2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » М.Энхсайхан: Засгийн газар гадаад зах зээл дээр мөнгөний эрэлд мордсон

М.Энхсайхан: Засгийн газар гадаад зах зээл дээр мөнгөний эрэлд мордсон

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

 

Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.

 

-Том төслүүдийг хариуцуулна хэмээгээд Монгол Улсын сайдаар таныг томилж байсан. Том төслүүд таны “мэдэлд” хэвээрээ юү?

 

-Мега төсөл олон хүмүүсийн хүч чадал, хөдөлмөрөөр бүтдэг.  Мега төсөл өөрөө арга зүйтэй, алдаа мадагт эмзэгхэн хагарах аюултай байдаг. Иймээс асуудлыг хаа хаанаа зөв ойлгоход миний үүрэг байсан байх гэж бодож байна. Монгол улсын сайдын хэмжээнд энэ үйлдлийг хийх нь дөхөмтэй байсан байж магадгүй. Мега төсөл гээд бүх мөрөөдлөө ярьж болох юм. Гэвч боловсруулалтын түвшингээрээ бодит хэрэгт арай дөт байгаа мега төсөл Монголд цөөхөн. Энэ бол Оюутолгой, Тавантолгой, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц. Бусад нь боловсруулалтын хувьд шат ахихын тулд нэлээд цаг шаардагдана. Нэлээд хөрөнгө мөнгө гаргах шаардлагатай болно. Оюутолгойн төсөл удтал дуншиж байгаад саяхнаас хөдөлсөн. Тавантолгойн төсөл гэрээ байгуулах хэмжээнд хүрээд гацаж зарим хүмүүсийг баярлуулсан байгаа.

 

Тавантолгойн цахилгаан станц төслийн хувьд олон улсын стандарт шаардлагын дагуу явцтай байгаа. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл урагш ахина гэж найдаж буй. Ерөнхий сайдын захирамжийн дагуу миний бие Тавантолгойн цахилгаан станц төслийг шууд гардан хариуцаж байгаа бөгөөд стратегийн зарим чиглэлд цонх гаргах ажлыг хариуцан ажиллаж байна.

 

-Та Монголын эдийн засгийг хэвтрийн эдийн засаг боллоо гэж томъёол­сон. Оюутолгой хөдөллөө гэсэн мэдээлэл хэвтрийн эдийн засгийг босгож чадах уу?

 

-Оюутолгойн далд уурхайн эхний санхүүжилтээ босгож чадсан нь гарцаагүй эерэг мэдээ. Бүтээн босголт далайн түвшингээс доош 1300 метрийн гүнд долоон жил үргэлжлэх юм. Эцсийн үр дүнг хурдан хүртчих бодол арай амьдралаас хол. Гэвч Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын үе шатан дээр манай үндэсний компаниуд ажилтай байж, олон хүн ажилтай, орлоготой байх  нь манай эдийн засгийн уналтыг зөөллөх нь гар­цаагүй. Оюутолгойн төсөл дангаараа Монголын эдийн засгийг хэвтрээс босгож барах­гүй. Иймээс дараачийн том төслүүдийг эргэлтэд оруулах шаардлагатай байгаа юм. 

 

-Лав л Тавантолгойн станцад хөрөнгө оруула­хад шаардлагатай батал­гаа гээд эерэг үр дагаврууд сонсогдсон.

 

-Тавантолгойн цахилгаан станц нь Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах үндсэн зорилготой бөгөөд илүүдэл хүчин чадлыг нь манай уул уурхайн компаниуд хэрэглэх юм. Нэгэнт Оюутолгойн төсөл урагш явж байгаа бол Тавантолгойн цахилгаан станц төсөл мөн урагш явах магадлалтай болж байна. Энэ тал дээр Засгийн газар, төслийн нэгж няхуур ажиллаж байгаа. Санхүүгийн баталгааг Оюутолгой өгөхөд бэлэн байгаа. Тавантолгойн цахилгаан станц төсөл нь нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардана. Энэ төсөл амжилтад хүрэх нь өнөөдрийн ядарсан эдийн засагт маань ихээхэн тустай болох юм. Ингэж чадвал Оюутолгой гэдэг том мега төсөл өөрөөсөө бас нэгэн мега төсөл төрүүлсэн үйл явдал болно. Ер нь том төсөл өрнүүлж байж дараачийн төслүүд бий болж, улмаар улс орон хөгждөг гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа.

 

-Ер нь эдийн засаг хэр байгаа вэ. Та Засгийн газ­­рын сайдын хувиар биш, эдийн засагч хүний нүдээр, судлаач хүний үгээр бодит дүгнэлт өгнө үү?

 

-Манай эдийн засаг маш муу байгаа. Хямрал цаашид гүнзгийрэхээр байна. 2015 онд манай эдийн засгийн өсөлт 2.3 хувь байсан  бол 2016 онд нэг хувь ч хүрэхгүй байх. 

 

-Ирэх он бол бидний бондын мөнгөө төлж эхлэх хугацаа. Гэтэл эдийн засаг сайнгүй байна. Ганц гарц нь дахин зээл хийх, бонд босгох гэж байна. Энэ хэр зөв гарц юм бол. Өөрөөр энэ мөнгийг төлөх боломж байгаа юу?

 

-Засгийн газар гадаад зах зээл дээр мөнгөний эрэлд мордсон гэдгээ хэлье. Хэрвээ мөнгө олж чадахгүй бол таг сууна. Мөнгө олох магадлал тун бага. Миний бодоход Олон улсын валютын санд хандаж тусламжийн хөтөлбөрт орох шаардлагатай байгаа. Асуудал хариуцсан хүмүүс нь ингэж бодохгүй байгаа тул цаг алдаж байгаа байх аа.

 

-Та 2016 онд банк битгий дампуураасай гэж хүсч байна хэмээн сэтгэгдлээ бичсэн байсан. Тийм дохио байгаа юм биш биз дээ?

 

-Манай санхүүгийн систем хямарч банк дампуурах бүхий л нөхцөлүүд бий болж байгаа. Муу зээл өссөн. Банкууд чадамжаасаа 20-30 хувиар илүү зээл өгч ирсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж байгаа. Эргэн төлөлт удааширсан. Ер нь Америкт болсон субпрайм моргэйжийн зээлтэй холбоотой хямралын өмнөх дүр зургууд Монголд цогцолсон байгаа. 

 

Урьд өмнө нь манайд элдэв банкууд дампуурч нэр хаяг нь солигдох, өмчлөл нь  өөрчлөгдөх явдал байсан. Гэвч  жинхэнэ утгаар банк дампуурч байгаагүй. Яагаад гэвэл хамаг алдагдлыг нь Засгийн газар өөртөө үүрч банкуудыг дахин хөрөнгөжүүлж ирсэн юм. Энэ удаа Засгийн газарт тийм бололцоо байхгүй. Учир нь  Засгийн газар өөрөө өртэй, Монгол Улсын зээлжих зэрэглэл муудсан, уул уурхайн орлого хомсдсон.

 

-Танай нам сонгуульд хэр бэлдэж байна вэ. Дангаараа орох уу, эсвэл эвсэх үү?

 

-Энэ талаар ярих арай эрт байна. Бид олон донсолгоо үзэж байж сонгуульд хүрэх байх. Цаг хугацаа харуулна биз ээ.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.