2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ж.Сауле: Бондын мөнгө бол Оюутолгойн хаялга гэж би боддог

Ж.Сауле: Бондын мөнгө бол Оюутолгойн хаялга гэж би боддог

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулетэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Сүүлийн үед гадуур сүүний талаар янз бүрийн таагүй яриа гарах боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд та ХХААХҮ-ийн дэд сайд байсны хувьд танай танхимд тухайлбал сүүний чиглэлд ямар ахиц дэвшил гаргах бодлого, хөтөлбөр байсан юм бол?

 

-Сүүний талаарх асуудалд С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хүнс, хөдөө аж ахуйн салбарт барьсан бодлого, хөтөлбөр чиглэж байсаан. Орхигдуулаагүй. Ерөнхийдөө сүүлийн арван таван жил дараалан уналтад орсон газар тариаланг С.Баярын Засгийн газрын үед сэргээж, “Атрын III аян” эхлүүлсэн нь үр өгөөжөө өгсөнтэй хэн ч маргах аргагүй. Түүхэндээ анх удаа өнгөрсөн Засгийн үед л малчид руугаа чиглэсэн “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал“ хөтөлбөр, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Биржийн тухай хууль, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг том бодлогууд боловсруулж амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн Засгийн газар хэрэгжүүлсэн тэр ажлуудын үр дүнд малчид, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн амьдрал ахуй бодьтойгоор дээшилсэн. Энэ хугацаанд малын тоо толгой 50 саяд хүрлээ. Үүнээс хээлтэгч 15,7 сая, ХАА-аас бэлтгэх боломжит сүүний нөөц 630 сая литр, ХАА-аас бэлтгэсэн сүү 2011 онд 458 сая литр, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү 42,7 сая литрт хүрсэн гэсэн тооцоо байдаг. Сүүний чиглэлийг хөгжүүлэхийн тулд ЖДҮ-ийн тонгог төхөөрөмжийг 2012 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гааль болон НӨАТ-аас чөлөөлөх мэтчилэн байдлаар эрхзүйн талаас нь дэмжиж байлаа. Сүү, сүүн бүтээгдэхүүний зургаан стандартыг шинэчлэн баталсан. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд гарал үүсэл нь тодорхой малын сүүг сүүний үйлдвэрт нийлүүсэн малчдад урамшуулал олгох журам боловсруулсан. “Сүү үйлдвэрлэлийг зөвхөн сүүнээс олсон орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх тухай”  хууль гээд сүүтэй холбоотой Засгийн газрын олон тогтоол шийдвэрийг манай яам санаачлан гаргуулж байсан даа.

 

-Хөрөнгө оруулалт, зээлийн чиглэлээр?

 

-Сүү хөтөлбөрийн хүрээнд 2007-2011 онд 103 аж ахуйн нэгж, иргэнд хоёр тэрбум, ЖДҮХС-ийн хүрээнд 2009-2011онд 231 аж ахуйн нэгж, иргэнд 8,1 тэрбум гэх мэт нийт 25 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг.Зөвхөн 2012 онд гэхэд хоногт 30 тн сүү хүлээн авч хуурай сүү боловсруулах үйлдвэр хоёр, Хөргөлтийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх 50 иж бүрдэл, Хөвсгөл аймагт өрхийн болон малчны бүлгийн түвшинд сүү боловсруулах бага оврын тоног төхөөрөмж нийлүүлэхэд 130 сая төгрөг зарцуулсан. Одоогоор зах зухаас нь санаж байгаа нь энэ байна.

 

-Цаашид сүүний чиглэлээр яаж ажиллахаар төлөвлөсөн байв. Чухамдаа одоогийн Засгийн газарт уламжилж ирсэн бодлого хөтөлбөр нь байдаггүй юм болов уу гэж л санаад байгаа хэрэг л дээ?

 

-Өнөөдөр нэг литр уснаас нэг литр сүүний үнэ хямдхан байгаа. Сүү зарж  амь зуудаг иргэдэд төрөөс урамшуулал олгохоор төлөвлөж байсан. Нийслэл, Дархан, Орхон зэрэг томоохон хотуудын хүн амын сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрээр бүрэн хангахын тулд 25-30 мянган толгой сүүний үнээ бүхий фермерийн аж ахуй бий болгож, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрт шилжүүлж фермер дундын саалтуур, хөргөлтийн цэгүүд бий болгох, төвлөрсөн хот суурин газарт сүүний жижиг, дунд үйлдвэр барьж байгуулах, хөдөө орон нутгийн цөцгийн тосны үйлдвэрлэлийг сэргээж, удаан хугацаанд хадгалах хуурай сүү, бяслаг, ээзгий, ааруул, шар тос, өтгөрүүлсэн сүү гээд сүүн бүтээгдэхүүний жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх  ажлуудыг нэрлэж болно. Сүү цуглуулах бэлтгэлийн тогтолцоо бий болгох, хөргөлтийн төвүүд байгуулах, 2020 он гэхэд ХАА-аас гарч байгаа нийт сүүний 25 хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулахаар төлөвлөж байсан.

 

-Одоо энэ ажил үргэлжилж байгаа юм болов уу, зогссон уу?

 

-Уг нь төрийн залгамж халаа гэж байх ёстой, бидний ажлыг авсан сайдууд хийх байлгүй дээ.

 

-Шинэчлэлийн Засгийн газар танай салбарын бодлогыг шинэчилж байгаа нь энэ гэж бүр бодлогогүй болчихоод байгаа юм биш үү?

 

-Шинэчлэлийн Засгийн газарт сайн юм байлгүй яахав. Гэхдээ “Будаач будаач гэхэд сахлаа будав...” гэхчээр өмнөх Засгийн газрын ажлыг газарт ортол нь үгүйсгэх юм. Ер нь тэгээд өмнөх Засгийн газрын 3.5 жилийнхийг Н.Алтанхуяг өөрөө хамтарч хийлцсэн. Тэр үед бол юм хийдэг намын заавар, нөлөөнд энэ хүн хийсэн ажил, хэлэх үгтэй байсан л байх. Одоо бол долоо хоног бүр “Бүтээн байгуулалтын цаг” гэж сүржин нэрээр байнга л завхан зам ярьдаг даржин Ерөнхий сайд байх юм даа. Яг зурагдсан пянз шиг. Чанартай, чанаргүй зам тавьж, цэцэг тарьж, тууз хайчлах бол ажил гэхэд хэцүү л даа. Ажил гэдэг бол бодлоготой, хөтөлбөртэй байж илүү үр дүн үзэх учир шалтгаантай. Тэр “Бүтээн байгуулалтын цаг” гэгчээр бараг сайнаасаа илүү муугаар тайлагнах юм ч их байх шиг л санагдах юм.

 

-Жаахан тодруулахгүй юу?

 

-Эдийн засаг хүндэрч байна. Гадаадын хөрөнгө оруулагчид зангаа хувиргаж, үнийн өсөлт дийлдэх шинжгүй боллоо. Ус, цахилгаан, дулааны суурь үнэ, хүнсний барааны үний өсөлт гээд ахуй амьдралд дарамт болж, санаа зовоосон асуудал зөндөө байна. Харин цалин, тэтгэврийн үнэ огт нэмэгдээгүй. Энд нэг зүйлийг сануулахад М.Энхболдын Засгийн газрын үед наймхан сарын дотор тэтгэвэр тэтгэмж, цалин нэмэгдэж, хүнсний барааны үнэ тогтворжчихож байсан. Одоо Шинэчлэлийн засгийн газрын үед бүх юм эсргээрээ, улам бүр доройтсоор байна. Үнэ тогтворжуулахын тулд 720 тэрбум төгрөг гаргасан. Үр дүн нь хаана байна вэ. Махны нөөц бүрдүүлнэ гэж 87 тэрбум төгрөг гаргаад хоёрхон компанид хуваагаад өгчихсөн сураг байна. Хэний, ямар компаниудад өгсөн, үр дүн нь юу болсныг ард түмэнд тайлагнах хэрэгтэй. Манай орон 50 сая малтай мөртлөө бид өвөлжин нэг кг нь 10 мянгаас давсан үнэтэй мах идлээ. Бондын мөнгөнөөс ХАА салбарт 172 сая ам.доллар зарцуулна гэсэн. Эдгээр мөнгийг өнөөдөр юунд зарцуулсныг ард түмэнд ил болгох хэрэгтэй. Үнэ нь тэнгэрт хадсан сурагчийн дүрэмт хувцасыг малчны хүүхэд худалдаж авч чадах уу. Оюутны сургалтын төлбөр, их сургуулиудын дотуур байрны үнэ нэмэгдлээ. Энэ бол малчид, жирийн иргэдэд  асар их дарамт. Н.Алтанхуяг сайд хоосон бярдаж эсвэл шоудож байгаа нь ихдээд байх шиг санагддах юм. Уг нь “Монгол наадам” цогцолбор, Тринозавр Батаар, Лениний музей, Сүхбаатарын талбай, дугаарын хязгаарлалтаас илүү тулгамдсан, яаралтай шийдвэрлэх асуудал зөндөө байна. Өргөн хэрэглээний барааныхаа үнийг дийлэхгүй ард түмэн гудамжны цэцэг зулгааж идэхгүй шүү дээ. Харин нөхцөл байдлыг Ж.Батзандан, Р.Амаржаргал нар эрүүлээр ярьж, шүүмжилж байгааг олзуурхах л юм.

 

-Махны үнэ буурсан  биш үү?

 

-Бага зэрэг буусан нь энэ Засгийн газар мундаг байгаа хэрэг биш. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг барагдуулах гэсэн малчид л махаа түр зуур хямд өгч байгаа хэрэг. Эргээд махны үнэ өснө. Шинэ баян цээж томтой гэж үг бий. Олон жилийн дараа ганц удаа олдсон боломжийг ашиглан дуураараа дургих, санасан бодсоноо хийх гэсэн ахархан бодлого нь олон сөрөг үр дагавартай байна. Хэрэв энэ байдлаар явбал цаашид ч олон хор хөнөөл авчрах нь гарцаагүй.

 

-Боднын мөнгөнөөс хөдөө аж ахуйн салбарт хуваарилсан тухай та ч ярьлаа. Гэтэл найман хувийн хүүтэйгээр зээлүүлнэ гээд албаны эх сурвалж хэвлэлээр хэлсэн нь ямар утгатай үйл явдал болоод байгаа хэрэг вэ?

 

-Бондын мөнгө бол “Оюу толгой”-н хаялага гэж би боддог. “Оюу толгой”-н энэ сайхан бүтээн байгуулалтыг манай намын Засгийн газар эхлүүлсэн. Цааш нь засч залруулж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцож үргэлжлүүлэх нь одоогийн Ерөнхий сайдын авьяас, мэдлэг, ур чадвараас л шууд хамаарах асуудал. Ерөөсөө болохгүй бүтэхгүй бүхнийг өмнөх Засгийн газар руу чихэж, МАН-ын гишүүдийг сүрдүүлж, загнаж суух цаг биш. Уг нь энэ мөнгө бол бүтээн байгуулалтад зарцуулагдах ёстой л доо. Одоо Засгийн эрх барьж буй АН-ынханд мэдлэг, чадвартай хүн зөндөө байна. Харамсалтай нь, тэд тоглоомын гадуур үлдчихээд байна.

 

-Өнгөрсөн жил “Малчдын зөвлөлгөөн”-д Т.Бадамжунай сайд та хоёр малчин гэдэг бол мэргэжил гэж тодорхойлоод малчны үнэмлэх бий болгох тухай ч ярьж байсан?

 

-Энэ ажил зогсоогүй л дээ. Харин ч чухал, зөв санаачилга байсан юм билээ. Тийм учраас сая Ерөнхийлөчгийн сонгуулийн шоу болчих шиг болсон. Манай яам БСШУЯ-тай хамтран бүр үнэмлэхээ тараахаар үнэмлэх, энгэрийн тэмдэгийн загвар гаргаж бэлдсэн байлаа. Гэсэн ч УИХ-ын сонгууль тулж ирсэн тул сонгуулийн шоу болгож ойлгоно гээд хойшлуулсан юм. Тэгсэн өнөөх ажлыг өмчилсөн Ерөнхийлөгч бүр үнэмлэхний буланд нь үг зохилж бичээд гарын үсэгээ ч зурсан байдаг байгаа. Малчин хүнийг үнэд хүргэх ажил бодьжиж, хэрэгжсэн нь бол сайн. Гэхдээ тэдний дунд хоосон нэр олох гэсэн, саналыг нь авах гэсэн явуургүй энэ санаанд олон хүн гайхаж, дургүйцэж хүээж авч байсан. Энэ мэтчилэн АН-ын гэсэн дарга, даамал бүгд ард түмний нүдийг гурилдаж байгаад харамсалтай байна. Би АН-ын бүх Засгийн газрыг шүүмжлэхгүй ээ. Ц.Элбэгдорж, Ц.Наранцацралт, М.Энхсайхан, Р.Амаржаргалын Засгийн газрын үед арай ийм бүх юмыг хүчээр шийддэг, дарангуйлдаг, дураараа загнадаг байгаагүй. Тэд улс төрийн соёлтой, сөрөг хүчинтэйгээ, гадаадын түншүүдтэйгээ хэл амаа ойлголцож, асуудлын эвийг олоод шийддэг байсан.

Эх сурвалж : Үндэсний Шуудан сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.