эмэгтэйчүүдийн хувьд шийдвэр гаргах түвшинд олонхи болох тухай ярьдаггүй. Хүн амын тал хувийг бүрдүүлж байгаа хүйсийн хувьд тэгш оролцооны талаар л ярьдаг. Өрх гэрдээ адил эрх үүрэгтэй байдаг шиг улс орон гэсэн том өрх гэрийн хувьд адил оролцоотой байх нь зөв шийдэлд хүргэнэ л гэж ойлгох юм...

Нөгөө дүр эсгэсэн ардчилал гэдэг чинь нэг талдаа энэ. Нэр дэвшүүлэх нь 30 хувь гэдэг нь дүр эсгэж байгаатай ялгаагүй. Өнөөгийн нөцхөлд үр дүн нь 30 хувь хүрэхгүй нь тодорхой л байна. Төлөөллийн ардчиллын Харин эцсийн үр дүнгээр тооцдог зүйл бол зөвлөлдөх ардчилал. Төлөөллийг түүврийн аргаар бүрдүүлж, тэр хүмүүстээ мэдээллийг хангалттай өгч, ухамсартай сонголт хийлгэж байгаа тохиолдолд эмэгтэйчүүдийн дуу хоолой хангалттай гарна. 

 

-2008 оны сонгуулийн өмнөхөн хуулийн өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн квотыг байхгүй болгож байсан. Саяхнаас нэр дэвших эрхийн 30 хувийн квотоо 25 болж багасгах тухай сонстох боллоо. Гэтэл монголчууд 2005 онд НҮБ-ын өмнө амлалт авахдаа 2015 он гэхэд парламентын 30 хувийг эмэгтэй болгоно гэж байсан ч бүтэхгүй нь тодорхой болсон шүү дээ. Парламентын 30 байтугай нэр дэвших 30 хувийг л арайхийн шийдээд байгаа?

 

- Гэхдээ ямар ч сайн бодлого байсан төрийн албаны ой санамж, залгамж шинж чанар алга болсон учраас хэрэгжих боломжгүй байгаа юм. Зөвлөлдөх ардчилал, Азийн ардчилсан засаглалын онол нь таван засаглалд тулгуурлана гэж үзэж байгаа. Үүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалаас гадна сонгон шалгаруулалтын, ардын хяналтын засаглал нэмэгдэж 5 засаглалын Ази сургууль орно.  Төрийн албан зөвлөл нь хараат бус байж, хянан шалгах зарчмууд нь улс төрийн ашиг сонирхлоос ангид байхыг хэлж байгаа юм. Ийм 5 засаглалыг хуульчилсан Хятад, Тайвань, Сингапур, Хонгконг, БНСУ хөгжсөн байна.

 

-Эрэгтэй улстөрчид эмэгтэйчүүдээ дэмжих нь сонгогчдын дийлэнх болдог эмэгтэй сонгогчдоос дэмжлэг авах талтай гэж ярилцдаг л даа. Танд эмэгтэйчүүдэд сайнаар хандаж тэднээс дэмжлэг авах бодлого байна уу даа?

 

-Миний дэлгэрүүлэх гээд байгаа нийгмийн ардчилал, зөвлөлдөх ардчиллын үзэл баримтлалын үнэт зүйл нь учраас тэр. Эмэгтэйчүүдийн тэгш эрх оролцоо чухал учраас би одоогоос 12-13 жилийн өмнө залуучуудынхаа байгууллагын удирдах бүрэлдэхүүний 30 хувь нь эмэгтэй байна гэж заалт оруулж өгч байлаа. Дараа нь манай нам онд намынхаа дүрэмд нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэй байна гэсэн заалтыг тусгаж байсан. Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд квотын асуудал оруулахаас өмнө манай нам, намын дүрэмд орохоос өмнө манай залуучуудын байгууллага эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг нийгмийн ардчилсан үзэлд баримтлалын дагуу шийдэж байжээ гэсэн үг юм. 

 

-Та УИХ-ын даргыг мэтгэлцээнд дуудсан байгаа харагдсан. Ямар учраас З.Энхболд даргыг мэтгэлцээнд дуудсан юм бэ?

 

-Ер нь бол мэтгэлцээн гэдэг хэрүүл биш харин хамтдаа хэлэлцэж, шийдэл гарцыг олж байдаг зарчим, сургууль. Залхуурч үл тоомсорлох, хайрхамжгүй хандах нь ардчиллын хоёр дайсан. Байнгын сонор сэрэмж бол эрх чөлөөний үнэ өртөг. Сонор сэрэмжгүй байдал нь ардчиллыг гажуудуулж завхруулна” гэж нэрт түүхч, академич, улс төрч Ж.Брайс хэлсэн байдаг. Эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ нь сонор соргог байх явдал. Үндсэн хууль нь Монголчуудын үнэт зүйл. Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татаж, нэг  цохилтоор дарж байгаа нь буруу жишиг тогтоож монгол хүний үнэт зүйлд халдаж байгаа хэрэг. Үүнийг харсаар байж дуугүй суух нь харин буруу хэрэг. Уг нь Цэц УИХ-аа буруу хууль гаргачих вий гэж сөргөлдөж, хянаж байх ёстой бол одоо УИХ нь цэцэцц хянадаг болж байна. Энэ бол монголчууд Үндсэн хуулинд заасан үнэт зүйлээсээ ухарч байгаа хэрэг юм. Энэ үүднээс мэтгэлцээнд дуудсан. Зөвлөлдөх ардчилал бол аль нэг талыг буруутгахдаа биш, харин бүх талын мэдээллийг онолын, практикийн гээд тал талаас нь хүмүүст хүргэж, мэдээлэлтэй хүмүүс өөрсдөө шийдвэрээ гаргах боломжийг гаргаж өгдөг. АНУ-ын Конгрес Үндсэн хууль батлагдсанаас хойш 230 гаруй жилийн хугацаанд Дээд шүүхийнхээ нэг ч шүүгчийг эгүүлэн татаж, огцоруулж байгаагүй. Монгол Улсын хувьд  Үндсэн хууль баталсанаас хойш 24 жилийн хугацанд хамгийн анхны тохиолдол нь энэ болж байна. Ер нь олон улсын жишгээр  Үндсэн хуулийн шүүхийн даргыг огцоруулах нь амархан асуудал байдаггүй. Ер нь Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг битгий хэл энгийн шүүгчийг огцоруулах нь маш нарийн үйл ажиллагаа  байдаг. Жишээлбэл, АНУ-д 1803 онд хамгийн анх удаа шүүгч Жонн Пикеринг шүүх хурал дээр их хэмжээний согтолттой байсан хурлаа удирдаж чадахгүй байсан гэж огцоруулж байжээ. Түүнээс хойш 1804 оноос өнөөдрийг хүртэл Холбооны шүүгчийг огцоруулсан 7 тохиолдол гарч байсан бөгөөд хээл хахуул авсан, татвараас зайлсхийсэн зэрэг гэмт хэрэг нь шүүхээс тогтоогдсон тохиолдлолд л Холбооны шүүгчийг огцоруулж байжээ. Шүүгчийг огцоруулах үйл ажиллагаа нь 2 үе шаттай байдаг бөгөөд үүнийг “импичмент” хүрээнд авч үздэг. Гэмт хэрэг үйлдсэн хууль зөрчсөн шүүгчийг этгээд албан тушаалаас нь парламентийг олонхийн саналаар түтгэлзүүлэн, үүний дараагаар  гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий байгууллага болох шүүхээс тогтоогдвол парламентийг гишүүдийн гуравны хоёроор огцоруулдаг. Энэ нь олон улсад тогтсон жишиг бөгөөд манай улсын хувьд ч төстэй журмыг  Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд тодорхой хуульчилсан. Харамсалтай нь Ардчилсан намын удирдлага цөөн хэдэн гишүүн Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг мэдсээр байж илт бүдүүлгээр зөрчиж байгааг бүгд харж байна. 

 

-Үнэт зүйл гэж яг юуг ойлгох вэ? Үнэт зүйлийн талаар илтгэл уншиж байсан.   Энэ талаар та тодруулж тайлбарлаач?

 

-Үнэт зүйлээ алдсан улс гүрэн пүүс компани хувь хүн хэрхэн дампуурдаг тухай баталсан олон баримт судалгаа байдаг. АНУ-ын нэртэй гангийн үйлдвэрүүд, томоохон машин үйлдвэрлэгч компаниудыг энэ жишээнд оруулдаг. Дэлхийд нэртэй “Форд” компани ард түмний ая тухыг хангах боломжийн үнэтэй машинууд үйлдвэрлэхээ болиод тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэвэл  ашгийн марж буюу хувь их өндөр юм байна гэж үзсэн. Харин “Форд” өнөөдөр зах зээлээ “Тоёото”-д алдчихсан байна шүү дээ. Үнэт зүйлдээ үнэнч байхын чухлыг Харвардын нэртэй профессор Клэйтон Кристенсон их сонирхолтойгоор тайлбарладаг. Тэрбээр Харвардыг төгсөөд Оксфордод үргэлжлүүлэн суралцаж байхдаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцжээ. Тэдний баг сайн тоглож, сүүлдээ шөвгийн дөрөвт үлдсэн байгаа юм. Гэтэл төгсгөлийн тэмцээнүүд түүний сүм рүүгээ явдаг ням гаригт товлогдож, чухам аль руугаа явахыг шийдэх сорил тулгарчээ. Сүмдээ очоод залбираад сууж байхдаа “Өөрөө мэдэж байгаа шүү дээ” гэх дуу сонстох шиг болж. Найзууд нь тэр үед “Финалын тоглолт л үлдсэн. Ирээд алтан медаль зүүхэд л болохоор боллоо” гэж утасдсан ч тэр үнэт зүйлдээ үнэнч үлдэх ёстой гээд яваагүй юм билээ. Харин тэр удаагийн шийдвэр нь түүнд дараа, дараагийн олон зүйл дээр шийдвэр гаргахад тун амархан болгосон бөгөөд амжилтинд аажмаар хүргэсэн тухай тэр ярьж байсан. Ердөө үнэт зүйлээ дагаж, зарчимдаа үнэнч байх нь бүх асуудлыг шийдэхэд хялбар болгодог.

 

-Манай эрэгтэй улстөрчид дундаас Мартын 8-ны өдөр төрсөн хүмүүс цөөнгүй байдаг гэлцдэг. Ерөнхийлөгчөөс эхлээд олон хүн байна. Таныг хүртэл 8-нд төрсөн гэж дуулж байсан юм байна...

 

-Миний төрсний гэрчилгээн дээр гуравдугаар сарын 6-нд төрсөн гэж байдаг л даа. Гэхдээ яг төрсөн өдөр нь Мартын баярын орой гэж ээж маань хэлдэг. Гэхдээ тэр үед төрсний гэрчилгээг тээр хойно нь авдаг байсан болохоор аав маань төв орж бүртгүүлэхдээ өдрөө андуурсан уу, эсвэл эрэгтэй хүүхдийнхээ төрсөн өдрийг 8-нд гэж бичүүлмээргүй санагдсан уу, 6-ны өдрөөр авсан байдаг юм. Би чинь дөрвөн охин хүүхдийн дараа төрсөн ганц хүү нь болохоор аавд маань бас нандин байсан байх аа. Ямар ч байсан намайг эх барьж авсан эмчээс нэр хайрлахыг гуйж, эмч маань хонон өнжин ном уншиж байж миний нэрийг өгсөн гэдэг. 

 

-Нээрээ, таны нэр ховор байх шүү?

 

-Тухайн үед ийм нэртэй хүмүүс байдаггүй байсан. Намайг төрсний дараа эмч маань нэг хүүхдэд энэ нэрийг өгсөн байдаг. Гэхдээ сүүлийн үед Занданшатар гэсэн нэр цөөнгүй болсон байна лээ. Манай нутагт гэхэд л хэд хэдэн хүүхдэд өгсөн байдаг шүү. 

 

Э.ЭНЭРЭЛ

 

Өдрийн сонин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.