2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Улс төрийн намууд Сонгуулийн хуулиар УИХ-д шаардлага хүргүүллээ

Улс төрийн намууд Сонгуулийн хуулиар УИХ-д шаардлага хүргүүллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Улс төрийн намууд Сонгуулийн хуулиар УИХ-д шаардлага хүргүүллээ

 

Сонгуулийн хуулийн төслийн талаар улс төрийн 10 гаруй намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцсний дараа Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх саналыг АН-ын зүгээс гаргасан гэх мэдээлэл байгаа ажээ. Тиймээс улс төрийн намын удирдлагууд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод Сонгуулийн тухай хуулиар хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Энэ үеэр намуудын төлөөлөл Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуулиар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

 

МАН-ын генсек Ж.Мөнхбат: АН-ынхан Сонгуулийн хуулийг батлахгүй байх арга саамыг хайж байна

 

 -Одоогоос гурван сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх улс төрийн намуудын ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийнхэн найман зүйл заалтыг өөрчлөх Сонгуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сар болж байна. Энэ хугацаанд УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудлыг дэмжсэн боловч АН-ын бүлгийн хурлаар "Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагагүй.Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэн баталсны дараа энэ хуулийг оруулах хэрэгтэй гэсэн агуулгатай зүйл ярьсан байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийг УИХ-д өргөн бариагүй, хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн  дэргэдэх Иргэний танхимд Улс төрийн  намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Тэнд очсон 10 гаруй улс төрийн намын дарга нар Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн.  Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ хуулийн төслийн талаар намуудын удирдлагуудад нэг минут санал бодлоо хэлэх боломж олгосон нь цаг хугацааны хувьд үнэхээр давчуу байлаа.  Өргөн бариагүй байхдаа намуудын эсэргүүцэлтэй тулгарсан Улс төрийн намын тухай хуулийн дараа Сонгуулийн хуулийг батлах тухай ярьж байна гэдэг чинь АН-ынхан энэ хуулийг батлахаас цааргалж байна гэсэн үг. Зугтааж, зайлсхийж байгаа юм байна. Иргэдийн дунд АН-ынхан хар машинаар булхай луйвараа хийх гэж Сонгуулийн хуулийг  өөрчлөхгүй байна хэмээн ярьж байгаа эргэлзээг улам баталгаажуулж байна. Тиймээс бид Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж  байна.

 

МҮАН-ын генсек  Б. Цогтгэрэл: Эрх баригч намд Сонгуулийн хуулийг хэлэлцэх хүсэл, зориг алга

 

-Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг гурван жилийн өмнөөс ярьсан. Өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгаа нь эрх баригч намд ямар ч хүсэл зориг байхгүйн илрэл. Ер нь аливаа хуулийг хэлэлцэхийг хүсэх юм бол хоёр, гурван хоногийн дотор ч баталж болдог гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Сая гэхэд Сонгуулийн хуультай холбоотой дөрвөн ч төсөл УИХ-д өргөн баригдсан. Үндсэн Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхгүй арга саам хайж байгаа нь хар машинд найдсан, луйврын ардчилалыг тогтоох гэсэн санаархал юм. Тэгэхээр сонгуулийн дараа байгуулагдах төр нь иргэдийн итгэлийг даахуйц байхын тулд шударга сонгууль явуулах хэрэгтэй гэсэн байр сууриндаа баттай зогсч байна. Сонгууль шударга явахгүй юм бол сонгууль хийх хэрэг байхгүй шүү дээ.  Монголын эдийн засаг нийгмийн байдал цаашид хүндрэх төлөвтэй байхад Монгол төрийн хүлээн зөвшөөрөгдөх чадвар, нийтийн байх,  хууль ёсны байх, ард түмэн сонгогчдынхоо итгэлийг дааж чадахуйц  байх гэдэг нэн тэргүүнд тавигдах зорилго. Тиймээс улс төрийн намууд нэгдээд энэ хуулийн нэн яаралтай хэлэлцэхийг хүсч байна.

 

БНН-ын Нарийн бичгийн дарга Б.Зоригоо: Сонгуулийн хуулийг 23 намын 22 дэмжсэн байхад яагаад гацаагаад байна вэ

 

-АН олонхийн зарчим ярьдаг. Олонхийн зарчим гэдэг нь олонхи нь гаргасан шийдвэрээ дэмжих ёстой.  Гэтэл Монгол Улсад бүртгэлтэй 23 намын 22 нь дэмжчихээд байгаа Сонгуулийн тухай хуулийн яагаад олонхийнх гэж үзэхгүй байгаа юм.  Сүүлд "Хэний гавьяа вэ" гэдэг баахан сурталчилгааны самбар гаргасан. Одоо удахгүй  "Хэний гай вэ" болох гэж байна. Өнөөдрийн бүх булхай, луйвар юунаас эхтэй вэ гэхээр санал тоолох хар машинаас эхлэлтэй. Үүнийг Монголын ард түмэн ямар нэгэн байдлаар эргэлзэж байгаа. Хэрвээ Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй дараагийн сонгуультай золгох гэж байгаа бол Монголын төрийн эрх мэдлийг хуулийн бус аргаар авах гэж байна шүү. Үүнийгээ хурдан өөрчлөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг авч шийдэхгүй бол улс төрийн намууд хатуу арга хэмжээ авна.  Хэрвээ Сонгуулийн хуулийг явуулахгүй бол  УИХ, Засгийн газрыг тараах хүртэл арга хэмжээ авна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.