2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Хариуцлагатай уул уурхай-Иж бүрэн ашиглалт, уурхайн хаалт нөхөн сэргээлт" сэдэвт хэлэлцүүлэг дээр илтгэл тавьлаа

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Хариуцлагатай уул уурхай-Иж бүрэн ашиглалт, уурхайн хаалт нөхөн сэргээлт" сэдэвт хэлэлцүүлэг дээр илтгэл тавьлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

  

 

2015 оны 11-р сарын 20-ны өдөр "Хариуцлагатай уул уурхай-Иж бүрэн ашиглалт, уурхайн хаалт нөхөн сэргээлт" сэдэвт хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн тавьсан илтгэлийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

 

 

​Эрхэм хатагтай, ноёд оо!

​​Эрхэм зочид, төлөөлөгчид өө!

 

​            Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа "Хариуцлагатай уул уурхай-Иж бүрэн ашиглалт, уурхайн хаалт нөхөн сэргээлт" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож байгаа Та бүхэнд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. 

 

​            Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 93 жил, Монгол Улс тунхагласны түүхэн ойн өдрийн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм. Миний хувьд өмнө нь энэ салбарт ажиллаж байсан, энэ салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох, Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө санаа тавьж, гар бие оролцож явсан хүний хувьд чухал ач холбогдол өгөн оролцож байгаа юм.

 

​            Шинэчлэлийн Засгийн газрын үед Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах урт хугацааны бодлого, “Ашигт малтмалын тухай”, “Цөмийн энергийн тухай”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Төсвийн тухай”, “Хүний хөгжил сангийн тухай” “Урт нэртэй” хууль /Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль/-ийг дагаж мөрдөх журмын тухай”  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга болон “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” зэрэг хуулиуд УИХ-аар батлагдсан билээ. Эдгээр хуулиуд батлагдсанаар хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг уул уурхайн салбарын эрх зүйн орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай, ойлгомжтой болсон.

 

​            Уул уурхайн салбарт эрх зүйн таатай орчныг бүрдүүлснээр гарсан эерэг дүнгийн талаар товч мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ манай гол төрлийн эрлэс баялагийн зах зээлийн үнэ буурснаас өнөөгийн байдлаар энэ салбарыг хөрөнгө оруулагчид гойд сонирхохгүй байгааг энд тэмлэглэхийг хүсч байна.

 

​            Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор 2013 онд “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар "Алт олборлогчид  нь олборлосон алтаа Монголбанкинд төгрөгөөр худалдсан тохиолдолд нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцох, харин Монголбанкинд худалдахгүй экспортолсон тохиолдолд хуучнаараа буюу 10 хувиар тооцох (суурь роялти 5 хувь, дээр нь үнийн өсөлтөөс хамаарч 5 хувь) болсон. Хууль хэрэгжсэнээр 2014 онд Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ 13.8 тонн болж, өмнөх жилүүдийн дунджаас даруй 2.7 дахин нэмэгдсэн. Ийм байдлаар алт хэмээх эрдэнэс Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн баталгааг хангахад чухал үүргийг гүйцэтгэж байна.

 

        Олон жил яригдсан БНМАУ-ын үеийн газрын тосны тухай хуулийг өөрчилж Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулснаар, энэ салбарт эрх зүйн таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэн. Энэ хууль батлагдсанаар олборлож байгаа газрын тосноосоо баялагийн эзэн Засгийн газар нөөц ашигласны төлбөр авахаар болсон. Ингэснээр газрын тосны олборлолтоос Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 55-аас доошгүй хувийг Монголын Засгийн газар авахаар болсон. Мөн "Уламжлалт бус газрын тос хэмээх" эдийн засгийн шинэ салбар хөгжих эрх зүйн үндэс бүрдсэн. Энэ салбарт газрын тосны үнэ буурсан ч хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна.

“Газрын тосны бүтээгдэхүүний тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор газрын тосны бүтээгдэхүүний гадаад худалдаанд нэгдсэн бодлоготой болж, улмаар экспортолж буй түүхий нефтийнхээ оронд бензин, шатахуун авдаг болсноор энэ худалдааны нэг орны нэг компаниас хараат байдалд тодорхой чанарын өөрчлөлт орсон. Мөн бензин, шатахууны хилийн үнийг түүхий нефтийн олон улсын биржийн үнээс тооцдог болсноор, энэ худалдаа бизнесийн зарчимд шилжсэн.

 

​            Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас тогтоосон газар нутагт солбицлоор эмх замбараатай, хяналттай олгож, эрдэс баялгийн нөөцийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, мөн стратегийн ордод төр өөрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашигт дүйцэх хэмжээний хөрөнгийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр авах эрх зүйн орчин бүрдсэн.

 

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэх болсон. 

 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай бие даасан хуулийг батлуулснаар эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг орон нутагт шилжүүлэх замаар их бүтээн байгуулалтыг дэмжих тогтолцоог бий болгосон. Ингэснээр элс, хайрганы үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна.

 

​            Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт “Монгол улсын нутаг дэвсгэрийн геологийн бүтэц, тогтоц, ашигт малтмалыг үе шаттайгаар шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, эрдэс баялгийн санг баяжуулан, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, экологийн  тэнцвэрт байдлыг хадгалан, улмаар тэргүүний технологийг нэвтрүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх”-д гэж заасан байдаг.

 

Хариуцлагатай уул уурхайн зарчимд олон талын оролцоог хангах, Ил тод нээлттэй байх, Хуулийг сахин дээдлэх, Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, Үр өгөөжтэй байх, Ёс зүйтэй байх, дэвшилтэт технологид суурилсан байх гэсэн 8 зарчмыг ойлгож байгаа юм.

Мөн энэхүү бодлогын баримт бичгийн үндсэн зарчим болон чиглэлд Уурхайн нээлт, нөхөн сэргээлт, хаалтын тогтолцоог өөрчилж, стандарт, мөрдөх журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг хангах, Эрдэс баялгийн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлд олон улсын жишигт нийцсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх стандартуудыг боловсруулан мөрдүүлж, мэргэшсэн байгууллагаар ажлыг гүйцэтгүүлж, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, Олборлох, боловсруулах үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулахад байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй, үр ашигтай тэргүүний технологи хэрэглэх зэрэг зорилтуудыг тодорхой тусгасан.  Хариуцлагатай уул уурхайн гол хэсэг болох байгаль орчныг хамгаалах талаар тодорхой зарчмын заалтууд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан. Тухайлбал, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн журмыг геологи, уул уурхай, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран батлах, мөн компаниуд байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт хариуцсан ажилтантай байх, уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбоотой мэдээллийг тогтсон хугацаанд төрийн холбогдох байгуулагад ирүүлж байхаар хуульчилсан.

 

Уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээх ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, 2014 онд 960 га талбайд нөхөн сэргээлтийн ажил /үүний 322 га-д биологийн нөхөн сэргээлт/ хийгдэж, үүнд 11.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.

 

Хариуцлагатай уул уурхайн гол хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж өөрөө юм. Өнөөдрийн нөхцөл байдлыг судалж үзэхэд, уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлыг БОНХАЖЯ, УУЯ, МХЕГ, АМГ болон орон нутаг зэрэг олон байгууллагууд хариуцдаг бөгөөд энэхүү хяналт, мониторингийн давхардсан, ойлгомжгүй байдал, шил шилээ дарсан төрийн байгуулагуудын  олон төрлийн хяналт, шалгалт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэж байна. Гэвч энэ олон шалгалт нь төдийлөн үр дүн өгөхгүй, хариуцлага ярих гэхээр хариуцагч нь олддоггүй байдал хэвээр байна. 

 

Уурхайг нээх, ашиглах, ашигт малтмалыг боловсруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах үйл ажиллагаа нь олборлох үйлдвэрлэлийн технологийн цогц процесс юм. Иймээс уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбогдсон стандарттай болох, мөн холбогдох зардлыг ТЭЗҮ-д тодорхой тусгах зэрэгтэй холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай байна. Өнөөгийн хүчинтэй байгаа хууль эрх зүйн орчноор бол уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлыг БОНХЯ, МХЕГ голчлон хариуцаж байна. Гэхдээ уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн стандарт байгаа эсэх, тэр стандарт нь хэрхэн мөрдөгдөж байгаа нь тодорхой бус байсаар байна.

 

Өнөөдөр УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа Зөвшөөрлийн болон Хяналтын тухай хуулиар дээрх асуудлыг хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлэн ойлгомжтой, нэгдсэн зохион байгуулалттай болгож өөрчлөх шаардлагатай байгааг энд хэлэх гэсэн юм. 

 

​            Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд УИХ-д өргөн бариад байгаа “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй байгаа юм. Энэ хуулийг УИХ-д өргөн барьснаас хойш бараг нэг жил болж байна. Энэ хууль батлагдсанаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн орлого, зарлагын байдлаас гадна, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамжийн  орлого, энэ орлогын зарцуулалттай холбогдсон мэдээлэл, уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбогдсон мэдээллийг нэг цэгээс авах боломжтой болох юм. Ер нь зөвхөн уул уурхайн салбараар зогсохгүй, манай улсын эдийн засгийн бүх салбарт төрийн холбогдох байгуулагуудаас бодлогын зөв оновчтой шийдвэр гаргахад шаардагдах мэдээлэлийн бааз учир дутагдалтай байсаар байна. Хэрэв цаашид бодлогын шийдвэр гаргагч төрийн байгуулагууд судалгаанд, тодруулбал мэдээлэл, өгөгдөлд үндэслэж шийдвэр гаргах тогтолцоонд нэн яаралтай шилжихгүй бол улс орны хөгжилд түлхэц биш садаа болох явдал үргэлжилэхээр байна. Түүнчлэн Засгийн газарт мэдээлэл боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хариуцах бүтцийг яаралтай бий болгох хэрэгтэй юм.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 35.5.-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно гэж заасан хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизм тодорхойгүйгээс хуулийн заалтын хэрэгжилт муу байна. 

 

Уурхайн иж бүрэн ашиглалтын тухайд, жишээ нь алтны шороон ордын угаан баяжуулах технологийн металл авалтын хувийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа бөгөөд хаягдал, эфель, уусгах технологи нэвтэрч байгаа хэдий ч хаягдлын хэмжээ буурахгүй 8-10% -д байна.

 

Өнөөдөр Монгол улсын уул уурхайн салбарын технологийн хөгжлийн түвшин ямар түвшинд байгааг судалж байгаа, дэвшилтэд технологийг судалж нэвтрүүлэх ажлыг хариуцаж байгаа байгууллага бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Энэ тал дээр төр,хувийн хэвшлийн хамтарсан бүтцийг бий болгох шаардлагатай гэж үзэж байна.

 

Засгийн газраас тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг эмх замбараатай хяналттай олгож байгаа ч энэ ажилд тодорхой саад тотгор гарч байгаа нь ажиглагдаж байна. Ашигт малтмалын газраас  хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахим хэлбэрээр олгож байгаа нь дэвшилттэй ч, зардал гаргаж өргөдөл авсан аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь орон нутгаас зөвшөөрөл авч чадахгүй хохирч байна гэсэн албан бус мэдээлэл байна. Иймд энэ асуудлыг өнөөгийн үйл явцад нь дүгнэлт хийж яаралтай шийдэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зөв болов уу.

 

Мөн аливаа ордыг иж бүрэн ашиглахад үүсмэл орд болон хаягдлыг дахин боловсруулах дэвшилтэт технологийг судалж нэвтрүүлэх шаардлага үүсч байна. Мөн үүсмэл ордоос нөөц ашигласны төлбөр авахыг зорьж байгаа бол үйл ажиллагаанд дарамт болохгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Монгол улс хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийн замаар хөгжих эрх зүйн орчинтой орон билээ. Иймдээ ч өнөөдөр манай хувийн хэвшил ДНБ-ний 80 орчим хувийг үйлдвэрлэж байна. Гэвч уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн талбайд хууль бусаар нэвтрэх явдал гарч байгаа талаар хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр мэдээлсээр байна. Энэ асуудлыг олон талт нийгмийн зөвшилцөлийн аргачлалуудыг ашиглах зэргээр шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн төлбөр төлдөг, орд илрүүлэх хайгууль болон ордыг ашиглахад их хэмжээний хөрөнгийг зарцуулдаг учраас тусгай зөвшөөрөл нь тухайн хуулийн этгээдийн биет бус хөрөнгөнд зүй ёсоор ордог. Ер нь цаашид Монгол улс хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, улмаар УИХ-р хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай зэрэг хуулиудад холбогдох зохицуулалтыг оруулах шаардлагатай болов уу гэж бодож байна. 

 

Мөн бичил уурхайчидын хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад асуудалтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага үүссэн гэж бодож байна.

 

Түүнчлэн, газрын хэвлийн нэгдсэн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж УИХ-аар батлуулах нь чухал байна.

 

Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье!

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.